Саявтар “Мишээл экспо”-д Аялал жуулчлалын ирэх оны чиг хандлагыг тодорхойлсон үзэсгэлэн нээгдэж хэд хоног үргэлжилсэн юм. Улс орон бүрт хөгжиж байгаа жуулчлалын салбар Монголын хувьд ямархуу янзтайг энэ үзэсгэлэнд тавигдсан танилцуулгууд хэлж байна.

Орчин үеийн дундаж амьдралтай аль ч орны иргэд гэртээ  зурагт үзэж ханаад боломж гарвал нэг тийшээ очиж нүдээр үзэх, чихээр сонсох, хамраар үнэрлэх  санаа төрдөг бол­жээ. Хүмүү­сийн боломжоос хамааран дээд зэрэг­лэлийнхэн сансарт нисэ­хээр бэлтгэ­лээ базааж байхад зарим нь амьд яваа насандаа хажуу дахь тосгоноороо ороод гарах юмсан гэх мэт явах суу­хын олон хүслэн бий.  Хүсэл сонирхол мянга түмээрээ нэг зүг ханарч байхад тэнд нь очиж ашиг олохыг сэтгэдэггүй бизнесмен үгүй билээ.

Манай аялал жуулчлалын салбарт өөрийгөө сорьж байгаа бизнесменүүд эхний үед ёстой цөм хийж гадаад дотоодын жуулчдыг нэг нэг удаа сэгсрээд авсан байдаг. Жуулчин гэхээр их баян хүн байдаг, Монголын цэвэр агаар амьсгалсных нь төлөө эд төлбөр төлөх ёстой гэж хүртэл шунал­таж байгаад олон хүний урмыг хугалж, буяныхаа амыг хаалгасан юм билээ. Мөн жуулчин дагуулбал их ашигтай гэсэн дам сургаар олон хүн ажлаа орхин “Тур бааз” гэгч хэдэн овгор гэр барьж, эмээлтэй сарлаг бэлдэн шатац­гаасан.

Монгол гэхээр л бараг Чингэс хаантай уулзаад, дэлхийд хосгүй байгаль орчин үзээд ирэх юм бодсон чинь жинхэнэ луйварчин хулгайч нарын нутагт очиж, хүнд суртал, тав тухгүйн туйлд өөрсдийгөө ядраагаад ирлээ гэцгээсээр буцжээ.

Аялал жуулчлалаас ихээхэн орло­го олж болох боломжийг дээр дооргүй судалж мэдээд аялал жуулчлалын чиглэлийн яам хүртэл байгуулаад олигтой үр дүн, сайн нэр дуулдахгүй байна. Харин ч жуулчлалд төр оролцож хажуунаас бодлого тодорхойлолцож ингэ тэг гэж хэрэгтэй хэрэггүй тушаал шийдвэр гарган ажлын садаа болж байна. Дараа нь тушаал шийдвэрийн­хээ хэрэгжилтийг газар дээр нь очиж шалгах, зөвлөгөө өгөх гэдэг гоё ажилд сайдаасаа жолооч хүртэл бүгд хошуу­ран зав л гарвал салхинд гарангаа эргэж тойрч элээж залхаана.

Ер нь гадаадын жуулчид яах гэж Монголыг зорьдог вэ гэсэн цаад санааг тэр болгон үнэнээр нь олж мэдсэн баримт их ховор юм билээ. Хүмүүс хоорондоо ярилцаж байгаа­гаар бол охид хүүхнүүдэд шохоорхогс­дын арми энд ирж дутуугаа гүйцээдэг гэсэн. Дараагийн бүлэг хүмүүс бол зурагтаар харсан бүдүүлэг харанхуй Монголыг оригоор нь харж шоолцгоох, ямар ч хяналт, камержуулалтгүй орчинд ирж биеэ барьсан хүлээснээс гарч архидаж, сахилгагүйтэхийг хүсэг­чид юм. Эцэст нь Монголын түүх соё­лыг судалж, өөрөөсөө өөр өвөрмөц амьд­ралыг нүдээр үзэхийг зоригсод болом­жийн боловсролтнууд цөөн боловч хангалттай ирдэг. Манай жуулчдын газруудын алдаа бол гадаа­дын зочныг байтугай өөрсдийгөө зэрэг зиндаагаар нь сайн таньж чаддаггүй. Орчин үед хүнийг гаднаас нь хараад энэ ямар хүн бэ гэж шууд дүгнэх улам хэцүү болоод байна. Толгойд нь мунаг бодлоос өөрийг сэтгэхээ байсан цэмцгэр эрд Чин­гэс хааны тухай мянга яриад со­нир­хлыг нь татахгүй байх жишээтэй.

