БУРХАН ХАЛДУН УУЛЫН НЭР 

(Олон улсын монголч эрдэмтний XII их хуралд тавьсан илтгэл)


УУЛ УС ГАЗАР ОРНЫ НЭР ҮҮССЭН НЬ

Хүний хэл яриа хэзээ үүссэнийг хэн ч мэдэхгүй. Янз янзын онол бий ч алин ч батлагдах боломжгүй. Санал нэгдсэн тодорхойлолт нь бол бий: Хүний хэл бол харилцааны явцад бусад хүний санаа бодлыг хуваалцах чадвар. Хүний ярьдаг чадвар 7-р хромосом дээр гарч ирсэн FOXP2 гэсэн мутацлагдсан гений үр дүн гэсэн нээлтийг саяхан генетикчид олсон. Гэхдээ энэ ген шимпанзе болон хомо сапиэнсээс амнах хүн дүрстнүүдэд байдаггүй гэнэ. 

Хүмүүс ярьж сураад эхэндээ нүдэнд харагдах ойр орчмын юмаа л нэрлэдэг байсан байх. Уул ус, тэнгэр, газар, гол ус, нэг хоёр гурав, аав ээж, хоол гэх нэрс, эсвэл унтах сэрэх, идэх уух, баах шээх гэх мэтийн үйл үгс. Дэлхийн бараг бүх хэлэнд “би” гэх үг “м” авиагаар (манай, миний), “чи” гэх төлөөний нэр “т” авиагаар эхэлдэг (танай, та) гэх. Мөн “ээж” гэхийг “ма”, ”мама” (мээм) гэдэг гэнэ. Эндээс бүх хэл анхлан нэг газарт үүсч цааш хувилсаар өргөжсөн гэх онол-таамаглал ч бий. 40 мянган жилийн өмнө ухаант хүн Африкаас нүүдэллэн Синайн хойгоор дамжин бусад тив рүү тархсан ба тэдний тоо дөнгөж 10-20 мянга байсан гэдэг. Энэ үнэн бол ийм цөөн хүмүүс нэг төрлийн хэлээр ярьдаг (ойр зуурын юмсыг адилхан нэрлэдэг) байсан байж болох л юм.

Хүн төрлөхтөн Антарктидаас бусад бүх тивд тархан байрлах явцдаа гол ус, уул нуруудад нэр өгсөн байж таараа. Энэ нь явах зүг чигээ тодорхойлон ойлголцоход нэн ач холбогдолтой. Монголын өндөрлөгийн ихэнх том гол мөрөн уул нурууд түрэг овгийн нэртэй байдаг нь энд эхлэн суурьшсан хүмүүс тэр зүгийнхэн байсантай холбоотой байх. Алтай (Улаан уул) Хэнтий (Их уулс), Хөвсгөл (Хөх ус нуур), Увс (Гашуун ус), Байгал (Баян нуур), Туул (Дүүрэн), Орхон (Төвийн хаан), Отгон тэнгэр (Тэнгэрийн голомт) гэх мэт. Сэлэнгэ бол төмөр гол гэсэн манж үг. Энэ нэр манжийн үед хожим өгөгдсөн болов уу. Уул усанд хожим үеийнхэн цол хэргэм өгөх явдал байдаг учир хуучин нэр нь мартагдах тохиолдол бий. Дүнжингарав, Цамбагарав гэх төвд, Зайсан толгой гэх манж нэрс нь дээдэлсэн цол хэргэмэрхүү. Богд уулыг нэг хэсэг Чойбалсан уул гэж албан ёсоор нэрлэж байсан.

БУРХАН ХАЛДУН УУЛЫН “БУРХАН”, БА ”ХАЛДУН” ГЭСЭН ҮГС

Өөр нэг хачирхалтай нэр бол Бурхан халдун уул юм. Корон сударт ийм мөр байна: "Жүүд болон загалмайтнаас өөр хэн ч диваажинд хүрч чадахгүй гэлцэнэ, тэд. Энэ бол төөрөгдөл. «Та нар үнэн хэлж буй бол нотолгоогоо (арабаар БУРХАН) гарга» гэж тэдэнд хэлэгтүн". 

