УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа бол маш сонирхолтой фигурын нэг. Өмнө нь нэг ч удаа хэвлэлд дэлгэрэнгүй яриа өгч байгаагүй нь гэхэд л түүнийг сонин гэж харах нэг үндэслэл. Түүний залуу насны бүхий л он жилүүд монголын шинэ үеийн нийгмийг байгуулах, тэр дундаа тулгуур суурь нь болох хувийн хэвшил бүрэлдэн тогтох үйл явцад зориулагдсан байдаг.


 

- Миний хувьд та шинэ зочин. Өнгөрсөн жил цагдаа, шүүх, олон нийтийн хэвлэл, мэдээлэл болон сошиал сүлжээгээр олны хэл ам таталсан гээд таны хувьд хүндхэн жил байсан болов уу. Гэхдээ иргэн хүний хувьд өөрийгөө хамгаалах, өөрийн үнэнээ олон нийтэд тайлбарлах эрхтэй. Тэр эрхийг хангах нь сэтгүүл зүйн үүрэг. Тийм болохоор би таныг сонгож зочноороо урьсан юм.

- Баярлалаа. Ер нь олны анхаарал татсан тухайн асуудлын үнэн зөвийг тогтоох хууль хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй байхад олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэглэлээр тайлбар өгөх нь зохимжгүй гэж бодсон юм.

- Тийм болохоор л хоёулаа ярилцлагаа их холын зайнаас эхлүүлэх нь. Манай шинэ нийгмийн түүх 30 настай. Хувийн хэвшлийн маань түүх ч мөн адил. Энэ түүхийг бүтээлцсэн томоохон группуудын нэг бол танай “Бишрэлт” компани. Танай гэр бүлийн хичээл зүтгэлийн үр дүн болохоор бахархлуудын тань нэг байх.

- Тэгэлгүй яахав.

- Та ямар гэр бүлд төрж өссөн бэ. Таны удам судар, аав ээжийн тань талаар сонирхмоор байна. Та бол хотын унаган хүүхэд байх.

- Би Улаанбаатар хотод төрсөн. Айлын ууган охин. Аав, ээж хоёр маань оюутан байхдаа танилцсан байдаг. Яг л тэр үеийнхээ залуучуудын жишгээр сургуулиа төгсөөд, улс орныхоо бүтээн байгуулалтын төлөө идэвхтэй зүтгэсэн хүмүүс л дээ. 

- Социализмын үеийн сэхээтнүүд байх нь. Тэд ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

- Аав маань Эрхүү хотод суралцсан. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Ээж худалдааны эдийн засагч мэргэжилтэй.

- Аль аймгийн гаралтай хүмүүс вэ?

-Манай аав Ховд аймгийнх, ээж минь Сүхбаатар аймгийнх. Баруун, зүүн хязгаарын хоёр хүн л нийслэл хотод сургуульд суралцаж байхдаа танилцаж гурван жил гаруй үерхэж захиагаар харилцаж байгаад ээжийг сургууль төгссөний дараа жил нь ханилсан гэдэг.

-Та аль дунд сургуулийг төгссөн бэ. Хэр нийгмийн идэвхтэй хүүхэд байв?

-Би анх 11-р дунд сургуульд элсэн орж, гэр 50 мянгатаас нүүж Их дэлгүүрийн дэргэдэх байранд ороход 24 дүгээр сургууль руу шилжин суралцсан. X ангиа төгсөөд инженер эдийн засагч мэргэжлийн хуваарь авч Москвагийн Удирдлагын их сургуульд суралцаж төгссөн. Дунд сургуульдаа улс, хотын олимпиадуудад оролцдог нэлээд идэвхтэй хүүхэд байсан. VI ангидаа физикийн олимпиадад шалгарч, “Артек” зусланд амрах эрхээр шагнуулж байлаа. Үнэхээр идэвхтэй хүүхэд байсан л даа. (инээв)

- Та нарыг очиход Инженер эдийн засгийн сургууль гэдэг нэртэй байсан юм уу?

-Үгүй. 1950, 1960-аад оны үед тийм нэртэй байж байгаад шинэ корпус ашиглалтад орж олон төрлийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх болж өргөжсөн. Тэр үеэс Удирдлагын дээд сургууль гэдэг болсон. Гадаадын олон орны оюутнууд ирж суралцдаг том сургуульд оросын нэртэй эрдэмтэн багш нарын лекц сонсож байсандаа бахархаж явдаг. Таван жил гэдэг бас тийм бага хугацаа биш. Өглөө 8-аас хичээл орж, сүүлчийн хичээл 17 цаг өнгөрөөж тарангуут ундаа ууж түр амс хийгээд номын санд сууж дараагийн өдрийн хичээлийн бэлтгэл, курсын ажил гээд 23 цагийн үед оюутныхаа байрыг барааддаг байлаа.

- Мэргэжлээ сонгоход тань хэн илүү нөлөөлсөн бэ?

-Мэргэжлээ сонгоход аав маань их сайн зөвлөгөө өгч байсан. Миний охин тоонд сонирхолтой. Инженер-эдийн засагч маш сайхан мэргэжил, дан ганц эдийн засаг биш хосолмол мэргэжил эзэмших нь зүйтэй гэж байсан нь санаанаас гардаггүй. Аав, ээж хоёр маань эдийн засагчид байсан учраас надад их нөлөөлсөн. 

-Гэрийн хүмүүжил гэдэг сэдэв одоо их хөндөгддөг. Социализмын үед хүүхдүүдээ бүх талаар өв тэгш болгох гээд л үзчихдэг байсан юм шиг санагддаг. Танайх ямархуу уур амьсгалтай айл байсан бол?

