XXI ЗУУНД БОКАССА ЦӨӨРСӨН
За ингээд дэлхийн хамгийн ядуу орон хаан залах ёслолд хамгаа гөвж гарлаа. Төв Африк нь авахаас алмаазны жаал нөөцтэй, тэр нь мань Бокассагийн бүрэн захиран зарцуулах хувийнх нь хөрөнгө. Хааны тэтмийг хоёр мянган доржпалам шигтгэж хийсэн нь тэр үеийнхээр 5 сая доллароор үнэлэгдэж байлаа. Хааны сандлыг дэвж буй бүргэдийн дүрсээр хийж алтадсан нь хоёр тонн жинтэй болжээ. Суудлыг битүү ирвэсний арьсаар гадарлажээ. Хувцсыг нь Европын хамгийн дээд зэргийн оёдлын газрууд захилгаар бүтээв.
XXI ЗУУНД БОКАССА ЦӨӨРСӨН
Африк тивийн элгэн дээр Төв Африкийн бүгд найрамдах улс гэж байх. Ядуу гэж тоймгүй, Монголтой өрсөлдөхүйц. Африк тивийг тусгаар тогтнолжуулж лай болсон ачаагаа хөнгөлөх европынхны үйл ажиллагааны хүрээнд энэ орныг францчууд орхин одож 1961 онд тусгаар бүгд найрамдах улс болгож өгчээ. Зүгээр олдсон бэлэг. Улсын ерөнхийлөгчөөр Дэвид Дакко гэгчийг “сонгов”. Хар Африкийн нийгмийн хувьсгалт нам (ХАНХН) гэдгийг тэрээр байгуулж Үндсэн хууль ч гаргаж үзэж. Өөрийн ойрын хамаатан Жан Бэдэль Бокасса гэгчийг Үндэсний армийн жанжин штабын командлагчаар тавилаа. Хамаатан маань 1967 онд ахынхаа эзгүйд төрийн эргэлт хийгээд хаядаг юм байна. ХАНХН-ын дарга, улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентийн дарга гэсэн дөрвөн гол тушаалыг нэг дор өөртөө авлаа, мань хар.
Газар зүйн байрлал нь чухал учир Франц улс энд цэргээ байрлуулж байв. Гэхдээ тун цөөхөн хүнтэй энэ ядуу орныг францчууд тэжээж байсан юм. Зээл нэрээр тэжээнэ, өнөөх нь овоорч учиргүй их болсон тул өр төлөхгүй гэсэн ухаан сийлж мань Бокасса Францын Ерөнхийлөгч Шарль Дэ Голлийг Төв Африк улсын “эцэг” болгон албан ёсоор зарлалаа. Дэ Голль ч ичиж үхсэн байх л даа. Бокасса эрх авангуутаа Үндсэн хуулийг өөртөө тохируулж өөрчлөхөөс ажлаа эхлэв. Сүрхий боловсролтой эрээ болоогүй, 1954 онд Францын армид татагдан Вьетнамын дайнд оролцон дайтаж явахдаа бичиг үсэгт тайлагдаж, бага түрүүч хүртэл дэвшиж явж.
Түүний даргалах ХАНХН нь улсдаа ганц нам боловч улс төрийн программ байтугай ямар ч үзэл сурталгүй, Бокассагийн улс орноо захирах ажлын зэвсэг хэрэгслэл төдий байлаа. 1972 онд хуралдсан намын дөрөвдүгээр их хурал нь Бокассад маршал цол олгох ганц асуудал хэлэлцсэн гэдэг. Намын хурлаараа оруулаад л өөрийн гол өрсөлдөгчдийг нам дарна. Төрийн сайд Бонга, Үйлдвэрчний дарга Сандосса, Ерөнхий сайд Патассэ нар жил дараалан намын хурлаар орж баривчлагдан шоронд суусан бол өөр олон сайд дарга нар нь учир битүүлгээр үхэцгээжээ. 1976 он буюу энэ ядуу орон Тусгаар тогтноод яг 15 жил өнгөрөхөд Бокасса мөнөөх дээр өгүүлсэн дөрвөн гол албан тушаалаас гадна хэвлэлийн яам, батлан хамгаалах яам, худалдааны яам, шуудан холбооны яам, уул уурхайн яам, мэдээллийн яамыг зэрэг толгойлох болсон аж. Олон эхнэрийнх нь ахмад эхнэр нь Тагнуулын төв газрын даргыг бас хашна.
