Хүүхэд байхдаа Америкийн нохой зодоон буюу WWF -ын UnderTaker, Stone Cold, Rock, Triple H нарын зодооныг үзэж ихэд шимтдэг байж билээ. Жинхнээсээ зодолдож байгаа гэдэгт итгэчихээд "наадах чинь худлаа зодоон ш дээ" гэсэн хүмүүстэй мэтгэлцэж хэрэлддэг байв. Харин удалгүй зүгээр л төлөвлөгдсөн шоу гэдгийг нь мэдчихээд их сэтгэлээр унасандаа. WWF гэдэг нь World Wrestling Federation буюу дэлхийн бөхийн холбоо гэсэн үг, манай үндэсний бөхийн холбоо шиг л. Зодоончид нь өөрсдийгөө wrestler буюу бөхчүүд гэдэг юм. Хэдэн жилийн өмнөхөн харин нэрээ солиод World Wrestling Entertainment болсон. Entertainment гэдэг үгийг ерөнхийдөө зугаа цэнгээн буюу НААДАМ гэж буулгасан ч болно. Худлаа зодоон ч гэсэн зурагтаар Smack Down үзэх тун чиг кайфтай шүү. Заримдаа писхийтэл инээд алдан байж үздэг. Хүүхэд байхад сэтгэлээсээ дэмжиж, үнэн голоосоо догдолдог мэдрэмж мэдээж арилсан. Зүгээр л тулаантай кино шиг мэдрэмжээр үздэг. Харамсалтай нь манай үндэсний бөх энэ маягаараа удахгүй нохой зодоон шиг болох нь, муу ёр байгаа даа уг нь.

Энэ жилийн наадам ямархуу болсоныг, ямар аймгийн бөхчүүд ямархуу найраа хийснийг бид харсан. Зарим нь итгэхийг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ хөндлөнгийн сонирхогчийн нүдээр харахад арслан гарьд заан том сайхан бөхчүүд яг яс үзэлцвэл арваадхан секундэд ойчдоггүйг л мэдэх юм. Энд мэдээж маш их мөнгө эргэлдэж буй, хэдэн зуун сая, магад тэрбум ч хүрч мэднэ. Начин цол авахад лав 3-ын даваанаас эхлээд 5-ын даваа хүртэл нийтдээ 150-200-аад сая төгрөг зарцуулж буй тооцоог албан бусаар цуурцгаах болж, бараг үнэний ортой. Ер нь манай үндэсний бөхийн холбоо нэрнээсээ энэ ХОЛБОО гэдэг гоё үгээ хасаад ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЭНТЕРТЭЙНМЭНТ гэж өөрсдийгөө нэрлэчихвэл шударга юм бишүү. Америкийн нохой зодоон манай үндэсний бөх хоёр улам л адилхан болсоор буй, шоу гэдэг утгаараа. WWE хэдий шоу ч гэсэн маш олон үзэгчтэй учир маш их мөнгө эргэлддэг. Манай үндэсний бөх ч ялгаагүй, олон үзэгчтэй. Нутгийн зөвлөлүүд баяжсаар буй тул эргэлдэх мөнгө нь удахгүй тэрбумаар яригдаж эхэлнэ. WWE-ийн зодоончид манай бөхчүүдтэй адилхан хагас нүцгэн дэвжээн дээр гардаг. Гэхдээ манай бөхчүүдийг бодвол арай гуалиг л даа.

Бөхөөс гадна хурдан морьны уралдаанд нэг маапаантай зүйл бий. Зөвхөн уяачдад л олгох ёстой цолыг морьны эзэнд өгдөг нь хайшаа янзын ч дүрэм юм дээ. Юун МонУран, юун АПУ Батхүү урд зүгээс баян хужаа ирээд хамаг морьдыг нь шилж аваад “алдарт уяач Ли Көн Шан” гэж хэлүүлэх нь дутаж байх шив. Аваргуудын лигийн цомын эзэн Челсийчүүд гэж ярьдаг болохоос аваргуудын лигийн аварга Роман Абрамович гэж ярьдаггүй биздээ. Морьны хоббитой баячууд тэгж л их цол хүсээд байгаа юм бол “улсын алдарт морь авагч”, “улсын тод манлай спонсор”, “улсын манлай морь ивээгч” “шандаст морьны мөнгөн дэвсгэртчин” гэх маягийн цолыг нь өгөх хэрэгтэй. Эрийн гурван наадмаа сайхан шинэчлэхгүй бол баячууд, УИХ –ын гишүүд нь алдарт уяачаасаа халиад арслан гарьд болох тухай бодоод эхлэх вий дээ. Уяачдад хайртай Төв аймгаас дандаа уяач гишүүд сонгогддог шиг бөхөд хайртай нутгаас бөх гишүүн сонгогдохыг ч үгүйсгэхгүй. Тэрбум төгрөгийг сонгуульдаа үрдэг улс тэрбум төгрөгөөр улсын цол авчихад юу нь болохгүй гэж. Баян хүн юуг ч чаддаг Монгол улсаа бид жинхэнэ капиталист гэх үү юу гэх үү. Хамгийн харамсалтай нь ихэнхи баячууд нь авлига, хулгайгаар л баяжсан юм шүү дээ ццццц.

Би хувьдаа үндэсний бөхдөө үнэхээрийн дуртай. Багадаа 512 ширхэг шагай цуглуулж байгаад л хоёр хоёроор нь орхиж морь буусныг нь давсан бөхөд тооцож, начин, заан, арслангаа тодруулж тоглодог байж билээ. Арслан, аварга цолтой шагайнуудаа лакдаж, будаж цэвэрлээд л. Өнөөгийн залуус үндэсний бөхөө сонирхох нь улам л багассаар буй. Тийм атал шинэ мэнэжмент хийж нэр хүндээ өсгөхийн оронд улам л шоу болгоод байгаа нь юу ч гэмээр юм дээ. Бөхийн өргөө байнга дүүрдэг гэж өөрсдийгөө тайвшруулах хэрэггүй л болов уу. Учир нь нохой зодоон ч гэсэн асар их үзэгчтэй. Үндэсний бөхийг шууд утгаар нь шоу болгож буй энэ үед хэнийгээ ч хайрлаж дэмжих билээ, хэнийгээ ч давчихаасай гэж сэтгэл догдлуулан харах билээ. Мэдээж зарим Монголчууд бөхөө үзсээр л байх болно, харин хайртай бөхөө дэмжиж биш, зүгээр л нохой зодоон шиг, үе үехэн писхийтэл инээд алдаад л...

Улсын засуулууд удахгүй ингэж цол дууддаг болох вий

“Барууууун талыыыын засуууул Сонсооо, манай манлай залуу арслан тавин саяыг өгч Тааав сааййхан давъя гэвээээ”

“Багадлөөөөөө, энэээ их жил эдийн засаг арван долоо өсч, инфффляяяяяц нэмсэн учир далан саяыг авъя гэвэээ”

“Бодъё өөөөө....”

Наадмын наастар дууссан үед бэлэггүй хэдэн бодлоо дэлгэснийг минь уншигч олон хүлцэнэ бизээ, аргагүй сэтгэл гонсойгоод л тэр.

facebook.com/aanxaa.scenario

twitter.com/aanxaa