Лал ёсоор НОТОЛГОО - ариун үг. Мөн сайн ёр, сайны тэмдэг, баримт гэсэн утга ч илэрхийлнэ. Корон судар анх араб хэлээр бичигдсэн, ХХ зуун хүртэл Короныг арабаас өөр хэлээр орчуулахыг хориглодог байж. Короныг зөвхөн арабаар уншиж, арабаар тогтоож цээжлэх ёстой. Иймээс 1500 жилийн турш араб хэл элдэв хувилбар өөрчлөлтөд ороогүй эх утга, хэллэг хэлц, санаагаа хадгалсаар өдий хүрсэн хэл гэж үздэг. 

“Халдун” бол мөнх гэсэн утгатай мөн араб үг аж. Үхэшгүй, үүрдийн гэж ч орчуулж болох. “Халада” гэх үлдэх, үхдэггүй, дуусдаггүй гэсэн үгийн үйлээс үүссэн гэж тайлбар тольд бичжээ. Энэ үг сайныг бэлгэддэг учир хэл хэлэнд “мөнх” гэсэн утгатай нэр элбэг аж. Хамгийн алдартай Халдун бол Тунисын алдарт аялагч, социологийн ухаан эцэг гэгддэг Ибн Халдун. Цаашилбал Халдун Алагас, Халдун Багдади, Халдун Дорман гээд араб түрэгийн олон алдартны нэр толь бичгээс зөндөө олдож байна. Өдгөө Египт зэрэг зарим лалын оронд Халдун нэрийг хүүхдэд өхөөрдөх маягаар давхар нэр болгон өгдөг гэнэ.

Бурхан гэсэн нэр бүр элбэг аж. Ялангуяа түрэг угсаатны дунд. Нотолгоо гэсэн араб үгийн “хан” гэсэн сүүлийн үе нь түрэг хэлний “хаан” гэсэнтэй давхцаж буй тул түрэг угсаатнууд үүнийг ихэд билэгшээж “Бурхан” гэдэг нэр хүүхэддээ өгөх нь элбэг гэж тайлбарласан байна. Араб “Бурхан” ч олон. Бурхан Али, Бурхан Назим, Бурхан Атак, Бурхан Шинэвари… Мөн оросжсон түрэг угсаатны дунд Бурханов, Бурханский, Бурханович гэх мэт овгийн нэр ч олон. Афганистаны Пүштү үндэстэн дунд Бурхан гэсэн нэртэй овог аймаг ч байдаг гэнэ.Бурханиеэ нэртэй тосгон хот, дүүрэг Түрэг улсад хэд хэд байна. Пакистанд Бурхан, Энэтхэгт Бурханпур нэртэй хот бий. “Бурхан гэсэн үг нь зөвхөн Аллахтай холбоотой нандин үг учир үүнийг хамаа бусаар хэрэглэн хүүхэддээ ийм нэр өгөх нь буруу” гэсэн шүүмжлэл ч гардаг.

Өнөөгийн монгол хэлний “бурхан” гэсэн үгийн тайлбар гаргалгаа хийх гэсэн нэлээд оролдлого бий. Будда гэсэн үг авиа сэлэгсээр Бурхан болсон гэсэн нотолгоогүй тайлбар нэлээд бий. Монгол хэлэнд түүхийн явцад тодорхой үг авиа сэлгэн өөрөөр дуудагддаг тохиолдол элбэг, гэвч тэр нь өөрийн тогтсон дүрэм эвсэлтэй. Бурхан гэдэг нь Фүхан гэсэн хятад хэлнээс орж ирсэн үг гэх таамаглал ч бий. Фү гэдэг нь Будда, үүн дээр монгол хэлний “хаан” гэдгийг нэмжээ гэх. Байж болох ч бас л нотолгоо хэрэгтэй. Бургас нь ганц тоон дээр бурган болно, учир нь овоо тахихад бургас мод ихээр аваачиж овоолдог гэсэн доктор Дуламын таамаглал бий. Бас л нотолгоо гэх юм байхгүй.

