В.Ганзориг: Сүүлийн үед хүний эрх, тэгш боломж, хүртээмжтэй нийгэм гэж ихэд ярих боллоо. Энэ ойлголтууд яагаад чухал гэдгийг та бүхэн тайлбарлаж өгнө үү!

Б.Батчулуун: Хүн болгонд байгалийн, нийгмийн, харилцааны боломж байдаг. Энэ боломжууд хүн болгонд хүртээмжтэй байх, боломжгүй хүмүүст нь энэ боломжийг хүргэх нь маш чухал. Тэгш боломжийг олж авсан хүмүүс аз жаргал, амьдралын баяр баясгаланг хүртэж чаддаг. Иймээс та бид хамтдаа “Боломжийг бүгдэд” аяныг Монгол орныхоо говийн бүсээс эхлэн хийж байна. Энэ аянд оролцож байхдаа дээрх үгсийн утгийг улам гүнзгий ойлгож бас мэдэрч явна.

Ц.Бадамцэрэн: Хувь хүний, тэр бүү хэл улс орны хөгжил хүртээмжтэй нийгмийг хэр сайн цогцлоож чадсан, тэгш боломжийг бусаддаа хэр зэрэг өгч, нийгмийн оролцоог нь хэр сайн хангаж буйгаар хэмжигддэг болсон. Эдийн засгаараа бусад аймгаа тэргүүлдэг Өмнөговь аймгийн хувьд тэгш боломжийг бүгдэд олгохын тулд бодлогын түвшинд анхаарч хичээж ажилладаг. Тэгш боломж хүн болгонд олгогдох ёстой, хүн бүр хүртэх ёстой зүйл. Үүнийгээ ч бид хууль тогтоомж, хүний эрхийн конвенциор хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!

Б.Мөнхзориг: Хүн бүрт төрмөл, заяамал эрх гэж байдаг. Энэ эрхийг нас, хүйс, шашин гэх зэрэг ямар нэг зүйлээс үл хамааран хүн болгон эдлэх, эрүүл бас аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй гэдгийг хуулиар баталгаажуулсан. Гэтэл энэ эрхээ амьдрал дээр төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс энгийн иргэдтэй адил тэнцүү эдэлж чадаж байна уу, энэ боломж хүн бүрт тэгш байна уу гэвэл туйлын хангалтгүй байгаа. Тэгш боломж хүн бүрт хүрч чадахгүй байгаа учраас энэ боломжийг бүгдэд олгоё, хөгжлийн бэрхшээлтэй ба бэрхшээлгүй хоёр хүн яг адилхан хэмжээнд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг авах ёстой гэж үзээд та бид өнөөдөр энд цуглаад ярилцаад сууж байна. Хүн л бол хүн. Иймээс бүгд эрх тэгш, адилхан боломжтой байх ёстой. Энэ эрхийг өөрсдөө эдлэх, бусдад эдлүүлэх тэгш боломжийг нийгмээрээ хамтран ажиллаж байж бүрдүүлэх учиртай. 

Б.Алтангэрэл: Хүн болгонд боломж бий. Зарим нь тэр боломжоо ашиглаж чаддаг, чаддаггүй гэж ярьдаг. Гэтэл энэ боломжийг нийгмийн зарим бүлэгтээ бид огт өгөөгүй байдаг. Эвтэй дөрвөн амьтнаар жишээ авмаар байна. Хүн болгон сармагчин шиг модонд авирч чадахгүй ч зарим нь нисч чадна. Ялгаатай хөгжил тухайн хүнд давуу болон сул тал аль алийг нь үүсгэдэг. Бид “Боломжийг бүгдэд” төслөөр дамжуулан бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч ойлгодог болгохыг зорьж байна. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд алс холын Улаанбаатар хотоос 600 гаруй км замыг туулан Өмнөговь аймагт ирээд говийн бүсийн аймгуудын төлөөлөлтэй ажиллаж байна.

Б.Батчулуун: Боломжийг бүгдэд гэдэг дээр энгийн жишээ хэлье. Хүн болгонд хоол идэх хэрэгцээ бий. Хүний анхан шатны энэ хэрэгцээг хангахын тулд зарим хүнд боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлага гардаг. Тухайлбал, хоолоо зажилж идэж чадахгүй хүүхдүүд байгаа. Ийм хүүхдүүдийн онцлогт тааруулсан шингэн эсвэл идэхэд хялбар хоолыг бэлтгэн өгөх, энэ үйл ажиллагааг асуудалгүй явуулах боломжийг бүрдүүлэх ёстой. Говийн бүст хийж буй энэ арга хэмжээнд төр, орон нутгийн удирдлага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эцэг эхчүүд, ТББ, хүмүүнлэгийн хөдөлгөөн, сайн дурынхан, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож хамтран ажиллаж байгаа нь бүх хүнд тэгш боломжийг хүртээж буй сайхан жишээ болж байна. 

В.Ганзориг: Хүн бүр тэгш боломжоор хангагдах ёстой. Энэ боломжоо зарим хүн мэддэггүй бол зарим хүнд ийм боломж олгогдоогүй хэвээр байсаар байна. Спортоор дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуус, насанд хүрэгчдийн эрхийг хамгаалах, тэгш боломжийг бүрдүүлэх нь Тусгай олимпын зорилго байдаг. Оюуны ялгаатай хөгжилтэй иргэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын өмнө тулгарч буй хамгийн том асуудлыг та бүхэн юу гэж хардаг вэ?