-Яахав дээ аав, ээж маань залуухан, ажил ихтэй. Тайлан мэдээ гаргадаг үеэрээ оройтож ирнэ. Статистикийн төв газар чинь Улсын банкны системийн өдөр тутмын тайлан мэдээг гаргадаг учраас ээж заримдаа хонон өнжин ажилладаг байсан. Хэрэв баланс, тооцоо нь зөрөх асуудал гарвал өглөө ажилдаа яваад, шөнө дунд ирдэг. Аав хурал, зөвлөгөөн гээд бас оройтож ирдэг. Тэгээд л бид хамжаад хоолоо хийж угаалга, цэвэрлэгээ гээд гэрийн бүх ажлаа хийдэг байсан даа. Амралтын өдрүүдэд хуучин циркийн ойролцоо Циркийн 5-р гудамжинд өвөө эмээ дээрээ очиж боорцог хийлцэж, худгаас усыг нь авч өгч туслахаас гадна том ах нарын хүүхдүүдтэй тоглоно. Бидний хүүхэд ахуйн амьдрал яг л ийм байсан. Манай өвөө бол түвд ном үзсэн, тэр үедээ л номтой хүн байсан юм. Алтан овоо, Дархан хан уулаа шүтдэг. Гартаа уртай, юм юмаа өөрөө хийчихдэг. Одоо ч өвөөгийн маань хийсэн гар урлал, эдлэл хэрэгсэл нь байдаг. Өвөө маань 78 насандаа бурхны оронд заларсан даа. Миний эмээ их өндөр настай буурай бий. Одоо ч ухаан санаа саруулхан, бидэнтэйгээ амьдарч байна. 

-Хамгийн анх хил даваад очсон хот болохоор Эрхүү танд Москвагаас дутахгүй дотно санагддаг байх?

-Сайхан санагдана. Бид буцахдаа Эрхүүгээр дайрдаг. Эрхүүгийн хавар гэж алдартай дуу бий. Сонсохоор нэг л дотно. Хэдийгээр тэр олон хүүхэд нэг хотод сурч байсан ч жилийн дараа ахин шалгалт өгцгөөх учраас тэр бүр зав чөлөө гардаггүй байсан л даа. Тэгээд би Москвад, манай хүн Эрхүүгийн их сургуульд хуваарилагдсан даа.

-Би А.Ариунболд захирлын тухай нэг хөөрхөн дурсамж уншиж байсан юм. Эрхүүд сурч байгаад Москва руу байн байн өөрийн тань араас хөөцөлдөж очдог байж. Тэгээд Москва хэт олон явсан гээд арга хэмжээ авахуулж байсан гэсэн?

-Бид нарын үед чинь нэг хотын оюутан нөгөө хот руу явах боломжгүй. Заавал сургууль, консулын газраас зөвшөөрөл авдаг. Тэр үед бүх сургуулиуд их хатуу дүрэм журамтай учраас оюутнуудыг чөлөөтэй явуулдаггүй байсан. Зөвхөн төгсөх курстээ аав ээжийгээ л урих боломжоор хангадаг байсан. Манай хүн чөлөө л гарвал Москва руу яваад арай олон очсон шиг байгаа юм. Орос оюутнуудтайгаа их дотно байсан болохоор хичээл, номоо зохицуулаад яваад байсан шиг байгаа юм.

-Оюутнууд намар эх орноосоо очихдоо бүгд л зарж мөнгө болгох юмтай явцгаадаг байсан гэдэг. Та тэгж чаддаг байсан уу?

-Өөрийн хэмжээнд юм авч явна. Яагаад гэвэл, Москва ортол галт тэргэнд тав хоног явна шүү дээ. Хот болгон дээр бараа сонирхсон хүмүүс орж ирнэ. Бид тарваган малгай, хантааз, үнэгэн малгай гээд л авч явцгаана. Тав хоногт чинь бие биенээсээ суралцаад, энийг ингэдэг юм уу, тэгдэг юм уу гээд юмнуудаа бүгдээрээ борлуулчихаад очдог байсан. 

-Та сургуулиа төгсөж ирээд Удирдлагын асуудал судлах олон улсын институтын дэргэдэх Монгол Улс дахь салбар байгууллагад ажилд орж ажилласан гэдэг. Энэ ямар учиртай байгууллага байсан юм бэ. Тэр үед чинь хувийн байгууллага гэж байгаагүй. Сонсож байгаагүй байгууллага байна билээ?

- Тийм. Манай сургуульд бол бүх л талын хичээл үзнэ. Инженеринг, Эдийн засаг, Микро, Макро гээд бүгдийг үзнэ. Ер нь бол маш их ачаалалтай байсан. Хичээлийн даалгавар, курсын ажилд дарагдсан оюутны таван жил өнгөрсөн дөө. Тэгээд төгсөж ирээд мэргэжлийнхээ дагуу Удирдлагын хөгжлийн институтын дэргэдэх Олон Улсын Автоматжуулалтын Институтэд хуваарилагдаж ажилласан. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай захирлаар нь, УИХ-ын гишүүн асан Датакомын Д.Энхбат зэрэг хэсэг залуус оросын мэргэжилтэнтэй хамтран Монгол Улсын эдийн засгийн макро түвшний хөгжлийн бодлогыг тодорхойлох чиглэлээр ажиллацгаасан. 

-Та тэнд хэдэн жил ажилласан бэ?

-Би төгсөж ирээд ерээд оны ардчилсан хувьсгалын эхний үеийг хүртэл тэндээ ажилласан. Ер нь бид нарыг оюутан байхад л Орос оронд хөдөлгөөн орж эхэлсэн. Манай багш нар зах зээлийн эдийн засаг гэж их ярина. Канадын их сургуульд багшилж байгаад ирсэн гээд л том том эрдэмтэд зах зээлийн үнийн бодлогын зохицуулалтын хичээл заана. Бид нар ч их сонирхоно. Өөрчлөн байгуулалтын том нөлөөн дор байж байгаад ирсэн байсан л даа. Ажилд ороод удаагүй байтал манай улсад янз бүрийн асуудал өрнөж зах зээлийн шилжилтийн үе эхэлсэн. Миний хувьд цоо шинэ юм биш. Яагаад гэхээр би Москвад шилжилтийг нь мэдэрч, тэрийг дагасан өөрчлөлтүүд дунд нь амьдарч байсан. Барааны хомсдол Орост үүсчихсэн байсан үе шүү дээ. 

- Тэр үеийн багш нар ч их зүйлийг хэлж ярьж байсан байх. Тийм том өөрчлөлттэй нүүр тулах гэж байгаа шавь нараа харахад хэцүүхэн байсан байх шүү.

- Багш нар маш сонирхолтой юм ярина. Дандаа чөлөөт зах зээл, эрэлт, нийлүүлэлтийг ярьдаг байсан. Энэ асуудал яригдаж байх үед бид төгсөх курст байсан. Өглөө босоод ирэхэд л гадаа юмс өөрчлөгдөөд байдаг. Ингээд сурсан мэдсэнээ эх орондоо зориулах ёстой гээд л ирцгээсэн. Дээр нь олон улсын байгууллагад ажиллах боллоо. Тэнд гурван жил гаруй ажилласан. 