Төв Азийн нүүдэлчид бүх түүхийнхээ турш аль ч шашинд энэрэнгүй ханддаг онцлогтой байв. Харин Уйгараас өмнөх ямар ч нүүдэлчид өөрсдийн онгон тэнгэрийн шүтлэгээ орхиж байсангүй. Гэтэл өөрийн тэрс суртлаасаа болж персийн зароастр болон лал, загалмайн аль аль шашинд хавчигдан тэнүүчилж явсан мани шашин (manichaeism) өргөмжлөн дээдлэгчээ Төв Азийн элгэн дээрээс олсон билээ. 

МАНИХИЗМ ШАШИН

Манихизм нүүдэлчдийн дунд нэвтэрснээр уугуул бөөгийн мөргөлийн ёс заншил, бэлэг тэмдэг, ёслолд ихээхэн өөрчлөлт оруулжээ. Гал тахих зароатустрын ёслол энэ үеэс нүүдэлчдийн бөөгийн ёсны салшгүй нэг хэсэг болсон юм. Тэдний оруулж ирсэн овоо тахих ёсыг хожим буддизм болон марксизм янз бүрээр хорьж байсан боловч XXI зуунд ч гэсэн амь бөхтэй үргэлжилсээр байна. Бөөгийн дуудлагад сайн ба муу тэнгэрийн тухай их бий.

Манихизм үүссэн тэр газар нь шашны чөлөөт бүс байсан тул зароастризмаас гадна загалмайн, лалын, иудайн шашин, митраизм, гностицизм, тэр байтугай буддизм чөлөөтэй байж. Мани энэ болгоныг сайтар хольж өөрийн сургаалыг буй болгосон аж. Уг сурвалж нь Библи сударт тулгуурласан загалмайн шашны үндэстэй боловч аяндаа зороастризм болон лалын нөлөөгөөр өөрийн гэх номлолтой болон төлөвшиж, номлогчид нь Армян, Хойд Энэтхэг, Иранаар тэнүүчлэн сургаалаа сурталчилжээ. Манигийн онолоор энэ ертөнц нь гэгээ гэрэлтэй олон сайн Тэнгэр, мөнхөд харанхуй олон муу Тэнгэртэй тулалдан байлдаж байдаг аж. 

Манийн сургаал Согд болон Дорнод Түрэгстанд өргөн тархсан байсны нөлөөгөөр уйгарын Бэхю хаан 762 онд төрийн шашнаа болгон тунхагласан юм. 840 онд хиргис нар хүчирхэгжин уйгаруудыг нам цохиж өнөөгийн Монгол нутагт өөрийн төрийг байгуулав. Харин тэд мани шашныг уйгаруудаас шууд өвлөн авлаа.[1] Дараахан нь Төв Азийн бөө мөргөлт бүхий л үндэстнүүдэд нөлөөлөн уугуул бөөтэй нь холилдон эх сургаалаасаа ихээхэн өөрчлөгдөн шингэжээ. Төв Азийн бөө мөргөлийг тэнгэризм гэж ялган нэрлэх тухай академич Бирагийн бүтээлд тусгасан ба энэ нь Сибирийн шаманизм-аас нэлээд ялгаатай аж. Магадгүй, тэнгэризм нь манихизмын нөлөөгөөр өнөөгийн хэлбэрээ олсон байж болох.

IV-VII зууны үед манихизм Согдын худалдаачдаар дамжин Хятадад нэвтэрсэн гэх. Хятадууд манихизмтай удтал тэмцэлдэж VIII зууны үед бүрэн хөөн зайлуулжээ. Харин нэлээд хожим Юань династийн үед монголчууд манийн шашныг Хятад даяар зөвшөөрөн дэмжсэн байна.

