УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэнэ. Уг хуулийн төсөл өнгөрөгч долоо хоногийн чуулган, Байнгын хорооны хэлэлцэх асуудлын хуваарьт “Бусад” гэдэг томьёоллоор орсон байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар “Өглөө нь төсөл өргөн бариад өдөр нь Байнгын хороогоор хэлэлцдэг байж таарахгүй. УИХ-ын гишүүд төсөлтэйгээ танилцах ёстой, Сонгуулийн тухай хуульд хариуцлагатай хандах ёстой” гэснээр хэлэлцүүлгийг хойшлуулсан билээ.  

Өнөөдрийн байдлаар УИХ-ын сонгуулийн тухай хоёр төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа. Нэг нь УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгээс өргөн мэдүүлсэн төсөл, нөгөө нь УИХ дахь АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн төсөл. 

Хоёр төслөөс харвал УИХ-д олонхи, цөөнхийг үүрэг гүйцэтгэж буй улс төрийн хоёр нам АН, МАН-ын хувьд сонгуулийг пропорциональ, мажоритари хосолсон хэлбэр буюу холимог тогтолцоогоор явуулах дээр санал нэгтэй байгаа юм байна. Ингэхдээ жагсаалтаар сонгох гишүүдийн тоон дээр санал зөржээ. Үүнээс болоод АН-ын бүлэг УИХ-ын ажлын хэсгээс тусдаа хуулийн төсөл өргөн барьсан бололтой. 

Эрх баригч МАН-ын хувьд УИХ-ын 76 суудлын 50 хувь буюу 38 суудлыг пропорциональ систем буюу намын жагсаалтаар, үлдсэн 38 суудлыг мажоритари тойргоос сонгож гаргаж ирэхээр төсөлд тусгасан байна. Харин АН-ын хувьд өмнөх 2012 оны сонгуулийн нэг адил 28 суудлыг намын жагсаалтаар, үлдсэн 48 суудлыг мажоритари тойргоос сонгохоор төслөө боловсруулжээ. 

Сануулахад 2012 оны сонгуулийн хуулийг хийхдээ АН-ын зүгээс анх 38:38 гэдэг харьцааг санал болгож байсан юм. Гэвч МАН-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч 28:48 гэдэг харьцаан дээр буусан билээ. Тухайн үеийн цөөнх болох МАН-ын зүгээс “Сонгуулийн пропорциональ тогтолцоо, намын жагсаалтыг оруулж ирж байгаа анхны тохиолдол учраас болгоомжтой хандах ёстой. Сонгогчдын сайн таньж мэдсэн мажоритари тойрог дээр давуу байдлыг өгөх ёстой. Намын жагсаалтад дулдуйдаж болохгүй” гэдэг байдлаар асуудалд хандаж байсан билээ. Гэвч энэ удаад МАН буюу парламентын олонхийн зүгээс сонгогчид өмнө хэлсэн хүчин зүйлүүдийг “даван туулсан” буюу пропорциональ сонгууль өгөхөд суралцсан гэж дүгнэсэн бололтой юм. Хоёрдугаарт, өнгөрсөн хоёр удаагийн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон намынх нь гишүүд янз бүрийн гэмт хэрэгт орооцолдож, нэр хүндээ алдсан учраас мажоритари жижиг тойрогт сонгогчидтой шууд нүүр тулах нь эрсдэлтэй харагдаж байж ч болох. Тиймээс “зайнаас” тоглох, МАН гэдэг малгай дор гол хүчээ хуримтлуулах нь эрх баригч намын зорилго байж болох юм.