Өөр нэг жуулчны урсгал бол хаа сайгүй тэнэж явдаг “золбин”-гууд. Үс сахалдаа баригдсан өвдөг уранхай хир даг болсон юмнууд хөдөөгүүр хаа бол хаагуур бадарчлан хэсэцгээдэг. Тэд­нийг бол харин нохой шиг хөөж, оруулахгүй баймаар байгаа юм. Тэнэж тэнэж яваад нутагтаа очихоороо манай орныг гутаасан баримтууд цуглуулж ашиг олцгооно.

“Мишээл”-д оролцож байгаа жуулч­ны компаниудтай танилцаж яваад “Онгийн нууц” гэдэг нэртэй аялал жуулчлалын компанийн захирал С.Ун­дар­маатай уулзсан юм. Тэрээр хэд хо­ногийн өмнө Дундговь аймаг дахь жуулчны бааздаа баахан гэр аваачиж барих гэж байгаагаа ярьсан бөгөөд хамт зам нийлэнгээ очиж сонирхъё гэснийг зөвшөөрсөн билээ. Өвөрхан­гай­гаас эх аван урсаж алт­ных­ны бал­гаар тасраад байгаа Онгийн голын адагт дээр үед нэгэн томоохон хийд бай­жээ. Говь нутагт тэр болгон то­хиолд­доггүй томоохон сууринг Говийн ноён, догшин хутагт Данзан­равжаагийн үед байгуулсан түүх байдаг. Одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо су­мын төвөөс урагшаа арав гаран кило­метрийн урд, Онги голын хөвөөн дээр асга байцан дунд хийдийг барьжээ. Дан чулуугаар өрж босгосон сүм дуганууд­тай, лам хар хүмүүс суурин амьдарч байсан олны хөлийн газар байжээ. Хэмжээгээрээ одооны дунд зэргийн сумын төвийн хэмжээний хүн амтай бай­сан болов уу. Ямар ч байсан Сай­хан-Овоогоос хавьгүй том суурин байсан нь илт мэдрэгддэг. Хэлмэгд­лийн жил хотоос зуу гаран хүн зорьж ирэн хаваржин зунжин ажиллаж байж Онгийн хийдийг бүрмөсөн нурааж уст­гажээ. Зарим хүний яриагаар бол энд мянга орчим лам байнга хурж номын мөр хөөж байсан гэдэг юм билээ. Ялангуяа хийдийн хамба лам Дамцаг­доржийн алдар суу дотоод гадаадгүй түгж ийшээ буян ном хүртэгс­дийн цуваа тасардаггүй байсан гэлцдэг. Хийдийн хойд энгэр болон майдар цам эргэх талбайг ер бусын орчин хэмээн шүтдэг байсан нь өдгөөгийн энергийн төв хуйлрал гэдэгтэй дүйдэг аж. Ерөн­хийдөө хийд байсан туурийн ормыг харж байхад Түвдийн Лхас хотноо байдаг Ботала ордны орчинг ихэд дуурайлган хийсэн шинжтэй. Эргэн тойрон дахь хад асга нь ч тун төстэй санагдсан. Тийм болохоор хэрэв нураагаагүй байсан бол шашны түүх сонирхогчдын хувьд гайхамшигтай үзвэрийн нэг байх байж дээ.

Одоо үүгээр яах гэж явах вэ гэхээр эртний Хархорумын балгас зэргийг сонирхсон жуулчид Ар, Өвөр­хангайгаас шууд урагш говь руу эргэн Өмнөговийн олон нууцлаг руу нэвтрэх замын голд байрлах байрлал нь ач холбогдолтой юм. Хархорум хавиас хөдөлсөн машин унаа аажуу­хан явсаар үдээс хойхно Онги ороод ирнэ. Тэндээ тав тухтай хонох орчин нь яах аргагүй энд болж таараад байгаа. Онгид ирээд Улаанбаатарт байснаас илүү ус цасанд орж, саун массаж болоод, нэг сонин гэрт нэг нэгээрээ хоноцгооно. Тэнд очсон хүмүүс дахиад бас хонох магадлал бий. Зуу зуун жилийн турш элчилгүй энэ говийн энэхэн хэсэгт цугларч бие оюуны алжаалаа тайлж байсан нууцыг эрдэмтэд өдгөө ид судалж байгаа гэсэн. Нэг жишээ хэлэхэд манай жуулчны хэсэг нөхөд өнгөрдөг хавар Оросын нэрт дуучинг говь үзүүлнэ гэж авч гараад ядрааж залхааж орхижээ. Тэгээд Онгийн хийдийн тууринд ирээд хэсэг амарсан чинь аандаа бие хаа нь тавираад сайхан болчихож. Уурандаа багтрах шахсан “буруу номтныг” аргадаж тойлсон арга хэмжээ болоогүй байхад өөрөө илааршсаны учир нач­рыг газар устай холбон тайлбарлаж байна.

