Үндэсний зөвлөл нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягаар “сор заллаа”. Яг л нохойд барьдаг мод аятай хэрэглэв. Сар гаруйхны өмнө “ХААН” банкин дахь тэтгэвэр, тэтгэмж тавих үйлчилгээг “Хадгаламж” банк руу шилжүүлэх тухай албан даалгавар гаргуулаад, байдал эвгүйтэнгүүт цуцалж орхилоо. Ур дүй талаасаа тийм ч гойд биш тоглолт. Ганцхан банкийг монополь болгосон Ч.Алтанхуяг даргын дээрх шийдвэр “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны удирдлагаас өгсөн чиглэл”-ийн дагуу шийтгэгдсэнийг мань хүн нууцлаагүй. Энэ нь хэрэг явдал дахь яамны буюу Засгийн газрын оролцоог ил болгосон гэж хэлж болно.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл уул нь гурван талтай. Засгийн газраас гадна энэ зөвлөлд үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөл багтдаг. Дэд сайд Д.Нямхүү ахалдаг. Засгийн газрын талд ордог С.Алтанхуяг дарга албан даалгавар гаргасныг Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар дэлгэн тавихдаа зөвшилцөөгүй гэсэн аргумент л хэлсэн. Өөрөөр хэлбэл, жижигхэн горимын шинжтэй зөрчилдөөн мэт болгож, “матан магтах” маягтай заль гаргасан нь хэргээ хийсэн ч байж мэднэ. Юутай ч түүний яриад байгаа “зөвшилцөл” гээчийг шууд утгаар нь ойлгох нь мэдээж, тэнэг хэрэг.

Банкнаас, тодруулбал “Хадгаламж”-аас сэдэлтэй нь тэртэй тэргүй ойлгогдоод байхад нүдээ дарчихаад нуугдчихлаа гэж боддог хүүхэд шиг гэнэн гэнэн тайлбар хийж олныг төөрөгдүүлэх гэсэн болхи оролдлогууд бүр зунаас өрнөсөн. “ХААН банк эх орны хишиг түгээхээс татгалзлаа, гэр хорооллын иргэдийг “муухай” болохоор нь голоод үйлчлэхгүй гэж байна, бусад банкнаас илүү өргөн сүлжээтэйдээ эрдэж яаманд шахалт үзүүлж байна” гэсэн мэдээллүүдийг түгээхээс энэ үйл явдал бэлтгэгдсэн. Эрүүл саруул ухаанаар дүгнэвэл арилжааны ямар ч банк ийм үйлдэл хийхгүй. Энд асар их ашиг сонирхол яригдаж байгаа. 21000 төгрөг тутмаас 350 төгрөгийн шимтгэл хураах нь зээлийн үйлчилгээнээс хамаагүй амархан агаад бэлэн ашиг юм. Гэтэл дэд сайд Д.Нямхүү, “хувь хишиг түгээх нь банкуудад түвэг чигэрдэл их учруулж, үйлчилгээнийх нь өртгийг өсгөөд ашиггүй болгочихоод байгаа юм. Харин тэтгэвэр, тэтгэмж түгээх нь ашигтай. Тиймээс хишиг түгээвэл тэтгэвэр тараалгана гэж барьцаалсан бодлого явуулсан” гэсэн тайлбар хийж байна лээ.

Үндэсний зөвлөлийн хурлын дараа дэд сайдаас утсаар лавлахад тэрээр, “Хадгаламж банк хүртэл болзол тавьж байж зөвшөөрсөн” гэсэн юм. Тэр болзол нь тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээг 100 хувь авах. Гэтэл “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлэх арилжааны банктай хамтран ажиллах журам”-ын 2.3-т “Тухайн аймгийн нийт тэтгэвэр, тэтгэмж авагчдын 60-аас дээшгүй хувь нэг банкинд төвлөрөхгүй байхаар банкны салбар нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулна” гэсэн заалт бий. Энэ заалт 2.4-т буй тэтгэвэр, тэтгэмж авагч банкаа өөрөө сонгоно гэсэнтэй зөрчилдөж байна гэсэн үндэслэлийг дэд сайд уг хуралд тавьж, журамд өөрчлөлт оруулах асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцүүлсэн. Хурал хаалттай болсон болохоор хэлэлцүүлэг хэрхэн өрнөснийг тааварлах аргагүй. Харин 60 хувийг хэвээр үлдээх шийдвэр гаргасныг Үйлдвэрчний эвлэлийнхэн өөрсдийнхөө гавъяа болгон пиардаж амжлаа.

Аль зунаас хойш дуулиан шуугиан төдийгүй бухимдал багтрал болж байгаа энэ асуудлын явц олон нийтийн нүдэн дээр өрнөсөн тул давтан нурших шаардлагагүй байх. Энэ бүхний дотор эргэлзээ төрүүлсэн, тодорхойгүй ганцхан асуудал бүрхэг хэвээрээ байсаар байгаа нь Засгийн газрын буюу яамны оролцоо нь. Арилжааны банкнуудын хооронд нийгмийн даатгалын болон хүний хөгжлийн сангийн хөрөнгөөр яс хаяхын цаана ямархан ашиг сонирхол явж буй нь сонин. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын хийсэн алхмууд илэрхий нэг талыг барьсан байдалтай явж ирсэн. Тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээтэй холбоотой хамгийн сүүлчийн энэ хэрэг явдал Засгийн газрыг “Хадгаламж” банкинд үйлчлээд байгааг улам тодорхой болгож байна уу гэмээр. Ингэх ямар шалтгаан байгаа билээ?