-1990-ээд оноос л ганзагын наймаа руу орсон юм байна гэж таны нөхрийн тухай уншихдаа мэдэж байсан юм. Нөхөр тань Эрхүүд төгсөж ирээд Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд хуваарилагдсан гэсэн. Цаанаас нь хуваарилдаг байсан юм уу?

- Тиймээ. Бид чинь яам, албан байгууллагын нэр дээр сургуульд явдаг байсан шүү дээ. Манай хүн төгсөж ирээд Үйлдвэрчний төв зөвлөлд хуваарилагдсан. 

-Үндсэн мэргэжил нь хуульч гэсэн үү?

-Тийм, төгсөж ирээд л анхны хөдөлмөрийн, үйлдвэрчний эвлэлийн тухай хууль дээр ажиллаж байсан. Шөнө орой болтол ажиллаж үйлдвэрүүдээр их явж хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн харилцааны асуудлаар ялангуяа Хан-Уул дүүргийн үйлдвэрүүдээр их явж ажиллаж байсан. 

-Үйлдвэрчний байгууллага болохоор илүү их сонирхолтой салбарт ажиллаж байсан байна л даа. Улс төр рүү ороход их ойрхон ажиллаж байж. Яагаад улс төр сонгоогүй юм бол?

- Тэрийг өөрөөс нь л асуух ёстой болов уу. 

- Би ярилцлагын эхэнд хэлсэн. Монголын шинэ нийгмийн 30 жилийн түүх гэдэг бол энэ зах зээлийн нийгмийг байгуулсан хувийн хэвшлийн 30 жилийн түүх юм гэж. Нэг том групп нь бол танайх. Хамгийн анхны төсөл тань Бишрэлт плаза юу?

- Тийм. 

- Энэ зочид буудлын бизнес таны санаа юу. Эсвэл танай нөхрийн санаа юу. Яагаад зочид буудлаар эхэлсэн юм бэ?

- Тэр үед гадны хүмүүстэй уулзах гэхээр орох газар хомс, байсан хэдхэн ресторанд нь жуулчид болон зочид ихтэй, ширээ олддоггүй байсан. Их барилга, их бүтээн байгуулалтын салбарууд уначихсан, үйлдвэрүүд зогсчихсон. Хэцүүхэн шилжилтийн эхэн үе байлаа шүү. Бараг бүх юмаа л хийж үйлдвэрлэж байсан улс орон шүү дээ. Гэтэл тэг зогсолт хийчихсэн байсан. Тэр хүнд үед, барилгын салбар тийм байхад тэнэг зоригтой ч гэдэг юм уу, мөрөөдөмтгий ч гэдэг юм уу сэтгэлзүйгээр ая тухтай ресторан, гадна дотны зочдыг хүлээн авах зочид буудал баръя гэж шийдвэр гаргацгааж байж. Тухайн үед ганзагын наймаа хийгээд олсноо шууд тоосго, цемент рүү өгч байсан. 

- Тэр үед зочид буудлын бизнес чинь хүмүүсийн сонирхлыг татаагүй, нэг үгээр мода биш байсан шүү дээ. Тэгсэн ч мөрөөдөл байсан юм байх даа.

-Эмэгтэй хүн учраас санаагаа хэлж байсан. Тэгээд л манай хүн дэмжээд орсон. 

-Анх зочид буудал байгуулаад бизнес болтлоо бас өдий шүү дээ. Гэхдээ л бариад дуусчихаар сонин мэдрэмж авах байх. Анх авч байсан кайфыг тань сонирхож байна л даа?

- Урдаа зорилго тавиад, зээл авч, хамаг байгаа юмаа оруулж байгаад том давааны ард гарахаар сайхан л даа. Барьж дуусаад будаг нь ханхалж байхад л бүх зүйл гоё санагдаад л. Тэгээдажилтнуудаа шалгаруулж авах дараагийн хэсэг рүү орж байгаа юм. Найз нөхөд маань туслаад л. Мэргэжлийн хүмүүс нь ирж ажилтнуудыг шалгаруулж байсан. Сэтгэгдэл гэвэл их л өндөр байсан. 

- Юм байгуулсны дараах таашаал бол хамгийн гоё зүйл шүү дээ.

- Тийм. Яг үнэн. Наадах чинь бараг үгээр ч илэрхийлэхээргүй. 

-“Капитал” банкны хувьцааг худалдаж авч банкны бизнес рүү орсон гэсэн байх аа. “Капитал” чинь бүр 1991 онд байгуулагдсан анхны арилжааны банкнуудын нэг гэгддэг?

-Анх 16 үйлдвэр, аж ахуйн байгууллага хөрөнгө оруулж “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр 50 сая төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж, 1990 оны есдүгээр сарын 15-ны өдөр анхны арилжааны банкны зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа эхэлсэн гэдэг юм. Харин банк руу бол Ариунболд маань их сонирхож, илүү хүчин чармайлт гаргаж байж авсан. Мэдээж тэрнийг авахад бид байсан хуримтлал, хамаг юмаа шавхаад л орж байсан. 

-Ганзагын наймаанд явсан түүх манай бизнесмэнүүдийн дунд яригддаг том түүх нь байдаг?

- Ганзага хийж байхад бид их амжилттай явж байсан. Өнөөдрийн энэ хувийн хэвшлийг өнгөлж яваа хүмүүс бол бүгдээрээ л тэндээс эхэлсэн дээ. Зарим нь Сингапураас электрон бараа зөөж байсан. Ихэнх нь Хятадаас Орос руу, цаашлаад европын улс болох Польш, Чех болон Болгар гэдэг маш том зах зээл руу бараа зөөвөрлөж ре-экспорт хийсэн бизнесмэнүүдийн ихэнх нь Орост суралцаж байсан манай үеийнхэн байсан нь бас нөлөөлсөн л дөө. Миний хувьд бол ганзагыг эрчүүдээс дутахааргүй л хийж байсан. 

-Хамтаараа зүтгэхгүй бол нийгэм ч шинэ, улс орны эдийн засаг ч уначихсан хүнд үе байсан шүү дээ. Арагшаа суух эрх хэнд ч байхгүй байсан байх.

