АВТОНОМИ ба ХАЛХГОЛ: 100 ба 80


Нэг. Автономи 100

Энэ жил хоёр чухал ой болж байгаа юм. Нэг нь сүр дуулиантай тэмдэглэж буй “Халх голын ялалтын 80 жилийн ой”. Нөгөөх нь чимээгүйхэн өнгөрөөж байгаа “ Гадаад Монголын Автономитийг устгасны 100 жилийн ой”, энэ хоёр болно.

    Энэ хоёр үйл явдал сонирхолтой “нэгэн цэг”-ээс улбаалан салаалдаг. Тэрхүү “нэгэн цэг” бол 1907 оны Орос-Японы нууц гэрээ юм. Энэ гэрээгээр яасан гэхээр, Манж Чин улсыг унахаар (унагаахаараа?) умарт болон зүүн хойт нутгийг нь хэрхэн хуваан (булаан?) авахаар тохирчээ. Энэ тохирооны хүрээнд Оросууд өөрийн авах хэсэг дээрээ Богд хаант, автономит Монгол болон БНМАУ-г байгуулж,харин япончууд Манж Го байгуулан тогложээ. Сүүлдээ нөлөөний бүсийнхээ заагийн маргааныг “БНМАУ ба Манж Го улсын хилийн мөргөлдөөн” зохион байгуулж, байлдуулан тоглох маягаа шийджээ.

     Цаашаа ярихын өмнө хэдүүлээ хэдэн “үнэн” дээр санаа нийлэх ч юу байхав, үнэн гэдэг ямар хүний санаанаас хамаарах биш: бодит байдалтай танилцаад цаашаа явцгаая. Энэ бодит байдал олон хүний санаанд нийцэхгүй л дээ, тэглээ гээд бодит бус болчих биш. 

   Автономио устгах хүртэл түүхийг хэдхэн үгээр хэлээд өгье. Манжийн хаад  Гадаад Монголын төрийн санхүүжилтийг үндсэн нь хариуцахын зэрэгцээ, нутагт нь хятадуудыг оруулахгүй, бэлчээрийг тариалан болгохгүй байх талаар Халхын өмнө хүлээсэн үүргээсээ ХIX, XX зууны заагаар ухарсан юм. (Сонирхуулахад, 1990 оны хүртэл БНМАУ-ын төсөв8 хөрөнгө оруулалтын 80 хүртэл хувийг Зөвлөлтийн зээл эзэлж байв)

    Манж нар Гадаад Монголын нутагт хятад хүн суурьшуулахгүй байх амлалтаа 200 гаруй жил биелүүлээд амласнаасаа буцаж эхлэхэд нь Халхын санаа ч хамт хувирчээ. Ингээд Өвөрмонголчуудтай хамтран тусгаар тогтнолоо тунхаглав. 

      Гэтэл Хаант Орос нь Японтой 1907 онд “Манжийн унахаар ( эсвэл унагаахаараа) Зүүн хойт Азийн хэсэг болох Манжуур, Баргыг оруулаад Өвөр Монголыг чи ав, Гадаад Монголыг би авна” гээд тохирцон сууж байв. 

    Ингээд, нэгдүгээрт, 1945 оныг хүртэл Японы өмнө 1907 оны гэрээгээр хүлээсэн үүрэгтээ үнэнч байсан Оросууд Өвөрмонголчуудыг Хүрээнээс холдуулах, Өвөр Монгол Халх хоёрын нэгдэх оролдлогыг таслах ажил хийв.

   Хоёрдугаарт, Манж буюу оронд нь гарч ирсэн Дундад улс хараахан албан ёсоор тарчихаагүй (тарааж амжаагүй) байсан тул Халхыг өөртөө шууд авах, алсдаа өөртөө нэгтгэхийн тулд Тусгаар болгох боломж байсангүй. Улмаар энэ боломж Версалын гэрээ, Вашингтоны бага хурлаар улам бүр хаагдсан юм. Ингээд “Нэрэн дээрээ чиний, нэдэр дээрээ миний” нэгэн улс байгуулсан нь Автономит Монгол аж. Газрын зураг дээр Хятадынх, харин газар нутаг дээрх нь Оросынх гэмээр нэг улс 1915-1919 онд оршиж байв.

