Би–г умартахуйд стресс арилмуй
Цахим орчин, нийгмийн сүлжээний арга хэрэгсэл биднийг улам бүр Би –тэй нь зууралдуулж, Би дээр асар том ачаа овоолно. Тэр нь стресс болмуй.
Би–г шүтэх тусам улам бүр сэтгэлийн амар амгалангаас холдон одно. Түүнд хайртай гэдгээ зөвхөн түүндээ илэрхийлэх нь хангалттай биш, түүнд хайртай гэдгээ илэрхийлж байгаагаа бусдад илэрхийлэх нь чухал болсон цаг үед бид амьдарч байна. Цахим орчин, нийгмийн сүлжээний арга хэрэгсэл биднийг улам бүр Би –тэй нь зууралдуулж, Би дээр асар том ачаа овоолно. Тэр нь стресс болмуй. Стресс гэдэг угтаа бол хувьслын явцад үүссэн амьтаны өөрийгөө хамгаалах функц билээ. Араатан дайсан, аюулт түймэр, автах үерээс эхлээд аливаа аюултай үзэгдлийн шинж ажиглагдахад амьтан түр зуурын стресст автана. Аюул зайлмагц стресс арилна. Харин гагцхүү хүн гэдэг амьтан хувьслын явцад тархи нь нэг сая жилийнхээс өөрчлөгдөөгүй хэрнээ амьдрал нь тэс өөрчлөгдөв. Араатнаас зугтаж, аюулаас гэтлээд тайлагддаг түрхэн зуурын стресс арван хоног, арван сараар, арван жилээр ч үргэлжилж амиа хорлоход хүртэл хүргэх нь бий. Орчин цагийн анагаах ухаан хүний тархийг хүртэл шилжүүлэн суулгахад ойртож яваа ч стресс, нойргүйдлийг эмчлилж, эрүүл аз жаргалтай амьдрах аргыг олох найдлагагүй явна. Нойрсуулах, тайвшруулах эм бол эмчилгээ биш шинж тэмдэг дарах түр зуурын арга билээ. Жинхэнэ эмчилгээг яаж олох вэ?
Ламын гэгээн Лувсанданзанжанцан, өндөр гэгээн Занабазар нар 17 –р зууны дунд үед тухайн үеийн Сайнноён хан аймгийн Дайчинвангийн хошуунд, Сайр ус Улиастай хоёрын дундахь өртөөний газрын орчимд Шаргалжуут хэмээх өвөлдөө хөлддөггүй нэгэн гол буйг анзаарч, цаашид лавшруулан ажиглахад уул ороон урсаж, уур савсуулан буй олон зуун халуун рашаан булгууд буйг нээн олжээ. Улмаар энэтхэг газраас эрдмийн хүн ирүүлэн гурван жил даяан хийлгэж, орчин тойрны агаар ус, уул чулууны шинжийг эмхэтгэн тодруулахд“Энд буй рашаан болоод ус, агаар, хөрс бол биеийн өвчинг анагааж сэтгэлийн булингарыг тунгалаг болгож, үнэхээрийн амар амгаланд хүргэх увдистай хэмээн шүтэж, рашаанд автах хүн урьдаар хувцасаа сольж, сэтгэлээ засан бэлдэж, чанга дуу авиа ч гаргахыг цээрлэн ихэд дээдлэмүй” хэмээсэн аж. Орчин үед ШУА –ийн химийн технологийн хүрээлэнгийн судлаачдын тогтоосноор “Уг рашаан нь бага эрдэсжилттэй, өндөр температуртай, шүлтлэг орчинтой, ангижрах төлөвтэй бөгөөд рашаанд орох үед арьсан дахь олон төрлийн рецепторууд, мэдрэлийн төгсгөл цочирч биемахбодид арьсаар нэвтэрч орох нь эмчилгээ болно. Байнгын задрах, нэгдэх чанар бүхий ионууд /анион, катион/, амьд бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй ууж хэрэглэхэд шаардлагатай олон тооны бичил элемент агуулагдаж байдаг нь уух эмчилгээний үндэслэл болно..” хэмээжээ. Түүнчлэн зөвхөн рашаанаас гадна био орчны байдал нь анагаах бас нэгэн гол шинж чанар юм. Далайн түвшнээс дээр 2250 метр өндөрт орших халуун рашаан дэлхийд хүртэл ховор юм. Рашааны нөлөөгөөр монголд өөр хаана ч байхгүй чийглэг зөөлөн уур амьсгал бий болж, 10 – 50 метрийн өндөрт уур манан үүсэж, рашааны ууранд орших давсан мананцар, сөрөг аэро ионуудаар амьсгалахад амьсгалын замыг чөлөөтэй болгож, үрэвсэл намдаан дархлаа сайжруулж, тайвшруулах нөлөө үзүүлнэ.