-Гараа хумхиад суух боломж огт байгаагүй. Дэлгүүрийн лангуун дээр ердөө төмс, архи, талх, давс л байсан. Цагаан сар болоход тусгай бараа ирснийг сонирхтол нандин чавга, нар хамба, хатаасан жимс ирээд хүмүүс бужигнаж байж билээ. Тэрэндээ очерлоод л бид чинь талоноор авч баярын ширээгээ чимээд л ийм л шилжилтийн үеэс өнөөдрийн зах зээлд хүрсэн дээ. 

-Оросын бараа гэж байхгүй болчихсон байсан.

-Тухайн үеийн ЗХУ задарч Орос өөрөө өөрийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй нэлэнхүйдээ барааны хомсдолд орчихсон. Рублийн ханш уначихсан. Тийм учраас тэр орон зайны жаахан хувь нь монголын ганзагачдад оногдож байлаа. Бид харин тэрнийг мэдэрч Хятадаас зогсоо зайгүй өдөн куртка, ангор, савхин куртка зөөж очоод л тэрнийгээ борлуучихаад буцдаг. Тэгээд тэндээ удах ч үгүй рублиа валют болгочихоод буцаад Бээжин явдаг байсан. 

-Тэгж явж олсон хуримтлал бүх юмаа зочид буудал руугаа оруулаад, илүү байснаараа банкны хувьцаа худалдаж авсан байх нь.

-Тийм. Тэгэхэд бид буудлаа барьж ашиглалтад оруулж дуусгачихаад үйл ажиллагаагаа явуулж эхэлж байлаа. Тэр үед үнэхээр залуучуудын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх газар ховорхон байсан л даа. 

-Тэр мэдээж. Хотын соёлд орж ирсэн шинэ салхи.

-Буудал гэхээсээ илүү үүнийг дагасан үйлчилгээний соёл, хоолны соёл, чөлөөт цагаа өнгөрүүлэх соёл гээд. Хүмүүс хоорондоо уулзаж учирч, цай, кофе ууж, ярилцах газрууд үнэндээ л ховорхон байсан үе. Ямартай ч эрэлт хэрэгцээ нь их байсан.

- Буудлын дараа та бүхэн махны үйлдвэр байгуулсан байдаг. 2000-аад оны эхээр юм уу даа. Японд адууны мах гаргалаа гэж яригдаад л. Бишрэлтийнхэн махны бизнест хөл тавьж байгаа юм байна гэцгээж байсныг сайн санаж байна.

- Тийм ээ. Туршилтын журмаар япон руу гаргаж байсан. Япончууд өөрсдөө ирээд, үйлдвэрээ үзээд бид тэр төслөө эхлүүлж байсан. Маш өндөр шалгуур тавьдаг. Асар нарийн ажил л даа. Өнөөдөр би таны ярилцлагад ороод дурсамжаар аялж байна даа. Тухайн үед ээлжийн амралт гэдгийг мэдэхгүй, амралтгүй ажилладаг байлаа. Ганзага хийж байхдаа ч зогсоо зайгүй явдаг байснаа санаж байна. Одоо эргээд бодоход үнэхээр завгүй ажилласан 30 жил л харагдаж байна. 

-Ер нь та гэхдээ ингэж ярилцага өгч байгаагүй шүү дээ.

- Ярилцлага битгий хэл ингэж тунгааж сайн бодож ч байгаагүй юм байна. Харин таны тавьж байгаа асуултуудтай уялдуулж өнгөрснөө эргэж харах боломж гарч байна. Биднийг зочид буудлаа ашиглалтад оруулчихаад байх тэр үед хувьчлал, хувьцаанууд их яригдаж байсан юм. Тэнд ч тэр үйлдвэрийн хувьцаа, энд ч энэ үйлдвэрийн хувьцаа гээд л. Шинэ юмнууд шил шилээ дагаад яригдаж байсан. Тэр үед хувьцааг чинь ингээд авдаг юм гэдэг зүйлийг эдийн засгийн хичээл дээрээ үзсэн л онолтой. Тэгээд оёдлын үйлдвэрийн хувьцаа аваад ажиллалаа. Энэ үйлдвэр нь 500-600 гаруй ажилтантай байсан. Захиалганаасаа болоод тийм байхаас ч өөр аргагүй. Монголд үйлдвэрлэсэн хувцсыг АНУ-д татваргүйгээр оруулах эдийн засгийн дэмжлэг, хөшүүрэг зарлагдчихсан үе байсан учраас Хонконг, Өмнөд Солонгос, Тайвань гэсэн улсаас их захиалгууд орж ирсэн. Ингэж тийм олон хүнтэй үйлдвэртэй бас найман жил нүдэлдсэн. Энэ бол үнэхээр Монгол Улсдаа валют оруулж ирж байсан гайхалтай цаг үе байсан.

-Тэр хэцүү хүнд цаг үед ажилчдынхаа нэг хэсгийг нь гудманд гаргахгүйн төлөө найман жил гүрийтлээ зүтгэж ажиллажээ. Үнэхээр бахархууштай түүх биш гэж үү?

-Үнэхээр сайхан дурсамжуудын маань нэг хэсэг л дээ. Улс орныхоо нуруун дээрх хүнд ачаанаас үүрэлцэж байна гэдэг бахархал төрдөг байсан шүү. Ялангуяа улирлын сүүлч, экспортод гаргах хугацаа дөхөөд ирэхээр бид чинь хонон өнжин ажилладаг. Ажлынхаа ард гараад тэр олон зуун оёдолчид, ажилчдынхаа цалинг олгочихоод, тэднийхээ баярлаж байхыг харах хичнээн сайхан.

-Тэгээд энэ таатай том төслөөс яагаад гарчихсан юм бэ?

- Манай улсад олгосон АНУ-ын зах зээлд оёмол бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох гэрээний хугацаа дуусгавар болсноор зогссон. 

-Мэдээж тантай ярилцаж байгаа болохоор “Бишрэлт” косметиксын талаар ярилгүй яахав. Одоо ч гэсэн гоо сайхны зах зээл дээр амжилттай ажилладаг гэж бодож байна. Анх Elizabeth Arden, Revlon-ийг оруулж ирж байсан. Одоо хүртэл сэтгэлд дотно. Энэ яг цэвэр эмэгтэй хүний хувьд таны бизнес байсан байх.

