Одоогийн Төрийн тэргүүн тээр жил АНУ-д төрийн удирдлагын  мэргэжлээр их сургууль дүүргэчихээд Монголдоо ирээд Нүүх үү, үлдэх үү? хэмээх цуврал лекцээ уншсанаас үүдэн надад XXI зуун: Таамаглал, төсөөлөл номоо (2007 онд хэвлэгдсэн) бичих санаа төрж билээ. Мань хүний лекцэнд хэд хэдэн чухал санаа байсан.

  • Амьд хүн бүтээх технологийн их зуун айсуй;
  • шинжлэх  ухаан–технологийн их хурд 10-20 жилд хөгжлийг асар өндөр түвшинд хүргэж, бидний амьдралыг орвонгоор нь өөрчлөх тухай; 
  • хөгжлийн гарц зөвхөн мэдлэгт тулгуурласан аж үйлдвэр болох тухай; 
  • тоон технологийн ертөнц; 
  • хүн төрөлхтний хөгжлийн хүрдийг эргүүлэхэд “Гурван Т” (IT-Мэдээллийн технологи; ВТ-Биотехнологи; NT-Нанотехнологи);  
  • эдгээр дээр нэмээд ЕТ-Байгаль орчны технологи хурдаа авах тухай; 
  • нанотехнологи нь гол эргэлт болж, ХХI зууны шинжлэх ухааны хөтөч байх тухай

гэхчлэн яриа 2004 онд олон монгол хүнд мэдээлэл–соён гэгээрлийн гэрэл гэгээ авчирч, нэгийг бодогдуулах шиг болсон юм. Энд дээрхи лекцтэй зориуд холбох ёстой өөр нэг маш чухал эшлэлийг дурдах нь зүйтэй.
 
  • Бид өнгөрсөн үе рүүгээ гүүр тавих хэрэггүй
  • Бид ирээдүй рүүгээ л гүүр тавих ёстой хэмээн Билл Клинтон хэлсэн байдаг.

Гэм нь ноён Элбэгдоржийн Нүүх үү, үлдэх үү? цуврал лекцийг олон хүн мартчихаад явж байх шиг. Тиймээс эргэж сануулъя, тодруулга хийе гэж шийдээд гарчгaa тийм өвөрмөцөөр сонголоо.  Инновацийн эдийн засаг, аж үйлдвэржилтийн дараахи нийгэм, цоо шинэ дээд эрэмбийн  технологи болох метатехнологийг хэрэглэж байж л улс хөгжих нь гарцаагүй болж буй тухай би Нүүх үү, үлдэх үү? лекцээс сэдэвлэн цааш нь баяжуулан буулгаж байна.

Судлаад үзэхнээ бүр 1979 онд метатехнологи гэх тэр нэр томъёо Шведээс цууриатаж, ийм технологиор XXI зуун урагшлан хөгжих тухай зөгнөлт бүтээл хэвлэгдэж түүнд нь шинжлэх ухаанч иргэншил (Scientific Civilization) гэх төсөөлөл анхлан түгсэн байх юм билээ. Технологийг бүтээх технологи; технологийг хөгжүүлэх технологи; технологийг нэвтрүүлэх  технологи буюу дээд эрэмбийн тэр л технологи дэлхий дээрхи иргэншил, соёлуудыг даван шинжлэх ухаанч шал өмнөө иргэншлийг хүн төрөлхтөнд авчирна хэмээн Шведэд цугларсан эрдэмтэд шуугиж байв. Шинжлэх  ухаан–технологийн хөгжлийн их хурд нь яван явсаар технологийг өөрийг нь бүтээдэг цоо шинэ технологийн эрин үедээ очих юм байна л даа.

Хүн төрөлхтөн өмнөх олон мянган жилийн түүхийнхээ явцад технологийн системийн бүтцийг өөрчилсөн хоёр л хувьсгал хийсэн байдаг бол бидний XXI зуун технологийн хөгжилд цоо шинэ эрин үеийг эхлүүлсэн дараагийн хувьсгалаа хийж эхлээд байна. Инновацийн эдийн засаг гэдэг маань түүний бодит биелэл нь. Энэ дэлхий маань технологийн хөгжилд бүрэн барьцаалагдаж, улс үндэстний бүрэн эрх дарх, хил хязгаар, аюулгүй байдал, үндэсний онцгойрол нь цэрэг зэвсэг, эх оронч үзэл, үндэсний соёл урлаг, шашин шүтлэгээр бус, технологийг хэн түрүүлж өрсөж эзэмшсэн, хэн түүнийг залж чиглүүлж байгаагаар хэмжигдэх боллоо.