Б.Батчулуун: Тохируулах хэрэглэгдэхүүн гэж чухал зүйл бий. Говийн аймгуудыг хамруулан хийж буй энэ арга хэмжээ спортоор дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусыг хөгжихөд нь боломж олгох зорилготой. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд тусгай тохируулах хэрэглэгдэхүүн, спортын хэрэгсэл, дасгалжуулагч, дэмжин тоглогчид шаардлагатай болдог. Энэ бүхэн бүрдсэн нөхцөлд боломж бий болж, оюуны ялгаатай хөгжилтэй иргэд амьдралын баяр баясгаланг та бидэнтэй адилхан мэдрэх боломжтой болдог. Эдгээр боломжууд бүрдээгүй учраас оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуус гадагшаа гарч чаддаггүй, гарлаа гэхэд 00-ийн асуудалтай тулдаг, нийгмийн харилцаанд орохоор хүмүүс ялгаварлан гадуурхах асуудлууд үүсдэг. Энэ бүх үйлдлүүд тухайн хүнийг боломжийг хааж байна гэсэн үг. Иймээс бүгдэд тэгш боломж олгохын тулд тохируулах хэрэглэгдэхүүнээс гадна материаллаг болон сэтгэл санааны хувьд хүртээмжтэй, ээлтэй орчинг бий болгох шаардлагатай байгаа. 

Товчхондоо, нийгмийн дэд бүтэц хамгийн том асуудал гэж хэлмээр байна. Тэргэнцэргүй бол хэвтрийн хүн явж чадахгүй шүү дээ. Тэргэнцэртэй болсон ч гэсэн явах зам нь байхгүй бол эрхээ эдэлж, тэгш боломжоор хангагдаж чадахгүй хэвээрээ л байна гэсэн үг. Ялгаатай хөгжилтэй олон хүүхдийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд тэгш боломжийг нь та бид бүрдүүлж өгөх ёстой. Жишээ нь, миний охин тэргэнцэртэй хэдий ч ганцаараа дэлгүүр хэсч, бие даагаад дуртай зүйлээ хийж, гоё сайхан зүйл үзэх мөрөөдөлтэй. Гэтэл одоо тэргэнцэртэйгээ гэрээсээ ч гарч чаддаггүй. Яагаад гэвэл гараад тэргэнцэртэй явах зам Улаанбаатарт байхгүй. Ийм хүртээмжгүй байдлаас болж хөгжих боломжоо охин минь өдөр бүр алдсаар байна. Уг нь энэ бүхнийг засах боломж бий юу гэвэл бий. 

Ц.Бадамцэрэн: Ялгаатай хөгжилтэй иргэд, хүүхдүүдийг нийгэм хүлээн зөвшөөрөх нь маш чухал гэж би хардаг. Хөгжлийн хувьд ялгаатай ч гэсэн бид нартай л адилхан хүн гэдгийг ойлгох чадвар тухайн хүний төлөвшил, хөгжлөөс шууд хамаардаг. Ялгаатай хөгжилтэй хүнийг эрхээ эдлэхэд нь бусад хүмүүсийн оролцоо, дэмжлэг, ойлгож мэдрэх чадвар туйлын чухал. Биднийг ойлгохгүй байна гээд ялгаатай хөгжилтэй иргэд, ийм хүүхэдтэй аав, ээжүүд гомдоллодог. Энэ хэрээр маш их цаг хугацааг алддаг. Эсвэл хэзээ цаг сайхан болох бол гээд өөрчлөлтийг хүлээгээд байдаг. Ойлгохгүй байгаа хүмүүсийг буруутгах биш, нөхцөл байдлаа ойлгуулахын тулд эцэг, эхчүүд маань өөрсдөө нөлөөллийн ажлаа сайн хийж, нийгэмд байнгын идэвхтэй, оролцоотой байх нь чухал болчихоод байна. “Боломжийг бүгдэд” арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гээд нийгмийн олон төлөөлөл оролцож байна. Яг үүн шиг эцэг, эхчүүд маань өөрсдөө идэвхтэй байж, нөлөөллийн ажлаа хамтраад хийвэл хүсч байгаа өөрчлөлтөө бодитоор хийж чадна. 

В.Ганзориг: Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэгш боломжийг бий болгоход хот, хөдөөгийн хөгжил, хандлага, соёлын ялгаа гардаг уу?

Ц.Бадамцэрэн: Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж хүн. Тэргэнцэр хэрэглэдэг саажилттай хүүтэй. Хотод байх нь бидэнд илүү хэцүү байдаг. Такси зогсдоггүй, автобус нь тэргэнцэртэй хүнд ээлтэй биш буюу зорчих боломжгүй. Орон нутагт биднийг бараг хүн болгон таньж мэддэг учраас ойлгож харьцдаг. Энэ хэрээр бие биенээ ойлгож, хүндэлж чаддаг. Унаагүй явж байвал зам дээр хэн ч гэсэн зогсоод биднийг машинаараа аваад явдаг. Улаанбаатар хотод очоод эмнэлэгт үзүүлэх, дэлгүүр орох, үзвэр үйлчилгээ үзэх хэрэгцээ байдаг ч гэсэн орон нутагтаа байх нь бидэнд илүү тухтай байдаг. Орон нутагт байгаа үзвэр, үйлчилгээний газруудаа ялгаатай хөгжилтэй хүмүүст ээлтэй, хүртээмжтэй болгох тал дээр бид анхаарч ажиллаж байгаа. Өмнөговь аймаг тун удахгүй шинэ театр, номны сан, сэргээн засах эмнэлэгтэй болно. Энэ бүх газрууд дээр хүртээмжтэй дэд бүтцийг хийхийн тулд бүх стандартуудыг нь хангуулан ажиллаж байна. 

Б.Мөнхзориг: Миний хувьд оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн эмчилгээ, оношилгоо нилээд тулгамдсан асуудал гэж харагддаг. Ялангуяа аутизм, ADHD буюу анхаарлын хомсдол, хэт хөдөлгөөнтөх бэрхшээлийг эрт оношилж чадахгүй байна. Хэрэв эрт оношилгоо сайн байвал багаас нь зохих эмчилгээ, заслыг хийгээд хөгжүүлэх боломжтой гэж боддог. Иймээс энэ чиглэлийн хүний нөөцийг бэлдэх зайлшгүй шаардлагатай. Хангалттай мэргэжлийн хүний нөөцгүйгээс болоод маш олон эцэг, эхчүүд хүүхдүүдээ гадагшаа авч явж оношлуулж буй жишээг би харж байгаа. 

