АН-ын даргад нэр дэвшигчдийн сунгаа явагдаж байна. Уг сунгаанд шилэгдэж үлдсэн дөрвөн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардах үедээ хэлсэн үг болон сурталчилгаа нээгдсэнээс хойшх хугацаанд цахим мэдээллийн хэрэгслийг хэрхэн яаж ашиглаж байгаа хэлбэр, нөхцөл байдалд хийсэн ажиглалтаа уншигчидтайгаа хуваалцмаар санагдлаа.

Учир нь үүнийг бичигч би ч гэсэн улс төрийн идэвхтэй, мэдээлэлд ойр байдаг хүн болохоор өөрийн бодол хийгээд харж байгаа өнцгөө хуваалцах нь улс төржсөн явдал биш гэж үзэж байгаа юм.

Мөн олон жил энэ намын эрх барьсан бариагүй бүхий л цаг үеийн дотоод амьдрал, гишүүдийнх нь улс төрийн тэмцэл дундуур явж бичиж сурвалжилж ирсэн сэтгүүлчийн хувьд АН-ын асуудал ард иргэдэд огт хамаагүй зүйл гэж үзэх боломжгүй гэж би хувьдаа боддог. Бас энэ намыг туулж буй зовлон болгон нь хүчирхэгжүүлнэ гэж итгэдэг юм. 

Ер нь ингэж өрсөлдөөнөө ил тод үзүүлж харуулж явдаг нь энэ намд эртнээс тогтсон уламжлал гэдгийг хэлэхийг хүсэж байна. Ардчилсан нам хэзээнээсээ л хаалга цонхоо дэлгэж байгаад дотоод асуудлаа шийддэг. Энэ удаа ч тэгж байна.

Ингэхэд ил гарч ирээд олон түмний өмнө өөр өөрсдийн бодлогоо ярьж, өнгө төрхөө харуулж буй дөрвөн гишүүний хэн нь хэн бэ.

1.

Отгондаваагийн Амартүвшин

Тэр “Ардчиллын таван ялалт, ард түмний таван ялалт” уриатайгаар Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшиж байна. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн түүний хувьд АН-аас гаргаж байгаа нэгдсэн зохион байгуулалтад илүү итгэл үнэмшилтэй хандаж байгаа нь ч анзаарагдаж байна. Энэ ч утгаараа тэрбээр намын даргад нэр дэвших эрхийн үнэмлэхээ гардаж аваад хэлсэн үгэндээ “ Манлайлал, Бодлого, Амжилт, Дүр төрхийг өөрчилж, залуучуудад намаа шинэчлэх боломжийг олгосон өөрчлөлтийг хийх цаг ирсэн” хэмээн тодотгосон байх. Өнөөдрийн Ардчилсан намд авлига, албан тушаалийн хэрэгт холбогддог, өөрийн бизнесээ хамгаалсан эрх мэдэл, амбицаа хэрэгжүүлэхийг зорьдог дарга нараас залхсан, ярих биш хийдэг, өөрөө үлгэр дуурайлал болж, урагш тэмүүлж ажилладаг удирдагч хэрэгтэй хэмээн гишүүд нь төдийгүй олон түмэн хүсч байгаа. Энэ хүслийг мэдэрч “Цаг үеэ олсон хүчтэй өөрчлөлт” л ялалтыг авчирна гэж үзэж байгаагаа О.Амартүвшингийн хувьд тууштай илэрхийлж байгаа. 

Тэр бол Булган аймгийн Хутаг- Өндөр суманд, сэхээтэн айлын гэр бүлд төрж өссөн хүүхэд. Төрсөн нутагтаа нэг удаа нэр дэвшиж өрсөлдөх үеэр нь түүнтэй уулзаж ярилцаж байв. Түүнээс хойш зүгээр нэг тааралдаад өнгөрөхдөө ч янз бүрийн сэдвээр байр суурийг нь сонирхож, хөөрөлдөнө. Ихэнхдээ л эдийн засгийг сэргээх бодлогууд, хөрөнгө оруулалтын орчинд үүссэн буглаа гацааны талаар ярина. Дэлхий дахинаа болж буй гоё гоё хөгжлийн тэсрэлтүүдийг ярина. Тийм болохоор бизнесийн салбарт амжилттай ажиллаж ирсэн, шинэ үеийн топ менежерүүдийн нэг энэ залууг улс орныхоо ирээдүйн төлөө үе тэнгийн залуусынхаа нэгэн адил дүрэлзэн шатаж явдгийг нь мэддэг юм. Өөр нэг үнэ цэнтэй чанар түүнд бий. Тэр бусад шиг юм болгон руу, боломж болгон руу толгойгоо шургуулдаг зангүй. Эр чадалдаа аагилсан, би би би... гэж байнга өөрийгөө санал болгож давхидаг хазааргүй зан түүнээс харагддаггүй.