“Хадгаламж” банк хамгийн сүүлд буюу 2006 оны эцсээр хувьчлагдсан. Тийм ч учраас төрийн үйлчилгээг үзүүлэх тал дээр эднийх хангалттай туршлагатай. Бас сүлжээ сайтай. Банкны хувьчлалууд дотроос хамгийн сайн болсон нь гэж ТӨХ-ны дарга Д.Сугар тухайн үед онгирхож байсан. Ємнє нь 403 тэрбум тєгрєгийн активтай Худалдаа хєгжлийн банкийг 12,5 тэрбум тєгрєг, 93 тэрбум тєгрєгийн активтай ХААН банкийг зургаан тэрбум тєгрєгєєр тус тус худалдаж байсан бол ердөө 57 тэрбум төгрөгийн активтай “Хадгаламж” банкийг “Чингис хаан” банк, “Монгол даатгал” ХХК, ОХУ-ын Братскийн ардын банкны консорциум 23 тэрбум 417 сая 665 мянга тєгрєгөөр авсан. Хувьчлал зохион байгуулагчид “ардын баатар” болох шахаж байтал маапаан гарч, 14,2 тэрбум төгрөг сох дутсан. Алдагдал 23 тэрбумд ч хүрэхээ шахаж байлаа. Тухайн үеийн МАХН, одоогийн МАН-аас томилгоотой залуухан захирлууд нь казинодсон болж таарч, нэг нь ял авснаар хэрэг явдал тэгсгээд намжсан. Харин хувьчлагдсан “Хадгаламж”-ийн хохирол “хохирол” хэвээрээ үлдсэн. “Хэрвээ амжиж хувьчлаагvй бол дотроос нь идэж дуусгаад нэг єдєр нүхэнд унах байсан байх” гэж ярьж байж Д.Сугар дарга “уснаас хуурай гарсныг” санаж байна. Банкны хохирлыг барагдуулах гэж ТӨХ улсын хөрөнгөөс багагүйг зарцуулсан ч гэлээ Засгийн газар үндсэндээ “Хадгаламж”-ийн эздэд өртэй үлдсэн. “Хувьчилж авсан хүмүүсийн хувьд бид нэг үүрэг хvлээж хоцрох нь” хэмээн Д.Сугар дарга тэр жил төрийн нэрийн өмнөөс ярьсан байдаг. Багцаагаар энэ өрийн хэмжээ 10.0 тэрбум орчим бөгөөд цаг хугацааны алдангыг тооцвол өсөж л гарна.

Энэ банк өдгөө “Жаст” группын эзэмшилд байгаа. Хувьчлалд ялсан консорциум банкаа ердөө хойтон нь ОХУ-ын “Коалка групп”-т зарсныг 2010 онд “Жаст” авсан гэсэн танилцуулга сайтанд нь байна. “Монгол шуудан” банкийг эднийх 2009 онд залгисан. Энэ үед банкийг “Жаст”-ын Ш.Батхүү менежментийн гэрээгээр удирдаж байв. Москвад статистикч-эдийн засагчийн мэргэжил эзэмшин, Статистикийн газар, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаанд ажиллаж, “MCS”, “Монхангай” ХХК-уудыг үүсгэн байгуулалцаж явсан энэ эрхэм бизнесийн замналынхаа бүх цаг үед оросуудтай холбогдож явсан гэдэг. Казахстанд компани байгуулж, Буриадад хөрөнгө оруулж байсан тэрээр шатахууны импорт, мах бэлтгэл, гадаад худалдаа, уул уурхай, банкны бизнестэй. “Олон овоот”-ын уурхайг, хүдэр боловсруулах үйлдвэртэй, гадаад, дотоодын банкуудад тавьсан өр ширтэй нь өөрийн болгосон энэ бийлэг эр “Зоос”-ын буурин дээр боссон “Төрийн банк”-нд ч хувь оролцоотой гэсэн хов жив хийсч явна лээ.

Эх орны хишиг, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг булаалдсан банкуудын хэрэг явдал нээлттэй хэвээрээ л байна. Талууд дараагийн удаа ямар алхам хийхийг урьдчилан таашгүй. Ашиг олох, ажил хийх гэсэн арилжааны банкуудыг буруутгахад учир дутагдал бий. Харин хоёрын дунд “хэрүүлийн алим” чулуудаад, бужигнаан дундаас булуу шүүрэх сонирхлоор Засгийн газрынхан ажиллаж байгаа бол төлбөр нь иргэдийн нуруун дээр л бууна. Төрийн мөнгө гэж байдаггүй. Төр татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулдаг. Нийгмийн даатгалын хөрөнгө бол бүр татвар ч биш. Даатгуулагчид өөрсөддөө зориулж хадгалуулдаг ирээдүйн баталгаа. Хүмүүсийн ирээдүйгээр хөлбөмбөг тоглож болохгүй биз дээ?

2011.09.22