   Гэтэл 1917 онд Октябрийн хувьсгал гарч Орос улс нэгдсэн төр захиргаагүй боллоо. Монголтой хаяа нийлсэн Сибирь нутагт хувьсгалчид, хувьсгалаас зугтаагчид үүрлэв. Тэнд улаантны болон Колчакийн засаг ээлжлэн тогтож, цаашдаа хэн нь ялахыг тааварлашгүй бөгөөд Монгол нутаг руу дайжин, эсвэл түрэмгийлэн орж орж ирэх нөхцөл бүрдэв. Монгол Оросын, үнэндээ бол Дундад Иргэн Улс ба Оросын хилийн Монголд хамаарах хэсэг ямар ч хамгаалалтгүй хэвээр. Уг нь Гурван улсын гэрээгээр Гадаад Монгол нь өнөөгийн хоёр Солонгос хиллэсэн “38 дугаар өргөрөг”шиг “цэрэггүй бүс” байсан.  Ингээд “Хятад цэргүүд нэг л ороод ирвэл, буцаж гарахгүй” гэж эмээсэн Хүрээний Засгийн газар өөрийн боломжоороо хилээ хамгаалахаар цэрэг дайчилж байлаа.

  Улмаар,  1919 онд Чита-д Нармай Монгол байгуулагдаж, Халхыг өөрийн нэгэн хэсгээ хэмээн үзэж байгаагаа зарлаад, “Хэрвээ ирж нэгдэхгүй бол очиж эзэлнэ” хэмээн элч илгээх хүртэл, хэр чадлаараа автономио хамгаалж байжээ. Харин Нармай Монголын хэрэг явдлын дараагаар ихэнх ван, гүнгүүд, “Оросын төр самуураад Буриадуудаа ч захирч чадахаа байлаа. Нармай Монголыг дагавал буриадуудын гарт орно. Цаана нь байгаа Япон нь Манжийг бодвол их хатуу харгис улс гэнэ. Нармай Монголтой байлдъя гэвч хүч хүрэхгүй, байлдахгүй гэхээр хүний гарт ормооргүй, одоо яах вэ” гэсэн асуудал гаргаж ирчээ. Буриад-Японы булаан эзлэлтээс хамгаалж чадах хүч гэвэл Бээжингээс ирэх хятад цэрэг л байна гэж ярилцжээ. Харин Богд хаан, Ерөнхий сайд Г.Бадамдорж нар өөр чиг баримжаатай байжээ.

   Яг энэ зуур Бээжингийн эрх баригчид Оростой хиллэсэн умарт нутгаа улаантан, цагаантны үймээнээс хамгаалах асуудлыг ноцтой авч үзэв. Дундад Иргэн улсын тэр хил нь үнэндээ бол Автономит Монгол ба Оросын хил. Гэтэл Гурван улсын гэрээгээр Дундад Иргэн Улс нь умарт хилийнхээ энэ зоонд цэрэг байлгахгүй үүрэг хүлээжээ. Энэ үүргээ олон улсын эрх зүйн хүрээнд өөрчлөхийг Бээжин оролдсон нь “Гадаад Монголын автономийг монголчуудын өөрсдийнх нь саналаар цуцлах” алхам байлаа. 

   Энэ ажлыг Хүрээнд суусан төлөөлөгч Чэн И гардан хариуцав. Монголын тал, ялангуяа ван гүнгүүд түүнийг дэмжсэн байдаг. Ван гүнгүүд гэдэг нь ерөнхийдээ харын талын язгууртнууд буюу алтан ургийнхан юм. Тэд, тусгаар тогтнолын байтугаа, автономийн үйл хэрэг нь энд хүрээд талаар болж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гэж ойлгож. Ингээд аашийг нь мэдэхгүй буриадууд, араншин нь танигдахгүй японы гарт орсноос Хятадыг бараадвал дээр гэж үзсэн шиг байна. Нэгэнт, буцаад Бээжингээс хараат болж байгаа юм бол, хуучин Манжийн үеийнх шигээ аятайхан нөхцөл, эрх ямба бий болгох боломж эрэлхийлжээ. Энэ бүх санаа, эрмэлзэл нь“Чэн И-гийн 64 зүйлт гэрээний төсөл” хэмээх цуутай ноорогт тусгагджээ. 

