Бүгдэд ойлгомжтой Буддын ном

Хуудас цаасан дээр хэвлэж эсвэл гараар бичээд дэвтэрлэн үдсэн, тогтмол бус хэвлэлийн бүтээгдэхүүнийг бид “ном” гэж нэрлэдэг. Ном дан үг өгүүлбэртэй байхаас гадна зураг чимэгтэй ч бий. Агуулгын хувьд ерөнхийд нь уран зохиолын ба танин мэдэхүйн гэж хоёр ангилна. Танин мэдэхүйн төрөл зүйлд багтах номууд элдэв зураг, диаграммаар баялаг байдаг. Дэлхийн том хэвлэлийн газрууд номын аль нэг төрлөөр дагнан ажиллахаас гадна өөр өөрийн дизайнтай. National Geographic-ийн альманах цэгцтэй, ойлгомжтой текс, тайлбар бүхий өөрийн дэглэлтээрээ бусдаас эрс ялгардаг. НЭПКО хэвлэлийн газар National Geographic-тай зохиогчийн эрх хамтатган Буддын ном: Танин мэдэхүйн альманах ном дээрх зарчмаар бүтээгдсэн. Нийт есөн бүлгээр буддын шашны тухай өгүүлсэн эл номын бүтцийг танилцуулбал уншигч та National Geographic-ийн альманахын онцлогийг даруй анзаарна. Номын гарчиг тус бүр таваас зургаан хэсгээс бүтнэ.

Оршил. Гарчиг бүр эхэнд оруулсан ганц хоёр өгүүлбэр бүхий оршил нь чухам юун тухай цааш өгүүлэхийг илэрхийлнэ.

Үндсэн текст. Тухайн гарчгийн агуулгыг аль болох энгийн үгээр товчхон өгүүлсэн. Нуршуу биш, ердөө 500 орчим үгтэй. Урт текстийг богино хэсгүүдэд хуваан тус бүрт нь гарчигласан нь ч бий. Буддын шашны тогтсон ойлголтуудыг орчин цагийн хэлээр бичсэн учир хүн бүхэн авсаар ойлгоно.

Үндсэн зураг. Номд бидэнд танил төвөд, монгол танка, бурхан шүтээний шуумал, зэс баримлаас гадна буддын шашин соёлтой үндэстнүүдийн хуучны урын сангаас өргөн ашигласан. Ингэснээр улс орнууд өөр өөрийн соёлын элементийг буддын шашинд хэрхэн шингээснийг харж болно. Үндсэн зураг тус бүрт хийсэн тайлбар нь тухайн бүтээлд Будда, буддын шашинтай холбогдох ямар үйл явдал дүрслэгдсэнийг тайлбарлахын дээр бүтээлийн танилцуулгыг хамтатгасан.

Шигтгээ. Тухайн гарчигт шууд болон дам холбогдох агуулгын нэмэлт тайлбар болон хутагт хувилгаадын намтар зэрэг бий. Зарим шигтгээ зурагтай учир нэмэлт мэдээлэл болно. 

Гурван хэмжээст дүрс. Ихэвчлэн тухайн сэдэвт холбогдох эд өлгийн зүйлсийн гурван хэмжээст зураг. Зураг бүр холбогдох тайлбартай. 

Эшлэл. Гарчигт холбогдох хутагт хувилгаадын сургаал, судар номын эшлэл, мөн түүнчлэн хэвлэлд нийтлэгдсэн мэдээ, бүр төр засгийн шийдвэр ч бий.


Дээрхээс гадна бүлэг болгон сэдэвтэй уялдах чимэг зураг бүхий богино үлгэртэй. Тэдгээр үлгэр бүлгийн гол агуулгыг ухаж ойлгоход тустай. Номын наймдугаар бүлэг Социализм ба буддизм нь социализмын жилүүдэд буддын шашинд тохиолдсон гол гол үйл явдлыг сорчлон багтаасан. Өнөөг хүртэл Монголд хэвлэгдсэн буддын шашны бусад номоос энэ бүлэг илтэд ялгаатай.