Л.Оюун-Эрдэнээс одоо нэг л өөр сүрчиг үнэртэх болжээ. Урьдын давчуу царайтай, дарамт ханхлуулсан “коммунист бацаан” цаанаа л тавираад, зөвхөн өнөөх 14 мега төслөө ярьчихаад, бусдыг нь ширвээд өнгөрдөг болсон байна. Бөхөөр бол  “биеэ суллаж байгаад сайхан үзчихье” гэсэн байртай, бяр ороод ирж гэх үү дээ. Хамгийн “аймаар” нь тэр огцруулахаас айхаа больчихож. Айлгах гээд байхад айж өгөхгүй байх ч атамануудад бол лүд шүү дээ. Түүн шиг огцруулна гэхээр нь “Тэгье л дээ” гэсэн нүдээр харах тэнхээтэй болжээ, тэр.

Ер нь №3 гэж кодлогдоод, Ерөнхийлөгчийн ялалтын баяраар Кремльд бэлэглэх “хадаг”-ийг бэлдэж, олон нийтэд балбуулж суух аз жаргал юм уу? Ирээдүйг 30 жилээр нь харсан хөгжлийн бодлого дэвшүүлчихээд УИХ-аар төсвөөр хясуулаад байцаагдаж ажиллах, үргэлжийн хар хорон дунд иргэдэд үйлчлэх тийм гоё ажил гэж бодно уу? Ордны гурван давхарт зурагаа өлгүүлэх тийм чухал юм уу?

Яагаад өмнөх “ах нар” шигээ хэний ч эрх ашгийг хөндөхгүй, хөрөнгийг нь иргэдтэй хуваалцана гэж булаалдахгүй, “Бүхний хайртай Ерөнхий сайд” байж болох л байсан. Энэ тийм зөв бөгөөд туулахад амархан зам юм уу. Тийм бол яах гэж олон олон жил энх мөнх заларсаар баяжсаар ирсэн эрх ашгаараа нэгдсэн бүлэглэл, фракциудтай нэгбүрчлэн зодолдсон байх вэ? Тэврэлтдээ хүртэл хумсаа шигтгэж, түүнийг тэнэг мугуйд эр зоригийг гайхширсан “Өчигдрийн эзэд” яг одоо Л.Оюун-Эрдэнийг ямар дуу аялах гээд байгааг ч ойлгохоо больж. Гэвч шинэ дуу, шинэ нотоо тэр өөрөө л зохиосон юм. “14 мега төсөл” яг романтик хөвгүүний мөрөөдөл шиг уншигдаж байсан бол эдүгээ ажил хэрэг болж нүүрсний машинтай улстөрчдийн ашгийг хумслах төмөр замуудаа холбохоор болж, Ивануудын дууг үл анзааран Эрдэнэбүрэн УЦС-ын төсөл хэрэгжиж эхэллээ. Тэнэг нь Л.Оюун-Эрдэнэ юм бол тэр олон ухаантай ах нар Ерөнхий сайд байхдаа эрчим хүчний үнийг нэмэхгүй яасан юм бэ? ДЦС-ууд барихгүй яасан юм бэ? Энэ “бацаан” тийм хүчтэй улстөрч юм уу?

Шивнэж хэлье, хамгийн аймшигтай нь тэр ядуу, бас шуналгүй юм байна лээ. Тиймээс урд нь эрх барьж байсан “ах нар”-ын айдсыг мэдэхгүй байна. Ерөнхий сайд болсныхоо дараа баяжсанаас “дутуугийн комплекс” гэж байдаг бол түүнийгээ шатааж улсынхаа ирээдүйн хөгжлийг өөрчилчихөөд явахад яах вэ дээ гэж ярьдаг юм билээ.

Ийнхүү түүний огцрохоос айхгүй, адлагдахаас эмээхгүйгээр ажлаа хийгээд, таалагдах синдромоос татгалзчихаад байгаа нь огцруулахаар зэхсэн, цагаан хоолой бэлдсэн, өдөр шөнөгүй троллуудыг хурууг нь цэврүүттэл бичүүлж буй эгдүүцсэн нөхдийг улам бачууруулах аж. Ийм дүр зураг харах гоё байна.

Түүнээс ард иргэд уйдсан байж болно оо. Мод хэдий цэх ургавч салхинд найгадаг даа. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд алдаа хангалттай бий. Ялангуяа тэр амыг нь уу. Хэрэлдчих гээд л байх юм. Гэхдээ “ордны хуйвалдаан” гэгчийг улс төрд хөл тавьсан цагаасаа хойш дэндүү мэдэрч, бараг дэргэд нь оролцож “өссөн” улстөрчийн хувьд уур амьсгалыг мэдэрч бачуурахаараа адармаар санагддаг бололтой. Яагаад гэвэл түүнд маш гоё цэлмэг тэнгэр, цэцэг навч, ногоон зүлэг дээр тэрийгээд хэвтэх өдрүүд ойртсон байж болох ч зорьсон ажлаа бүтээх шаардлагатай байгаа юм. Энэ бол улс орны, тэр ч байтугай гадаад талаас анхааралтай ажиглаж буй зүй ёсны шаардлага.