Даяаршил, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, ерөөсөө технологийн хөгжилтэй холбоотойгоор дэлхийн геоэдийн засгийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Хүн төрөлхтөн өнөөдөр аж үйлдвэржилтийн нийгмээс мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдээллийн технологи, үйлчилгээний салбар давамгайлсан аж үйлдвэржилтийн дараахи  нийгэм рүү (Post–Industrial Society) шилжиж байна. Дэлхийн эдийн засгийн тогтолцоо, өрсөлдөөнд цоо шинэ дүр зураг ажиглагдаж эхэллээ. Олон улсын шинжтэй үйлдвэрлэл–технологийн өсөлтийн шинэ төвүүд бий болж байна. Эдгээр төвүүдэд нэр нь үл мэдэгдэх тэрхүү метатехнологийг бүтээж нэвтрүүлж эхэллээ. Үлгэрлэвээс европын эрдэмтдийн бүтээсэн эгэл бөөмийг гэрлээс илүү хурдан дамжуулсан хурдасгуур хоолой гэх мэт тодорхой том төслийн хүрээнд судалгаа шинжилгээ–туршилт–зохион бүтээх үйл ажиллагаа–үйлдвэрлэл–борлуулалт–үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээг цогцоор нь нэгтгэсэн цоо шинэ технологи гэсэн үг. Түүнийгээ бүтээгчид нь метатехнологи гэж нэрлэжээ.

Миний ойлгосноор бол аж үйлдвэржилтийн дараахи шинэ нийгэм болох шинжлэх ухаанч иргэншлийг буй болгож буй хэдхэн орнууд л метатехнологийг хэрэглэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлж баталгажууллаа. Яг одоогийн байдлаар өндөр хөгжсөн 10 хүрэхгүй улс орон  метатехнологийг голлон эзэмшиж байна. Тоолбол тэд дэлхий дээр одоогоор 50  метатехнологи бүтээгээд байгаа ба түүний  20-22-ийг АНУ, 8-10-ыг Герман, 7-г Япон, 3-5-ыг Британи, Франц, 1-2-ыг Швед, Норвег, Итали, Швейцарь тус тус эзэмшиж байна.  Метатехнологийг эзэмшиж, нэвтрүүлж, хэрэглэж байгаа бол тэр улстай бусад улс өрсөлдөх боломж бараг байхгүй гэж эрдэмтэд үзэх болжээ.  

XXI зуун Хятадын зуун болно, Азийн зуун болно гэх таамгийг метатехнологи өөрчилж байж болох юм. Энд метатехнологиос web–технологийг нь салгаад аваад үз. Microsoft, Apple, түүний iphone5, ipad, мөн Facebook, Twitter, LinkedIn, Wi‑Fi, youtobe-г хятад хүний оюун тархи яагаад бүтээж чаддаггүй юм бэ гэх энгийн асуулт тавиад хариулт хайгаад үз. БРИКС гэх эдийн засгийн бүлэглэл  АНУ–Европ–Японыг давж хөгжинө гэж таамаглахад метатехнологи шал өмнөө төсөөлөл өгөхөөр байна.

Энд би уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, үйлдвэр хэрэггүй гэж бичиж байгаа хэрэг биш, манай мэтийн жижиг улс, манай авсаархан эдийн засаг цаг хожихын тулд өсөлтийн дээрхи шинэ төвүүдтэй хугацаа алдалгүй хамтран ажиллах хэрэгтэй, нэр дурдсан улсуудад илгээж буй оюутнуудаа метатехнологи руу чиглүүлэх, тийм төвүүдэд ажиллуулах, дадлагажуулах нь нэн тэргүүний зорилт хэмээн хэлэх гэсэн юм. Дээд эрэмбийн технологи эзэмшчихсэн энэ цөөхөн монгол хоёр их аварга гүрний дунд харин ч мөнгөөр ёстой нэг  тоглож өгөх бус уу?  

Зөвхөн эдийн засаг гэлтгүй хүмүүний бүх амьдрал, нийгмийн бүх харилцаа, бараг байгаль дэлхийн үзэгдэл юмс тэр чигээрээ мэдлэгт суурилахаас өөр гарц XXI зуунд байхгүй тухай дэлхийн ирээдүйч эрдэмтэд хангалттай нотлон бичдэг. Тэдгээрээс маш чухаг нэгийг нь  эшлэе.
 
  • Хэзээ ч ийм олон улс орон зах зээл, хил хязгаар, оюун санаагаа дэлхий ертөнцөд нээж байсангүй. Дэлхий ертөнцийг технологийн хөгжил улам жижигрүүлж, шинжлэх ухааны хуруун дээр эргэлдэх жижигхэн бөмбөлөгтэй адилхан болгожээ!   

Арван хэдэн жилийн тэртээ  АНУ-ын нэгэн улс төрч энэ мэргэн онч үгийг олж хэлжээ. Хоёрхон өгүүлбэр хэрнээ XXI зууны хөгжлийн хэтийн төлөв, тавиланг заагаад өгчихөв үү гэлтэй. XXI зууны дэлхийн ертөнцийн ирээдүйг энд би баргар талаас нь бус, Монгол мэт жижиг улс үндэстэнд хатуу тоглоом шүү гэдэг эрсдэл талаас нь дүрсэлж, Мэдлэгт суурил! Түүний гол түлхүүр бол метатехнологи шүү! хэмээх уриалгыг эвлүүлэн бичлээ.

                  2013.06.07