Анхны тоо /prime number/ -ны албан тодорхойлолт нь “Зөвхөн нэг ба өөртөө хуваагддаг эерэг бүхэл тоо”. Гэхдээ ингээд хэлчихээр хүмүүсийн 90 хувь нь ойлгодоггүй. Бас сурагчдын 90 хувь нь ч ойлгодоггүй учир багш заавал самбарт нэмж тайлбарлаж өгдөг юм. Харин “Юунд ч хуваагддаггүй тоо шдээ” гээд хэлчихвэл бүгдээрээ “ооон ингээд л хэлчихгүй дээ” гээд 2 3 5 7 11 13 17 19 23 ... гээд үргэлжлэх юм байна гэдгийг төвөггүй ойлгочихдог. Мэдээж ингээд хялбархан хэлчих гэхээр эрдэмтэн багш нар нь дургүйцнэ, “Чи математикийн талаар худлаа боль, наадуул чинь өөртөө хуваагдана, бас 1-т хуваагдана бла бла..”. Асуудал юунд вэ гэхээр жирийн олон нийтийн хар ухаанд тоог өөрт нь хуваах, эсвэл 1-д хуваах ямар ч хэрэгцээ шаардлага ч байхгүйд юм. Тоог өөрт нь болон нэгт хуваах шаардлага математикийн шинжлэх ухаанд л бий. Эрдэмтэд нь “нэг ба өөртөө хуваагдах” талаар онолдоод эхлэхээр угаасаа хэн ч сонирхож сонсохгүй. Ингээд л нийтээрээ анхны тоо гэж юу болох талаар ойлголтгүй үлдэж, олны тархинд үлдсэн хоосон зайд нь лам, бөө, инфлүүсрүүд “ер нь амьдралд синус косинус хэрэггүй” гэсэн номлол түгээж, нийтээрээ харанхуй болох замдаа орцгооно доо. 

Гэхдээ энэ удаагийн бичвэр бол анхны тооны талаар бишээ. Улс төрийн баруун ба зүүн төвийн үзлийн ялгааны талаар “анхны тоо бол юунд ч хуваагддаггүй тоо” гээд хэлчихдэг шиг л товчхон, энгийн, хялбар ойлголт өгөх гэсэн юм. 

Маш товчхондоо зүүн төвийн үзэл гэдэг нь “Амьддаа биенээ хайрлая” гэсэн утгатай бол баруун төвийн үзэл нь “Аминдаа арчаатай байцгаая” гэсэн утгатай юм. Мэдээж хэрэг аль нэг үрүү нь туйлшрахгүй бүгдээрээ л биенээ хайрлаад, аминдаа ч арчаатай амьдрах хэрэгтэй. Гэхдээ өнөөгийн нийгмийн асуудал нь “биенээ хайрлахгүй” байснаас болсон уу “аминдаа арчаагүй” байснаас болсон уу гэж асуувал арай нэг өөр бодол төрөх вий.

Жишээ нь ядуурлаас гарахын тулд төрөөс халамж тараах нь зүүн, бүгдийг ажилтай байлгаж бизнэсийг дэмжих нь баруун төвийн үзэл. Халамж, ажил аль аль нь хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ манайд аль нь арай хэтрээд, арай нэг тийшээ хэлбийгээд байгааг бодоод үзэх хэрэгтэй.

Спортын хувьд медаль авч улсын нэр гаргах нь зүүн, спортоор хичээллэж бүгдээрээ эрүүл бие бялдартай байх нь баруун төвийн үзэл гэж болно.

Төрийн нэр хүндийг илүү дээдлэх нь зүүн, хувь хүний аж амьдралыг илүүд үзэх нь баруун төвийн үзэл. Баячуудаас татвар өндөр авч ядууст халамж тараах нь зүүн, бизнэсээс татвар бага авч дэмжин ядуусыг ажилтай байлгах нь баруун төвийн үзэл.

