Оцойсон Монгол
Баярын сэтгэгдэл
Гараан дээр эргэцэж байна
Гараа гээд нэг зураас байдаг. Гүйгчид зураасны ард ирээд гар хөлөө суллаад эргэлдээд байдаг. Тэгснээ тонгойж, гараа газар хүргээд оцойдог. Дохионы буу пан хийвэл урагшаа чавхдан гарахад бэлдэж байгаа нь тэр.
Бид нар шинэ жил болгоноор “хөгжлийнхөө гараан” дээр зогсож байдаг даа ккк. Уг нь нээх шоололтгүй хөөрхий, гараан дээрээ ч баймар болох нь болж байгаам. Харин хөл гараа суллаа л эргэцээд байгаа улс. Урагш хөдөлж өгдөггүй. Харин маргаашнаас эхлээд дохио хүлээн оцойдог руу гаа орно.
Маргааш манай улс Оюутолгойн дараа хоёр дахь чухал хөрөнгө оруулалтын гэрээгээ зурах гэж байна. Магадгүй үнэхээр аварга том гэрээ биш байж болно. Гэхдээ “монголчууд хүн шиг гэрээ хийж байна хар даа!” гэж дэлхий даяар зарлан тунхаглах гэж байна. Тийм болохоор энэ бол түүхэн өдөр.
Бөөснөөс Франц хүртэл
Ер нь ураны уурхай нээж ашиглахаас айх нь өөрөө дэлхийн шившиг билээ.
Хятадууд үсний боолтонд бөөс шингээж монгол руу явуулж байна, эсвэл өмсөхөөр өсгийг нь хатгачихдаг хор шингээсэн бичил зүүтэй таавчиг явуулдаг гэх мэтэд итгэдэг хүмүүс бий. За энэ ч бүр хүүхдийн санаа байх. Жинкэн хашрууд нь бол Билл Гэйтсийн сан өөрийн лабораторидоо үхлийн вирус үржүүлээд, тэрийгээ дэлхий даяар вакцин гээд тараадаг тухай ярьцгаадаг.
Гэхдээ бид арай ч бүгдээрээ ийм гурван настай балчир хүүхэд шиг биш болохыгоо маргааш харуулна.
Уран олборлож эхлээд л шууд Хирошима, Нагасаки, Чернобыль шиг цацрагийн хордлогод ороод бүгд хоёр толгойтой болж үхнэ гэдэг юм их олон жил явлаа. Улсуудын нарийн хэлж байгаагаар 28 жилийн турш маш зохион байгуулалттай, маш их санхүүжилттэй, мөн хэзээ унтрахгүй цурман түймэр шиг оршсон аж. Угаасаа уран олборлоод хэн ч хордож үхэхгүй юм чинь тэднүүс "Монголчууд минь уранд хордоод үхчих вий" гэж бодоогүй нь тодорхой. Харин хоёр агуу хөршийнх минь дундуур хаа байсан барууны, Францын сонирхол орж ирэх гээд байгаа хэрэг. Хоёр настай жаал шиг хөдсөн дээлтэй тэнэг балчирхан монголчууд тэр хэвээрээ л пөөнийгөөд байж байхгүй үхсэн үлийгээ хийж гуравдагч орон оруулж ирэх гээд байгаам бэ уурлаж байгаа нь тэр.
Дэлхийн хамгийн аймшигт, хүчирхэг, аварга том дарангуй улсууд шүү дээ базарваань. Харин бяцхан Монгол маань гуравдагч хөрштэй харилцах гэж амь нас юүгээн хэдэн мянгаар нь өргөж, үндэстний сор болсон хөвгүүдээ ч хайлуулж 100 гаруй жил холбирохдоо холбирч, залбирахдаа залбирч ирсэн юм. Автономит Монголын Засгийн газрын сайд нар Англи, Герман, Франц, Белгийн Элчин сайдын яамдын үүдэнд хонож, нөгөө хэд нь Оросод өгсөн амлалтаасаа болж хаалгаа тайлж өгөхгүй байсан бодохоос өр урагдам түүхтэй. Ийм байхад харийнхантай нийлж, Монголынхоо эсрэг мятрашгүй тэмцэнэ гэдэг бас сонин хувь заяа юм даа. Хаанаас нь ч харсан, туурга тусгаар улс юм бол хэнтэй харилцах, яахыгаа бусдаар заалгах учир утга байх ёсгүй гэдэгтэй бүх монгол хүн санал нийлэх байх аа. Яг л 1945 оны Тусгаар тогтнох санал асуулга шиг. 99,9 хувиар ялан дийлж байсан ардчилсан сонгууль дэлхийд өөр байхгүй. Бид эх орондоо хайртай!
