Б.ЧАГНААДОРЖ: “АЛДАЖ БОЛОМГҮЙ АЛТАН ҮЕ” ГЭЖ ХАРЖ БАЙГАА
Би жилийн эхэнд урих, уулзаж ярилцах хүмүүсийнхээ нэрийг өдрийн тэмдэглэлийнхээ эхний хуудсанд бичдэг зуршилтай юм. Өнөө жил буюу 2025 оны эхний тэмдэглэлдээ сайн ажиллаж, манлайллаараа эрс ялгарч байгаа хүчирхэг, залуу захирлуудаас аль болох олныг урина гэж бичсэн. Тэдний эхнийх нь зочинтой саяхан ярилцлаа. Тэр зочин бол “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж...
Б.ЧАГНААДОРЖ: “АЛДАЖ БОЛОМГҮЙ АЛТАН ҮЕ” ГЭЖ ХАРЖ БАЙГАА
Би жилийн эхэнд урих, уулзаж ярилцах хүмүүсийнхээ нэрийг өдрийн тэмдэглэлийнхээ эхний хуудсанд бичдэг зуршилтай юм. Өнөө жил буюу 2025 оны эхний тэмдэглэлдээ сайн ажиллаж, манлайллаараа эрс ялгарч байгаа хүчирхэг, залуу захирлуудаас аль болох олныг урина гэж бичсэн. Тэдний эхнийх нь зочинтой саяхан ярилцлаа. Тэр зочин бол “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж...
Цаанаасаа хүч чадал нь оргилж яваа, эх орондоо юм хийж бүтээх ирмүүн хүсэл дүүрэн энэ үеийн залуус бол огт өөр үеийн төлөөлөл. Зам мөр нь цэвэрхэн, ертөнцийг үзэх үзэл нь өөр, ажлыг маш гоё асааж, хөдөлгөөнд оруулж хийдэг. Тэдэнтэй уулзаж ярилцах сайхан байдаг. Тэр дундаа Б.Чагнаадорж бол энд тэнд ажил унагаагаад суугаад байдаг, хийх гээд ч чадал нь хүрдэггүй залуучуудаас эрс өөр хүн.
Одоо хүмүүсийн дургүйг хамгийн их хүргэж байгаа хүмүүс ямар нөхдүүд гээч... Энд тэнд томилогдчихдог. Даанч ажил хийж чаддаггүй. Тэгсэн хэрнээ баахан чирүүлж татуулдаг ах нартай, төрөөс өшиглөөд гаргамаар ийм хөгийн залуучууд олон байна. Миний зочин бол тэднээс тэс өөр хүн юм.
Тэр бол шазруун, чадалтай, хувь хүнийхээ хувьд ч элдвээр өөрийгөө хордуулаагүй, зөвхөн урагшаа харж, урдах ажлаа хариуцлагатай хийдэг шинэ үеийн төлөөлөл. Хаана ч ажиллах чадвар чадамжаар өөрийгөө хөгжүүлчихсэн, сэтгэлгээний эрх чөлөөтэй. Удирдах арга барил нь гоё. Ийм л залуу захирлууд өнөөдөр ажил хийж байна. Ингээд уншигч таныг зочинтойгоо үлдээе. Бидний яриаг сонирхон уншина гэдэгт найдаж байна.
- Уул уурхайн салбарт удирдах түвшинд ажиллаж буй залуу үеийн төлөөлөл болгож тантай ярилцахаар сонгосон. Улс эх оронд маань уул уурхай, стратегийн орд газрууд, баялгийн сан, мега төслүүд гэсэн сэдвүүд яах аргагүй олны анхаарлын төвд ороод ирлээ. Бид хоёрын өнөөдрийн ярилцах сэдэв ч энэ хүрээнд эргэлдэх болов уу. Ярилцлагын эхэнд та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач.
- Эхлээд таны уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Би ч гэсэн урин цагийн эхэнд тантай ярилцах гэж байгаадаа бэлгэшээж байна. Сая таны дурдсан сэдвүүдөнөөдрийн улс орны хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралын чанартай шууд холбогдох сэдвүүд. Би статистикийн цөөн тоон үзүүлэлт хэлье. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх хувь сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр 30 орчим хувьд хүрчихлээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 30 гаруй хувийг, түүний дотор нийт экспортын орлогын 90 орчим хувийг бас л манай салбарынхан бүрдүүлж байна. Ингээд харахаар энэ сэдвүүд чинь УИХ, Засгийн газар цаашлаад иргэн бүрд хамгийн их хамаатай сэдэв мөн байгаа биз дээ /инээв/. Миний хувьд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д гүйцэтгэх захирлаар томилогдож ажиллаад жил орчим болох гэж байна. Энд ирэхээсээ өмнө “Эрдэнэс Монгол” ХХК, хуучин нэрээр Монголросцветмет ТӨҮГ-т удирдах албан тушаалд ажиллаж байсан. Товчхондоо уул уурхайн салбарт ажиллаж байгаа олон мянган залуусын нэг төлөөлөл.