Харин АН-ын хувьд яагаад намын жагсаалтад бичигдэх тоог аль болох бага барихыг эрмэлзэж байгааг тайлбарлах боломжгүй юм. Өмнө нэг удаа сонгуулийн холимог тогтолцоог оруулж ирсэн нь чухамдаа АН-ын санаачилга байсан, мөн тэр үед АН-ын зүгээс намын жагсаалтаар нэр дэвшигчдийн тоог аль болох олон байлгах, нэр дэвшигчдийн 50 хувьд хүргэхийг чармайж байсан нь үнэн. Тиймээс энэ удаад намын жагсаалтаар нэр дэвшигчдийн тоог аль болох бага байлгах бодлого барьж байгаа нь тогтолцоотой нэг их холбоотой биш байх. Магадгүй, намын жагсаалт урт байх нь эрх баригч намд илүү ашигтай гэдэг байдлаар асуудалд хандаж байж болох юм. Хоёр удаагийн сонгууль дараалан үнэмлэхүй эрх барьсан нам шүү дээ.

Тэгэхээр хоёр намын хувьд тогтолцооны гэхээсээ илүү улс төрийн нөхцөл байдлаа харсан “өрсөлдөөн” буюу зөрчилдөөнт бодлого байх шиг байна. 

Зарчмын шинжтэй гэж болохуйц бас нэг ялгаа хоёр хуулийн төсөлд байгаа нь эмэгтэй квотын асуудал. 

Тухайлбал, МАН-аас буюу УИХ-ын ажлын хэсгээс өргөн барьсан төсөлд “Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаар нэр дэвшигчих 38 нэр дэвшигчийн 19 нь эмэгтэй гишүүн байна гэсэн үг. Энэ бол урьд хожид гарч байгаагүй том тоо. Өмнөх 2012 оны жагсаалтад МАН эмэгтэйчүүд дээр 25 хувийн, АН 30 хувийн квот тогтоож байсан санагдана. МАН-ын жагсаалтын дөрвөн хүний нэг нь эмэгтэй байсан бол АН-ын жагсаалын гурван хүн тутмын нэг нь эмэгтэй байсан. Тухайн үед энэ тал дээр АН илүүрхэж байлаа. 

Харин энэ удаад АН яагаад 50 хувь хүртэл шидэж өгсөн нь гайхалтай. Магадгүй үлдсэн 38 суудал буюу мажоритари тойргуудаа эрчүүддээ тохирсон байж болох юм. /Тэгээд ч одоо УИХ-д сууж байгаа МАН-ын эмэгтэйчүүдээс эргэж сонгогдох магадлалтай хүн бараг “тэг” хувь. Тэгэхээр намын жагсаалт л тэдэнд аврал болно гэсэн үг/ Хэрэв тийм биш бол эрчүүд давамгайлсан энэ парламентаас ийм үр дүн хүлээх хэцүү.

Харин АН-ын бүлгээс өргөн барьсан төсөлд, жагсаалтад бичигдэх 28 гишүүнийг 1:1 буюу эрэгтэй, эмэгтэй хүйсийг тэнцүү нэр дэвшүүлэхээс гадна “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 40-оос доошгүй хувь /30-аас дээш нэр дэвшигч/ нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 14 нь эмэгтэй квот байна гэж үзвэл үлдсэн 16 нэр дэвшигчийг тойргоос гаргаж ирнэ гэсэн үг. Ингэхдээ “эмэгтэй” гээгүй, “аль нэг хүйсийнх” гэж заасан нь хүйсийн харилцааг зөвхөн “эмэгтэй, эрэгтэй” гэдгээр хязгаарлахгүй, бусад хүйсийг /трансжендер гэх мэт/ эрхийг ч бас хүндэтгэж үзнэ гэсэн санаа. Улс төрийн буюу сонгогдох эрхийн асуудал дээр бидний "саармаг" гэж нэрлэж ирсэн бусад хүйсийн эрхийг ярьж байгаа анхны тохиолдол болж байна. Энэ “нийгмийн цөөнх” гэж үзэгддэг бусад хүйсийн улс төрийн эрхийг орхигдуулахгүй байх, ингэснээрээ тэр хэсгийн дэмжлэгийг авах өөр нэг боломж ч байж мэдэх юм.

УИХ дахь олонхи, цөөнх болох МАН,АН-аас өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг өнгөц харахад иймэрхүү. Дэлгэрэнгүйг дараа өгүүлэх болно.

inews.mn