- Би түрүүн ярьсан. Европоос бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирдэг байсан гэж. Хүнсний бүтээгдэхүүн ч импортолдог байлаа. Тухайн үед манай улсад шампунь ховор байлаа шүү дээ. Тэр үед бид Роза гээд нэг шампунь хэрэглэдэг байсан. Косметик гэхээр хүмүүс нүүр буддаг бүтээгдэхүүн гэж ойлгоод байдаг л даа. Ерөөсөө л ахуйн өдөр тутмын хэрэглээ. Зүүн европын орнуудыг хангадаг Болгарын хамгийн том үйлдвэрлэгчээс нь очиж хүний байнгын хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд болох барааг татаж байлаа. Гэхдээ манай иргэд хүний хэрэглэдэг болгоныг хэрэглэж түүнийг хэн нэг нь авчирч хэрэглээнд нэвтрүүлэх ёстой байсан. Тэгж л хийж эхлүүлж байлаа даа. Хятад, оросын шүдний ОО-г халаад л Мери гээд шүдний ОО-г оруулж ирж байх жишээтэй. Эндээс улбаалаад хамгийн анх Revlon-ийг оруулж ирсэн. 

-Revlon бол том брэнд. Хэлэлцээ хийх гэж бөөн юм л болж байсан байх даа?

- Үнэхээр ихээхэн хөөцөлдөж байж, Revlon-оо арай гэж онгоцоор татаж аваад байж байтал АНУ-ын ЭСЯ-ны худалдааны атташе утас цохиод ирж уулзаж “Яагаад та нар манай улсын брэндийн нэрийг зөвшөөрөлгүй гаднаа хадчихсан байгаа юм бэ?” гээд л эхэлж байгаа юм. Бид уулзаад гэрээ контракт, албан ёсны дистрибютрийн бүх бичиг баримтаа үзүүлж байлаа. Их гайхаж “Энэ бүтээгдэхүүнийг тэгээд монголчууд авах уу” гэж биднээс асууж байсан. Мэдээж шүү дээ, шампунь нь гэхэд л манай зах зээл дээр өндөрт тооцогдохуйц үнэтэй байсан. Миний хүсэл бол яагаад монголчууд бусдаас дор гэж гэсэн нэг тийм шазруун бодлоор хөглөгдөж байсан. Ийм л амбиц тээж явсан даа. 

-Зарж борлуулж, татвараа төлнө, бүтээгдэхүүнээ нутагшуулна. Тэр үед чинь сурталчилгаа гэдэг ойлголт байхгүй.

-Үнэхээр маркетинг гэдэг юм нь байхгүй. Маш хэцүү, телевизээр л энд ийм бараа ирлээ гэж танилцуулж, зар тавьдаг үе байсан. Тэгж эхлүүлээд л дараа нь, АНУ-ын Elizabeth Arden гээд л явсан даа. 

-Хэлэлцээр хийж зөвшөөрөгдөж байж том брэндүүдийн захаас энэ жижигхэн улсад оруулж ирүүлнэ. Тэр цаг үед хийж эхлүүлсэн ажлууд учраас өнөөдөр бид туршлагын түүх яриад сууж байна. Одоо болтол жишээ нь, MacDonald’s манайд орж ирээгүй л байна шүү дээ.

-Тийм. Хамгийн гол нь хүн амын тооны асуудал яригддаг. Тэгээд энэ хот энэ бүс нутагтаа ямар ач холбогдолтой вэ гэдгээрээ бас эрэмбэлэгддэг юм билээ. Өнөөдрийн энэ дэлхийн брэндүүдийг оруулж ирж байгаа монголын бизнесмэнүүд бол үнэхээр маш их эрсдэл дагуулж, зориг зүрх гаргаж ажиллаж байгаа. 

-Танайх бас нэг аяллын компани байгуулж байсан шүү дээ. Одоо байдаг уу?

- Тийм. Гэхдээ тэрийг бол манай дүү нар хийж байсан. Буудлаа дагаад аялал жуулчлалын бизнес рүү хөл тавьж байсан. Ер нь бол зүгээр суух, нэг байгуулсантайгаа зууралдаад байх тийм боломж ч байгаагүй. Цаг хугацаа яаруулж байсан. Дэлхийн улс орнууд хөгжөөд байдаг. Юм юм руу л бидний хэдэн бизнесмэнүүд орж хөөцөлдөж байсан. Зарим нь ганзагаас олсон мөнгөө салхинд хийсгэж байсан бол зарим нь том групп болтлоо хөгжүүлэн зүтгэж яваа юм шүү. Хамгийн гол нь тэр үеийнхэн ямар үзэл санаа тээж байсныг хараасай гэж би боддог. Ашиг хийх гэхээс илүүтэй нийгэмдээ бүтээн байгуулалт хийж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гэж тэмүүлсэн. Юм хийе, бүтээе гэсэн санаачилга, эрмэлзэл дүүрэн он жилүүд байлаа. 

- Ингэж явсаар нэгэн үе шатыг туулж, тодорхой амжилтанд хүрч цаашаа ахиад хаашаа алхах вэ гэдэг бодлогын өмнө очдог биз. Танайхыг харьцангуй нэр цэвэр. Улс төртэй хутгалдаагүй групп гэж тухайн үедээ би хувьдаа ойлгож явсан.

- Тийм ээ. 

- Би ганц хоёр том компанийн эздээс асууж байсан. Яагаад улс төр рүү оров гэж. Ерөөсөө л нэг юм хэлдэг. Энэ хоёр нам чинь ээлжилж шоронд хийгээд байх юм гэж. Таныг болон таны нөхрийг тэр их мөрөөдөл, тэр эзэмшсэн мэргэжил эрч хүч бүх юмаа, залуу насаа зориулж байгуулсан компанийнхаа амжилтыг улс төрд булаалгачихав уу л гэж харж байгаа юм. Хоёр дахь үе шатны амжилт бүтээлийнхээ босгон дээр ирээд буруу зүг рүү алхжээ гэх харамсал танд төрөх юм уу?

- Хэцүүхэн асуулт юм. Нэгэнт би ам нээгээд, танд санаа сэтгэлээ дэлгэж байгаа болохоор урьд өмнө хэзээ ч ярьж байгаагүй туулсан амьдралаа ярьж байна. Нэг талаар магадгүй миний сэтгэл хөнгөрч ч байх шиг. Мэдээж харамсал төрнө шүү дээ. Хэдийгээр яг цэвэр өөрөөс хамаарахгүй зүйлүүд болж байгаа ч гэсэн. Өнөөдрийн миний байгаа байдал цэвэр өөрөөс бүрэн хамааралгүй хүчин зүйлсүүд нөлөөлж байна л даа.