- 1990 оны хавар Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол-Японы Засгийн газар хоорондын гэрээний дагуу Дархан Сэлэнгийн бүс нутаг дахь Баянгол, Төмөртэй, Төмөртолгой гэх төмрийн хүдрийн гурван ордыг түшиглэж танай үйлдвэрийг байгуулах анхны шийдвэр гарч байсан түүхтэй. Ашиглалтад орсноос хойш 30 жил болж байна. Энэ он жилүүдэд янз бүрийн л даваа гүвээг давлаа.
- Анх 1980 онд тэр үеийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоолоор хаягдал төмөр хайлуулах жижиг үйлдвэр байгуулах шийдвэрийг баталсан байдаг юм билээ.
- Бүр тийм эрт үү ?
- Тийм ээ, тэгээд бүр ТЭЗҮ боловсруулах орныг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, судалгаанд Япон улсын "Кобе Стийл", "Мицүбиши", "Ниппон Стил" компаниудыг хамруулах санал гарч, холбогдох судалгаа эхэлсэн байдаг. Ингээд Япон улсын Засгийн газартай Монгол Улсын Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж 1990 онд үйлдвэрийн шав тавигдаж, 1993 онд анхны ган хайлалтыг хийгээд, 1994 онд үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлсэн . Хаягдал төмөр хайлуулж ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр ажиллаж эхэлсэн цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд олон сорилтуудтай тулгарч байсан гэдэг нь үнэн. Гэхдээ өнөөдөр ч үйлдвэр ажилласаар, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсээр л байна. Хаягдал төмрийн үнэ болон хаягдал төмрийн нөөц бүрдүүлэх нь гол хүндрэлтэй асуудал байсаар ирсэн. Миний мэдэхээр энэ төсөл нь тухайн үед ганц хаягдал төмөр хайлуулах үйлдвэр барьж байгуулахаар хязгаарлагдахгүй таны дурдсан төмрийн хүдрийн ордуудаас олборлосон хүдрүүдийг боловсруулах шууд ангижруулсан төмрийн хүдрийн үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй байсан юм билээ. Тодруулбал, 1987 оны гуравдугаар сард МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоолын дагуу 1988-1990 онд төмөрлөгийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах, 1990-1994 онд хаягдал төмрийг үндсэн түүхий эд болгон хайлуулах үйл ажиллагааг явуулах, 1994-1997 онд хоёрдугаар шатны үйлдвэр буюу төмрийн хүдрийг нүүрсээр шууд ангижруулан төмөр гаргах дамжлагыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан байдаг. Харамсалтай нь нийгмийн шилжилтийн үе энэ төслийн хэрэгжилттэй давхацсан учраас төсөл нь бүрэн хэрэгжиж чадаагүй байх.
-Хүчин чадлын хувьд тэр үедээ бол том төсөл байсан байх. Үнэндээ Эрдэнэт үйлдвэрээс өөр “юм”-гүй байсан үе...
- Тухайн үедээ л жилд 100 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орно гэдэг түүхэн том үйл явдал байлгүй яахав. Монгол Улсын төмөрлөгийн үйлдвэрийн салбарт үлэмж дэвшил авчирсан гэж боддог. Манай үйлдвэр бол анхны бөгөөд хамгийн том ган үйлдвэрлэгч, үндэсний томоохон компаниудын нэг шүү дээ.
- Энэ бол уул уурхай, металлургийн цогцолбор төсөл. “Кью Эс Си” ХХК-тай хийсэн концессын гэрээг зогсоож, Төрд аваад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. 2.8 их наяд төгрөгийн өртэй үйлдвэрийг хүлээж авлаа гэж мэдээлж байсныг санаж байна. Тус компани концессын гэрээний дагуу бол 30 жилийн хугацаатай ажиллах ёстой байсан. Тэд үнэхээр тийм муу ажиллаж байсан юм уу ?
- Нэгдүгээрт, концессын гэрээг цуцлах талаар Засгийн газраас ажлын хэсэг гарч шалгалт хийсэн бөгөөд одоо хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. Үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байгаа хүний хувьд эргээд харахад концесс эзэмшигч компани нь Засгийн газрын өмнө гэрээгээр хүлээсэн зарим үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн юм байна гэж ойлгосон. Тухайлбал, төмрийн хүдрийг боловсруулж ган үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төсөл дээр бодит хичээл зүтгэл гаргаж, хөрөнгө оруулалт хийгээгүй зэргээр алдагдсан боломжийг яривал их зүйлийг бид энэ цаг хугацаанд алдсан юм билээ. Хоёрдугаарт, миний хувьд өнгөрсөнд үүссэн хүндрэлтэй, маргаантай асуудлыг ярихаас илүүтэй ирээдүй рүү харж бодлого төлөвлөгөө ярих дуртай. Мэдээж та бол надтай “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-тай холбоотой өнгөрсөн, одоо, ирээдүй гээд гурван цагийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй ярилцахыг хүсэж байгаа. Гэхдээ миний хувьд өөрийн хариуцаж байгаа үйлдвэрийнхээ одоо, ирээдүйг л илүү яримаар байна.
