Жан Лафонтенийн ”Цэцэрлэгч ба баавгай” гэдэг үлгэрт баавгай, унтаж байгаа найзынхаа ялааг үргээх гэж байгаад хөөрхий цэцэрлэгчийг алгадаад алчихдаг. Туслах гэж байгаад “услаж” орхихыг “баавгайн үйлчилгээ” үзүүлэх гэдэг. Энэ үйлчилгээг үзүүлэх дуртай гол хүмүүс бол улстөрчид.
Даяаршсан энэ үйчилгээ манайхыг бас л тойрсонгүй. Төр засгаас өргөн хэрэглээний бараа, түүний дотор гурил, мах, бензиний үнийг хязгаарлах гэдэг нь эцэстээ баавгайн үйлчилгээ болдог. Атрын аян зохиож тариаланчдыг “дэмжсэн” нь улаан буудайн дотоодын нийлүүлэлтийн хэмжээг нэмсэн. Гэхдээ энэ дэмжлэг ямар үнэтэй, хаанаас гарч байгааг хэн ч тооцохгүй байна. Ноднингийн ургацын улаан буудайг ХХААХҮЯ тариаланчдаас тонныг нь 350 мянган төгрөгөөр буюу зардлаа нөхөөд ашигтэй байх үнээр худалдаж авсан. Түүнийгээ хадгалж байгаад энэ жил 250 мянган төгрөгөөр үйлдвэрлэгчид өгч, гурилын үнээ өсгөхгүй байхыг шаардаж байна. Зөрөөний 100 мянган төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас төсвөөр дамжуулаад төлчихсөн хэрэг. Энэ жил гэхэд л 11.5 тэрбум төгрөг гарч байгаа нь ажил хийж, татвар төлдөг хүмүүсээр ажил хийдэггүй, татвар төлдөггүй хүмүүсийн гурилын үнийн хагасыг нь төлүүлчихсэн гэсэн үг.
Үнэгүй хоол гэж байдаггүй, ганцхан байгаа гэх улс төрчид л байдаг. Аль ч барааны зах зээл дээрхи эрэлт, нийлүүлэлт өөрийгөө зохицуулан тохируулж түүнийгээ үнээр илэрхийлдэг. Тэр үнээр худалдах, худалдан авалцах, эсэх нь сайн дурын сонголт. Хэрэв тэр үнээр худалдаа хийгдэхгүй бол төсөөтэй болон орлуулагч барааны хэрэгцээ өснө гэсэн үг. Тийм учраас үнийн өсөлтөд хязгаар байдаг. Харин энэ хязгаарыг төр засгаас зохицуулах оролдлого нь тухайн барааны эрэлт, нийлүүлэлтэд гажилт үүсгэж, урт хугацаандаа барааны үнийг харин ч хөөрөгддөг.
Дэмжлэг дуусмагц, үнэ огцом хөөрч, худалдан авах чадвар бага хүмүүс үр дүнд нь хамгийн их хохирдог учир баавгайн үйлчилгээ болдог. Зах зээлийн үнэ өөрөө тухайн барааны түүхийн эдийн нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээврийн зардалтай холбоотой бүх мэдээллийг тусгадаг. Үнийг хязгаарлах нь тухайн мэдээллийг хязгаарлахтай адил боломжгүй бөгөөд зөвхөн богино хугацаанд, асар их зардлаар түр барих оролдлого юм. Гурилын үнийн сүүлчийн өдрүүдийн өсөлтийг хардаа. Энэ үсрэлт бол хойд хөрш их хэмжээний улаан буудайн тариалангаа түймэрт шатаалган, улаан буудайн экспортоо зогсоосонтой шууд холбоотой. Манайх өөрсдөө улаан буудайн хангалттай нөөц байгаа гэж улс төрчид ярьж байгаа ч бид энэ жил гэхэд л 64 мянган тонн улаан буудай, 70 мянган тонн гурил Оросоос оруулж ирээд байна гэж Гаалийн ерөнхий газрын байцаагч Оюунгэрэл мэдээлжээ.
Орос гурилын чанар дотоодын гурилаас дээгүүр учир үргэлж эрэлттэй байдгийг хэн ч ярихгүй байна. Аль аль нь зах зээл дээр байвал хэрэглэгч сонгох боломжтой. Бид өртөг зардлаа тооцоод тонныг нь 350 мянган төгрөгөөр Алтан тариа компанид улаан буудайгаа өгөх гэж байхад ХХААХҮЯ яам бидний үнийг үргэлж унагаж байгаагаа зогсоох хэрэгтэй гэж манай улсын хамгийн том, хамгийн дэвшилтэт технологи бүхий Гацуурт компанийн захирал Л.Чинбат саяхан мэдэгджээ. Үнийн өсөх нь хэвийн зүйл бөгөөд үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ өсгөх сонирхлыг төрүүлдэг учир нийлүүлэлтийг дэмжиж буй хэрэг юм. Зөвхөн нийлүүлэлт нэмэгдэж байж л үнэ бодитойгоор буурах буюу зах зээл өөрөө үнээ тогтоохоос өөр үр ашигтай арга байдаггүй.
Төр засгаас үнийг зохицуулах оролдлого, урт хугацаандаа, хаана ч үр өгөөжтэй болоогүй. Гурилын үнийг Монголын төр засгаас зохицуулах оролдох нь яваандаа манай улсын газар тариалангын салбарт өрсөлдөөнийг сулруулж, аж ахуйнууд хоорондоо нийлж, томрох улмаар эдийн засгийн өгөөжтэй хэмжээтэй болох, цаашдаа тухайн бүтээгдэхүүнийг найдвартай нийлүүлдэг эх үүсвэрийг таслан зогсоож байгаа хэрэг. Үнийн хязгаарлалтын бодлого Монголчууд бидний ярьдагаар нуухыг нь авах гээд нүдийг нь сохлож буйтай адил болж байна. Өргөн хэрэглээний барааны үнийг төр засаг биш, зах зээл өөрөө зохицуулж байж урт хугацаанд үнэ тогтвортой болно.