Хүртээмжтэй нийгмийг бий болгохын тулд бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа энэ зорилготой заавал уялдуулах ёстой. Наад зах нь үйлчилгээний талбай, салбарууд ялгаатай хөгжилтэй хүн ямар ч асуудал үүсгэлгүйгээр үйлчилгээ авах боломжтой байх, заавал тэр хүнийг салбар дээр ирүүлэхгүйгээр цахимаар, зайнаас бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх талаас нь ажиллах ёстой. Хамгийн чухал зүйл ялгаатай хөгжилтэй хүмүүсийг насанд хүрэхээр нь ажлын байраар хангах асуудал болж байна. Ковидын “ачаар” гэрээс ажиллах нь шинэ соёл болоод тогтсон. Оюуны болон бусад талаараа ялгаатай хөгжилтэй олон иргэд гэрээсээ ажил хийх бүрэн боломжтой байдаг. Энэ боломжийг хувийн хэвшил бүрдүүлж өгч чадвал том өөрчлөлт хийгдэж, нийгмийн чухал бүлгийг санхүүгийн хувьд бусдаас хамааралгүй болгох алхам болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн гишүүдээс хэн нэг нь ажлаасаа гарч хүүхдээ гэртээ харах ёстой болдог. Энэ хэрээр тухайн гэр бүлийн орлого 50 хувиар шууд буурдаг. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийг ч гэсэн ажлын байраар хангах нь тулгамдсан асуудал болсон. Энэ асуудлыг шийдэх боломжууд байдаг ч хангалттай түвшинд ажил хэрэг болж чадахгүй байгаа.

Б.Алтангэрэл: Бид нарын харах өнцөг хамгийн том асуудал болсон. Хөгжлийн бэрхшээлийн асуудлыг шийдэж байна гээд манайхан барилгын үүдэнд налуу шат хийхээр л төсөөлөх гээд байдаг. Энэ бол маш буруу хандлага. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ийм байдлаар хүчээр шийдэх боломжгүй. Нөгөө налуу шатаар нь яваад гарахаар хаалга нь маш өндөр босготой хийгдсэн байдаг. Зүй нь налуу шатны зорилго нь хаалганы босгогүй байх, тэр бүү хэл тэргэнцэртэй хүн тухайн барилгын бүх хэсгээр чөлөөтэй зорчих боломжтой байхад оршдог. Зүйрлэвэл, нэгдүгээр ангийн хүүхдэд үзэг, цаас өгөөд цагаан толгойн үсгүүдээ өөрөө сур гэж хэлээд хаяж буйтай адил юм. Дэд бүтцийн асуудлыг чинь шийдээд боломж чамд өгсөн тул бусад юмаа өөрөө зохицуулаарай гээд ингэж хаяж болохгүй. 

Технологийн дэвшлийн энэ эрин үе дохионы хэлтэй хүмүүст давуу талыг үүсгэсэн. Видео дуудлага хийдэг болсноор дохионы хэлтэй хүмүүс хоорондоо Zoom ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран хоорондоо чөлөөтэй харилцдаг болж, хурал зөвлөгөөнөө хүртэл хийж байна. Нийгмийн тэгш боломж, тэгш оролцоо гэдгийг төр өөрөө манлайлах ёстой. Төр өөрөө юу ч хийгээгүй байж хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, аав, ээжүүдийг хүртээмжтэй нийгэм бүрдүүлэхэд муу ажиллаж байна гэж шүүмжилж болохгүй. Төрийн үйлчилгээний лавлах 1111 утас руу дохионы хэлтэй хүн холбогдоход видео дуудлагаар хүссэн үйлчилгээг нь хүргэдэг байх ёстой. Үүнийг тэгш боломж гээд байгаа юм. Төр ингэж ажиллаж хувийн хэвшлээ манлайлан дуудаж уриалах учиртай. Төрийн удирдагчид өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх ёстой. Төр бүх асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш хувийн хэвшил, иргэний нийгэм, ТББ-уудтай ярилцан асуудлыг шийдэх шийдлээ гарган хамтран ажиллах ёстой. Ийм зохион байгуулалт байхгүй учраас бидний яриад байгаа асуудал бул хар чулуу мэт харагдаад байгаа юм. Зохион байгуулалтанд ороод хүчээ нэгтгэж чадвал асуудлыг тал талаас нь хөндөөд, хэмлээд шийдэх бүрэн боломжтой. Ингэж ажиллахад иргэний нийгэм, хувийн хэвшил бэлэн байна. Ялангуяа технологийн давуу талыг ашиглан төр манлайлал үзүүлэх хэрэгтэй. 

2016 онд би хүмүүсээс хандив цуглуулаад харилцааны бэрхшээлтэй хүүхэд, хүмүүст зориулсан “Шувуу” гэдэг аппликэйшн хийсэн. Энэ бол ялгаатай хөгжилтэй хүмүүст зориулсан зөөлөн дэд бүтцийн нэг шийдэл юм. Үг яриа, үйлдлээрээ өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй хүн энэ апп-ийг ашиглан 00 өрөө хаана байдаг вэ гэж хэдхэн товч дараад бусад хүмүүстэй харилцах боломжтой. Өөрийгөө илэрхийлж чадахгүйгээс болоод ялгаатай хөгжилтэй хүмүүс олон нийтийн газар өмдөндөө шээх, эвгүй байдалд орох тохиолдлууд гардаг. Үүнийг нь бид нийгмээрээ ямар муухай гээд гайхан жигшдэг. Тэр хүнд 00 өрөө орох боломжийг нь хангаагүй учраас ийм нөхцөлд байдал үүсдэг болохоос биш ямар ч хүн хүссэндээ ийм үйлдэл гаргахгүй. Ялгаатай хөгжилтэй иргэдийн энэ бүх асуудлыг ойлгодог, асуудлыг нь шийдэж өгсөн, тэгш боломжийг бүрдүүлсэн хүртээмжтэй нийгмийг бүтээх нь маш чухал байна. Бид 2022 онд “Шувуу” апп-ийнхаа хоёр дахь хувилбарыг зөвхөн зураг биш үйл хөдөлгөөний функцийг нэмж хийгээд олон нийтэд хүргэх болно. 