Түүний гадаад бодлого ёстой ганган. 1970 онд ЗХУ-д айлчилсныхаа дараа энэ орон “социалист лагерийн” нэгэн салшгүй гишүүн болсноо тунхаглалаа. 1975 онд Франц шинэ ерөнхийлөгч Жэскар дэ Эстантай болсон явдлыг тохиолдуулан ард түмнээ Францын замаар хөгжих болсныг зарлав. Хойтон жил нь 1976 онд энд нефтийн баян орон Ливийн ерөнхийлөгч Кадаффи айлчлангуут тэрээр улс орноо лалын орон болсныг зарлаж, Засгийн газрын бүх гишүүдийн хамт лалын шашинд хуйгаараа орон ёслол үйлдэж Мухамэд, Ахмэд гэх мэтийн лал нэртэй болцгоолоо. Корон судрыг цоо шинээр франц хэлнээ өөрөө хөрвүүлэв хэмээн хэдэн мянгаар нь хэвлэж улс орнынхоо айл болгонд тараан өгчээ. Мэдээж тэрний мэддэг араб хэл ч гэж юү байхав, Каддафи ч энэ тэнэг харыг мөнгө төгрөгөөр тэтгэсэнгүй, Төв Африкийн лал улс болох ч хойтонгоос нь мартагдан лөөлөө болов. Баруун Германаас мөнгө горьдож Зүүн Германаас, Тайваниас горьдож Хятадаас гэнэт дипломат харилцаагаа таслан шуугиулна.
1976 онд улс тунхагласны 15 жилийн ойг тохиолдуулан улсаа Төв Африкийн эзэн хаант улс болгон зарлаж өөрийгөө эзэн хаанаар өргөмжиллөө. Нохойд барьдаг мод гэгчээр нөгөө муу ХАНХНамаа хуралдуулан ийм шийдвэр гаргах нь тэр. Намын удирдах зөвлөлийн 19 гишүүнийг өөрөө нэрлэн томилоод “эзэн хаан намаас дээгүүр байх ёстой” хэмээн намаасаа түтгэлзэж маяглалаа.
Хамгийн сонирхолтой үзмэр нь Бокассаг хаан ширээнд залах ёслол байлаа. Тэрээр францын армид байхдаа генерал Напалеон гэнэт бүгд найрамдах улсаа эзэн хаант болгоод өөрөө эзэн хаан болсон тухай сонссон нь мангар том биетэй түүний бяцхан хар тархинд нь хэмжээлшгүй гүн сэтгэгдэл төрүүлсэн юм байж. Гэхдээ тэрээр Напалеон нэгдсэн Европыг буй болгохоор зорьсон, дэлхийн хамгийн анхны орчин үеийн төрийн системийг бодож олсон, зүйрлэшгүй ухаантай, гайхамшигт цэргийн жанжин байсан зэргийг нь гүйцэд сонсоогүй байх. Францын хувьсгалын түүх, Монтэскюгийн зарчим, тархай бутархай Итали, Германы империализм, Английн өрсөлдөөн, дэлхийн тэргүүний иргэншил зэрэг ч бүр сонсоод ч ойлгох зүйл нь биш.
За ингээд дэлхийн хамгийн ядуу орон хаан залах ёслолд хамгаа гөвж гарлаа. Төв Африк нь авахаас алмаазны жаал нөөцтэй, тэр нь мань Бокассагийн бүрэн захиран зарцуулах хувийнх нь хөрөнгө. Хааны тэтмийг хоёр мянган доржпалам шигтгэж хийсэн нь тэр үеийнхээр 5 сая доллароор үнэлэгдэж байлаа. Хааны сандлыг дэвж буй бүргэдийн дүрсээр хийж алтадсан нь хоёр тонн жинтэй болжээ. Суудлыг битүү ирвэсний арьсаар гадарлажээ. Хувцсыг нь Европын хамгийн дээд зэргийн оёдлын газрууд захилгаар бүтээв. Хувцасны материалыг дэлхийн өнцөг булан бүрээс худалдаж авчээ. Нөмрөг нь гэхэд Энэтхэгт зөвхөн гар аргаар хийдэг, таван өнгө гаргаж солонгордог туйлын үнэтэй тусгай материал аж. Үүнийг ёслолын үеэр өөрөө гайхуулан тайлбарлахдаа хар өнгөөр солонгорч буй нь төрийн төмөр нударгыг, шар өнгөөр солонгорч буй нь эзэн хааны ивээнгүйг, ногоон өнгөөр солонгорч буй нь цөлийн Төв Африк ногоорон моджихыг ерөөсөн бэлгэдэл гэх мэт учир жанцантай гэнэ.
Тагнуулын дарга эхнэрээ хатан хаанаар зарлаж, гурван настай баньдаа хаан ширээ залгамжлагчаар тунхаглав. Хамаатан садангууд нь жонон, гүн, гүнж, ван гэх мэт эртний Францын язгууртны цолоор шагнууллаа. Ёслолд зориулж армийнхаа хувцсыг шинэчилсэн ба, олон хоног бэлтгэл хийсэн өлсгөлөн цэргүүд хоёр тонн алтан дээр суусан таван өнгийн нөмрөгт маанаг хаанынхаа урдуур цөлийн тоос бужигнуулан франц маягаар парад хийсэн нь энэ нутагт тун элбэг тохиолддог хүн алж махыг нь шарж идэхийн өмнө бүжиглэдэг марзан бүжгээс хавьгүй илүү иргэншсэн харагдаж байлаа.