-Харьцангуй өндөр төвшний мэдээлэл цуглуулж үзэхэд нэг сонин зүйл харагддаг. Шууд хэлэхэд Монголбанкны удирдлагын оролцоотойгоор Капитал банкийг унагах ажиллагаа явчихсан. Та үүнд ямар хариулт өгөх бол?

-Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Монголбанкны тухайн үеийн удирдлага нь “Капитал” банкны бодит нөхцөл шалтгааныг үнэн зөвөөр тогтоож, Банкны тухай хуулийн дагуу зохистой арга хэмжээ авч ажилласан бол өнөөдөр ийм хүндрэл үүсэхгүйгээр банк үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой байсан. Капитал банк нь 2016 оныг хүртэл эрчимтэй хөгжиж, олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж хүчтэй өрсөлдөн гарч ирсэн. Нийт 93 салбар нэгж, 600 орчим ажиллагсадтай, 480 гаруй мянган харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг хүргэж байсан системийн ач холбогдолтой банкуудын нэг байсан. Таны ярилцлагад орохын өмнө би энэ мэдээллийг банкны өдөр тутмын ажлыг гардан хариуцаж байсан удирдлагын багаас авлаа л даа.

Үнэхээр өөрөө унасан банкуудын түүх байдаг л байх. Капитал банкны хувьд бол Монголбанкны зүгээс хавчин хяхах байдлаар зугуухан хийгдсэн үйл ажиллагаа байсан гэж хардаг. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан томилогдсон үеэсээ эхлэн “Капитал” банкны зээл олгох, зээлийн нөхцөл өөрчлөх, хугацаа сунгах, графикт өөрчлөлт оруулах, баталгаа, батлан даалт гаргах, чанаргүй зээлийн өрөнд хураагдсан хөрөнгийг худалдан борлуулах, хадгаламж, харилцагч татах, шинээр хувьцаа эзэмшигч оруулах зэрэг эрхүүдийг зогсоосноор хадгаламж эзэмшигчид эх үүсвэрээ татах, зээлдэгч нар зээлээ төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж банкныхан хэлж байсан.

-Бодлогоор нь хавчиж хаагаад явчихсан юмнууд үнэхээр харагддаг юм билээ. Улстөрчдийн болон Төв банкны нөмөрт явдаг арилжааны банкууд байдаг. Яагаад Төв банк нь санаатайгаар, системийн ач холбогдол бүхий банкуудын нэг байсан банкаа аажмаар хяхан хавчиж унагах бодлого баримталсан юм бол. Үүнд та нэг хариулчихгүй юу.

-Монголбанкны хуучин удирдлагууд Олон Улсын Валютын сангийн шалгалтаар хангалттай дүн үзүүлсэн “Капитал” банкинд бодит бус эрсдлийн сан зохиомлоор байгуулж, үйл ажиллагааг нь хязгаарласан дээрх арга хэмжээнүүдийг авснаар банкийг унагаах ажиллагаа эхэлсэн гэж боддог. Гэтэл ОУВС-гийн шалгалтаар “Капитал” банкнаас дор орсон зарим банкуудад “Капитал” банкин дээр авсантай адил хатуу арга хэмжээ аваагүй. Энэ нь хуулийн үйлчлэл адил тэгш байх Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдөж байдгийн л нэг илрэл шүү дээ. Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан Капитал банкыг албадан татан буулгасан.Шууд утгаараа ижил асуудалд ялгавартай хандсан нь харагддаг.

Харин одоо бол Монголбанкны удирлаганд банкны ажлын дадлага туршлагатай хүн ажиллаж байгаа болохоор асуудалд хэн нэгний даалгавар, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн нөлөөнд авталгүй хуулийн хүрээнд зөв арга хэмжээ авч ажиллаж байх шиг байна. Уучлаарай, гэхдээ би одоо Капитал банкны тухай яримааргүй байна. Миний хувьд банкны үйл ажиллагаанд нь оролцож, ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй ч хувьцаа эзэмшигч байсан гэдэг утгаар холбон олон нийтэд буруу ойлголт өгч, албаар над руу дайрч давших ажиллагаа явуулсан. Мэдээж цаанаа тодорхой зорилготой, зохион байгуулалттай зүйл байсан нь ойлгомжтой.

-Хоёр гурван ч том бодлого дээр “Капитал” банкийг дэмжихийн оронд боомилох шийдвэр гаргаж байсан гэж би хувьдаа ойлгож байгаа. Тэр ч бүү хэл өөрийн хөрөнгөө нэмэгдүүлбэл Төв банкнаас танай банкны үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг цуцалж дэмжлэг үзүүлнэ гэчихээд мэхэлчихсэн. Дэмжлэг үзүүлэх нь битгий хэл албадан татан буулгах шийдвэр гаргаад, нэмэгдүүлсэн хөрөнгийг нь буцааж олгоогүй гэж банкныхнаас сонссон. Энэ чинь залилан биз дээ. Ямар учиртай юм бэ?

-Банкны дүрмийн санг 53 тэрбум төгрөг байсныг Монголбанкны шаардлагын дагуу 2019 оны хоёрдугаар сард 29 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Тухайн үед Монголбанкны удирдлага дүрмийн сангаа л нэмэгдүүлчихвэл асуудалгүй гэсэн атлаа сар гаруйн дараа албадан татан буулгах шийдвэр гаргаж 29 тэрбум төгрөгийг компанид буцааж олгох боломжгүй болгосон нь анхнаасаа хууран мэхлэх зорилготой байсны илрэл гэж үзэхээс өөр аргагүй. Нэгэнт татан буулгах байсан бол ингэж компанийн үйл ажиллагааг хүндрүүлж, хувьцаа эзэмшигчийг хохироох шаардлага байхгүй байсан. 

- Энэ бол хууран мэхлэлт, дээрэлхэлт шүү дээ.

- Эндээс сонин л юм танд харагдаж байгаа байх.

- Танай банкны талаар дараа эдийн засгийн чиглэлээр ажилладаг сэтгүүлчид судлах байлгүй. Би хатгаж байгаа юм биш. Өөрийнх нь нам засаглах үед гарч ирж банк байгуулж тоглодог бүлэглэл ч байдаг. Ёстой жинхэнэ бужигнуулна, төрийн том том тендерүүд дээр тоглоно. Анод, Хадгаламж, Зоос гээд бий шүү дээ. Гэтэл анхны арилжааны Капитал банк олон жил энэ салбарын эд эс нь болж, ачааллыг нь үүрэлцэж явчихаад дэндүү амархан дэвсүүлчихсэнд л харамсаад асуугаад байгаа юм. Энэ бүхнийг таны улс төрд орсонтой холбож харж байгаа юм. Таны алдаа байсан уу. Хэрэггүй ч улс төрд оров уу даа гэж харамсдаг уу?