- Яагаад энэ олон жилийн хугацаанд Гангийн үйлдвэр бариагүй юм бэ гээд асуухаар урдаас газрын асуудал яриад байдаг юм билээ. Тэр юун газрын асуудал юм бэ ?
- “Кью Эс Си” компани яг ямар зорилгоор ган боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлээгүй бэ гэдэг нь ойлгомжгүй л байгаа. Ямартай ч тэдний хувьд бол энэ төсөл нь тэргүүн зэрэгт эрэмбэлэгдэх төсөл биш байсан юм болов уу гэж хардаг. Гэхдээ та намайг ойлгосон бол нэгэнт хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа асуудлыг би эргэж харж ямар нэгэн юм ярихгүйгээр одоо урагшаа харж ажлаа явуулах ёстой. Газрын тухайд хүсвэл шийдлийг нь олж болох байсан байлгүй дээ.
- Гадагшаа харагдахдаа Төр нэг өдөр очоод л гэрээгээ зөрчдөг, явж байсан хэлцлээ зогсоодог найдваргүй түнш болж харагдсан. Төр бол хамгийн муу менежер гэж нэг үг бий. Гэхдээ энэ үгэнд “үгүй” гэх хариуг танай үйлдвэрийн зүгээс ирж байгаа гэрэл гэгээтэй мэдээнүүд илтгэж байна. Танай баг шартай ч ажиллаж байх шиг байна.
- Бид боломжит бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, баялгийн сангийн хуримтлалыг өсгөх гээд олон зорилтууд бидний өмнө байна. Бас нэг хамгийн том чухал зорилт бол Засгийн газраас энэ оны хоёрдугаар сард батлагдсан Монгол улсад төмрийн хүдрийг боловсруулж, жилд 1.0 сая тонноос багагүй ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах шийдвэрийн хэрэгжилтийг хангахад өөрсдийн зүгээс шалтгаалах бүх нөөц боломжоо дайчилж ажиллаж байна. Гангийн үйлдвэр барих мөрөөдөл бол нийт Монголчуудын мөрөөдөл.
- Нэг сая тонн ган боловсруулах үйлдвэр шүү дээ. Мөрөөдөл мөн байлгүй яахав. Мэдээж эхлээд Төрийн өмчит энэ компанийн засаглалыг шинэ түвшинд гаргахаас эхэлж энэ ажил хөдөлсөн байх ?
- Анх Япончуудтай энэ үйлдвэрийн талаар яриа хэлэлцээр хийж байсан тухай өмнө хэлсэн. Дараа нь 2008 оноос энэ сэдэв дахин хөндөгдөж эхэлсэн. Яагаад гэхээр 2008 оноос Монгол улсын стратегийн ордуудын нэг Төмөртэй ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг манай үйлдвэрт эзэмшүүлсэн. Үүнээс хойш гангийн үйлдвэр барих төслийг үе үеийн Засгийн газрууд бодлогоор дэмжиж эхэлсэн. Миний хувьд өнөөдрийн нөхцөл байдал ган боловсруулах шинэ үйлдвэртэй болох олон талын зайлшгүй нөхцөлүүдийг бүрдүүлсэн “алдаж боломгүй алтан үе” гэж харж байгаа. Энэ цаг хугацаанд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 6000 ам. долларт хүрч байна. Олон улсын хэмжээнд тухайн улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 6000 ам.долларт хүрсэн үед ган боловсруулах үйлдвэр байгуулах эдийн засаг, нийгмийн урьдач нөхцөл бүрдлээ гэж үзэх жишиг бий. Олон жил ярьсан энэ төслийг одоо цаг алдалгүй эхлүүлэх нь чухал байна. Гэхдээ долоо хэмжиж нэг огтлохын сургамжийг мартаж болохгүй. Монгол улс төмрийн хүдрээ боловсруулж өртөг шингээх гангийн үйлдвэртэй болох ёстой биз дээ. Бид жилдээ 600-700 мянган тонн ган бэлдэц гаднаас авч байна. Гангийн үйлдвэртэй болчихвол энэ мөнгөний урсгал дотооддоо шингэнэ шүү дээ.
- Олон жилийн өмнө танай үйлдвэрийг удирдаж байсан Т.Ганболд захиралтай нэг биш удаа ярилцаж байлаа. Өөрөө зориуд явж дэлхийн том том гангийн үйлдвэртэй танилцлаа гэж ярьж байсан нь санаанд орж ирж байна.