Ц.Бадамцэрэн: Энэ асуудал дээр үнэхээр төр манлайлж бодлогоо барих ёстой. Хэдийгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан олон хууль тогтоомж, стандарт, дүрэм журам байдаг ч амьдрал дээр тэр бүр хэрэгждэггүй. Яах аргагүй халамжийн мөнгө хуулийн дагуу олгогддог болохоос биш боловсролын салбарт хэрэгжих ёстой олон хуулийн заалт бодит амьдрал дээр хоосон яриа болоод яваад байдаг. Иймээс хүн бүр хуулиа мөрдүүлэхийг шаарддаг болбол тэр чинээгээрээ олон хүнд тэгш боломж олгогдоно. 

Өмнөговь аймагт хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад ажил хийж чадахгүй гэртээ байдаг ээжүүд олон байдаг. Ийм гэр бүлд хүүхдийнх нь эрүүл мэнд, боловсрол, асран хамгаалах үйлчилгээ, аав, ээжийнх нь ажил эрхлэлтийг шийдсэн шийдэл байдаггүй учраас яах аргагүй голцуу ээжүүд хүүхдээ хараад гэртээ үлдэхээс өөр сонголт байдаггүй. Эдгээр ээжүүдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь хоёр жилийн хугацаанд төлөх шийдвэрийг манай аймгийн Засаг дарга саяхан гаргасан. Ажилгүй учраас даатгалгүй гээд эрүүл мэндийн олон чухал үйлчилгээг авах боломжгүй байсан гэр бүлүүдэд энэ шийдвэр ковидын хүнд маш том нэмэр болсон. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийг ажлын байраар хангах дээр анхаарч, цөөнгүй өрхийг энэ чиглэлийн төсөл хөтөлбөрт хамруулж амьжиргаанд нь нэмэр болж байгаа.

В.Ганзориг: Боломжийг бүгдэд олгоход тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг та бүхэн хэллээ. Харин одоо энэ бүхнийг давах шийдлүүдээ ярилцъя! Хэрвээ танд бүх эрх мэдэл, нөөц, бололцоо нь байсан бол энэ салбарт хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэх ямар шийдвэр гаргах байсан бэ?

Б.Батчулуун: Амьдралын туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, тийм гэр бүлийн гишүүнтэй хүмүүс төрийн шийдвэр гаргах түвшинд гарч ажиллавал нийгэмд нөлөөлөх шийдвэрүүд илүү бодитой гардаг санагддаг. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс зовлонг мэдэрч, асуудлыг нь туулаад явж байдаг. Огт ийм туршлагагүй хүн шийдвэр гаргах түвшинд яах аргагүй ойлголт дутуу байдаг. Асуудал байгааг нь мэдэж байгаа ч шийдэл дээрээ тулхтай ажиллаж чаддаггүй. Би математикийн багш хүн. Тусгай хэрэгцээт боловсролоор нэмж сураад судалгааны ажлаа хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын байгууллагаар хөгжүүлэхэд эцэг, эхийн оролцоо гэсэн сэдвийг хөндсөн. Багш нар эцэг, эхчүүдийн оролцоог хангалттай гэж үздэггүй, нөгөө талдаа эцэг, эхчүүд хүүхдээ хөгжүүлэхдээ оролцоотой байх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч багш нарыгаа хангалттай хэмжээнд хүүхдүүдтэй нь тулж ажиллахгүй байна гэж гомдоллодог. Өөрөөр хэлбэл, эцэг эх ба багш нарын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа байхгүйгээс болж яриад байгаа хүссэн үр дүн гардаггүй. Иймээс миний хувьд шийдэл гэвэл, төр, олон нийт, эцэг эх бүгдээрээ асуудлаа тойроод нээлттэй сайхан ярилцан ойлголцож, ижил түвшний зөв мэдээлэлтэй болох нь туйлын чухал. 

Мөн ялгаатай хөгжилтэй хүмүүст үйлчилж байж асуудлыг бодитой мэдэрнэ. Жишээ нь, “Боломжийг бүгдэд” төсөл дээр Мобиком корпораци санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж, Ротари клуб манлайлан ажиллаж бусдад үйлчлэн өөрсдөө асуудлаа мэдэрч ажиллан, хөгжлийн бэрхшээлтэй аав, ээжүүдийн нөхцөл байдлыг илүү гүнзгий ойлгож байна. Энэ маш чухал! Хүн болгон ийм ойлголт, мэдрэмж авч чадвал манай нийгэм өөрчлөгдөж, эерэг үр дүн гарна. Бид үнэн буюу бодит зүйлийг ойлгож бас хүлээн зөвшөөрөх ёстой. Үнэнийг ойлгож байж л үнэн биднийг асуудлаас чөлөөлдөг. Хүүхдээ хараад гэртээ бүтэн цагаар байгаа эцэг, эхчүүдийн нийгэм болон эрүүл мэндийг даатгалыг төлж байгаа нь аймгийн удирдлага асуудлыг ойлгож мэдэрсний шинж юм. Үүнтэй адилхан жишээ Орхон аймагт байдаг. Энэ мэтээр бусад аймгийн удирдлага асуудлаа ойлгож мэдэрч чадвал асуудлуудаа бага багаар шийдээд явах бүрэн боломжтой харагддаг.

