Авьяас бүрд боломж олгоё
Авьяас бүрд боломж олгоё
Сагсны холбоо хуваагдаад бөөн юм болж байгаад нэгдэж оролцогч талууддаа боломжийг гаргаж өгснөөр сүүлийн гурван жилд 5.000 төгрөг байсан тасалбар 50.000 төгрөг түүнээс дээш боллоо. 10 саяын тасалбар ч байна. NBA-гийн од ирлээ, том ордонтой боллоо баг бүр ордонтой болох тал руугаа орж байна. Ахиад гурван жилийн дараа хэд хэдэн клуб өөрийн ордонтой болох байх. Энэ бүхэн хүмүүст боломжийг нь гаргаж өгсөн учраас л бий болсон. Тамирчин гэлтгүй оролцогч бүх хүнд авьяасаа гаргах боломж, талбарыг бий болгосон. Хувь хүн ямар хүчтэй, юм бүтээх чадалтай вэ гэдэг спортын сонгодог жишээ.
Хөл бөмбөг дээр өнөөдөр удирдлага “эрүүл” болох юм бол орчин тэс өөр болно. Удирдлагын өөрчлөлт, шинэчлэл гэдэг өөрөө бүхний эхлэл болж хөл бөмбөгт дуртай хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулах гэж хичээнэ. Хөл бөмбөгт авьяаслаг бодлого тодорхойлогч, менежер, бизнесмен, дэлхийн одыг авчирч чадах хүмүүс бий. Дасгалжуулагч, тоглогчдын авьяасыг дурдахгүйгээр шүү.
Дэлхийн түүх ч ийм л байдаг. 1688 онд Англид эхэлсэн Ялгуусан Хувьсгал (Glorious Revolution) хааны эрх мэдлийг багасгая иргэдийн эрхийг хамгаалдаг больё, хүмүүст боломж олгоё гэж л эхэлсэн. Иргэдийн эрхийг хааж боох биш хамгаалж, авьяас бүрд боломж олгосноор англид бүх том нээлтүүд гарч эхэлсэн. Нэг нөхөр уурын хөдөлгүүр, нөгөөх нь оёдлын машин гээд нээлтүүд ар араасаа зэрэгцэж аж үйлдвэрийн дараалсан хувьсгалууд бий болж дундаж анги гэж юм дэлхийд гарч ирсэн. АНУ яг л адилхан замаар явсан. Энэ хоёрын хөгжлийг өөр газраас хайх шаардлагагүй эхлэл нь энэ. Араас нь өөр улсууд дагасан.
Япон өнөөдөр яагаад азид хүчтэй байгаа нь 1868 онд Токугавагийн дарангуйллыг унагаж иргэддээ боломж олгосноос эхэлсэн. Тэрнээс өмнө Япон азийн байдаг л нэг улс байлаа. Тивдээ энэ бүхний анхдагч болж гадагшаа залуусаа сургаж, японы хөгжил ази тивийг хамрах дайн хийх хэмжээнд хүрч хөгжиж байлаа. Яахав хөгжлөө буруу ашигласан жишээ л дээ. Гол хэлэх гэсэн санаа нь төр нь боломж гаргаж өгвөл иргэд нь ийм хэмжээнд болтол хөгжүүлж болдог шүү гэдэг санаа. Япон улс авьяас бүртээ боломж олгож, авьяастнуудаа төр нь хамгаалж байлаа. Тийм ч учраас иргэд нь хүчтэй байгаа юм. Японы тэр том брэндүүдийг боломжийг ашиглаж чадсан япон хүн л бий болгосон. Өмнөд Солонгос ерөнхийлөгчөө унагалаа. Хүчтэй иргэдтэй улс ийм л байдаг.