Ёслолд оролцсон Францын болон Африкийн орнуудын элчин сайд нар, далимдуулж жаал юм хуссан итали, герман, швед бизнесменүүд туйлын сэтгэл ханамжтайгаар ёслолын тансаг хоолыг амаа олохгүй үмхэлцгээнэ. Бокасса хүний мах иддэг омгоос гаралтай юмсанж. Түүнээс гадна Библийн Сүүлчийн зоог, үүнийг дүрсэлж үлдээсэн Леонардо да Винчийн уран зураг түүнд их таалагдана. Ингээд шоронгийн даргадаа захилга өгч Христийн “Сүүлчийн зоог” барьжээ. Цадтал нь хооллож дарсаар согтоосны дараа хоригдлуудыг төхөөрөөд махыг нь нямбайлан шулж хааны гал тогоо руу илгээсэн нь дайллаганд орсон зочдын гүнцэг болсон байна. Хожим хамаг хэрэг илрэхэд зочдын зарим нь хүний мах идсэнээ мэдэн галзуурч үхсэн тохиолдол ч гарсан гэдэг. Ёслолын нийт өртөг 50 сая доллар болсон нь энэхүү гуйлгачин орны Үндэсний нийт бүтээгдэхүүний хагас нь болжээ.
Хамгаа хоосолж төрийнхөө санг хувхайлсан хаан дараа нь бадар барихаар Парис орлоо. Өөрөө “ах” гэж өхөөрдөн нэрлэх ерөнхийлөгч Жэскар дэ Эстантай уулзан хармайнаасаа атга алмааз гаргаж ирэн түмний нүдэн дээр ахынхаа хармай руу шууд хийж орхив. “Надад мөнгө өгвөл би инээнэ, их мөнгө өгвөл бүр их инээнэ” гэсэн түүхэнд орсон марзан афоризмын эзэн нь Бокасса л даа. Жэскар дараа нь бэлгийн алмаазыг улсад тушаасан боловч нэг хоёрыг хармайндаа үлдээсэн гэсэн хардлагын цуу газар авч дараагийн сонгуульд ялагдсан юм.
Сан нь хоосорсон тул мөнгөжих түмэн шидийн арга сүвэгчлэв. ХАНХН-ын их хурлаар хувийн өмчийг улсад хураах шийдвэр гаргууллаа. Мөн хурлаас энэ улсад байдаг ганц сургуулийн бүх сурагчид үнэтэй гэж жигтэйхэн формоор гоёх тушаал гарав. Хөл нүцгэн тэдэнд форм авах мөнгө хаанаас байх билээ, харин формын хувцсын үйлдвэр нь хааны хувийн өмч аж. Напалеон урлагт дуртай байсныг сонссон Бокасса театр, чуулга, хөшөө зэргийг сүндэрлүүлэхээр шийдэн тэнд бүгдийг субботникоор хөлсгүй ажиллуулах лүндэн гаргав. Ер нь тэрээр ойлгохгүй хэвтэж их урлагсаг, ёслол, тууз хайчлах, цуглаан, парад зэрэгт нугасгүй. Хувцсыг нь худалдаж аваагүй, театрт юм үзээгүй хэргээр хоёр зуун жижиг хүүхдийг баривчлан шоронд хийжээ. Түүгээр зогсохгүй алж эхэлсэн ба хүүхдийн зөөлөн махаар нь хувийнхаа хөргөгчийг дүүргэжээ.
Алив сайхан юм болгон төгсгөлтэй байдаг болохоор энэ орныг хариуцдаг, төсвийн мөнгийг нь гаргаж асрамжилдагийн хувьд Франц, ерөнхийлөгч “ах” Жэскарын тэсвэр барагдаж 1979 онд Францын армийн гадаад легоныг Төв Африк руу илгээлээ. Улс дахин бүгд найрамдах улс болж, ерөнхийлөгч нь арван хэдэн жилийн өмнө эргэлтээр хусагдсан хамаатан Дакко нь болов. Харин хаан гадаадад зугтаасан ба 1986 онд дахин төрийн эргэлт зохиохоор Зааны ясан эргээс нутагтаа нууцаар иржээ. Энэ удаа бүтсэнгүй баригдаж шоронд орлоо. Тэндээ үхсэн дуулдсан шүү.
Энэхүү инээдтэй юм шиг мөртөө үнэнхүү эмгэнэлт хэргээс хойш нэгэнтээ бараг гучин жил өнгөрчээ. Тэр үед Африкт иймэрхүү төстэй зүйл олон байв. Угандын Иди Амин, Танзаны Нерере, Зайрын Мобуту, Этиопийн Мэнгэстү гэх мэт. Өдгөө Африк хавьгүй иргэншжээ. Ийм махчингууд, мангуунууд Африкийн төрд гарч ирэх нүх сүв бараг хаагдсан. Нэг хэсэг ийм балай түүх намтраас нь болоод дэлхий Африкийг чигт хаяж хог дээр гаргаж байсан. Харин өдгөө улам соёлжиж, төрийн туршлага суун ухаажиж буй тэдэн рүү Өрнийн ертөнц шинэ горьдлого хадгалан дахин тусламжийн гараа сунгаж эхэллээ.
2005.6.26