Ц.Бадамцэрэн: Бусаддаа ойлгуулах нь чухал гэж ярьж байна. Эндээс ер нь тэгвэл яагаад бид ийм энгийн зүйл дээр ойлголцдоггүй юм бэ гэдэг асуулт гарна. Биднийг ойлгохгүй байна бүр хоёр тийшээ харчих гээд байдаг. Яг үнэндээ бидний асуудлыг ойлгохгүй байгаа нь тэр шийдвэр гаргаж буй хүмүүсийн буруу биш. Яагаад гэвэл тэр хүмүүс бидний асуудлыг өөрийн биеэр туулаагүй учир хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй аав, ээжүүд шиг ойлгож, мэдэрч чадахгүй. Ийм учраас бидний асуудлыг ойлгохгүй байна гэж уурлаж, бусдыг буруутгахаас илүүтэйгээр эдгээр хүмүүст асуудлаа ойлгуулахын тулд бид өөрсдөө улам идэвхтэй байх, нөлөөллийн ажлуудаа улам сайн хийх ёстой. 2015 онд хөгжлийн бэрхшээлтэй хэсэг ээжүүд туршлага судлахаар Япон улсыг зорьж, тэндээс маш их зүйлийг сурч мэдэж авсан. Тэр үед япончууд өөрсдийгөө бид өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхийн тулд маш их цаг хугацааг зарцуулсан. Харин та бүхэн бидний туршлагыг судалж байгаа юм чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг шийдэхийн тулд арай дөт замаар явж, бидний алдааг бага давтаж хурдан хугацаанд асуудлынхаа шийдлийг олоорой гэж захиж байв. Иймээс сошиал медиагийн энэ эрин үед бид бусдад асуудлаа хэр сайн ойлгуулна, тэр хэрээр асуудлаа шийдэх боломжтой шүү гэж онцолж хэлмээр байна. 

Монголд хоёр давхар барилгатай лифтьтэй сургууль байхгүй. Тэгвэл Өмнөговь аймаг гурван сургуулиа лифтьтэй болгож, ялгаатай хөгжилтэй хүүхдүүддээ тэгш боломж олгож, сурах эрхийг нь хангахын тулд 450 сая төгрөг төсөвтөө суулгаад ажлаа эхлүүлээд явж байна. Ингэснээр хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд бэрхшээлээсээ шалтгаалаад сургуульд явж чаддаггүй байсан асуудал байхгүй болно. Энэ уг нь сургууль болгонд байх ёстой стандарт мэт боловч манай улсад одоог хүртэл шийдэгдээгүй. Шийдвэр гаргах түвшиний хүмүүст энэ асуудлыг сайтар ойлгуулж өгсний үр дүнд манай аймаг дээр ийм шийдвэрүүд гараад явж байгаа юм. Ийм асуудлыг хүн ойлгохгүй байна гэж үгүй. Иймээс асуудлаа бусдад сайтар ойлгуулах нь маш чухал бөгөөд эцэг, эхчүүдийн үүрэг юм шүү. 

Б.Батчулуун: Би яг бодоод л сууж байна. Миний охины сургууль гурван давхар барилгатай. Үндсэн анги нь нэг давхарт байдаг хэдий ч кабинетийн журмаар хичээллэдэг учир хичээл солих үед анги нь дагаад солигддог. Хоёр, гурван давхарт хичээл орох үед охин минь тэргэнцэртэйгээ дээд давхар руугаа гарч чадахгүй ангидаа үлдэж хичээлээсээ хоцорч, сурах эрхээ эдэлж чаддаггүй. Ангийнхан нь өргөөд гаргах хүсэлтэй байдаг ч 18 нас хүрээд том болж байгаа тул аюулгүй байдал талаасаа баталгаагүй, аав хүний хувьд би итгээд өргүүлээд явуулж чаддаггүй. Би өөрөө байгаа нөхцөлд чөлөөтэй өргөөд дээд давхар руу нь гаргадаг. Ийм байдлаас болоод миний охин сурах боломжоо алдсаар байгаа.

Б.Алтангэрэл: Монголд яадаг вэ гэхээр манайд налуу шат байхгүй, гэхдээ би танай хүнийг тэргэнцэртэй ирэхээр өргөөд оруулчихна аа, асуудалгүй гэж ярьдаг. Гэтэл тэргэнцэртэй иргэн ч гэсэн өөрийгөө хүндэлдэг хувь хүн шүү дээ. Тэр хүн юм болгонд хүнээр өргүүлж байшин, барилга руу орохыг хүсэхгүй шүү дээ. Хүний гарт байгаагаа өдөр бүр мэдэрдэг тэр хүмүүс олон нийтийн газар дахиад хүний гарт байдаг гэдгээ харуулмааргүй байдаг. Үүнийг бид маш сайн ойлгох ёстой. Биднийг багаас нь тусгай хэрэгцээт хүмүүсээс тусгаарлаж, эдгээр хүмүүсийг тусгай сургуульд тусад хүмүүжүүлсэн болохоор одоо хүртэл ялгаатай хөгжилтэй хүмүүстэй хэрхэн харьцахаа бид өөрсдөө мэддэггүй. Тэдний оронд өөрсдийгөө тавьж бодож чаддаггүй. Тэргэнцэртэй хүнийг өргөж тусалж байна гэж сайхан сэтгэлээр бодож байгаа хэдий ч нөгөө хүнийхээ нөхцөл байдал, нэр төр, өөрөө өөрийгөө хүндлэх хүндлэлийг унагааж буйгаа анзаардаггүй. Тэргэнцэртэй хүнийг битгий өргө, битгий туслаарай гэж хэлж байгаа юм биш шүү. Туслахаасаа өмнө зөвшөөрлийг нь авч сураарай. Магадгүй таниар туслуулахыг хүсээгүй ч байж болно шүү дээ. Тэр хүний нэр төрийг хамгийн түрүүнд хүндэтгэх ёстой шүү. Бид өөрсдөө хүссэн газар руугаа хүссэн үедээ явж орж чаддаг шигээ ялгаатай хөгжилтэй хүмүүст яг тийм боломжийг бүрдүүлж өгөх нь бидний хийх ёстой хамгийн чухал ажил юм шүү. Тэрнээс биш дүр эсгэсэн ардчилал гэдэг шиг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хуурамч хатуу дэд бүтцийг битгий хийгээч ээ гэж хэлмээр байна. Үнэхээр хүртээмжтэй дэд бүтэц хийж байгаа бол эхнээс нь төгсгөл хүртэл хийсэн шиг хийх ёстой. 

