Ёндон сайдын чин сэтгэлийн захиас
“ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Дарамын Ёндон” гэхлээр миний үеийн сэхээтнүүд андахгүй. Учир нь тэр тушаалд 20 жил ажилласан, өмнө нь ГЯЯ-нд орлогч сайдаар гурван жил, түүний өмнө нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбалын туслахаар 10 жил ажилласан, тэтгэвэрт суухынхаа өмнө ардчиллын эхний жилүүдэд Японд Элчин сайдаар ажилласан гээд бахархах намтартай домогт сэхээтэн байсанд тэгж их танигдсаны цаад учир оршмой.
Би удирдлагад нь ажиллаж байгаагүй, сургаар, хэвлэлийн мэдээгээр эчнээ таньдаг, тэр эрхмийн тухай Мэдээлэл радио телевизийн улсын хорооны орлогч дарга Д.Чимиддорж гуай ихээхэн ярьж хуучилдаг байснаас би бас зохих мэдлэгтэй болчихсон байсан л даа. Д.Чимиддорж гуай бол мөн л Цэдэнбал даргын спийчрайтер, 1960-аад онд ГЯЯ-ны орлогч сайд, 1970-аад онд МАХН-ын Төв Хороон хэлтсийн эрхлэгч, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга явсан, бас л домогт сэхээтний нэг.
Ёндон сайдтай би 2001 он хүрч байж танилцдаг юм. Нью Дели дэх томилолтоосоо буцаж ирээд Гадаад хэргийн яаманд бодлого төлөвлөлт эрхэлсэн зөвлөх болоод удаагүй байв. ГХЯ-ны шугамаар зохиогдсон нэгэн арга хэмжээний (хурал чуулган) дараа бидний хэсэг нөхөд Ханброй дугуй ресторанд (хуучнаар Бамбарууш кафе) сууцгаахад ахмадуудаас Ёндон сайд, ахмад Элчин сайд Б.Дашцэрэн, Г.Эрдэнэ, З.Эрэндоо нар, залуучуудаас С.Болд, би, өөр хэн хэн ч байлаа, нэг их олуулаа биш. Тэгэхэд Дашцэрэн гуай намайг Ёндон сайдад хэргээр хэлж өгч танилцуулж, бид ч хундага тулган халуун яриа өрнүүлж билээ.
“Ёндоон, наад Баярхүү чинь эрдэмтэй хүү шүү” хэмээн Дашцэрэн сайдын хэлж захисан нь ёстой нэг огшуулсан, ямар ч дээд шагналаас илүү, үнэ цэнтэй шагнал мэт надад буусан даа. Дашцэрэн найзынхаа үгэнд ч үнэмшсэн байх, тэгээд ч анзаарсан юм байлгүй, Ёндон сайд маань сүүлдээ миний идэвхтэй уншигч болчихсон, миний нийтлэлүүдийн талаар надтай хүүрнэн хэлэлцэн ярилцдаг номын садан минь болсон доо.
Бас нэг дурсамж. 2001 оны 11-12 дугаар сард Дипломат албаны 90 жилийн ойн тэмдэглэх ажлын хэсэгт бид хоёр хамтран ажиллаж байснаа дурсъя. Гадаад хэргийн музей байгуулахаар бэлтгэл ажлын хүрээнд цуглаад ярилцаж байхад Д.Ёндон гуайгаас сонин сонин санаа гарч байсныг би мартдаггүй юм. ГХЯ гэж ганц дүнзэн байшин, 2-3 гэртэй, зарлага нь чөдрийн ганц морьтой,одоогийнхоор бол Чехийн ЭСЯ байгаагийн хавьд шургааган хашаанд байсан болов уу гэхчлэн Ёндон гуай хуучилж байсансан.
Гарчигт өгүүллээ. Юун захиас билээ? Бид хоёр хааяа хааяа буу халнаа. Гэрийнх нь ойролцоох ресторанд орж шар айраг ууна. Эсвэл байрных нь гадаа нарлаж түүх хүүрнэнэ. Хожим ном болгож эмхэтгэсэн хөрөг нийтлэлийн тусгай дугааруудаа би Ёндон сайдад өргөн барина. Бид хоёрын нэг удаагийн ярианд тэр захиас нь шингэсэн юм. Одоо ил болгон буулгачихъя.
Захиас гэдэг нь надаар уламжлан гадаад бодлогын түүх судалдаг нийт судлаач эрдэмтэд, улс төрчид, дипломатчидад хэлсэн чухал үгс нь юм л даа.