Ерөнхийдөө зүүн төвийн үзэл нь илүү прогрэсив, илүү “хэнхэг” маягийн үзэл юм. Жишээ нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмждэг, хүн зөвхөн эр эм гэсэн хоёр хүйстэй биш, илүү олон хүйсийн спэктрум бий хэмээнэ. Баруун төвийн үзэл нь илүү консэрватив, илүү “байгаа юм байгаагаараа л байг” гэдэг үзэл. Жишээ нь эр нь эрээрээ, эм нь эмээрээ л байг гэнэ. 

Зүүн төвийн үзэл нь ёс суртахуун, өөдрөг мөрөөдөл дээр тогтдог бол баруун төвийн үзэл нь хүний мөн чанар, хомосапиэнсийн төрөлхийн байгалийн өгөгдлийг илүүд үздэг. Иймээс ч зүүн төвийн үзэл нь “Төрд буй хүмүүс өндөр ёс суртахуунтай байж, төрийн мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой” гэж үздэг бол баруун төвийн үзэл нь “Төрд буй хүмүүс өндөр ёс суртахуунтай байх боломжгүй учир төр аль болох бага мөнгө зарцуулах ёстой” гэж үздэг.

Зүүн төвийн үзэл хэтрэхээрээ хүнийг маш ёс суртахуунтай амьтан хэмээн хэт өөдрөгөөр мөрөөдөж “чадлын хэрээр хийж хэрэгцээний хэрээр авна” гэдэг комунизм болчихно. Баруун төвийн үзэл хэтрэхээрээ хүн угийн байгалийн амьтан учир хүчтэй нь ялж, хүчгүй нь мөхөх тавилантай, тиймээс сул дорой хүмүүс, сул дорой үндэстэн мөхөх жамтай гэсэн нацизм болчихно. 

Орчин үед баруун, зүүн гэж хэт ялгарах нь больж, олон янзын үзэл санаа холилдож байгаа ч бид бас нэг луужинтай, баримжаатай байх нь зүйтэй билээ. Үнэндээ яг Англи, Америкт бол баруун, зүүн хоёр нам нь 51/49 -ийн л ялгаатай шахуу. Англи, Америкийн хамгийн зүүн төвийн намууд ч манай хамгийн баруун төвийн гэгддэг намаас илүү баруун үзэлтэй байгаа. 

Өнөөдөр Монголд гол эрх баригч нам өөрийгөө зүүн төвийн үзэл баримтлалтай гэж тодорхойлсон. Арай дөнгүүр нэр хүндтэй шинэлэг гарч ирж буй ХҮН бас л зүүн төвийн гэж өөрсдийгөө зарлав. Ардчилсан нам харин хэдий өөрсдийгөө баруун төвийн нам гэдэг ч энэ үгийг ихэнх гишүүд нь ойлгоогүй бөгөөд зөвхөн МАН -аас ялгарч буй текст төдий л байна. Баруун төвийн гэж өөрсдийгөө хэн ч зориглож зарлахгүй байна, “барууны неоколончлогчдын нам” гээд нийгэм ойлгочих вий гэдэг ч юмуу. Эсвэл төрийн халамж багасгана гэж хэлээд оноо алдахаасаа эмээдэг ч юмуу. 

Ардчилсан нам хүссэн хүсээгүй баруун төвийн үзэл гэдгээ тунхаглаж, МАН-аасаа ялгараад цаашаа явах биз. Гол нь баруун төвийн үзэл гэдгээ нийтэд тодорхой ойлгомжтой хэлээд өгчихмөөр байгаа юм. Жишээ нь “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов” гэдэг зүйр үг л өөрөө маш баруун төвийн үзэл шингэсэн үг. Монголчууд япон, солонгос, хятад шиг нэг хүн нийгмийн эд эс болоод хамтдаа, социалист маягаар амьдардаггүй, ази тивдээ лав хувь хүний индивидуал хамгийн хүчтэй үндэстэн. Уг нь заавал зүүнээрээ уралдаад байхгүй баруун төвийн үзэл дэмжигчид маш олон байгаа, гэхдээ түүнийгээ л олж хараагүй хэрэг.