Пээс ба талархах шалтгаан
Мэдээж цацрагийн хордлого аймар. Гэхдээ Монголдоо уран олборлоод шар нунтаг үйлдвэрлэн гаргахад тийм цацраг үүсдэг юм бишээ гэж мянга хэлээд ерөөсөө сонсогдож өгөөгүй. Нөгөө хэд маань сонсогдуулахгүйгээр яндангаа цоолсон машин шиг тасралтгүй орилуулж ирсэн. Харин эрдэмтдийн яриа нь чааваас осгосон ишигний дуунаас ч сул байв. Онгоцыг хараад “хадаас нь байвал хийчих л юм байна” гэлцэж байсан нь мөн 100 жилийн өмнөх монголчууд. Тэрнээсээ нэг их хөгжөөгүй юм шиг гуниг гутралд автаж байсан он жилүүд. Дээрх 28 жил бол манай нийгмийн соёл, харилцаа, сэтгэл санаа хамаг юмны пирамидын оройд “таавчигчид”, “Билл Гэйтсийн вирусчид” сандайлсан харанхуй он жилүүд билээ. “Пээс” дээр ганц гөвүүлээ л бандаашиндаа орчихдог улс төрчдийн дундаас зүрхэлж уран ярих ч хүн алга болчхсон! Ийм ч болохоор энэ гэрээг хийж буй өнөөдрийн Н.Учрал болон түүний өмнө энэ үйлсийг эхлүүлсэн бүх хүмүүст талархаж байгаа юм. Эцсийн эцэст шинжлэх ухаан ялж байгаа ч юм шиг, тэртээх хав харанхуй христчдэд шатаалгасан Жордано Бруногийн сүнс баярлаж байгаа ч юм шиг.
Гараан дээрээ оцойх нь оцойчлоо
Бид осолгүй хэдрэх нөмрөг, идэх талхтайгаа боловч яг сайхан амьдрах гэхээр юу юу ч гүй болцон ард түмэн шүү. Алхах гэхээр гутал нь улгүй, хурдлах гэхээр машин нь дугуйгүй. Урдаа овоорсон шороог зайлуулах хүрзгүй. Энэ бүхнийг мөнгөөр шийднэ. Бид яаж ийж байгаад мөнгө л олох ёстой. Харин тэрний цорын ганц зам нь уул уурхайгаа ашиглах. Уул уурхайгаа ашиглах хамгийн тааламжит хувилбар бол барууныхантай хамтрах. Баярлалаа Франц орон!
Оюу толгой бол Монголын аврал. Анхных учир цөөнгүй гэнэн шийдэлтэй гэрээ. Бид маргааш хоёр дахь боломжоо нээх гэж байна. Гэрээний нөхцөлүүд интернэтэд элбэг явж байна, хараарай. Эсвэл энэ нийтлэлд дэлгэрэнгүй бичжээ. Аргагүй “юм үзсэн хүн шиг” гэрээ хийж чадсаныг та эндээс хар. Яаж ч зангаад Монгол ашигтай гарна!
Бид дөнгөж хоёр дахь гэрээгээ ийнхүү хийх гэж байна. Дөнгөж хоёр дахь! Оцойж байхад оросууд ирээд өшиглөчдөггүй л юм бол бид гараанаасаа гарах нь гарна. Өшиглөх гэж соёлтой жишээ авлаа. Соёлгүй хүмүүсийн тухай соёлгүй жишээ ч авуул авна. Хөөрхий бид гараан дээрээ ийнхүү оцойх нь оцойлоо. Ахиад гурав дахь, дөрөв дэх... арав дахь том гэрээгээ хийх үед бид өнөөдөр 2010 оноо халаглан дүрсэлж ярьдаг шиг нэг хүнд ногдох манай ДНБ “6000-хан” доллар хүрч байсан 2025 оныгоо өрөвдөн дурсах болно.
Tugs
ЗОЧИН
Зочин
Зочин
Зочин
555
Бат инженер
Оросыг сулруул
Зочин
showman
Зочин
Ж.Бат