Bloomberg: Вьетнам Маск болон Милейгийн замналаар явах уу?

Тус нийтлэлд Элон Маск болон Аргентины Хавьер Милей нар өөрсдийн улсад төр, засгийн газрынхаа хэмжээг огцом багасгах томоохон төлөвлөгөөг дэмжиж байгаа бол, дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд, өөр үзэл суртал бүхий Вьетнамын коммунист намын улс төрийн удирдагчид төстэй үйл ажиллагаа явуулж байна хэмээн дурджээ.

Вьетнамын эрх баригч нам өөрсдийгөө коммунист гэж нэрлэдэг ч 1986 оноос зах зээлийн эдийн засгийн шинэчлэлийн замналаар алхаж эхэлсэн. Үүнээс хойш эдийн засгийн хувьд Вьетнам социализм, коммунизмтай ямар ч холбоогүй болсон юм. Вьетнамын коммунистууд коммунист гэх нэрийг зүүсэн ч бодит байдал дээр Умард Солонгос өөрсдийгөө “ардчилсан Солонгос” гэдэг шиг нэр төдийхөн сэтэр аж. 

Bloomberg-ийн нийтлэлд дурдахдаа “Вьетнамын албаныхан яам, засгийн газрын агентлагууд, төрийн албан хаагчдын тоо хэмжээг ойролцоогоор 20 хувиар бууруулах зорилт тавьж байна. Энэ хүрээнд таван яамыг татан буулгаж, Сангийн яамыг Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн яамтай нэгтгэх зэргээр төлөвлөгөө хэрэгжих юм. Мөн төрийн өмчийн менежментийн хороо зэрэг дөрвөн агентлагийг татан буулгахаар төлөвлөж байна. Хэдэн ажлын байр хасагдах нь одоогоор тодорхойгүй байгаа ч төрийн албан хаагчдад тодорхой хэмжээний дарамт ирэх нь тодорхой харагдаж байна. Нэг Шадар сайд 100,000 ажлын байр хасагдаж болзошгүй гэж мэдэгдсэн бол парламентын нэгэн албан тушаалтан хэдэн зуун мянган намын гишүүн, төрийн албан хаагчдад иймзүйл тохиолдоно гэж хэллээ” гэж дурдсан байна.

Эдгээр өөрчлөлт нь Хятадын нөхцөл байдалтай харьцуулбал илүү анхаарал татаж байна. 1980-аад онд Хятад улс Дэн Сяопины удирдлага дор зах зээлийн эдийн засгийн шинэчлэлээ эхлүүлж байсан. Гэвч Си Жиньпиний удирдлага дор Хятад улс төрийн оролцоо ихтэй, зах зээлийн оролцоо багатай чиглэлд буцаж шилжиж байгаа нь харамсалтай. Энэ өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, Хятадын өсөлт өнгөрсөн жил таван хувьд ч хүрээгүй бол Вьетнамд өсөлт долоон хувиас дээш гарсан.

Ирэх сард гарах 2024 оны Эдийн засгийн эрх чөлөөний индексийн шинэ үзүүлэлтэд Вьетнам ямар байр эзлэх нь сонирхолтой байх болно. Өнгөрсөн жил Вьетнам энэ жагсаалтад 72 дугаарт бичигдэж түрүү жилээсээ 13 байр ахисан. Хэрвээ урт хугацааны харьцуулалт хийх юм бол, 1995 оноос хойш Вьетнам 21 оноо авсан нь ижил төстэй улс орнуудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин АНУ энэ хугацаанд зургаан оноо алдсан байна.

2021-2023 оны хооронд Ipsos MORI судалгааны байгууллага 35 улсад капитализмын талаарх хүмүүсийн бодлыг судалжээ. Вьетнамд Indochina Research компани 2022 оны 10 сарын 19-нөөс 11 сарын 7-ны хооронд санал асуулга явуулсан байна. Судалгаанд оролцсон орнуудад капитализмын талаарх сөрөг хандлага давамгайлж байсан ч Вьетнамд эсрэгээрээ, капитализмыг “дэвшил” (81%), “инноваци” (80%), “бараа бүтээгдэхүүний өргөн сонголт” (77%), “хөгжил цэцэглэл” (74%), “эрх чөлөө” (71%) гэх мэт эерэг зүйлстэй холбож харжээ.

Вьетнамын намын удирдагч Тô Лам төр, засгийн газрын хэмжээг багасгах өөрчлөлтүүдээ үр дүнтэй хэрэгжүүлж чадах эсэхийг зөвхөн цаг хугацаа л харуулах болно. Вьетнамд шийдвэрлэх олон асуудал байсаар байна: төрийн өмчит компаниудын тоо хэтэрхий олон бөгөөд авлига нь томоохон асуудал хэвээр байна. Тиймээс Вьетнам зах зээлд суурилсан эдийн засгийн замналаараа үргэлжлэн урагшилна гэж найдахаас өөр аргагүй. Учир нь энэ замнал нь ядуурлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулсан бөгөөд 1990-ээд оны эхээр хүн амын бараг 80 хувь нь ядуурлын түвшинд амьдарч байсан бол өнөөдөр энэ тоо ердөө гурван хувь болж буурчээ.

Райнер Цителманн бол "Улс орнууд хэрхэн ядуурлаас гардаг вэ: Хөгжил цэцэглэлтийн эх үндэс Вьетнам, Польш улсын хөгжлийн жишээ", "Ядуурал, баялгийн уг сурвалж" номын зохиогч юм.