Б.Батчулуун: Өмнөговь аймгийн спорт, үзвэр үйлчилгээний цогцолборт тэргэнцэртэй хүн шаттай огт таарахгүйгээр өөрөө явж ороод хамгийн урд эгнээд очиж болж байна. Тэр театрт би тэргэнцэртэй залууг түрээд явж байгаад чи ганцаараа яваад үзэх үү гэж асуухад харин яах бол гээд айдастай хариулсан. Дэд бүтэцгүй, замгүй газар хүнээр түрүүлж явсаар байгаад байнгын айдастай болжээ. Багш нь ард нь бэлэн явж байя, чи өөрөө яваад үз дээ гэж хэлэхэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандартын налуу замаар явж байгаа атлаа айгаад байв. Аюулгүй гэдгийг нь мэдээд ямар гоё юм бэ, би ганцаараа теарт ороод киногоо үзээд буцаад гарч болох юм байна шүү дээ гээд баярлаж байсан. 

Б.Алтангэрэл: Өмнөговь аймгаас гаралтай Ойдов гээд ах бий. REHTUS компанийн захирал энэ хүнтэй би нас чацуу хэдий ч хүндлээд ах гэж дууддаг. Ойдов ах бол миний мэдэхийн хамгийн зоригтой, шударга, эрдэм мэдлэгтэй хүмүүсийн нэг. Манай ротари клуб дээр илтгэл тавьж байхад төгсгөлд нь хэлсэн үг миний санаанаас гардаггүй юм. Тэр нь “Та нар хөгжлийн бэрхшээлтэй хүнд одоо хөрөнгө оруулалт хийчих. Тэгвэл ирээдүйд тэдгээр хүмүүс нийгмийн халамж хүртэж та нарын татварын мөнгөөр амьдардаг биш харин татвар төлж, баялаг бүтээдэг хүмүүс болно. Үүний төгс жишээ нь би өөрөө байна аа” гэж хэлж байсан үг. Ойдов ах АНУ, Швейцарт боловсрол эзэмшсэн, хувийн компаниа байгуулаад олон хүнийг цалинжуулаад, улсад татвар төлөөд явж байгаа хүн. Ялгаатай хөгжилтэй хүмүүст зориулсан хатуу дэд бүтцийн шийдлийг оруулж ирдэг цорын ганц компанийг үүсгэн байгуулсан. 

Б.Батчулуун: Хувь хүмүүсийн түвшинд зөв ойлголт өгөхөд маш том үр дүн гардаг. Завхан аймгийн Олонбаяр гээд залуу эмнэлэгт ажилладаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ирэхэд яаж ажиллахаа мэдэхгүй тул бид нартай холбогдож зөвлөгөө авсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог, хөгжих боломжийн талаар мэдээлэл өгөхөд хувиараа ажиллуулдаг Spinning төв дээрээ ялгаатай хөгжилтэй хүүхдүүдийг хичээллүүлж, шавь нараа Тусгай олимпын дэлхийн наадамд хүртэл дасгалжуулан явуулж амжилт гаргасан. Улмаар хотод ирээд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажилд ороод Жюү жицү хэмээх спортын төрлөөр дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдийг хөгжүүлэх шинэ арга, технологи өөрөө санаачлан гаргаад хөгжүүлээд явж байна. Ганц хувь хүн энэ асуудлыг сайн ойлгоход л ийм том үр дүн гарсан. Өмнөговь аймаг энэ спортоо өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой болоод Олонбаяр багш их баяртай явна лээ. 

Ц.Бадамцэрэн: Жюү жицүгээр Өмнөговь аймагт 30 гаруй хүүхэд, залуус хичээллээд эхэлсэн. Энэ дунд зорилтот бүлгийн хүүхдүүд маань багтсан. Тэд маш богино хугацаанд эрч хүчтэй, хүсэл тэмүүлэл, аз жаргалтай болж өөрчлөгдөж чадсан. Спорт энэ хүүхдүүдийг өөрчилж чадна гэдгийг бид нүдээрээ харсан. Энэ спортоор хичээллэх байр, танхим, хувцас зэргийг аймгийг зүгээс боломжоороо шийдэж өгч байгаа. Бусдыг аз жаргалтай болгож, тэр сайхан мөчийг харах үедээ тухайн хүн өөрөө хамгийн ихээр аз жаргалыг мэдэрдэг. Эрх мэдэл, эд баялаг аз жаргал авч ирдэггүй. Олон хүнийг баярлуулдаг хүн хамгийн аз жаргалтай нэгэн гэдэгт би итгэдэг. Ийм учраас “Боломжийг бүгдэд” төслөөр дамжуулан та бүхэнтэй, сайн дурын залуучуудтайгаа хамтран ажиллаж буйдаа баяртай байгаа. Сайн дурын ажил бол хүнийг төлөвшүүлдэг сайхан үйлс төдийгүй тэд бусдын сайн сайхны төлөө өөрийнхөө цаг зав, санхүү, бусад нөөцийг зарцуулж тэр хэрээр амьдралын аз жаргалыг амталдаг хүмүүс байдаг.

