Айн Рэнд мэндэлсний 120 жилийн ой
Айн Рэнд мэндэлсний 120 жилийн ой
Капитализмыг Айн Рэнд шиг тууштайгаар хамгаалсан хүн цөөхөн. Тэрээр 120 жилийн өмнө, 1905 оны хоёрдугаар сарын 2-нд мэндэлжээ. Өөрийгөө зөвхөн эдийн засгийн тогтолцооны өмгөөлөгч төдийгүй, атаархал, дундаж байдлыг эрхэмлэгчдээс баян, амжилттай хүмүүсийг хамгаалагч гэж тодорхойлдог байв. Түүний лекцүүдийн хамгийн түгээмэл сэдэв нь “Америкийн хавчигдсан цөөнх: Том бизнес” байлаа.
Чөлөөт зах зээлийг хамгаалсан хүмүүсийн дундаас Айн Рэнд шиг номоо их хэмжээгээр борлуулсан хүн үгүй. Түүний бүтээлүүд 38 хэлээр нийт 37 сая гаруй хувь борлогдсон бөгөөд хамгийн алдартай роман болох Атлантын мөр тэнийв (Atlas Shrugged) нь 10 сая гаруй хувь борлогджээ. Үүнтэй харьцуулахад, Фрийдрих Хайэкийн Боолчлолд хөтлөх зам (The Road to Serfdom) хоёр сая гаруй, Милтон Фридманы Капитализм ба Эрх чөлөө (Capitalism and Freedom) нэг сая гаруй хувь борлогдсон байна.
Түүний асар их амжилтын нууц юу байв? Людвиг фон Мизэс, Хайек, Фридман зэрэг эдийн засагчдаас ялгаатай нь Айн Рэнд голчлон роман, уран зохиолын төрлөөр бичсэн байдаг. Харин эсээ, шинжлэх ухааны бүтээлүүд нь тийм ч их нөлөө үзүүлээгүй. Түүний үзэл санаа оюун ухааны үндэслэлээс гадна ёс суртахуун, сэтгэл хөдлөлд тулгуурласан байв. Гэхдээ түүний философи нь эргэцүүлэл, оюун ухааны дээд оршихуйн тууштай итгэлд тулгуурлаж, сэтгэл хөдлөлийг зөвхөн логик үндэслэлтэй үед л зөвшөөрөх ёстой гэж үздэг байжээ.
Энэ нь Хайэкаас ялгарах гол ялгаа нь юм. Хайэк хүн төрөлхтөн дан ганц оюун ухаанаараа нийгмийн нарийн тогтолцоог ойлгож, удирдах боломжтой гэсэн үзлийг үгүйсгэдэг байв. Тэрээр хүний танин мэдэхүйн хязгаартай тул зах зээл, уламжлал гэх мэт нийгмийн бүтцүүд нь оюун ухааны зохион байгуулалтаас бус, хувьслын замаар өөрөө бий болдог гэж үздэг байжээ.
Айн Рэндийн намтрыг туурвигч Анн С.Хэллэр түүний философийн энэхүү зөрчилдөөнд анхаарал хандуулж: “Тэрээр санаатай болон санамсаргүйгээр, тууштай рационализмын үзэл санаагаа зохиолын баатруудаараа дамжуулан сэтгэл хөдлөлийн аргаар түгээн дэлгэрүүлж байсан” гэж бичжээ. Үнэндээ энэ бол Айн Рэнд өөрөө маш сайн ухамсарлаж байсан зүйл. Эх сурвалж (The Fountainhead) романаа сурталчлах мөнгө босгох үедээ тэрээр бизнес эрхлэгчдэд хандан, роман бол эхлээд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг татаж, дараа нь оюун санаанд нь нөлөөлдөг хамгийн хүчирхэг суртал ухуулгын хэрэгсэл гэж тайлбарлаж байлаа.
Айн Рэндийн амьдрал дахь зөрчилдөөнүүд үүгээр дуусахгүй. Тэрээр шүтэн бишрэгчдэдээ бурханчлагдсан, өөрийнх нь романы баатрууд мэт төгс ухаалаг хүн гэж хүндлэгддэг байсан ч, бодит байдал дээр олон сул талтай нэгэн байв. Тэрээр хорт хавдрын эрсдэлтэйг мэдсээр байж архаг тамхичин байсан. Бүр уушгиа авхуулахдаа хүртэл уушгины хорт хавдар, тамхи хоёрын холбоог хүлээн зөвшөөрөөгүй гэдэг.