- Сонирхолтой юм. Т.Ганболд захирал яг тань шиг залуу захирал ирж бидэнтэй уулзаж байсныг санаж байна гэж надад хүмүүс хэлж байсан. Миний хувьд ч сүүлийн үед олон улс орнуудын гангийн үйлдвэрүүдтэй танилцаж, төслийн судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааныхаа я эхлэлийг тавиад байна. Хоёулаа түрүүнд ярьсан. Одоо Монгол Улс яах ёстой вэ гэж. Мэдээж жилд гадагшаа урсаад байгаа 700-800 сая долларыг дотооддоо үлдээх л бидний зорилго. Манай үйлдвэр хүдрээ хагас боловсруулаад жилд 2-2.5 сая тонныг гадагшаа гаргаад ингээд байгаад байх уу, гангийн үйлдвэрээ барих уу.
- Уул уурхайн том төслүүдээ хөдөлгөхийн тулд бид дотроо олон арван жилээр хэрэлддэг. Хамгийн хэцүү зүйл энэ. Би таны адгалтыг маш сайн ойлгож байна. Одоо металлургийн анхны иж бүрэн том цогцолбор босгохын төлөө л энэ бүх ажлууд явж байгаа биз дээ? Бид ер нь чадах болов уу ?
- Тийм шүү дээ. Бид нар чинь яг үнэнийг хэлэхэд өөрсдөө ганц ч ийм том хэмжээний үйлдвэр барьж үзээгүй улс. Үнэнээс зайлж бултах арга байхгүй. Гэлээ гээд зүгээр суугаад байж болохгүй биз дээ. “Өндөр уулын хөтөл зорь, өргөн далайн олом зорь” гээд сургаал байдаг. Чадахгүй, мэдэхгүй, туршлагагүй гээд сууснаараа юу ч хожихгүй. Сул талаа хүлээн зөвшөөрөөд зөв төлөвлөлт хийгээд зүтгэхээс өөр арга байхгүй. Дэлхий даяар нийт домен зуух бүхий ган боловсруулах 500 гаруй үйлдвэр ажиллаж байна. Техник, технологийн сонголтын хувьд ямар ч хүндрэл бэрхшээл алга. Хамгийн гол нь энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон улсын хэмжээнд ажиллах төслийн удирдлагаар мэргэшсэн мэргэжлийн инженер, техникийн ажилчид, хуульч, эдийн засагч, санхүүчдийн баг л бидэнд дутагдалтай байна. Миний хувьд ганц ган боловсруулах үйлдвэрийн төсөл гэлтгүй бүх л бүтээн байгуулалтын мега төслүүдэд энэ хүндрэл бэрхшээл тулгарч байгаа гэж бодож байна.
- Хуульч, эдийн засагч, санхүүч үү ? Монголд хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэж байгаа мэргэжлүүд биш бил үү. Инженер, техникийн ажилчдын л эрэлд хатаад байна гэж хардаг шүү дээ.
- Тийм ээ, гэхдээ миний яриад байгаа хуульч, эдийн засагч нар нь наанадаж бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр ажиллаж үзсэн туршлагатай мэргэжилтнүүдийн тухай яриа юм. Ер нь олон улсад аж үйлдвэр, дэд бүтцийн барилга байгууламж, үйлдвэрийг EPC гэрээгээр барьдаг. Олон улсын хэмжээнд хэрэглэдэг EPC гэрээний үлгэрчилсэн загварууд байна. EPC гэрээний гол тусгай нөхцөлийг миний яриад байгаа хуульчид, санхүүчид, инженерүүд хамтарч сууж байгаад хийнэ. Тэгвэл тэр гэрээний тусгай нөхцөлүүдийг хийхэд инженерийн оролцоо 50 хувь, хуульчийн оролцоо 25 хувь, санхүүчийн оролцоо 25 хувь байж төсөл маань захиалагчийн хувьд ч, гүйцэтгэгчийн хувьд ч эрсдэл багатай болно. Яг энэ жишгээр ажиллах чадвартай мэргэжилтнүүд бол дутагдалтай л байна даа.
- Энэ бол маш том төсөл. Засгийн газрын хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа 14 мега төслийн нэг. Мэдээж надад гоё төсөөлөл харагдаж байгаа ч одоо энэ үйлдвэрийг хэн барих вэ гэхээр түгшүүр төрөөд байна ?
- Засгийн газар шийдвэрээ гаргасан. Одоо хэнд, хаана энэ төслийг манлайлж, эхлүүлэх бодит нөөц, боломж байна вэ гэдгийг үнэлж үзэхээр яалт ч үгүй манай үйлдвэр тэргүүнд нь эрэмбэлэгдэнэ.
- Тэр ойлгомжтой шүү дээ. Танайх биш өөр хаанах гэж ?