Өнгөрсөн сонгуулийн үеэр ахиад нэр дэвшээч гэж ятгахад “Намын бодлого гэж бий шүү дээ. Тэгээд ч бусдадаа боломж олгох ёстой” гэж тэр хариулсан. 

Их Хуралд нэр дэвших нь энэ амьдралынх нь зорилго болчихсон нөхдийн дэргэд түүний үг надад содон л сонсогдож байсан. Эрх мэдлийн өмнө ухас ухас хийх биш арагшаа нэг ухардаг хүмүүс одоо бол ховордсон.

2.

Одонгийн Цогтгэрэл

Тэр өнгөрсөн жилийн сонгуулиар Увс аймагт нэр дэвшиж ялалт байгуулан орж ирсэн, парламентын шинэхэн гишүүн. Тэр утгаараа төрийн эрх барих дээд байгууллага буюу бодлого боловсруулах түвшинд ажиллаж мэргэших, өөрийгөө хөгжүүлэх шинэ шаардлагуудтай нүүр тулж байгаа байх. Энэ нь ч түүний хувьд эн тэргүүнд эрэмблэгдэх зүйл шүү дээ. 

Гэвч тэр саяхан байгуулсан ялалтынхаа халуун суурин дээр Монголын хамгийн том улс төрийн хүчний нэг болох АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүллээ. Өрсөлдөөнд барьж орж буй уриа нь “Шинэ замаар цуг урагшилна”.

“Манай нам хурд хүчтэй, хөнгөн, хүртээмжтэй нам болох ёстой. Өмнөх үеийн ах нар маань элдэв маргаанаа тасалж, залуустаа амжилт хүсэн дараагийн зүйл рүүгээ тэмүүлдэг байгаасай” хэмээн тэр хэлж байна. Үнэндээ гучин жил тэмцэлдсэн ах лидерүүдийн тэмцэл энэ намыг сульдааж буй нь үнэн. Залуус залхаж байгаа нь мөн үнэн. Гэхдээ л үнэнийг хэлэхэд түүний энэ үг удирдагчийн гэхээс илүү компанийн захиралын хундаганы үг шиг сонсогдсон. Учир нь аливаа удирдлагын түвшинд манлайлал тээж ажиллах чадвараар өрсөлдөх, бодлого боловсруулж өрсөлдөх цаг ирээд байна. Одоо уриа үгийг ул болтол хашгирч, индрээс попордог үе өнгөрсөн. Учир нь хүмүүс залхсан. 

Мөн нэг зүйлийг шударгаар хэлэхэд О.Цогтгэрэлийн онооноос хойш чангааж байгаа нэг юм бол түүний парламентад орж ирсэн арга зам. 

Тэр асар их мөнгөөр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг залдаг, дардаг, мөнгөөр мөндөр оруулж байгаад хүчиндэж ялдаг технологийг ашигласан. Энэ нь Увсын Чойжоо технологи л доо. Одоо ч тэр арга ньявж байна. Цахим дүүрэн тролл. Энэ намын мөн чанар, үүх түүх, туулсан зовлон, тулах хүчний тухай цэгцтэй ойлголт ч байхгүй чарлаа аккуантууд л Цогтгэрэл... Цогтгэрэл.... гэж цамнаж байгаа. 

Ялалтын төлөө зорих мэдээж чухал. Гэхдээ сонгож буй арга зам илүү холын ирээдүйг тодорхойлдог. 

Мөн Ардчилсан намын шинэчлэл, ирээдүйн хожил нь ард түмэнд очих учиртай. Тэгэхээр энэ бол АН-ын нэртэй малгай өмсөж, зөвхөн ямар нэг сонгуулиар идэвхжиж цээж дэлдэхээс хавьгүй илүү гүн гүнзгий үйл явдал юм шүү.

О.Цогтгэрэлийн нэг үнэт чанар нь тэр маш зүтгүүр. Ачаа үүрдэг, амжилтын төлөө шунадаг. Мөн тэсвэр хатуужилтай зан чанар түүнээс нэвт харагддаг. Одоо тэр эхлээд аймгийн мафиасаа салах хэрэгтэй. МАН АН –гүй хэрж засагладаг тэрхүү ухаалаг тоглоомыг одоо монголчууд уншдаг болчихсон. Шууд утгаараа үзэн яддаг болсон. Тэгэхээр залуу хүний хувьд өөртөө илүү гоё замыг тавих хэрэгтэй. Тэр нь илүү газар хүргэх болно.

3.

Даваахүүгийн Пүрэвдаваа

Пүрэвдаваагаа би мэднээ. Олон жил дүүргээс эхэлж ажиллалаа. Сайн муу хангалттай хэлүүллээ. Энэ хэрээрээ хатуужсан хүн л дээ. 

Тэр энэ удаа эрхээ эдэлж, намын даргад өрсөлдөхөөр шийджээ. Гайхаад байх хүн гарахгүй байх.

