АТГ аль улсын агент вэ?
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс болж Монгол Улсын хоёр Ерөнхий сайд, Сангийн сайдтайгаа “аавын хаалга” татав.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс болж Монгол Улсын хоёр Ерөнхий сайд, Сангийн сайдтайгаа “аавын хаалга” татав. Тэднийг ямар үндэслэлээр баривчлан саатуулж, цагдан хорьсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан “эргэлзээ бүхий” мэдээллийг илүү албан ёсны бөгөөд баталгаатай болгох үүднээс АТГ-ын албан ёсны сайт руу орж харлаа.
Яах аргагүй “Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг сэжигтнээр тогтоож баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн дөрөвдүгээр сарын 11-нд мэдээлсэн байна. Хоёр өдрийн өмнө.
Одоогоос сар шахмын өмнө (гуравдугаар сарын 19-нд) олон улсад нэр хүндтэй “Ройтерс” агентлаг Швейцарийн прокурорын байгууллага Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын нууц дансыг хаасан тухай мэдээлсэн. Ингэхдээ түүнийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй” гээд “Швейцарийн прокурорын байгууллага Рио Тинтогийн нэрийг дурьдаагүй боловч улс төрийн өрсөлдөгчид нь С.Баярцогтыг буруутгаж байна” гэсэн билээ. Үүнээс хойш манай АТГ энэ хэргийн мөрөөр ямар ажиллагаа явуулсан бэ?
С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг ээлж дараалан цагдан хорьсныг эс тооцвол юу ч хийсэнгүй. Үүнийг АТГ-аас хийсэн албан ёсны мэдээллээс шууд уншиж болно. “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн төлөвлөлтийг батлахдаа (Дубайн гэрээг хэлж байна) эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй” гэдэг нэг л өгүүлбэр байгаа.
За яах вэ, “бусдад давуу байдал бий болгосон” гэдгийг нь “Рио Тинто” болон “Айвенхоу Майнз”-ыг хэлж байгаа юм байна гэж хүчээр тулгаж уншиж болох юм. Тэгвэл хэнд хохирол учруулсан бэ, хэр их хохирол учруулсан бэ? гэдэгт хариулт хэрэгтэй. Хэрвээ Монгол Улсын эрх ашиг хохирчээ гэж үзвэл ядахдаа Засгийн газрыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байх ёстой биз дээ? Тийм зүйл байгаа бол АТГ түүнийгээ ил гаргаж тавих ёстой.
Швейцарийн прокурорын байгуулллагаас гаргаж өгсөн мэдээлэлд “Хятад улсын иргэн А-гийн дансанд эх сурвалж нь тодорхойгүй 45 сая ам.доллар орж ирснийг мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэж байна. Уг данснаас 8,2 сая евро буюу 10 сая орчим ам.долларыг С.Баярцогтын данс руу шилжүүлсэн байна” л гэж байгаа. Тэр нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой гэдэг дүгнэлтийг “Ройтерс” агентлаг хийсэн байлаа ч хуулийн байгууллага үүнийг үндэслэж шийдвэр гаргах ёсгүй. Үндэслэл болгохын тулд ямар нэг нотлох баримт олсон байх шаардлагатай. Үүнийг л АТГ-аас шаардаад байгаа хэрэг.
Хэрвээ үндэслэл бүхий нотлох баримт байхгүй бол С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбох биш, харин “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, эсхүл “мөнгө угаасан” хэрэгт сэжиглэн шалгах боломжтой. Харин үүний дараа хэрэг явдал Оюутолгойн гэрээ, эсвэл өөр хааш нь хөтлөх нь дараагийн асуудал. Тиймээс л АТГ хийсэн мэдэгдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг үү? гэдгийг ахин дахин асуугаад байна.