   Харин шарын тал буюу Богд гэгээн, Ерөнхий сайд Г.Бадамдорж нар арай өөр байр суурьтай байсан юм. Лам нарын талын язгууртнууд нь автономи байдлаа эцсээ хүртэл хадгалаад үзэх байр суурьтай байлаа. Тэд Орост болон Зүүн хойт Азид дэгдсэн үйл явдлын цаашдын өрнөлийн эцсийг харж байж шийдлээ гаргая гэсэн байр суурьтай байсан шиг байгаа юм, Богд хааны “Хүлээх хэрэгтэй, цаг нь болоогүй, жаахан байж бай” гэхчлэнгийн шалтгаацлуудаас харахад. 

    Тэд, ялангуяа Бадамдорж Ерөнхий сайд нь өөрөөс нь асуулгүй хэлэлцэж эхэлсэн “64 зүйл” гэрээний төсөлд бүтэх бүтэхгүй санал гарган хэрээрээ саад болжээ. Харамсалтай нь, түүний “бүтэх бүтэхгүй санал”-ыг хувьсгалч түүхчид мушгин гуйвуулж, уг төслийг хамгийн идэвхтэй хэлэлцэгч болгон харуулсан юм. 

    Гэтэл энэ зуур Хятадын тэр үеийн “топ болсон поп” Сю Шүжан Хүрээнд ирэв. Тэрээр, Чэн И-г цэргээр дарамтлан, ажил үүргийг нь өөртөө аваад “64 зүйл”-ийг нь бүтэх боломжгүй хэмээн урж хаяв. Улмаар, Автономит Монголын Ерөнхий сайдад бэлэн зэхсэн “Монголын автономитыг сайн дураар устгах бичиг” гардуулж гарын үсэг зурахыг шаарджээ. Бадамдорж эхний удаад нь “Ингэсэнд орвол үхсэн минь дээр” гэжээ. Бадамдоржийн энэ үгийг Чэн И тэр шөнө нь Бээжин рүү цахилгаандаж, Сю Шүжангаа матав.

   Маргаашаас нь үүдэн дээр нь буутай цэрэг жагсаан,хэрвээ гарын үсэг зурахгүй бол Богд хаан, Бадамдорж Ерөнхий сайд хоёрыг баривчлан Бээжинд аваачна хэмээн заналхийллээ. Шадар ван Чингүнжавыг аваачин цаазалснаас хойш 150-иад жилийн дараа, монгол дээд язгууртныг баривчлан Бээжинд аваачих асуудал яригдлаа. Хүчинд автсан Ерөнхий сайд, хаан хоёр зөвшилцөөд, Улсын дээд, доод хурлаар формаль маягаар хэлэлцүүлээд, асуудлыг шийдлээ. Яагаад ч юм бэ, уг бичиг дээр Богд хааны гарын үсгийг үлдээсэнгүй. Энэ нь хожмын өдөр “Хааны тамга, гарын үсэггүй учраас энэ бичиг хүчингүй” хэмээн мурих санаа байсныг үгүйсгэмгүй. 

  Амь амьдралаа зориулсан тусгаар тогтнолын үйл хэрэг нь нүдэн дээр сүйрэхийг үзсэн Ерөнхий сайд Бадамдорж ч хэлсэндээ хүрч “үхэхээр одоод”, хэдэн сарын дараа Хэнтийд(?) нас барсан байдаг. (Үүнтэй төстэй нэгэн явдал 1944 онд Монголын хуучин баруун хязгаарт болов. Урианхайн хязгаарт байгуулагдаад байсан Тува улс гэнэтхэн Зөвлөлт холбоот улсад нэгдснээ зарлав. Төрийн тэргүүн нь Бадамдорж шиг үхэхээр одоогүй ба харин ч урт насалж, Ленины одонгоор зургаан удаа шагнагджээ)

   Ийнхүү Монголыг автономи үгүй болсноор Дундад иргэн улс Оростой нийлсэн хил дээрээ цэрэг байрлуулах, түүнчлэн Монголчууд Нармай Монголын болон хувьсгалаас дүрвэсэн оросуудаас хамгаалуулах цэрэгтэй болов, олон улсын эрх зүйн хүрээнд. (Ер нь бол хятадууд ихээхэн ёсорхжээ. Аль 1917 онд байхгүй болчихсон Хаант Оросын өмнө хүлээсэн үүргээ бодоод, 1919 онд гэрээ хэлэлцээр хийж суудаг. Үнэндээ болХаант Ороснураад уначихсан, 1917 онд засгийн эрх авсан большевикууд “Хаант Оросын үеийн бүхий л гэрээ хэлэлцээр хүчингүй” гээд зарлаад байхад шүү)