- Хүнийхээ хувьд би тунгааж, өөрийгөө шүүж, эргэцүүлж бодно. Үнэндээ олон юман дээр харагдаж байна шүү дээ. Таны хэлснээр яах аргагүй улс төрийн л хор уршгийг мэдэрч байна даа. Гэхдээ би гонгинох дургүй.

-Таныг ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар анхан шатны шүүхээс ялласан. Мэдээж энэ хэрэг шүүх дээр явж байгаа болохоор та хязгаартай л хүрээнд хариулах биз. Гэхдээ хүн болгонд байр сууриа илэрхийлэх, өөрийгөө хамгаалах эрх бий. Энэ сангаас таныг өөрийнхөө хамаарал бүхий компанид 800 сая төгрөгийн зээл олгуулахад нөлөөлсөн гэж яриад байгаа. Тэр “Доктор мейк” гэж хэзээ байгуулсан, ямар компани юм бэ?

- Урьд нь би танд бизнесийн түүхээ болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах гэж хэрхэн яаж зүтгэж явсан түүхээ ярилаа. Манай хэдэн бизнесмэнүүд үндэсний үйлдвэртэй болох гэж зүтгэж байна. Эм, эмийн бүтээгдэхүүний асуудал чинь тэрний л нэг салаа мөчир нь шүү дээ. 2007 онд байгуулагдсан энэ компанийн төсөл нь импортыг орлох, валютын гарах урсгалыг багасгаж нэмүү өртөг шингэсэн, ажлын байр нэмэгдүүлэх олон улсын стандартыг хангасан эм, эмийн бүтээгдэхүүн гаргах ач холбогдолтой байсан. Гэвч “УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл авахад нөлөөллөө” гэх асуудал гарч эхэлсэн.Тэр үед тухайн компани ЖДҮХС-гаас зээл авснаасаа хойш 20 гаруй хоногийн дараа зээлийг, зээлийн хүүний төлбөрийн хамт бүрэн төлж барагдуулсан байдаг. Ковидтой үед бүх хил хязгаар хаалттай, олон улсын тээвэр хүндэрчихсэн ийм үед бид эмийн үйлдвэртэй болчихсон бол...

-Та 2016 онд парламентын гишүүн болж орж ирсэн шүү дээ. Гэтэл 2016 оны сонгуулиас бүр өмнө тендерт шалгарсан байсан юм билээ. Тэгээд яаж яваад ?

-Тийм. Тухайн компани 2015 оноос эхлээд төслөө хөөцөлдөөд, шалгууруудыг нь хангаад эхний санхүүжилтийг 2016 оны дөрөвдүгээр сараас авч эхэлсэн байгаа. Тэгээд хоёр дахь санхүүжилтийнх нь үед ийм асуудал болсон. Надад бол шууд утгаараа энэ төсөл хамаагүй. Тэнд ажиллаж байгаа төслийн баг, хамт олон, нарийн мэргэжилтнүүд нь мэдээж байгаа шүү дээ. 

- Яриа ч гарсан. Тэгэнгүүт таны холбогдолтой гэх тэр компани нөгөө авсан зээлээ буцаагаад төлчихсөн байсан гэдэг.

-Ингэж олон хүний хүчин зүтгэлээр, хөдөлмөрлөж байж шалгарсан төслөө энэ компани явуулж чадаагүй л дээ.

-Танай гишүүдээс 49 нь зээл авсан, зуучилсан байхад зөвхөн 3-4 гишүүнийг нь шаазгай болгож шонд өлгөж харуулаад хаалаа.

-Би тэр бүрийг нь сайн мэдэхгүй. Энэ залуус бол яавал үйлдвэрээ хурдан босгох вэ гэж яваад л үнэндээ хохирлоо. Тэр компани гаднаас тоног төхөөрөмж оруулж ирэх гээд үйлдвэрийн байгууламжийнхаа ажлыг хийгээд явж байсан. Юм хийе, бүтээе гэсэн тэдгээр залуусын төсөл үүнээс хамаараад үндсэндээ зогсчихсон байгаа. Урам нь хугарсан биз.

-Аймшигтай ялгаварлал, хэлмэгдэлд өртчихөж байгаа юм л даа.

- Ямар буцалтгүй тусламж биш дээ. Зүгээр л хөнгөлөлттэй хүүтэй зээл олгоход нь нөлөөлсөн гээд буруутгаж байгаа юм. 

-Зээлийг олгохдоо зохих хугацаатай, буцааж төлөх нөхцөлтэйгээр олгодог гэдгийг ойлгохгүйгээс луйвар гэж ойлгодог юм биш үү?

-Зээл бол тодорхой хугацааны дараа буцааж төлөх нөхцөлтэйгээр, хүүтэйгээр олгогддог гэдгийг ер нь санаатайгаар ойлгодоггүй юм билээ. Улс төрийн захиалга ороод ирэхээр зориуд мушгин гуйвуулж олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлдэг юм билээ. 

-Тань руу бас “Капитал” банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын хөрөнгөтэй холбоотой асуудлаар маш их дайрсан. Энэ талаар шүүх хурал дээр яригдаагүй асуудал хүртэл хачирлагдаж цацагдсан.