Улс төрийн зөв шийдвэр эхлэлийг тавьж араас нь үйл явц хаашаа өрнөх нь шийдэгддэг. Берлиний хана нурж иргэд нь биш төр нь хүчтэй байсан тогтолцоо нурсан нь манай улсад ч нөлөөлсөн. Өнөөдөр хотдоо багтахгүй машинтай, байшин чигжиж, дотоод аялал битүү болж гадагшаа аялах нь их болов. Энэ бүхнийг төр биш иргэд бий болгосон. Монголын төр засаг ухаантай байж иргэдээ өгөх боломжийг хааж боохоо багасгавал монголчууд япон, англи, америкчууд шиг авьяастай л байж таарна. Тийм ч учраас сонгууль маш чухал, эрх баригчдыг мөнгөөр дэмждэг хүмүүст ухаалаг иргэд дургүй байгаа юм. Ухаалаг иргэдийн хүрээ улам тэлж буй. CU, GS25 гэсэн хувийн хэвшил хотыг чимж, аюулгүй байдал, соёл тал дээр том нөлөө үзүүлж байна. Скай рэсортод бид өвлийн спорттой танилцаж байна, и-мартад супермаркет гэж ямар байдгийг ойлгож байна. Үүрийн холбооны хэд маань дэлхийн хамгийн хямд интернэтийг бидэнд өгч байна гээд дурдаад байвал хувийн хэвшлийн нөлөө маш их. Ард нь боломжийг ашиглаж чадсан хувь хүн л байгаа шүү дээ.
Айл өрх ч адилхан хэн хүүхдэдээ боломж гаргаж өгнө тэр хүүхэд илүү том юм бүтээнэ. Хүүхдэдээ боломж гаргаж өгөхгүй бол юунд хүрэх ямар авьяастайг нь ч мэдэхгүй өнгөрнө. Хойд Солонгос шиг ард иргэдээ айлгаж сүрдүүлж, боломжийг нь хулгайлах юм бол эх орноосоо зугтахаа л бодно. Өнөөдөр цагаач, дүрвэгсдээ дийлэхгүй байгаа улсууд иргэдийнхээ боломжийг хулгайлдаггүй улсууд байдаг, бид тэдгээр улс руу явах хүсэлтэй байдаг. Өмнөд Солонгос, АНУ, Швед, Япон гээд бидний хамгийн ихээр амьдардаг улсууд боломж олгодог улсууд. АНУ, Солонгост төгрөгийн тэрбумтан болсон олон монголчууд бий.
Төр л бүхнийг мэддэг, төр л авах ёстой гэвэл тэр ухралт болно. Төр гэдэг хүмүүсийн бий болгосон систем хүмүүст боломжийг л гаргаж өгөх үүрэгтэй. Манайд тэр үүргээ ухамсарладаггүй, бид ч хангалттай үүргийг нь ойлгодоггүй. Монгол хүн бүрд авьяасаа нээх боломжийг олгоё. Төр бизнес хийж, төрийн нэр барьсан нэгэн иргэний боломжийг хулгайлахгүй, хөл бөмбөгийн холбоонд нь улс төрчид оролцохгүй бол бидэн шиг улс хөгжих юу байхав. Бусдын авьяасыг хулгайлах биш бүгдэд боломж олгодог болъё!
Та хэд өөрсдийгөө нэг боддоо. Надад боломж байсан бол ингэх байсан гээд. Миний хувьд хөл бөмбөгийн дасгалжуулагч болсон бол нэлээд амжилттай явна гэж боддог. Тэр авьяасыг минь гаргуулаагүй, боломжийг минь хулгайлсан болохоор надаас бусад нь бараг мэдэхгүй. Энэ худлаа бүлт үсэрлээ л гэнэ байх. Тайлбарлах, бичих авьяасыг минь хэн ч хулгайлаагүй харин боломж олгосон учраас энэ салбартаа амжилттай явж байна гэж хардаг. Хаасан бол хаана юу ч хийж явж байх байсан юм билээ. Аягүй бол гадагшаа зугтах байх.
Баярлалаа