Яагаад гэвэл Оюутолгой төсөл хүссэн ч, эс хүссэн ч Монголыг ирэх 70 жил тэжээх ёстой төсөл. Олон улсад, дэлхийн зах зээл дээр Монголын нэрийг гаргасан анхдагч том төсөл. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээг шалгах шаардлага байлаа гэхэд “Ямар ч тохиолдолд улс төржүүлэхгүйгээр, ул суурьтай шалгах ёстой шүү” гэдэг чиглэлийг эрх бүхий этгээд нь АТГ-т өгөх ёстой. Яагаад гэвэл энэ бол үндэсний эрх ашигтай холбоотой асуудал. Харин АТГ хаанахын ямар улсын агент болчихсон юм бэ?
Хоёрдугаарт, АТГ гурван сайдыг цагдан хорихдоо “гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэж танилцуулсан. “Болзошгүй” гэдэг үг гэмт хэрэгт сэжиглэж байгаа үед л хэрэглэгддэг. Өмнө нь ЭБШХ-д “сэжигтнээр татах” гэдэг ойлголт байсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинэ хуульд ийм ойлголт байхгүй. Зөвхөн “яллагдагчаар татах” гэдэг үг бий. Гэмт хэрэг үйлдсэн тухай гарцаагүй нотлох баримт олдсоны дараа хэргийн холбогдогчийг яллагдагчаар татаж, хуулийн зүйл анги танилцуулдаг. Харин манай АТГ “болзошгүй” гэдэг үгээрээ хүнийг сэжигтэн ч болгоод, яллагдагчаар ч татаж чадаж байна. Юуны төлөө ингэтлээ яарах болов?
Шүүхээс С.Баярыг цагдан хорионд шалгах болсон шалтгааныг өмгөөлөгчид нь танилцуулахдаа “Гэмт хэргийн ул мөр, нотлох баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгах болзошгүй” гэсэн байна. Тухайн хүн тодорхой албан тушаал эрхэлж байгаа үед гэмт хэргээ нуун дарагдуулж магадгүй гэдэг үндэслэлээр ийм арга хэмжээ авдаг. Хэрвээ АТГ Оюутолгойн гэрээний асуудлаар С.Баярыг шалгаж байгаа бол С.Баяр аль есөн жилийн өмнө ажлаа өгсөн, харин гэрээ байгуулахтай холбоотой бүх материал Засгийн газрын архивт үлдсэн байх ёстой. Түүнээс биш иргэн С.Баярын, Ч.Сайханбилэгийн, С.Баярцогтын гэрт биш. Цагдан хорих болсон үндэслэлийг нь харвал АТГ манай гурван нөхрийг Рио Тинтогоос авлига авчихаад түүнийхээ нотлох баримтыг гэртээ хадгалж байсан л гэж үзэх гээд байх шиг.
Саяхан, Ерөнхийлөгч Х.Баттулг АТГ-ын даргыг “Ажлаа өг” гэсний дараа тус газрын албан ёсны вэб сайтад “АТГ-аас шалгалт хийж олны анхааралд өртсөн хэргүүд” нэртэй нэгэн нийтлэл тавигдсан байлаа.
Сонирхолтой нь, нийтлэлийн дотор “Х.Энхжаргал олны анхаарал татсан хэргүүдийг шалгуулж байна” гэсэн дэд гарчгийн дор “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан” хэмээн бичсэн байв. Нэг нь Монгол Улсын төрийн тэргүүн, нөгөө нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга. Шалгаж байгаа хүн нь АТГ-ын дарга Х.Энхжаргал гэдгийг ч тов тодорхой бичсэн байгаа.
Нэг талаас “Бид ийм л хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгосон шүү дээ” гэдгийг дотооддоо болон гадаад ертөнцөд зарлаж, нөгөө талаар “аятайхан байхгүй бол сумны үзүүр өөр лүү чинь эргэнэ шүү” гэсэн сүрдүүлэг шиг харагдаж байна. АТГ ингэхэд аль улсын агент юм бэ?
Ард халх
Зочин
зочин
Сэмүүнд
Зочин
Хөөе 66.181.160.75 аа
555
Зочин
ЗОЧИН
Сэмүүнд
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch
unshigch
иргэн
Зочин
Зочин
Tugs
Зочин