-Миний эсрэг үүсгэсэн дээр дурьдсан хэрэгт “Капитал” банктай холбоотой нэг ч асуудал байхгүй. Нийгмийн даатгалын мөнгийг Ундармаа зувчуулсан гэж ямар ч үндэслэлгүйгээр дайралт явуулсан. Банк бол санхүүгийн зуучлалын байгууллага. Нэг талд байгаа мөнгөн эх үүсвэрийг авч нөгөө талд зээл болгон гаргадаг гэдгийг бүгд л мэднэ. 2004 оноос НДЕГ-тай “Капитал” банк хамтран ажиллаж 200 гаруй хорооны 280 мянга гаруй иргэдэд тэтгэвэр, халамжийн үйлчилгээ үзүүлж ирсэн байна билээ. Намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө буюу 2007-2015 оны хооронд НДЕГ “Капитал” банктай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан байсан. Ийнхүү хамтран ажиллах явцдаа тус банк харин ч гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэж 125 орчим тэрбум төгрөгийн хадгаламжинд 120 тэрбум төгрөгийн хүү тооцон өсгөн олгосноор өнөөдрийн яригдаад байгаа 240 тэрбум төгрөг бий болжээ. Түүнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаад байгаа 240 тэрбум төгрөгийг нэг дор банкинд байршуулаагүй юм билээ. Нийгмийн даатгалын хөрөнгийг хэн нэгэн завших ямар ч боломжгүй бөгөөд нарийн шалгуур, хангалттай хөрөнгийн барьцаатайгаар зээлд байршсан байна. Харин Монголбанкны эрх хүлээн авагч хууль хяналтын байгууллагатай хамтран зээлдэгч нарын авсан зээлийг төлүүлэх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах арга хэмжээг яаралтай авмаар байгаа юм. 

-Тухайн үед “Капитал” банкыг өөр нэг банктай нэгтгэх юмуу эсвэл нийгмийн даатгалын мөнгийг аж ахуйн нэгжүүдийн зээлтэй нь хамт шилжүүлж болоогүй юм байх даа ?

- Зүгээр л дэвслэх, нураах зорилго тавьчихсан болохоор ямар ч арга хэмжээ авахгүй шүү дээ. 

-Хамаг бизнесээ нураалгаж, дээр нь нэр төрөө дэвсүүлээд, сэтгэл санаагаар хохироод явж байж та яагаад гишүүн байхдаа ч ингэж ярьж байгаагүй вэ?

-Хууль, хяналтын байгууллагын шалгаж байгаа асуудлын талаар ярих тийм ч зохимжтой асуудал гэж боддоггүй. Банкны хувьцаа эзэмшигчид 82 тэрбум төгрөгөөр хохирохоос гадна 30 жилийн хөдөлмөр, мөнгөн дүнгээр үнэлэх аргагүй олон хүний хүч хөдөлмөр, хөлсөөр бүтсэн том бүтээн байгуулалтыг үгүй болгосон.

-Банк бол маш эмзэг бизнес гэж би хувьдаа ойлгодог.

-Тийм ээ. Банкны салбарын хувьд харилцагч хадгаламж эзэмшигчдийнхээ харилцан итгэлцэл дээр тогтож байдаг тул тухайн банкны нэр хүндийн асуудал маш чухал нь хэнд ч ойлгомжтой байдаг. Тиймээс банкны үйл ажиллагааг хязгаарласан тушаал, шийдвэрүүдээ маш нууцын зэрэглэлээр батлан гаргасан ч тэр даруй бусад банкны оролцоотойгоор нийтэд ил болж байсан. Монголбанкны зарим нэг удирдлага, хянагч нар санаатайгаар тарааж банкны үйл ажиллагаанд муу үр дагаварууд бий болгосон гэсэн.

-Монголбанкны ерөнхийлөгчийн арын өрөөнд зарим нэг нөхдүүд арилжааны тэр банкыг дэмжих, тэрнийг аль болохоор сөхрүүлэх гэсэн тактик боловсруулаад сууж байдаг гэх.Таны нөхрийг бол Төв банкны удирдлагатай харилцааны хувьд тэгж наалдаж өгдөггүй, жаахан хол, хөндийхөн байдаг гэсэн яриа сонсогдож байсан. Ярианы хэлээр бол нэлээн “пээдгэр”. Тэгээд занаанд орчихсон гэж ч яригддаг.

- Наадах чинь хариулахад бас хэцүү л асуудал байна. Ер нь бол яах вэ, хувь хүнийх нь характер бол мань хүн зусар зулгуй хүн биш. Урдах ажлаа хийгээд явж байхыг илүүд үздэг. Гэхдээ ажил төрөл ер нь ийм байдлаар явах ёсгүй биз дээ. Энэ байдлаараа бол монголын хувийн хэвшил ээлж дараагаар авлуулсаар сөхрөх юм байна. Хэзээ нэгэн цагт шударга ёс тогтох нь мэдээж. Харин тэр өөрчлөлтийг одоо л эхлүүлэхгүй бол оройтно гэдгийг хаа хаанаа бодууштай байгаа юм. 

-Улс төр, бизнес дамнасан бүлэглэлүүдэд зарим банкийг нурааж байгаад өөрсдийн хүмүүстээ шидэж өгдөг ажиллагааг хийдэг. Энэ бол сэргээн босголтын банкнаас эхлээд олон банкин дээр гарч байсан.

-Эдийн засаг чинь их хүндрэлтэй байлаа шүү дээ. Одоо бүр ч ярилтгүй. Энэ талаар эрүүл, эрх тэгш бодлогоор зохицуулах ажлаа Төв банкны тухайн үеийн удирдлага үүргийнхээ дагуу хийгээгүй л байхгүй юу. Эдийн засгийн уналтын үед, эдийн засгийн зогсолтын үед авах ёстой арга хэмжээнүүдээ аваагүй л дээ. 

- Дараагийн асуулт. Мэдээж та бол өнгөрүүлсэн дөрвөн жилдээ дүгнэлт хийж байгаа байх.

- Дөрөв байтугай жилд дүгнэлт хийж байна даа. 

-Өмнөх УИХ-д орж ирсэн танай намын бүлэг хуваагдаж намынхаа түүхэнд болж байгаагүй том хуваагдал явагдсан шүү дээ. Парламент 33:32 харьцаатай хуваагдахад та М.Энхболдын талд саналаа өгсөн. Яг таны түүхийг судлаад байхаар хотын фракцын гэж харах юм байдаггүй. Газар аваад барилга байшин бариад л, хотын фракцтай сүлбэлдээд байсан юм алга. Гэхдээ 32-ын бүлэгт гарын үсэг зурсан тань энэ бүхэнд нөлөөлсөн юм биш байгаа?

-Тэгж айхтар фракцлаад, эсвэл нэг хүнийг хэт дагаж гүйгээд байдаггүй. У.Хүрэлсүх даргатай ч, М.Энхболд даргатай ч би бас хэвийн энгийн харилцаатай. Хүмүүс дундуур нь намайг ямар нэгэн тийм булан руу аваачиж шахаа хийсэн байхыг би үгүйсгэхгүй. Миний хувьд хэл яриа гаргаад байгаа асуудал нь аяндаа үнэн зөвөөр учир нь олдох байх гэдэгт итгэж байгаа.