Мани бол христын Библи, заратустрагийн Авэст, лалын Корон судруудаас иудай, герег, перс, авэстан, сири, араб хэлээр нь сургаалийг нь авч нэр томъёог нь эх хэлээр нь хэлц болгон тарааж байсан гэдэг. Дундаас нь мани шашины шинэ нэршил үүсэх жишээтэй. Бурхан Халдун уулын нэр нь Корон сударт байдаг “нотолгоо” гэсэн үг байж болох юм. Нийлээд Мөнхийн нотолгоо!

МОНГОЛ ҮНДЭСТЭН ХЭНТИЙН НУРУУНД НҮҮДЭЛЛЭН ИРСЭН НЬ

Төв Азийн Монголын өндөрлөгт хэдэн мянган жилийн өмнөөс алтай овгийнхон, түүний дотор протомонгол, прототүрэг угсаатнууд амьдарч байжээ. Гэхдээ энд түрүүлж ирэн нутагшсан нь прототүрэг угсаатнууд болох нь уул усны түрэг нэрсээс харагддаг. Дунхугаас гаралтай Шивэй овгийнхон (Хятад сударт таван шивэй овог байсан гэх ба нэг нь Мон Шивэй гэж бичсэн аж.) Амар мөрөн, Хар мөрөн хавиар нутаглаж байгаад аажмаар баруун тийш нүүсээр Х-XI зууны үед Далай нуураас барууншаа нүүн Хэнтийн нуруунд нутаглажээ. Уул тэгэхэд хэдийнээ Бурхан Халдун нэртэй байж. Хэрэв энэ нэр араб үг бол зөвхөн мани шашины хуврагууд л энэ нэрийг өгсөн болж таарах гээд байна. Тэр үе гэдэг нь Корон судар бичигдээд хэдийнээ 300 жил өнгөрсөн байлаа гэсэн үг. 

МОНГОЛ, ТАТААР, ХЯТАД, БУРХАН, ТЭМҮҮЖИН ЗЭРЭГ НЭРСИЙГ ТАЙЛБАРЛАХ ОРОЛДЛОГО

Сүүлийн үед зарим судлаачдын хэлж байгаагаар протомонгол угсаатан юм уу эсвэл ойр төрлийн байсан байж магадгүй анхны хүчирхэг аймаг бол хятад сурвалжид жужуань (juan-juan or rouruan) гэж тэмдэглэсэн улс юм.[2] Хятад сударт тэднийг Дунхугийн нэгэн салаа гэсэн байна.[3] Хааны өргөө нь Хангайн нуруу хавиар байсан жужуань буюу гөрмөл гэзэгтнүүд нь Байгалaас Их говь, Харшаараас Солонгос хүртэлх өргөн уудам нутагт 330-555 онд хүчирхэг гүрэнг захирч байлаа. Тэдний өвөг болох Мугулу нар нь Тобэ улсад боол байжээ. Мугулугийн хаан Южюлү Шэлүн (Yujulu Shelun) анхлан жужуаньчуудыг нэгтгэн Сяньбиг цохиж хүчирхэгжсэн байна. Жужуаниуд түүнээс хойш хаан буюу каган цолыг анхлан хэрэглэж эхэлсэн ч гэж ярьдаг. Жужуаний хаан Южюлү Анагуй (Yujulu Anagui) өөрийн охиныг Хятадын Эзэн хаанд өгч гэрлүүлж байжээ.[4]

Гуравдугаар зууны үед амьдарч асан Южюлү Мугулу (Yujiulu Mugulu) бол Жужуаний төрийг үндэслэгч гэгддэг. “Монгол” хэмээх нэршил энэ хүний нэрээс үүдэлтэй гэж зарим эрдэмтэд тааварладаг. Эргэлзээтэй, бүрэн нотолгоо (бурхан) хэрэгтэй. 

