Монхоол гүрний хамаг алтыг Намбарваани мангас өөрийн мунхаг шавь нарын хамт хурааж цуглуулаад ардыг аж төрөхөд тотгор болон суух бөгөөд түүний шуналт хатныг Цөлмөн гэх. Намбарваанийн сэтгэлийг ухваас, түмэн голын ус ширгэхэд ажрахгүй атал хараантных нь ус тасрахад ихэд хилэгнэн нисдэг тэргээр цэвэр ус зөөлгөж амаа зайлдаг, түмэн хүүхэд хордоход гунихгүй атал эхнэрийн нүүрэнд батга гарахад шаналал болон ууланд авирч савдаг зовоодог ажгуу. Намбарваанийг дарах гэж есөн баатар эрс ирвээс тавыг нь хахуульдаж нөгөө дөрвийг нь даруулах, үлдсэн таваас хоёрыг нь гүтгэж гурваар нь нухуулах, үлдсэн гурвынх нь нэгийг нь гадуурхаж нөгөө хоёроор нь алуулаад сүүлчийн хоёр баатарыг өөрийн гараар тонилгож хахуульд өгсөн бүх алтаа буцаан авдаг үнэхээрийн аргат нэгэн бөгөөд санаа гэж сарны тэртээ аялах мэт уужим бөгөөд уршигтай. Амт хурц архинаас арван шилийг уусны дараа “Сархад амнаас үнэртвэл яана” хэмээн зовоод хүсэл байвч дараагийн үрүүнкийг тэвчин цээрлэдэг, анд нь юмуу атаатан нь юмуу үл мэдэгдэх Баярс гэгч нэгэн савдаг мангасын хажууд овор нэмэн суух бөгөөд хараа хурц үг ширүүн бөгөөд нэг удаагийн эхнэрээс нэжгээд хүүхдийг аваад алс цөлж одуулдаг сэтгэлтэн юм.

Үг олон ч үйл хомс хүч их ч хүзүү үгүй нэгэн баатарын алдарыг Ховордож гэх агаад амьд бүхний тархийг гавалнаас нь гаргаж ирээд өнгөлөн зүлгэж хөөсрүүлэн сойздож угаасныхаа дараа мутрын үсгийг сийрүүлэн үлдээгээд буцааж хийдэг эрдэм номд төгс гэгээрсэн нэгэн аж. Дөчин түмтийг гарын дор хураасан цаснаас цагаан үстэй нударган атман Үүлэнбат гэгч сайн эр түүний үнэнч нохос болон хамгаалан манах. Ховордож баатар сархадаар бороо оруулж, гурилаар цас будруулна хэмээн үгээгүй ардад амлаад дөрвөн жил зажилсан бохио газарын мухар лугаа нуун орхиод эргэн эргэн харсаар сэтгэл нь тавгүй мэт алхлан мангасыг даран одохоор зэхэв. Үүлэнбат өгүүлрүүн, анд чиний бүтээх их хэрэг намавтгар биед чинь ахдхаар билээ, нөхрийн хажууд сахин хамгаалж арслан ирвээс алцайтал нь *ааж, баярс ирвээс бадайртал нь охож элдвийн хар шулмуудаас хамгаалан сархад дарсаас холуур байлгаж, садар эмсийг үргээн хуцаж байя, авилгал идэх аваас цагаан үс минь халзраг, ах намд автах болбоос автын осолд орог андгай тангарагаас шарвуул ам хэл аниргүй болтугай гээд түүнд бараа болж дагав.