- Хөрөнгийн, хүний нөөцийн, түүхий эдийн нөөцийн гээд бодит шалгууруудаар үнэлэхэд бодит байдал бидэн рүү л хөтөлнө. Судалгааны түвшинд бидэнд багагүй хуримтлуулсан туршлага байна. Одоо сайн төлөвлөлт маш чухал. Бидний зүгээс гангийн үйлдвэрийг гурван үе шаттайгаар эрэмбэлж хэрэгжүүлэх төлөвлөгөө байна. Эхнийх нь бол түүхий эдийн найдвартай нөөцийг бэлдэх үе шат. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд өөрийн эзэмшлийн Төмөртэйн ордын нөөц нэмэгдүүлэх нэмэлт хайгуулын ажлыг олон улсын JORC стандартын дагуу гүйцэтгэж нэмэгдүүлсэн нөөцийн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Төмөртэй ордын хувьд Төмөртэй ордын төмрийн хүдрийн баттай нөөцийг 20.7 сая тонноор нэмэгдүүлснээс гадна соронзон хайгуулаар 251 сая тонн нөөц байгааг тогтоосон. Үүний үр дүнд ордын нөөц нийтдээ 272 сая тонноор нэмэгдэж, 486 сая тонн боллоо. Энэ нь зөвхөн манай компанийн төдийгүй, Монгол Улсын иргэдийн амьдралд урт хугацааны тогтвортой үр өгөөж авчрах чухал амжилт юм. Энэ нь тухайн ордын ашиглалтыг дахин 30 орчим жилээр уртасгалаа гэсэн үг. Хоёрдох үе шатанд бид төмрийн хүдрийг боловсруулах баяжуулах үйлдвэр, мөн баяжуулсан төмрийн хүдрийг аргалжлах аргалжийн үйлдвэрийг бага оврын коксын үйлдвэрийн хамт барьж байгуулна. Гуравдах үе шатанд бэлэн болсон аргалжийг хайлж ширэм үйлдвэрлэх домен зуухны үйлдвэрээ барьж байгуулна. Ингэж төмрийн хүдрээс шингэн ширмээ гаргаж авсны дараа бусад ган бүтээгдэхүүний шугамуудыг барьж байгуулах юм. Ингэж тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх нь төслийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болно гэж харж байна.
- Төмрийн хүдрийн нөөцийн хувьд хангалттай гэсэн үг үү?
- Хангалттай гэж хэлж болно. Жилд Төмөртэйн ордоос ихээр бодоход 4 сая тонн төмрийн хүдэр олборлоно гэж тооцоход 120 гаруй жил ашиглах нөөц бэлэн байна гэсэн үг.
- Гайхалтай...Гангийн үйлдвэр маань нийт ямар үнээр босох юм бэ ?
- Бид нар холбогдох судалгааг хийсэн. Судалгаагаар бол 650 орчим сая доллар болохоор урьдчилсан тооцоо гарч байна. Мэдээж энэ бол цахилгаан станц, ажилчдын орон сууц, дэд бүтэц гээд бүх зүйл багтсан үнэ.
- Энэ их мөнгийг хэн санхүүжүүлэх бэ? Зайлшгүй гадны хөрөнгө оруулалт шаардагдах юм байна даа..
- Одоогоор төслийн санхүүжилтийн зохистой хувилбарын судалгаа хийж байна. Хэн хаанаас санхүүжилтийг ямар хувиар шийдвэрлэх талаар ярихад арай эрт байна. Ер нь бол олон улсад хэрэглэгддэг төслийн санхүүжилтийн арга хэлбэрүүдийг бүгдийг л судалж байна. Толгой компани болох Эрдэнэс Монгол ХХК -ийн зүгээс тодорхой хэмжээний санхүүжилтийн дэмжлэг үзүүлж болох хувилбар яригдаж байгаа. Мэдээж Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрийн зүгээс бас тодорхой хэмжээний санхүүжилт гаргана. Одоо бид 2025 оны хоёрдугаар улиралд багтаад хөрөнгө оруулалтын санхүүжилтийн бүтэц, техник, технологийн судалгаа, урьдчилсан ТЭЗҮ-гээ боловсруулаад Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, ямар схемээр яаж энэ төслийг явуулах, хаанаас санхүүжүүлэх асуудлуудыг Засгийн газраас эцэслэн шийднэ.
- Одоо та нар яг энэ дээрээ толгой өөд татахгүй сууж байгаа юм байна. Үнэндээ нэг сайд давхиж очоод л одоо түргэлнэ шүү, энэ үйлдвэрийг л хийчих юм бол... гээд үүрэг өгөөд яваад байх нэг хэрэг. Яг хөрсөн дээрээ бол хэцүү байна шүү дээ.
- Хэцүүгээс хэдий болтол бид айх юм бэ. Хэзээ хийх юм. Шахаж шаардах нь дарга нарын зөв шүү дээ. Ер нь залуу хүний хувьд нэг бол алдаа дутагдлыг өмнөх рүүгээ чихчихээд, нөгөө бол ирээдүйд ирэх сорилт бэрхшээлтэй тулж гал атгахаас бэрхшээгээд асуудлыг ард хойчихдоо ацаглаж үлдээгээд амиа хоохойлж суумааргүй байна.
- Тэгэхээр танай компани “Үндэсний баялгийн сан”-д нийт 40 орчим тэрбум төгрөг төвлөрүүлж өглөө. Мөн Дархан-Уул аймгийн төсөвт гэхэд 31.5 тэрбумыг өглөө. Гэтэл өмнө чинь ийм том төсөл зогсож байна. Заримыг нь больж, энэ төсөл рүүгээ татах гэх мэт бодлогын өөрчлөлт хийгдэх ёстой юм биш үү ?