Түүний Атлантын мөр тэнийв романы баатрууд долларын $ тэмдгийг бэлгэдэл болгосон бөгөөд Рэнд өөрөө долларын тэмдэг бүхий алтлаг зүүлт зүүдэг байжээ. Гэвч тэрээр мөнгөө хувьцаанд хөрөнгө оруулалгүй, гэрийнхээ ойролцоох банканд хадгалдаг байсан. Зам дээр осол гарах эрсдэл статистикийн хувьд өндрийг мэдэв ч, агаарын хөлөгт дуртай ч онгоцонд суухаасаа айж, машинаар зорчихыг илүү үздэг байв.
Мөн чанартаа, тэрээр өөрийн зохиолын баатрууд шигээ төгс хүн бус сайнтай, муутай нэгэн байсан. Индивидуализмыгхэнээс ч илүү хамгаалсан Айн Рэндийн тойрон хүрээлэгчид нь эцэстээ түүнийг шашны бурхан мэт тахин шүтэж, түүний үзлийг хатуу догма болгон хувиргажээ. Үүнийг хурцаар шүүмжилсэн нэгэн баримт бол капитализмыг өмгөөлөгч Мюррэй Н.Ротбардын The Sociology of the Ayn Rand Cultбүтээлд түүний дагалдагчдын догматик, ялгаварлан гадуурхах шинжтэй байдлыг харуулсан явдал юм.
Түүнийг муулж, зөрчлийг нотолсон ч бид өнөөдөр Айн Рэндээс олон зүйлийг сурах боломжтой. Капитализмын давуу тал түүхийн баримтуудаар гайхалтай үнэмшилтэй нотлогдсоор байтал энэ тогтолцоо яагаад ийм сөрөг имижтэй болсныг ойлгоход хэцүү. Хоёр зуун жилийн өмнө дэлхийн хүн амын 80 хувь нь туйлын ядууралд амьдарч байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 9 хувиас бага болсон. Гэтэл ядуурал авчирсан социализмыг хүмүүнлэг тогтолцоо гэж харагдуулдаг социалистууд капитализмыг хүний мөсгүй систем мэтээр зураглах чадвартай ажээ.
Гэвч, олон нийтийн санаа бодлыг нотолгоо, тоо баримтаас илүү сэтгэл хөдлөл шийддэг аж. Үүнийг хамгийн сайн ойлгосон хүн бол “оюун ухааны их тахилч” Айн Рэнд байв. Түүний цорын ганц жинхэнэ ментор гэгддэг эдийн засагч Изабэл Патэрсоны Машины бурхан ном нь капитализмд, “Библи Христийн шашинд, Капитал социализмд ямар нөлөө үүрэг гүйцэтгэсэн шиг чухал ач холбогдолтой” гэж бичиж байв. Гэхдээ тэрээр Патэрсоныг “Өөрийн гол зэвсэг болох оюун ухаанаар дамжуулан иррациональ хүмүүсийг өөрчлөх боломжгүй гэдгээ мэддэг” гэж бичиж байсан нь сонирхолтой.
Айн Рэнд Холливүүдийн кинонд бизнес эрхлэгчдийг хэрхэн муухайгаар харуулж буйд ихээхэн санаа зовдог байсан нь гайхах зүйл биш. Тэрээр найруулагч нарт хандан, бизнес эрхлэгчдийг хорон санаат этгээд болгон харуулахгүй байх зөвлөмж хүртэл өгч байжээ.
Өмнө нь олон америк залуус Айн Рэндийн зохиолыг уншдаг байсан. Өнөө үед залуусын ном унших байдал багассан ч, түүний бүтээлүүдийг сонирхсон хэвээр байна. Atlas Society-ийн мэдээлснээр, Атлантын мөр тэнийв романы анимэйшн трейлер 12 сая үзэлттэй болж, номын борлуулалтыг хэд дахин өсгөжээ. Үүний үр дүнд тэд залуу үеийн сонирхлыг татах арга барилдаа өөрчлөлт хийж, Дуулал (Anthem) романы комик хувилбарыг гаргасан бөгөөд энэ нь жилд 75,000 хувь борлогдож байна.
Энэхүү нийтлэл анх WALL STREET JOURNAL сонинд хэвлэгдсэн.
Райнэр Цитэлманн бол түүхч бөгөөд The Origins of Poverty and Wealth номын зохиогч юм