Энэ удаагийн өрсөлдөөнд орохдоо дэвшүүлж буй уриа нь “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье”. 

Яагаад эрхээ эдэлж өрсөлдөхөөр шийджээ хэмээн тодотгосны учир нь тэр өнөөдөр Нийслэлийн Ардчилсан намын дарга хүн юм.

Дүүргийн намын дарга, Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Намын дарга зэргээр улс төрийн албан тушаалыг шат дараалан хашиж байгаа нь Д.Пүрэвдаваагийн өөрийн улс төрийн капитал нь мөн. 

Засаг дарга хийж байхдаа тэр бас л амаргүй үеүдтэй нэг биш нүүр тулж байсан. МАН-ын дотор орон нутаг, дүүргээр дагнасан жижиг бүлгүүд байдаг. Тусгай бэлтгэгдсэн салаа ч гэмээр, улс төр хийж бужигнуулдаг бүлгүүд юм л даа. Тэдний нэг хэсгийн занаан дор ажиллах гэж Д.Пүрэвдаваа үйлээ үзэж байсныг нь мэдэх юм. Гэхдээ тэр яаж ч маажуулсан, яаж ч унасан нуувчинд орж гутардаггүй нэг зантай. Энэ бол улс төрөөр явж буй хүмүүст хэрэгтэй чанар ч байж мэдэх юм. 

Зөөлөн дулаан харьцаатай, сайн муу хэлүүлээд намдаа л явж байдаг сайхан эерэг төрх түүнд бий бий. Гэхдээ Д.Пүрэвдаваа маань 2020 оны Орон нутгийн сонгуульд намаа ялагдуулсан “хар тамга”-тай. Улс төр ийм юмыг тооцохгүй өнгөрдөггүй. Энэ утгаар л намын жирийн гишүүдийн дэмжлэг тааруу байгаа болов уу. Толгой нам нь даргагүй “дэнжигнэж” байгаа ийм үе таарсан нь л түүнд өнөөдрийн завшааныг авчирч байх шиг. Улстөрчийн хувьд цаг хугацааны энэ заагийг ашиглах нь зүйн хэрэг гэж би харж байна.

Өөр нэг гэм нь Д.Пүрэвдаваа нь Ардчилсан намын дотоод зөрчлийг сөрөг намын тасралтгүй явуулсан хорт үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэдэг. Өөрсдийн бурууг бусдаас хайх бол эдүгээ дэндүү газар авахгүй аргачлал. Улс төрийн хувьд улаан нялзрай нөхөд л ийм үлгэр ярьдаг шүү дээ. Яахав, дүүргийн байшин дотроо дүүрчихсэн заргач хүүхнүүдтэй хэрэлдсээр байгаад ийм болсон байх л даа. Гэтэл өнөөдрийн өрсөлдөөн бол том өрсөлдөөн. Түвшин нь өөр.

4.

Сүхбаатарын Эрдэнэболд. Түүний дэвшүүлж буй уриа “Эв нэгдэл-Сөрөг хүчин-Ялагч 24”...

Тэр бол АН-ын доторх залуучуудын байгууллага АЗХ-ны Ерөнхийлөгч. Тэрбээр Ардчилсан намын даргын сунгаанд шинэ Ардчилсан нам гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байгаа юм байна. С.Эрдэнэболд бол олонд танигдсан лектор. Тийм ч учраас энэ удаа ч уриалсан, тэмүүлсэн, мөрөөдсөн имижээ голчилж яваа харагдана. Намын гишүүд рүүгээ хандсан бодлогоо ч уриалга хэлбэрээр түгээж байгаа. Энэ нь магадгүй түүнийг “....Бас л нэг ярьдаг хүн” гэж харагдуулж байх шиг байна. Нөгөө талаар эрх баригчдыг заавал баалж, муулж, бах таваа хангаж чанга дуугарч буруутгадаг хуучинсаг үзлээр хандаж байгаа хандлага бас харагддаг. Энэ нь саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсонтой нь холбоотой биз. Хүч тэнцвэргүй өрсөлдөөнөөс хүн ямар ч байдалтай үлдэж болно. Одоо парламент дотор ороод ирчихсэн зарим нөхдийг харахаар, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтчихсан сайд хийгээд гүйж яваа ганц нэг нөхдийг харахаар түүний ялагдалд харамсах сэтгэл төрдөг л юм.

“Үнэт зүйлийнхээ төлөө, үйл хэргийнхээ төлөө, Ардчилсан намын итгэл үнэмшлийн төлөө хамтран зүтгэх хамгийн чухал цаг үе нь өнөөдөр юм” гэсэн түүний үгтэй би санал нийлж байна. 

Ингээд нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд зогсож буй дөрвөн залуугийн тухай тэрлэсэн “Дөрвөн өнгө” өө өндөрлөе дөө. Бүгдэд нь амжилт хүсье.