- Ашигтай ажилласан учраас хувьцаа эзэмшигч буюу Засгийн газарт ногдол ашгаа хуулийн дагуу хуваарилаад л явна. Харин тэр мөнгийг хэрхэн яаж зарцуулахыг УИХ, Засгийн газар шийдээд явж байгаа. Энэ жилийн тухайд бид ногдол ашгаа Баялгийн сангийн хуулийн дагуу Чингис хаан үндэсний баялгийн санд төвлөрүүлсэн. Хувьцаа эзэмшигч ногдол ашгаа хүртэх нь бизнесийн зарчим шүү дээ. Ер нь хувьцаа эзэмшигч буюу Засгийн газрын зүгээс төрийн өмчит компани, үйлдвэрүүдийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн төлбөрөө өмнөх жилийнхээсээ буулгахгүй байх шаардлага тавьж төлөвлөгөө баталж өгдөг. Бидний хувьд тэр төлөвлөгөөг аль болохоор давуулж биелүүлэхийн төлөө л ажиллаж байна. Мөн орон нутгийн төсөвт татвар хураамжуудаа цаг тухайд нь төлөөд явахыг хичээж байна. Өмчийн эзний хувьд Засгийн газар Гангийн төсөлд тодорхой хэмжээний санхүүжилтийг өөрөөсөө гаргахыг зөвшөөрвөл бид өөрсдийн нөөц боломжоо шавхаад ажиллана.
- Төрийн өмчид компаниудыг Төр ингэж үүргээр шахаад л зүтгүүлдэг, ашгийг нь хураагаад авчихдаг. Жишээлбэл, та бүхний өгсөн 31,5 тэрбумаар Дархан юу хийсэн бол...Улсын төсвийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр хариуцлагагүй, тооцоо судалгаагүй өдий төдий юм гарсныг бид бүгдээрээ харсан. Ярилцлага хийж байгаа надад харамлах сэтгэл төрж байхад та нарт ямар байдаг бол ?
Одоо тэгээд яалт ч үгүй ашигтай ажиллаж эхэлсэн компанийн хувьд улсынхаа ачааг үүрч л таарна шүү дээ. Улсын хууль тогтоомжийн дагуу татвар хураамжаа төлөөд явах нь зүй ёсны үүрэг хариуцлага. Ашигтай ажиллаж л байгаа бол улс, орон нутагтаа төлөх ёстой төлбөрөө төлөх ёстой. Ард иргэдийнхээ аж амьдралыг өөд нь татахын төлөө, улс эх орноо хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө төрийн өмчит компаниуд ч, хувийн хэвшлийнхэн ч бүгд зүтгэж байгаа. Бидний хувьд миний харж байгаа өнцгөөр бол Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт монголчуудын маань олон жилийн хүсэл мөрөөдөл болсон энэ Гангийн үйлдвэрийг өөрсдийнхөө хүчин чадлаар барих бүх боломж бололцоо нь бий болсон гэж харж байгаа. Тийм ч болохоор энэ том төсөл дээр манлайлал үзүүлээд ажиллах хүсэл эрмэлзэл надад байгаа юм. Мэдээж манай толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК энэ төслийг зангидаж авч явна. “Эрдэнэс Монгол” нэгдэл дээр технологийн паркуудыг хариуцсан бие даасан компани байгуулагдсан. Та мэдэж байгаа байх, “Эрдэнэс Монгол” нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зургаантехнологийн паркийг барьж байгуулах ажлыг хариуцна гэсэн үг.
- Энэ гэхдээ надад нэг л орооцолдсон, ойлгомжгүй, төвөгтэй бүтэц болгочих шиг санагдсан. Гангийн үйлдвэр чинь Төмөрлөгийн үйлдвэрээ түшиглээд байгуулагдаж байгаа биз дээ. Юун учир нь ойлгогдохгүй бүтцүүд гаргаад явчихав аа гээд зарим сайдаас асууж үзсэн. Төмөрлөгийн үйлдвэр дээр шүүхийн маргаан нь дуусаагүй болохоор болохгүй байгаа юм гэж хариулах юм. Энэ үнэхээр төвөгтэй санагдахгүй байна гэж үү ?
- Бид гангийн үйлдвэрийн төслийг аваад цаашаа явъя гэхээр танай шүүхийн маргаан дуусаагүй, хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудал тодорхой болоогүй байгаа учраас шууд танай руу өгч болохгүй байна гэсэн юм яриад байгаа. Энэ үнэн.
-Концессын гэрээ цуцалсантай холбоотой шүүхийн маргаан таны асуудал биш шүү дээ. Өнөөдөр ажил хийгээд зүтгэж яваа та бүхэнд ямар хамаатай юм бэ ?