    Юуны өмнө 1919 онд гамин Сю Шүжан цэргийн хүчээр Монголын тусгаар тогтнолыг устгаагүй юм.( Уурлан эргэлзэхийн өмнө дараагийн өгүүлбэрүүдийг уншихыг хүсье) Учир нь түүнээс дөрвөн жилийн өмнө Богд хаант тусгаар монгол улс татан буугдсан байв. Харин Хятад улс өөрийн албан ёсны нутаг дэвсгэр (Үүнийг Хаант Орос албан ёсоор хүлээн зөвшөөрсөн) дээр байгаа онцгой эрхт Автономитийг л татан буулгасан. Тодорхой утгаараа, өнөөдөр БНХАУ өөрийн Шинжаан болон Төвдийн автономийг өөрчлөн Хятадын ердийн муж болгох, ОХУ янз бүрийн муж хязгаараа шинээр нэрлэх, татан буулгахтай бараг л агаар нэг. Тодорхой утгаараа арай өөр гэдэг нь Гадаад Монголын эдийн засгийн эрхийг Хаант Орос эдэлж, уурхай нээх, төмөр зам тавих бүх л онц эрхийг өөртөө авчээ. Газар нутаг захиргаа нь Хятадаас, эдийн засаг нь Оросоос хамааралтай дундын автономи. Сонирхолтой ганц жишээ дурьдахад, 1915 оноос (үнэндээ бол 1912 оны Монгол-Оросын гэрээгээр) өнөөг хүртэл 103 (үнэндээ бол 108) жил Монголын төмөр замыг тэд бодитой хянасан хэвээ рбайна.

   Ийнхүү Монгол улс нэг ч эзэнгүй болж тусгаар тогтнох гэсэн биш харин ч хоёр эзэнтэй болчихсэн юм. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Бээжингээс салах гэсэн биш хамаг юмаа оросуудаар мэдүүлдэг болчихлоо хэмээн халагласан нь ч оргүй биш. Тийм учраас, Хятадууд худлаа үнэн хамаагүйг ар хөлийн үсэгтэй бичиг үйлдэн “Өөрсдөө санаачилсан” байдлаар Автономийг устгасан.1911 онд Богд хааны зарласан Монголын тусгаар тогтнолыг 1915 онд Орос-Хятад хоёр нийлээд, хүчээр дарамтлан устгасан юм. Харин 1919 онд Дундад Иргэн улсын Гадаад Монголын автономит байдлыг цуцалж, Хятадын ердийн муж болгожээ. Автномитийн устгасны 100 жил ийм утгатай.

    Сонирхолтой нь 100 жилийн дараа, Гадаад Монголын автономитой төсөөтэй нэгэн “хэрэг явдал” БНХАУ-д тулгарсан нь Хонгконг юм. Газар нутгийн хувьд БНХАУ-д багтах боловч иргэншил үзэл санаа нь Өрнөдөд хамаарах сонин улс. Хэрвээ, "Монголын парадокс" давтагдвал Хонгконг нь Англид ч эргэж очихгүй, Хятадад ч нийлэхгүй, биеэ даах магадтай.

    Харин 1945 онд Хятад болон Зөвлөлт хүлээн зөвшөөрснөөр БНМАУ-ын тусгаар бодитой болсон ба 1946 оны наадмыг “Ардын хувьсгалын 25 жилийн ой” нэрээр урьд хожид гараагүй түвшинд онцгой нижгэр тэмдэглэсэн нь үнэн хэрэгтээ “Тусгаар тогтносны баяр” байсан зэрэг нь жичдээ асуудал юм аа. 

   Санаанд нийцэхгүй чгэсэн үнэн нэг иймэрхүү. Хорвоо ертөнц үнэнийг тулгадаг болохоос, санал болгодоггүй нь тиймхэн юм. Яг л өвдмөөргүй байхад өвчлүүлээд, үхмээргүй байхад чинь үхүүлдэг шигээ муухай золиг л доо энэ хорвоо. Ямар сайндаа “Болдогсон бол энэ хорвоог нэг сайн өшиглөөд авахсан” гэж үг гарах билээ.

Гэхдээ, түүх бидний санаанд нийцээгүйнхээ нэгэн адил тэдний ч бас санаснаар яваагүй юм...


Үргэлжлэл бий.