Тэр юун тухай вэ? 1959 онд юм болов уу. БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойн баярт очихдоо нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбал гардуулсан байх магадлалтай нэгэн чухал захидал бичгийн агуулга юм. Ёндон сайд өдөр судрыг эргэж санадаггүй, тэр хавьцаа, төдий үед л болов уу гэж ярьсан нь бас ч учиртай биз. Одоогоос 64 жилийн өмнөх үйл явдал. Тэр үед ямар канон энэ тэр гэж байсан биш, хувилаад хувьдаа авна гэх ойлголт үгүй, маш нууцын зэрэглэлтэй захидлын агуулгыг задлах эрх хэнд ч байхгүй, 60 орчим жилийн дараа надад ярьж хэлж бичүүлж байгаа хэрэг л дээ.
Захидлыг ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Н.С.Хрущев, ХКН-ын Төв Хорооны дарга, Хятадын удирдагч Мао Зэдун нарт илгээн “гарт нь” гэж хаяглаж гэнээ. Захидлын агуулга нь:–Манай гурван ах дүү улс социализм байгуулах их бүтээн байгуулалтаа хийж байна. Ах дүү Зөвлөлт, Хятад хоёр БНМАУ-д ах дүүгийн тусламж үзүүлж социализм байгуулах үйлсэд маань гар бие оролцож тусалж байна. Гэвч БНМАУ нь хүн ам хэт цөөн, ажиллах хүчний боломж муу, бүтээх үйлс их, тавьсан зорилт өндөр тул Танай улсаас ажиллах хүчний хүний нөөц хүсэж байна. Танай эрхэм улсад оршин суугаа монгол туургатан ахан дүүсийг минь БНМАУ-д шилжүүлэн суурьшуулж Монголын харьяат болгон манай социалист бүтээн байгуулалтад оролцуулбал ах дүү гурван улс социалист бүтээн байгуулалтдаа амжилт олох болно. Бидний хүрэх эцсийн цэг нэг (коммунист нийгэм) учраас энэ дээр Та шийдвэрээ гаргана уу гэсэн утга бүхий хэмээн Ёндон сайд надад ярьсан даа. Бүр нарийвчлан “Танай улсад суугаа буриад, халимаг, тува иргэдийг”, “Танай улсад суугаа өвөрмонголчуудыг” гэж хоёр тусад нь хандан бичсэн санагдаж байна гэж тодруулж хэлж билээ.
Захидлын эх боловсруулахыг МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Б.Жаргалсайхан гуай (БНХАУ-д Элчин сайд, ГЯЯ-ны сайд асан), Сайд нарын Зөвлөлийн даргын туслах Д.Ёндон нарт нөхөр Ю.Цэдэнбал даалгажээ. Захидлыг орос хэлээр боловсруулжээ. Захидлын эхийг боловсруулаад Цэдэнбал даргадаа өргөн барьжээ. Тэрээр эцэслээд цааш нь авч оджээ.
Хэсэг хугацааны дараа Мао Зэдуны хариу захиа иржээ. Ёндон сайдын надад ярьснаар Мао дарга ингэж хариулжээ. “БНХАУ нь мөн л социалист бүтээн байгуулалтын их зорилтуудыг шийдэж байна. Хийх ажил их байна. Иймд ажиллах хүчин БНХАУ-д ч нэн ихээр дутагдаж байна. Бид ах дүү өвөрмонголчуудыг Танай улс руу шилжүүлэн суурьшуулж болохгүй байна. Тэд явчихвал Өвөр Монголд хэн үлдэх юм бэ? Мал сүргийг нь хэн маллах юм бэ? Манай үндэстний цөөнх бол нутаг орондоо олон зуун жилээр идээшин дассан, дор бүрнээ аж ахуйгаа хөтлөн явуулж хэвшсэн, бас нутаг орноо эзэнгүйдүүлэхгүй, хил хязгаараа манан эзэн суусан тул бид БНМАУ-д өвөр монголчуудыг шилжүүлэн суурьшуулж Танай улсын харьяат болгож болохгүй байна” гэжээ.
“Харин Н.С.Хрущевын хариу захидал гэдгийг бид олж үзээгүй, бараг хариу өгөө ч үгүй байх, бодвол их гүрний ихэрхэх зангаар үл тоогоод өнгөрсөн байх магадлалтай, эсвэл Цэдэнбал даргад амаар хэлж амыг нь таглаад түүнийг нь дарга бидэнд хэлээгүй өнгөрсөн байх” хэмээн Ёндон сайд надад ярьж бичүүлсэн дээ.
Тэгээд ингэж захисан. Чин сэтгэлийн захиас нь:–Залуус Та нар болж өгвөл тэр захидлыг олж тодруулж олон түмэнд ил болгоорой. Одоо нууцлаад байх зүйлгүй. Түүхэн чухал баримт шүү. Монголын түүхэнд бичигдэх ёстой. Заавал олж илрүүлээрэй, ажиллаарай!
Д.Ёндон сайдынхаа энэхүү захиасыг хуучраагүй дээр нь ил болгож, гадаад бодлого судлаач, түүхч, архивч нөхдөдөө би хандаж байна. Миний энэ нийтлэлийн мөрөөр Та бүхэн сонирхон ажиллана уу!