- Тэр шүүхийн маргаан дууссан ч бай, дуусаагүй ч бай Монгол Улсад төрийн ажил явах ёстой гэдэг дээр би ч тантай санал нэг байна.
- Наадах чинь нөгөө л монголчуудын тамын тогооны атгаг санаархал орчихоод ийш тийш чангааж эхэлсэн тоглоом яваад эхэлсэн юм биш үү. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Төрд буцааж аваад ашигтай ажиллаад эхэллээ. Ер нь эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсантай холбоотой Гангийн үйлдвэрийг барих амбиц өөр газруудад бас байна гэж би харж байна. Энэ Засгийн газар эрээвэр хураавар бүтэцтэй хамтарсан Засгийн газар шүү дээ. Хэн нэг нь худлаа Гангийн үйлдвэр барина, барих гэж байна, эхлүүллээ...болж баахан пиар цацаж гүйх улс төрийн хонжоо бодож байхыг үгүйсгэх боломжгүй л харагдаж байна.
- Би тань шиг ингэж айхтар гүн хардаж бодохгүй байна. Бүгдээрээ таны хувилбараар бодъё. Гангийн үйлдвэр барих энэ төслийг өөр ямар нэгэн компанид өгчихлөө гэж саная. Өөр хэн нэгэн хаа нэгэн газар Гангийн үйлдвэр барих боллоо. Түүхий эдээ хаанаас авах бэ манайхаас л авна. Тэгэхээр ийш тийш чирч давхисан юм байхгүй байх. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр энэ төсөл дээр манлайлал үзүүлэх ёстой гэдгийг миний хувьд ч манай хамт олны хувьд ч ухамсарлаж байгаа. Мэдээж ,Засгийн газар шийдвэр гаргана. Монгол Улсын эрх ашиг бол энэ гангийн үйлдвэрээ түргэн барих шүү дээ. Үүний төлөө зүтгэх ёстой. Бүгдээрээ л зүтгэж байгаа. Тийм ч учраас цэвэр бизнесийн эрх ашиг, эрэмбээр асуудалд хандаж байгаа.Надад улс төрийн өнцгөөр нь харах шаардлага байхгүй. Би бизнесийн байгууллагыг удирдаж байгаа хүн.
- Дарханы Төмөрлөгийн үйлдвэр баахан өртэй байсан мэдээллүүд бий.Одоо үйлдвэр ашигтай ажиллаж байна. Өр авлагууд цэгцэрчихсэн үү ?
- Би өнөөдөр 1550 хүнтэй байгууллагыг удирдаж байна. Надад энэ үйлдвэрийг сайн сайхан авч явах, энэ үйлдвэртэй хувь заяагаа холбосон олон зуун хүмүүсийг цалинтай цавагтай байлгах үүрэг байна. Үүний төлөө л зүтгэж байгаа. Хувь хүн маань бас арагшаа эргэж хараад, тэр тэгсэн, энэ ингэсэн гээд яриад байх сонирхолгүй.
- Би бас олон нийтийн мэдэх эрхийг төлөөлж ажилладаг хүн шүү дээ. Дөчөөд тэрбумын өр байна гэж сонсогдож байсан. Та хариулчихмаар байна.
- Тэр 38 тэрбум төгрөг чинь 2024 оны хоёрдугаар хагас хүртэлх худалдан авалтын өр байгаа юм. Асуудлуудыг цэгцлээд шийдвэрлээд явсан.
-Төрийн өмчит компанийн засаглалыг шинэ түвшинд гаргаж ирж байгаа залуу захирлуудын нэг бол та. Ажил явуулахад хамгийн төвөгтэй юм юу байна. Одоо улс орны чухал эрх ашиг тээсэн том төслийн өмнө зогсож байна. Энэ бол монголын металлургийн салбарын үе үеийнхний мөрөөдөл шингэсэн төсөл.