Вэй улсын түүх-д “Жужуань нар нь дунхугийн удам ба Южюлү нэртэй”[5] гэжээ. Жужуань нар өөрсдийгөө тоба нартай гарал нэг гэж үздэг байсан аж.[6]

Жужуань нарын бас нэг нэр нь татаар. Жужуаний хаан Татарын нэрээс энэ нэршил гаралтай гэж үздэг. (Үүнд бас л хангалттай нотолгоо хэрэгтэй) Ханзаар “тартар” гэж бичдэг ба дуудахдаа “дада” гэнэ.[7] Эндээс нийт умрын зэрлэгүүдийг нийлүүлээд “татар” гэх болсон ба хожим зөвхөн монголчуудыг нэрлэх болсон нь Чингисийн байлдан дагуулалтаас хойш нийтээр “татаар - монгол” гэх болжээ. 

Гэтэл лавтай монголчууд Цагаан хэрэм хавиар нутаглах өмнө зүгийхнийг бүгдийг нь нийлүүлээд “Хятад” (Хятан гэсэн үгийн олон тоо) гэх болсон нь өдгөө хань үндэстний монгол нэршил болон тогтжээ. Сонирхолтой нь хятан нар монгол угсаатны нэг салбар, Кидан ч гэдэг. Харин хаа очиж хятан нар бичиг үсэгтэй байсан. Хятаныг үндэслэгч Абаожи МЭ 920 онд хятад ханз авч хэрэглэснийг их хятан бичиг [8] гэдэг бол 925 онд уйгар элч Хятанд ирсэнд Елүй Дила хэмээх эрдэмтэн түүнээс уйгар үсэг авч хэрэглэх болсныг бага хятан бичиг гэнэ. Эндээс хятан хэл нь монгол хэлтэй тун төстэй байсныг төвөггүй мэдэж болно. Холландын эрдэмтэн Даниэл Канэ (Kane, Daniel ) кидан ба монгол хэлийг зэрэгцүүлэн судлаад улирал, тоо, амьтан, зүг, хугацаа, төрөл садан, голлох үйл үг, байгаль орчны нэршил бараг бүгдээрээ ижил байгааг тогтоожээ.[9] 

Ерөнхийд нь харахад Алтайгаас Хянганы хоорондох өргөн уудам нутагт янз бүрийн үндэстэн нүүдэлчид ээлжлэн тогтож байсанд хоорондын гол ялгаа нь түрэг угсаатан ба тунгус угсаатнууд аж. Баруун талын түрэг угсаатны Хүннү, Түрэг, Хиргис, Уйгар гэж байсан бол зүүн талын тунгус угсаатны Дунху, Кумоси Тоба, Ухуань, Цифу, Туфа, Шивэй, Татаби, Тувухунь, Сяньби, Жужуань, Хятан, Зүрчид гэсэн хүчирхэг гүрнүүд Номхон далайгаас өнөөгийн Монгол орон хүртэлх нутгийг ээлжлэн эрхшээж байв.[10] Хэлний талаас үзэхүл түрэг ба тунгус хэлний хэлхээ холбоо бараг байдаггүй, харин монгол хэл аль алинтай нь ихээхэн холбогдсон аж. Эртний өвөг монголчууд өнөөгийн Амар (Amur), Сунгари, Хар мөрний (Heilongjiang) чиглэлээс нүүж ирсэн гэдэг тул зүүн зүгийн тунгус угсаатнаас гаралтай байж болох ч өнөөгийн Монгол орны нутагт амьдарч асан түрэг угсаатантай ихээхэн холилдож хэлний болон угсаатны хувьд тунгус ба түрэг угсаатны дундын үндэстэн байж болох юм.

Энэ олон аймаг улс, овог өөрсдийгөө юу гэж нэрлэж байсныг бид мэдэхгүй. Эрх биш өдгөө үлдэж хоцорсон Уйгар (хамтрах гэсэн утгатай гэнэ. Гэхдээ хятадууд тэднийг чантуу гэдэг), Хиргис, Хятан, Зүрчид нарыг мэдэх ч түүнээс өмнөх бусад гүрэн улсууд хятад сударт тэмдэглэгдэн үлдсэн учир нэр нь ч хятад байх. 