Өнөөгийн өвчлөлийн шалтгааны 80 хувь нь зөвхөн стрессээс үүдэлтэй хэмээн эмч нар нотолдог. Зовлонгийн тухай бодол нь зовлонгийн хамаг гол шалтгаан хэмээн Буддын номд өгүүлнэ. Асуудал нь биш асуудлаас үүдсэн стресс нь хамаг зовлонгийн үүр гэсэн утгатай. Сүртэй том асуудал ч биш, угаалгын өрөөний хоолой хагараад усгүй хоёр цаг суух нь тийм ч зовлон биш хэрнээ сантехникч ирэхгүй хоёр цаг өнгөрөх нь биднийг нэлээд стресстүүлдэг билээ. Бид хөгжил дэвшил, технологийн шинэчлэлтийг буцааж чадахгүй жамын урсгал бөгөөд ”Би” дээр ачаа нэмэгдсээр байх нь гарцаагүй. Бидний хэн нь ч буцаад нүүдэлчин амьдралаар амьдарч чадахгүй – шүршүүргүй долоо хоног хөдөө явахад л “стресст орж”, буцаад стрессээр дүүрэн хотоо санана. 20 –р зууныг хүртэл хүн төрөлхтөн “Хэрхэн амьд үлдэх вэ?” гэсэн асуудалтай тулгардаг байсан бол өдгөө “Хэрхэн амьдрах вэ?” гэсэн шинэ асуулттай нүүр тулав. Үүнд харин буддын ухаан хамгийн дөхөм хариуг өгнө. Аз жаргалын найман тахилт Сойдон сахиус, хайр энэрэлийн Лхам сахиус, эрч хүчний Дорлиг сахиусаар бэлэгдсэн Амирлахуйн цэцэрлэгт хүрээлэнг алдагдсан уламжлалыг сэргээн, орчин үеийн шийдэлтэй нийлүүлэн Шаргалжуутын рашааныг шинэчлэн хөгжүүлэх төсөл чухам өнөө цагт яг таарсан, үр шимтэй ажил болжээ.
Урьд нь эмчилгээний шинж хэлбэрээ хэтэрхий бариад, байгалийн үнэ цэнэ, сэтгэлийн амирлалд хүрэхийг жаахан орхигдуулж, рашаанаар эмчилдэг эмнэлэг шиг болчихоод байсан аж. Ингээд Шаргалжуутын хамт олон дахиад илүүг сэтгэх хэрэгтэй болж, бодит үнэ цэнэ юу вэ хэмээн нэлээд судалсаны эцэст өвчнийг илааршуулах арга бол юуны өмнө сэтгэлийг илааршуулах арга юм хэмээн дүгнэж, Шаргалжуутыг цоо шинээр хөгжүүлэх концепц боловсруулсан байна. Энэхүү концептдоо амфитеатр маягийн хэв маягийг баримталсан нь хүнийг эмнэлэгт биш театрын урлагт орсон мэт мэдрэмж төрүүлэх учиртай. Хүн стрэсс, эгоны ачаанаас салж, өөрийгөө сонсон амирлаж, өөрийгөө олж, өөрийн амьдралын мөн чанарыг танин, шинэ сайхан орчинд шинэ хүмүүстэй танилцаж, байгалийн сайхан болоод байгалийн сүр хүчинд нэгдэж, өөрийгөө өчүүхэн энгийн гэдгээ ухан баясах нь сэтгэлийн амгалан, биеийн эрүүлд хүрэх ганц зам аж. Амжилттай яваа зарим хүмүүс жишээ нь байгалийн сүр хүчийг мэдрэх гэж тогтмол байгальд гардаг. Халуун рашаан бол дэлхийн гүн дэх магма, эрдэс, чулуулгийн хайлмалтай шууд бодис солилцон ундран гарч ирэх тэрбум жилийн настай астеройдын шимийг агуулсан бөгөөд хүний урьд төрлүүдийн сүнс энергийг шингээсэн нь таныг эргээд байгальдаа уусан нэгтгэх сэтгэгдэл төрүүлнэ. Стресс, нойргүйдэл болон үүнээс үүдсэн өвчин зовуурийг нэгэнт анагааж чадвал тэр үйл хэрэг Монголоос хальж дэлхийд алдаршин хөгжиж, ашиг орлого ч нэмэгдэн, цаашид улс орондоо ч их тустай болох нь гарцаагүй. Учир нь стрессийн зовлон бол зөвхөн монголчуудын ч биш дэлхий нийтийн асуудал бөгөөд энэ чиглэлийн “luxury” аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд бүрэн байна.