Өмнөговийг зоригсод “Онгийн нууц” дээр очихдоо нэг, ирэхдээ нэг хонодгийн нууцыг удахгүй тайлах юм байна. Мэдээж ая тухын хувьд өө хэлээд байх юм байлгахгүйгээр тоног­лосон жуулчны бааз боловч гүн шөнийн турш зүүдлэхгүйгээр нам унтдаг нь хачирхалтай. Хол газар яваад ядарсан хүмүүс тохитой орчинд тэгж амардаг байж болохыг үгүйс­гэхгүй.  Гэхдээ энд нэг учир бий гэж олон хүн хэлэхийг сонслоо. Цаашлаад Өмнө­говь дахь Дэмчигийн хийд, Дорного­вийн Зүүнбаянгийн Хамарын хийд, одоо энэ Онгийн хийдүүд эрт үеэс бүгд хоо­рондоо хэлхээ холбоотой газар­зүйн өвөрмөц тогтоцтой юм билээ. Говьд хүн байснаас хангайд бух бол­сон нь дээр гэлцдэг мөртлөө хангай­гаас энэ зүг рүү цувралддаг байсан нь аялал жуулчлалтай холбоогүй юм. Тэр бүү хэл эдгээр хийд дацанг тухайн үедээ ч нууцаар байгуулж бусдаас харамлаж байсныг ардын засаг ил­рүүлж онцгойлон сэрдэж хүн хүч гарган устгасан гэдэг.   

Жуулчны бааз дахь эртний хэв маягтай жижиг гэрүүдийн загварыг өвөрмөцөөр сэтгэжээ. Баганагүй мэт атлаа найман матмал тулгуур нь тоононоосоо газарт буусан, хэмжээ­гээрээ дөрвөн ханатай гэрийн хэмжээ­ний боловч дотроо их тохилог, хаалга нь машины хаалга шиг онгойдог энэ гэрийг нийтэд зориулсан ч болмоор санагдсан. Дотор нь хоёрхон ор тавьж байна лээ. Гадаадынхны зожиг голдуу занг харгалзан үзсэн байх. Орыг ертөнцийн өмнө умар туйлыг холбосон босоо тэнхлэгийн дагуу байрлуулж, эрч хүч хуралдуулахыг бэлгэджээ.

Жуулчдыг өөртөө татахын тулд худлаа ярьж хулхиддаг газарт дотоод гадаадгүй дургүй. Дургүйгээс гадна хариугаа авахын тулд сөрөг суртал­чилж дахиж тийш нь хүн очуулдаггүй. Манай жуулчны газрууд бусдад үзүү­лэх юмгүйгээ аргалахын тулд ихэвч­лэн аман панаал хийдэг. Ядаж л боловсон  бие засах газар эн тэргүүнд хэрэг болдог.

“Онгийн нууц” шиг сайтар тохи­жуулсан газрууд хаа сайгүй байдаг бол аялал жуулчлал манайд хөгжиж уул уурхайгаас дутахгүй ашиг олох бо­ломж харагдаж байна. Гэхдээ хүмүү­сийг хуурахгүйн тулд заавал нэг учиртай газар байх ёстой юм билээ. Чингэс хаантай холбоотой түүхэн газруудын хувьд бол маш их хөрөнгө хаяж байж сая нэг нүд хужирлах орчин бүрдэнэ. Чингэс хааны дурсгалын өмнө хүлээх хариуцлагыг манай улсаас түрүүлээд хоёр хөрш маань хийгээд эхэлчихсэн байгаа. Энэ талын төрийн бодлого, жуулчны бай­гууллагын өнөөгийн байгаа царай хоёр бас л санаа зовмоор сэдэв юм.


Ж.ГАНГАА