-Ер нь бол боловсон хүчний асуудал маш хүнд байна. Та аль аль талаас нь өөрөө мэдэж л байгаа. Улс төрийн томилгоонууд аль ч цаг үед байдаг л байх. Гэхдээ миний хувьд аль болох тийм шахааны хүн авахгүй явсны үндсэн дээр л би өнөөдрийн түвшинд ажиллаж байгаа. Би 2024 оны долоодугаар сарын есөнд томилогдсон. Ажлын сүүлийн өдөр байсан. Наадмын амралт эхэлж байсан. Долоодугаар сарын 16-нд ажил эхлэхэд би бүх газрын дарга нараа дуудаж уулзсан. Хэдэн тоо асуухад л тоогоо хэлж чадаагүй, юмаа мэдэхгүй байгаа байхгүй юу. Ажлынхаа статистикуудыг мэдэхгүй. Ажлаа мэдэхгүй байсан. Тэгээд л “...за больё, ахлахаа дуудчих” гэж байгаа юм. Гэтэл тэр дарга нарын дор ажиллаж байгаа мэргэжилтнүүд нь асуудлаа мэдээд байна. Агуулгаар нь харвал дарга нар нь ажил хийдэггүй, ажлаа мэдэхгүй юм чинь доодох хүн нь яаж ажил хийх юм бэ? Тэгээд л ажлын шаардлага тавьж эхэлсэн, оронд нь итгэл даадаг, ачаалал даадаг, ажлаа сайн мэддэг хүмүүсийг авчирч ажиллуулахыг хүссэн. Тэгэхгүй бол энэ ажил явахгүй. Би идэвхтэй, ажил хийж чаддаг, эрч хүчтэй хүмүүстэй ажил хиймээр байна шүү дээ. Дотоод өгөгдлийн нөөц бололцоог нь, боловсролыг нь, зарчмыг нь мэддэг хүнтэй ажиллах ёстой. Ер нь энэ төрийн өмчит компаниудад шийдвэр гаргадаг хүмүүс байдаггүй. Хариуцлага хүлээх дургүй. Дараа нь асуудалд орно гээд бүгд айдастай болчихсон. Тэр айдастаа идэгдээд бүгдээрээ эрч хүчгүй, ажлаа чин сэтгэлээсээ хийдэггүй, бэмбэгэр, бөөрөнхий хүмүүс болж хувирсан байгаа тал их ажиглагдаж байна. Жишээ нь, манай компани чинь сүүлийн гурван жил улс төрийн хэрүүл дунд өнхөрлөө. Үе үеийн захирлууд нь шалгагдаад л, хариуцлагад татагдаад л ...тэгсээр байгаад энэ хүмүүсийн зүрх нь үхчихсэн. Би тэдний сэтгэл зүйн энэ байдлыг ч тооцох ёстой. Тийм ч учраас Дарханд ирээд л тогтвор суурьшилтай ажиллана гээд ажилдаа шаргуу орсон.
- Сүүлийн хагас жил компанийн борлуулалтын орлого өсөж, мөнгөн урсгал тогтворжсон. Импортыг орлох бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, экспортын чиглэлд ахиц гарсан. Богино хугацаанд хийж чадсан энэ амжилт тань Ган боловсруулах төслийг эхлүүлэх том амбицыг өгчээ. Энэ бол гайхалтай зүйл. Тэгээд одоо манлайлаад яваад орооч... Саад байх ёсгүй шүү дээ. Таныг үүрэг хүлээж авахаас өмнөх шүүх дээр байгаа асуудлууд, улс төрийн шийдлүүд энэ бүхэнд хамаагүй гэж л бодож байна...
- Мэдээж хэрэг том төслийг хэрэгжүүлэхэд компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох нь нэн тэргүүний чухал асуудал. Энэ ч үүднээс олон талын арга хэмжээг авч ажиллаж байна. Бид 2024 онд 291.7 тэрбум төгрөгийн орлого олж 52.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж өнгөрсөн оны үзүүлэлтээ 30%-иар өсгөж чадсан. Харин 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар 124.0 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олохоор төлөвлөснөөс гүйцэтгэлээр 126.0 тэрбум төгрөгийн орлого олсон бол 11.0 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 18.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах урьдчилсан тооцоотой байна.
- Саяхан л Монголросцметметээс баривчлагдаад гарч байсан, АТГ-аас шалгагдаж хоригдож байсан До.Ганболд гангийн төслийн ажлын хэсгийг ахалж байна ч гэх шиг сонирхолтой мэдээлэл сонсогдсон.
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн л мэдээ явж байх шиг байна. Нэг тодорхой зүйл нь тэр хүнийг би ямар нэгэн албан тушаалд томилоогүй, сайн мэдэхгүй хүн. Эрдэнэс Үйлдвэр Технологийн Парк компани дээр байгаа гангийн төслийн нэгжийн удирдлагаар томилогдсон гэж сонссон.
- Та хэчнээн дургүй байгаа ч сэтгүүлч бид янз бүрийн л өнцгөөр асуух ёстойг бас ойлгоорой.
- Ойлгож байна.
- Та Дарханд нүүгээд ирсэн үү. Аймаг орон нутагт чемодантай захирлууд ирчхээд, явчихдаг гэж хүмүүс итгэл муутай хардаг болчихжээ. Тэгээд л асууж байгаа юм.
- Хүмүүс намайг Улаанбаатар Дархан хоёрын хооронд давхиад л хоёр нутагтан шиг ажиллаж амьдардаг гэж боддоггүй байх. Яг үнэндээ тэгж амждаггүй юм. Дархан хот бол амьдрахад таатай сайхан газар шүү дээ. Томилогдож ирснээсээ хойш суурин л байна даа. Хааяа ажлын шаардлагаар яам тамгын газарт дуудагдаж хотод очиж ажиллах шаардлага гардаг.
- Надад цаг гаргаж, илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танай үйлдвэрийн хамт олонд амжилт хүсье.
- Баярлалаа.
Гангийн үйлдвэрийн төсөл хэрхэн явж байгаа талаар та нартаа байнга мэдээлж байх болно. Энэ удаагийн бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөлөө.
Сэтгүүлч Б. Ганчимэг