Нэн эртнээс умрын нүүдэлчид буюу хятадуудын нэрлэснээр ху нар гэдэг нь маш олон янз үндэстэн, угсаатан, ястан, овог, аймгуудын цогц байжээ. Тэдний тухай мэдээллийг зөвхөн өндөр иргэншил бүхий хөрш зэргэлдээ хятадууд л тэмдэглэн үлдээсэн. Умрын нүүдэлчдийг бүгдийг нь “татаар” (хятад аялгаар дада) гэх нэршлийг хятадууд дэлхий даяар тараажээ. Юань гүрэн мөхөж, жинхэнэ хятадын Мин династи үүссэнээс эхлээд тэд сайн мэдэж байсан ч зориудаар монголчуудыг “татаар” гэж нэрлэн бичиг номдоо үлдээжээ. Учир нь “монгол” гээд нэрлэчих юм бол тэд өөрсдөө Юанийн өв залгамжлагч гэж харагдан өөрсдийг нь эвгүй байдалд оруулна гэсэн санаа. Хожим нь манж нар л “монголчууд” нэрийг хятад хэлэнд эргүүлж оруулж ирсэн байдаг.[11] 

Үзээд өгье гэхнээ Монголын өндөрлөгийн нүүдэлчдийн тухай эх сурвалж Хятад судраас өөр нь байхгүй учир ганц баримжаа л энэ. Хүйс толгойгоос олдсон Жужуаний үеийн чулуун хөшөөн дээрх брахми үсэг нь “монгол хэлний авиаг тэмдэглэсэн бичээс болохыг бүрэн тайлж уншсан”[12] (саяхан, гэнэтхэн?) гэдэг ихээхэн эргэлзээтэй. “Бүрэн тайлахын тулд” хангалттай нотолгоо хэрэгтэй.

Хүннү (Hsiung-nu) нарын тухай Хятадын сурвалж бичгүүдэд МЭӨ V-IV зууны үеэс дурдаж эхэлжээ. Умардын нүүдэлчдийг бүгдийг нь ху хэмээн нэрлэн тэмдэглэдэг байснаа аль нэг аймаг нь хүчирхэгжин гарч ирж бусад аймгаа захиран Хятад руу довтолдог болсон учир ху нарыг хооронд нь ялган нэрлэх шаардлага гарчээ. Хүннү нарыг эхэндээ хятадын сурвалж бичигт Шюнху (Hsiung-hu) буюу Догшин зэрлэгүүд гэдэг байснаа сүүлдээ Шюннү буюу Догшин боолууд гэх болжээ.[13] 

Өмнөд хүннү нар Хятадын Хань династид дагаар орж, умард хүннү нараа хятадын цэрэгтэй хавсран МЭ 89-93 онд олон удаа цохин хиаруулсан байх юм. Хань улсын хаан Ван Ман (Wang Mang) Хятадад дагаар орсон өмнөд Хүннү нарын талаар зарлиг болгон “Одоо тэд бидний эсрэг биш, харин бидэнд дагаар орж захирагдах болсон тул үүнээс хойш тэднийг Шюннү (догшин боолууд) гэлгүй, харин Гүннү (Журамт боолууд) гэж нэрлэсүгэй” гэсэн байдаг.[14] Өмнөд хүннү нар Монгол нутагт 215 он хүртэл ямар нэг улс төрийн тодорхой роль гүйцэтгэсээр ирсэн хэдий ч эцэст нь дунху аймгийнхан оройлон гарч ирснээс хойш тэдэн дунд шингэн алга болсон аж.

Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт “Хүннү, Сүннүгийн үеэс…” гэж гардгийн Сүннү гэдэг нь ийм учиртай бололтой.