Б.Батчулуун: Энэ арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж буй Мобиком компанид би аавын хувиар баярлалаа гэж хэлмээр байна. Говийн бүсийн аймгуудын олон хүүхэд, эцэг эхчүүдэд энэ сайхан боломжийг олгож буй Ротари хөдөлгөөнд бас талархаж байна. Бид нэг зорилгын дор хамтарч чадвал ийм гайхалтай үр дүнг гаргаж чадна. Хувийн хэвшлийнхэн компанийн нийгмийн хариуцлага гэж янз бүрийн ажил хийхийн оронд тухайн компанийн хүмүүс өөрсдөө өөрчлөгдөж, ялгаатай хөгжилтэй хүмүүсийн энгийнээр хүлээн авч, хүлээн зөвшөөрч, тэдний төлөө бид юу хийж чадах вэ гэж хандах хэрэгтэй байна. Хийж буй бизнес нь нийгмийн асуудлыг шийддэг байх ёстой. Ингэж чадвал энэ жинхэнэ нийгмийн хариуцлага болно. Компани өөрөө асуудал болон шийдлийн нэг хэсэг нь шүү гэж хандаж ажиллавал том өөрчлөлтийг хувийн хэвшил нийгэмд хийж чадна. 

Б.Мөнхзориг: Хүртээмжтэй орчинг бүрдүүлэхээс ажил эхлэнэ. Манай бүх салбарууд тэргэнцэртэй иргэдэд ээлтэй үйлчлэх боломжтойгоос гадна 00 өрөөг шийдэж өгсөн байдаг. Мөн дохионы хэлээр ярьдаг хүмүүс үйлчилдэг. Ийм хэлмэрч байхгүй салбар дээр таблет ашиглан тусгай аппликэйшнээр тухайн хүнтэй чөлөөтэй харьцдаг шийдэл гаргасан. Дуудлагын төвүүд дээрээ бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа. Түүнчлэн эдгээр хүмүүсийг гэрээс нь ажиллуулах боломжийг бүрдүүлсэн. Сонголын бэрхшээлтэй хүмүүст зориулан автомат мессеж явуулдаг болсон. Энэ мэтээр олон ажлыг Мобиком корпораци хийж байгаа. Бусдад тэгш боломжийг олгож байгаа энэ бүх туршлагаа бусад компани, байгууллагуудтай хуваалцахад бид бэлэн байна. 

Компанийн нийгмийн хариуцлага гэдэг бол нэг асуудлыг шийдэх зорилгоор хандив өгөх нэр биш. Нийгмийн асуудлыг бизнес гэж харж шийдэл гаргах ёстой. Ямар ч бизнес урт хугацаанд оршин тогтнох зорилготой байдаг. Тухайн нийгэм нь гоё сайхан байж гэмээнэ тухайн бизнес урт хугацаанд оршиж чадна. Хүртээмжгүй нийгэмд ямар ч сайхан бизнес хол явахгүй. Иймээс манай компани хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш, хүртээмжтэй боломжийг бүрдүүлэхийгтөлөө бодлогоо тодорхойлон ажилладаг. Энэ бүх зүйл бидний алсын хараа, үнэт зүйлд суусан байдаг. Бусад компаниуд ч гэсэн ийм зорилготой ажилладаг. Гэхдээ компаниуд нийгмийн олон асуудлыг тус тусдаа барьж авснаас илүүтэйгээр гол асуудлууд дээрээ нийлж хамтран ажиллаж, нөөц, туршлагаа төр, иргэний нийгэм, ТББ-уудтай хуваалцан шийдлээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Ийм асуудал дээр компаниуд, ТББ-ууд, аймгууд хоорондоо өрсөлдөх ёсгүй. “Боломжийг бүгдэд” гээд Өмнөговь аймагт говийн бүсийн бүх аймгуудыг цуглуулан хийж буй арга хэмжээ үүний нэг жишээ. Энэ арга хэмжээнд төр, орон нутаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, ТББ, хүмүүнлэгийн хөдөлгөөн, хэвлэл мэдээлэл бүгд хамтран ажиллаж байна. Ялгаатай хөгжлийн тухай хүн болгон мэддэг юм шиг атлаа ийм арга хэмжээнд оролцох тусам шинэ зүйлийг бид бүхэн бие биенээсээ сурч байна. Үүний дараа бид энэ арга хэмжээгээ Дорнод аймаг зүүн бүсийн гурван аймгийг цуглуулан хийнэ. Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуусыг спортоор дамжуулан нийгэмшүүлж, бие бялдарыг нь хөгжүүлэх, өөртөө итгэлтэй болгох зорилготой энэ арга хэмжээг цаашид Монгол орны бүх аймаг, бүх суманд хүргэх хүсэлтэй байгаа. Энэ арга хэмжээ хүн бүрт хүрэх ёстой. 

В.Ганзориг: Тав, 10 жилийн дараа манай нийгэм хэрхэн өөрчлөгдсөн байна гэж боддог вэ? Тэгш, хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд бусаддаа хэлэх уриалга юу байгаа бол?

Б.Батчулуун: Эцэг, эхчүүд Тусгай олимпын хөдөлгөөнийг ойлгож оролцох хэрэгтэй. Бидний өмнөөс алхаасай гэж хүсч байна. Тусгай олимп оюуны ялгаатай хөгжилтэй тамирчид, тэдний эцэг, эхчүүдийг оролцоог маш их чухалчилдаг. Би Тусгай олимпын “Залуу тамирчин” хөтөлбөрт анх охинтойгоо оролцоод цугтаа маш их баярлаж, аз жаргалыг мэдэрсэн. Тэргэнцэртэй охиноо түрээд оролцож байгаа учраас би өөрөө маш сайн мэдрэмжийг энэхүү оролцоогоороо дамжуулан авч чадсан. Ийм учраас эцэг, эхчүүдийгээ Тусгай олимпт өөрсдөө заавал оролцоорой гэж уриалмаар байна. Маш сайхан боломжийг танд, танай хүүхдэд өгнө шүү. Тусгай олимпт өрсөлдөх биш оролцохдоо гол үнэ цэн нь байдаг. Тусгай олимпт оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдээс гадна энгийн хүүхэд, залуус хамтдаа нэг баг (Unified Play) болж тоглодог юм шүү. Иймээс энгийн иргэд, хүүхэд залуус бүгдээрээ Тусгай олимпыг таньж мэдээд идэвхтэй оролцоосой гэж хэлмээр байна. 