Ийнхүү хоёр анд хорин жилийн газрыг туулахаар үнээн тэрэг хөлөглөн гарваа. Үнэнээр явбал том хар жаапнуудыг ч үнээн тэргээрээ гүйцэнэ хэмээгээд гүрийж наян хоног зүдэрсэн ч Монхоол гүрний уур амьсгалыг хөөрхий үнээ даасангүй турж эцэн байхад Ховордож үл хэрэгсэн хоног тутам арван хувин сүү сааж ардад борлуулан ашиг олох. Нэгэн өглөө Үүлэнбат үнээгээ сэрээх гэж ам цангатал ульсанд эс нөлөөлөхөд гайхан очвоос хөөрхий үнээний туурай элэгдэж хөл холцроод хэдэн хавирга нь ширээ нэвт зүсэн гарч ирээд өвлийн идэш хийхэд ч хэцүү болж нас нөгцсөн амой. Уналга үгүй болсон хоёр анд хэрхэхээ мэдэхгүй лааз өшигчин ахуйд алсын сарын газрын чанадаас тоос манарч ойртох юм гэнэ. Тохой газар газар хороохын төлөө тонн бэнзээн шатааж тортог утаа нь дэлхий тойрдог том хар лааанд жааптай хэсэг феодал уусан ус идсэн хоолны үлдэгдлийг цонхоороо гарган чулуудан яваа агаад утаат нутгийн үгээгүй ард уралдан булаалдан авцгааж буй нь ийнхүү харагдаж байжээ. Жааптай хэдэн феодалууд Ховордож, Үүлэнбат нарын харалдаа ирснээ ихэд тал засан өөсдийн унаанд сууж мангасын нутагт хүргүүлэхийг учирдав. Ховордож өгүүлрүүн, хэрэв миний үнэнч нохос Үүлэнбат энэ том жаапны чинь дугуйг хорин удаа хазахад зүүний учигны чинээ сэв гарахгүй бол та нөхөдтэй хамт бид одсуу, эс бөгөөс та нар хагархай дугуйтайгаа үлдсүү. Ингэхэд Үүлэнбат цагаан үсээ сагсалзуулан ирээд айхтар жаапны хаймран дугуйнд шүдээ зоох гэж үзээд үнэхээр эвийг олсонгүй тул тэд нааш харж инээгээд цааш харж уйлаад феодалуудын жаапанд сууваа. Үүлэнбат Ховордожын чихэнд шивнэхүй, за энэ өгөр феодалууд биднээр мангасыг даруулаад өөрсдөө хамаг алтыг авах гэсэн санаа агуулсанаас зайлахгүй, хоёул зам дөхөнгүүт үтэр үсрэн бууя хэмээхэд Ховордож     

-Анд минь бид нэгэнт фёодалуудын жаапанд суусан тул өөрсдөө фёодаль болж буй хэрэг. Эднийг хулхидан арга мэхэндээ оруулж хэсэг газар зорчиход юу эс буруудах билээ, хэмээн хариуллаа.

Энэ хооронд Баярс бүлэмцүүхэн хандлагатай Намбарвааний өргөөнд очиж тайван атлаа ширүүн агсам үгсийг ийн чулуудав,

-Алсын тэртээгээс ардчилсан фёодалууд чамайг нухахаар айсуй. Үүлэнбат хоолойг чинь зууж, Ховордож тархиар чинь бөмбөг өшиглөн наадахаас эмээхгүй суух чинь юув. Намбарваани хээрийн чинээ торгыг хэрж нэхсэн урт шар дээлнийхээ баруун ханцуйнаас туг ноолуур гаргаад  “Буянт мал ямаа юм Бузгай урт жагаа сэр сэр сэр” гэж шившхэд түүний өмнө ямаан омогт ямаан зүст ямааны зурагтай ноолууран гоонж өмссөн өндөр биетэй шөвгөр нүүртэй адгуус гарч ирлээ. Энэхүү аймар адгуус болбоос цагтаа далан зургаан модон хүний нэг нь явсан бөгөөд уг нь урьд төрөлдөө Мэргэн ард Аанхаагийн шүтдэг хүмүүсийн нэг байсан авч ямаатай нөхцсөний улмаас ардуудад ад үзэгдэн Намбарвааний ханцуйнд нуугдаж амьдрах болжээ.

Намбарваани зүүн ханцуйнаасаа олон зоны бөөгнөрөл болсон Баатарулаан хэмээх нэгэн их балгадын хуучирсан зурагны тасархай гаргаж ирээд шившхэд Ми Гом Бо ЭнхиБалдаа хэмээх айтар нэртэй бас нэгэн мангас гүзээгээ унжуулан бууж ирлээ. Тэрбээр Ховордож баатарын уртаа хүзүүг хуулийн дагуу хулхидан авсан гөлийсөн царайтай бүлцийсэн нүдтэй сайн ажвал мэргэжлийн сумогийн Ваканосато шиг царайтай намбарвааний үнэнч мангасуудын нэг билээ.   

Намбарваани хоёр аймар этгээдийг ийн дуудасны дараа “жааптай фёодалуудыг замд нь хорлож ир, Үүлэнбатын толгойг Ховордожийн хэлтэй авчрахгүй бол бүү буцаж ир” хэмээн зандрах учирлах манжлахын дундуур хэлээд нэжгээдхэн зоосоор урамшуулан явуулваа.  

        

 Тэргүүн бүлэг төгсөв. Дэд бүлэг coming soon