Эцэст нь Чингис хааны уугуул нэр Тэмүүжингийн талаар өөрийн таамаглалаа хэлье. Утгын хувьд хүн төрлөхтөнд хамгийн түгээмэл нэр бол төмөр, төмөрчин, дархан гэсэн утгатай. АНУ-д хоёр сая Смит, Англид хагас сая. Герман хэлний Шмидт адил утгатай. Францад Фабрэ, Италид Фэрраро, Испанид Хэрраро, Орост Ковалёв, Кузнецов, Хорватод Ковач, Польшид Ковальски, Украинд Коваленко, Арабад Хаддад, Японд Кажияа, Персид Заргар, Түрэгт Тэмэрчи, Гүржид Мхэдишвили, Армянд Тарпинян гэх мэт. Эд бүгдээрээ төмөр, төмөрчин, дархан гэсэн утгатай. 

Монгол бичгээр төмөр гэхийг тэмур гэж бичдэг, энэ нь түрэг гаралтай үг. Хятад хэлний жэнь (ren) бол хүн гэсэн утгатай. Энэ үг япон, солонгос, монгол хэлэнд хүний харъяалал, мэргэжил, ажлыг илэрхийлэх дагавар болжээ. Жин, чин гэсэн дагавар монгол хэлэнд яг ийм утга илэрхийлнэ, уулчин, тариачин гэх мэт. Магадгүй дайчин гэдэг ч дайнчин байж болох. 

Чингисийг амьд байхад бичигдсэн ганцхан хятад зохиол бий. Тэнд анх Тэмүүжин-ий нэр цаасан дээр үсэглэн бичигджээ. Гэтэл хятад хэлэнд “р” авиа дуудагддаггүй. Ингэхээр Тэмуржин гэсэн үг Тэмүжин гэж дуудагдана. Нэг л үгээр хэлэхэд Тэмүүжин гэсэн нэр өнөөгийн халх аялгаар Төмөрчин байх тун магадлалтай. Одоо ч түрэг хэлэнд Тэмэрчин гэсэн нэр элбэг.


[1]Берзин, Александр. Историческое взаимодействие буддиской и исламской культур до возниковения Монгольской империи (Библиотека Берзина 1996). [Berzin, Alexander. Historical interaction of Buddhist and Islamic cultures before the rise of the Mongol Empire (Berzin Library 1996)]

[2]Сүхбаатар, Г. Монгол Нирун улс (Улаанбаатар 1992) [Suhbaatar,G.The Nirun state of the Mongols]

[3]Хандсүрэн, Ц. Жужуаны хаант улс ба түүхийн зарим судалгаа (Улаанбаатар 2005) [Khandsuren, Ts. Selected Historical Studies of the Rouran Khagante]

[4]Lee, Lily Xiao Hong; Stefanowska, A. D. Biographical Dictionary of Chinese Women: Antiquity Through Sui, 1600 B.C.E.-618 C.E. M.E. Sharpe.  pp-316.

[5]Jamieson, John Charles The Biography of Wei Shou. (University of California, Berkeley 1964). 

[6]Бичурин Н. Я. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена.(Москва, 1950. Т. I.) c- 209. [Bichurin N. Ya. Collection of information about the peoples who lived in Central Asia in ancient times. (Moscow, 1950. T. I.)] p-209.

[7]Chinese Literature Songshu The Book of the (Liu-) Song Dynasty vol. Rouran

[8]Mair, Victor H., Sanping, Chen., Wood, Frances. Chinese Lives (Thames&Hudson, London 2013) p-100

[9]Kane, Daniel. The Kitan language and script  (2009, Leiden, The Netherlands)

[10]Линь Гань Дунхугийн түүх ((Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо Хөх хот 2002)) [Lin Gan History of Donghu]

[11]Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-90 [Miyawaki Junko Last Empire of nomads]

[12] Vovin, Alexander. A Sketch of the Earliest Mongolic Language: the Brāhmī Bugut and Khüis Tolgoi Inscriptions. (International Journal of Eurasian Linguistics 2019) 1 (1): 162—197 

[13]Ганбаатар, Я. Хүннү нарын түүх, соёл (Улаанбаатар 2011) х-69 [Ganbaatar.Ya Xiongnu history and calture]

[14]Ганбаатар, Я. Хүннүгийн түүх, соёл (Улаанбаатар 2011) х-69 [Ganbaatar, Ya. Xiongnu history and calture]