Ц.Бадамцэрэн: Тусгай олимп, спорт хэнийг ч ялгадаггүй, бүгдэд тэгш боломжийг олгож чаддаг. Ялгаатай хөгжилтэй гээд бусдаас айж эмээж, хөгжих боломжоо эдэлж чаддаггүй олон гэр бүлд маш том орон зайг бий болгодог гайхалтай сайхан арга хэмжээ. Тусгай олимпын төрөл бүрийг аймаг болгоны дасгалжуулагч багш нар өөрсдөө эхэлж сайн ойлгож аваад жигд хөгжүүлэх хэрэгтэй. Иймээс эдгээр хүмүүсийг чадавхжуулах, дахин сургах асуудал чухал байна. Бусдаараа Тусгай олимпыг оронд нутагт хөгжүүлэх боломж бидэнд бүрэн байна. Ээж, аавууд ч гэсэн идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэд хүүхдүүдээрээ дамжуулан гэр бүлийн баяр хөөр, аз жаргалыг мэдрэнэ. Өнөөдөр бид харсан. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Тусгай олимпын тэмцээнд ороод ялалт байгуулах, амжилт гаргахгүй ч хичээн оролцож буйг нь гэр бүл, хамаатан садан, ангийнхан, найз нөхөд, сайн дурынхан гээд ямар олон хүн дэмжиж, хөөрөн баярладаг гэж бодно! Ийм том хүч бас боломж манай хүүхэд бүрийн ард байдаг шүү гэж хэлмээр байна.

Б.Мөнхзориг: “Боломжийг бүгдэд” төслийг хэрэгжүүлэхийн тулд бид сүүлийн хоёр, гурван жил бэлдсэн. Энэ хооронд Тусгай олимп, оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуусын тухай ойлголт авсан гэж бодож явсан. Биеэрээ орон нутагт ирээд, нөхцөл байдлыг хараад, хүүхдүүдтэйгээ цуг ажиллаад үзэхээр спортоор дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусыг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, нийгэмд зөв эерэг хандлага бий болгох үнэхээр зөв шийдвэр гаргасан гэдэгтээ улам итгэлтэй боллоо. Иймээс нэгт, айж ичиж, санаа зовж нэрэлхэхгүйгээр энэ арга хэмжээнд ямар нэг байдлаар заавал оролцоорой гэж эцэг, эхчүүддээ уриалж байна. Хоёрт, хэвлэл мэдээллийн салбарт уриалга гаргамаар байна. Өвөл, зуны олимпын дараа Пара олимп болж байхад манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж сурвалжлахгүй байна. Ийм байж болохгүй. Пара болон Тусгай олимпыг медиа заавал гаргах ёстой. Ингэж байж хүмүүс зөв ойлголт авч, хүртээмжтэй нийгэм бүрэлдэнэ. Маш олон мэдээллийн хэрэгсэлтэй атлаа аль нь ч гаргахгүй байгаад нь сэтгэл эмзэглэж явдаг. 

Б.Алтангэрэл: Энэ аянд оролцож буй Ротаригийн мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Манай Ротари 117 жилийн түүхтэй, дэлхийн 200 орчим улсад салбартай, 1.4 сая гишүүнтэй, сайн дурын, хүмүүнлэгийн байгууллага юм. НҮБ үүсгэн байгуулагдахад Ротари дүрэм дээр нь ажиллаж тусласан байдаг. Монгол Улсад 1995 онд байгуулагдсан. Би залуу үеийн төлөөлөл нь бөгөөд бид үүсгэн байгуулагдсанаасаа хойш маш олон төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Бид үндсэн долоон салбарт төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, даян дэлхийн энхтайван, эрүүл мэнд, эх хүүхдийн эрүүл мэнд, ундны ус, бүс ба орон нутгийн эдийн засгийн чадавхи, боловсрол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль орчны асуудал. “Боломжийг бүгдэд” төсөл маань боловсрол, эх хүүхдийн эрүүл мэнд, эрүүл мэнд, бүс нутгийн эдийн засгийн чадавхи гэсэн дөрвөн том зорилгыг хамарсан том төсөлд тооцогдоно. 

Бид Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран 2019 оноос энэ төслийг санаачлан бэлдэж, Мобиком корпорацитай хамтран тэгш, хүртээмжтэй нийгмийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Тэгш, хүртээмжтэй нийгэм гэдэгт зөвхөн оюуны ялгаатай хөгжил биш нас, хүйс, соёлын ялгаа, шашин болон бэлгийн цөөнхийг хамруулдаг. Бид хамтдаа “Боломжийг бүгдэд” төслийг хэрэгжүүлэн говийн гурав, зүүн бүсийн гурван аймгийг хамруулан ажиллаж байна. Цаашид төв, баруун, хойд бүсийн үлдсэн бүх аймгуудыг зангидан хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Зарим тохиолдолд олон аймгийн төлөөллийг нэг дор цуглуулснаас аймаг болгонд нь очиж хийвэл илүү үр өгөөжтэй байхаар санагдаж байна. Монголын Тусгай олимпын хороо, Мобиком корпораци, Ротари клубын хамтарсан “Боломжийг бүгдэд” төсөл Монгол Улсын аймаг болгон очиж хүрэх ёстой тул төр, орон нутгийн удирдлага, хувийн хэвшлийг биднийг дэмжин тэгш боломжийг бүгдэд хүртээх энэ чухал төсөл дээр хамтран ажиллаарай гэж уриалмаар байна.

В.Ганзориг: Маш их баярлалаа! Та бүхний ярианаас би хувьдаа маш их эрч хүч, эерэг энерги авлаа. “Хүн болгон бие биенээсээ ялгаатай. Энэ ялгаатай талыг, ялангуяа хүүхдийнхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй нэгэн бол энэ дэлхийн хамгийн сул дорой хүн. Тийм сул дорой нэгэн бүү болоорой” гэж хэлсэн нэгэн япон ээжийн үгээр нэвтрүүлгээ жаргаахыг хүсч байна.