Монгол Улс хэлсэндээ хүрдэг юм уу? Оросоос өөр улсаас, онгоцоор шатахуунаа ачаад ирж чадахгүй байж, маргааш таслахад харанхуй болох эрчим хүчтэй байж яасан том төслүүд дэлхий дахинд зарлаа вэ гэж хэлэх гадна, дотнын хүн маш олон байна. Байсаар ч ирсэн. Өнөөх 30 жилийн хөгжлийн гацаа маань бараг үүнтэй холбоотой. Энэ үнэнийг зөвхөн тухайн цаг үеийн Ерөнхий сайд л биеэрээ туулдаг юм. Бусдад нь бол “Хараат бус байгаач ээ, аа муу Путины утсан хүүхэлдэй” гэж хашхирах амархан. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн Багахангай-Хөшигтийн төмөр зам. Жижигхэн, богинохон төмөр зам байна гэнэ ээ? Үгүй ээ тэгээд гучин жил өнгөрч байхад 110 км төмөр зам тавьчихгүй яасан юм бэ? Улс төрийн хориг саад, геополитик гээд түмэн шалтаг хэлэх байх. Тэгвэл одоо яагаад болж байгаа юм бэ? Монгол Улс, Улаанбаатар хот нүүчихээгүй шүү дээ. Энд зөвхөн сэтгэл дутдаг байгаа биз? Мөнгө биш шүү. “Манай Монгол Улс ганцхан төмөр замтай. Үүгээр тэсэрч дэлбэрэх аюултай бодисууд нь хүүхдийн сүүн тэжээлтэй хамт тээвэрлэгдэж байна аа. Саяхан манайд нэг цистерн дэлбэрээд нэгэн хотхоныхон орон гэргүй болж нэлээд хэдэн хүний амь эрсэдлээ. Хэрэв 50 вагонтой нэг цуваа дэлбэрвэл яах вэ? Тиймээс бид ард иргэдийнхээ аюулгүй байдлыг бодоод та бүхний дургүй маршрутаар бус, засаг төр дотооддоо хэлэлцээд, шийдвэрлээд салбар төмөр зам бариад эхэлчихлээ. Тэглээ гээд яав? Нөгөө Роснефтийн, Газпромын нөхдүүд чулуу шидээд, шатахууны крантаа хаагаад байна уу? Үгүй байгаа биз? Тэгэхээр манайхны дотоодын ашиг сонирхол бас байжээ. Тэд гучин жил энэ аргаараа төрийг хуурсаар түмнээс шулсаар ирж.

Ураны гэрээ. Эрчим хүчний үнэ нэмэх. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өмнөх ямар ч том ахын Засгийн газар шууд огцрох аймаар шалтгаан мөн. Гэтэл одоо яагаад уг гэрээг зураад, эрчим хүчний үнийг нэмчихэж болоод байна вэ? Бас л зориг, сэтгэл л дутаж байж. Л.Оюун-Эрдэнийг анх Ерөнхий сайдаар томилогдоход, түүний Хуулийн сайдаар нь Х.Нямбаатар томилогдоход “Энэ хоёрын залуу нас, тэнэг зориг хоёрыг ашиглаад ав” гэж бичиж байсныг санаж байна уу? Учир нь тэд ашиглагдах зоригтой, сэтгэлтэй байгаа нь таалагдсан юм. Бид улам илүү ашиглах ёстой. Хийж чаддаггүй байсан бүхнээ, болохгүй гэж бодсон бүхнээ тэдэнд даатга. Өнөөдрийн байдлаар “жинхэнэ” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж байна. Өмнөх Ерөнхий сайдаас өвлөж авсан багтай биш, өөрөө УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулаад Засгийн газраа, танхимаа бүгдийг өөрийнхөөрөө хийсэн, энэ бол түүний Засгийн газар яах аргагүй мөн. Тийм учраас “Ордны хуйвалдаан” хэдэнтээ дүүгүүрдэж үзлээ. Ийм хуйвалдаан Ордны гаднаас үл харагдан, юу ч болоогүй мэт дүнхийж байдаг юм. Шинж тэмдэг нь “Юу болоод байгаа юм бэ” гэх шивэр авир яриа. Юу ч болоогүй мэтээр юм юм болж байдаг. Бүтэлгүйтвэл бүдгэрч, бүтэмжтэй бол тодорно.

Үг олдож, үхэр холдлоо. Юу ч болоогүй байна. Юу ч болгож болохгүй байна. Яагаад гэвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаад байна. Огцруулахаас айж өгөхгүй байна. Зодох гэхээр инээгээд, зовоох гэхээр жаргаж ажиллаад байна…Ордны хуйвалдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахаас нэгэнт өнгөрч…Энэ бол түүнийг дархлагдсан дарангуйлагч гэсэн үг биш. Дараагийн хувилбараа хай, хуулиар ямар арга байгаа билээ, бод гэсэн үг. Гэхдээ “Бүсчилсэн хөгжлийн голыг тасалсан” тохиолдолд хэн, хэрхэн хохирох, яаж төлөхөө заавал бодолцоорой гэж захья.