Алтангэрэлт судар-5
Хутагт Алтангэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой-
ТАВ:
Бурхан багш зарлиглав.
Язгуурын хөвүүнээ. Номын лагшин тэр бүхнээс илүү их хүчирхэг байдаг. Аливаа төрөлхтөн түүнийг төгс бүтээж үл чадна. Түүний эцэс төгсгөлд хүрч үл чадна. Тэр зүүд мэт байдаг. Тэр зөв төв мөрийг барин оршдог юм. Үлгэрлэвээс. Тэр энэ мэт байдаг. Алтаар юу ч хийсэн. Юуг ч эс хийсэн түүний мөн чанар үл алдагддаг. Тэр мэт номын лагшин бол харанхуй хоосноос ангижирч салсан. Бурхад Бодьсадва нарын оршихуй орон адил билээ. Нэгэн цагт язгуурын хөвүүд охид Бурхан багшид ингэж айлтгасан байдаг. Бурхан багшаа. Буян хийгээд нүглийг хэрхэн яаж ялгаж салгаж ойлгодог вэ? Буяныг барьж ямар үйлийг үйлдвэл нэн ариун явдлыг олж чадах вэ? хэмээн айлтгасан.
Тэр цагт Бурхан багш зарлигласан.
Язгуурын хөвүүд. Язгуурын охидоо. Та нар дээдсийн ном. Хутагт Алтангэрэлт судар номыг судалж шүтэж сонс. Сэтгэл зүрхэндээ ёсчлон шингээж үлдээ. Хэрвээ дээдийн энэ номонд үнэнхүү сэтгэлээр чармайн шамдан суралцах аваас. Шунал, уур хилэн, нүгэл хилэнц бүгд үүрд алга болно. Дотор муу хар хор нисваанис-аас сална. Түүнчлэн ийн үйлдэх аваас. Энэ мэт Бурханы номыг бишрэн үйлдсэнээр нэн анхны ариун явдлыг олох болно. Энэ мэт анхны ариун сэтгэлийг барин олон амьтны тусын тулд хэмээн бодож элдэв олон муу сэдэл сэтгэлийг тэсэж тэвчиж өнгөрөөх хэрэгтэй. Нэн их ариусах болно. Дараа нь номын лагшингийн арван шатлалыг гүйцээж үйлд. Түүнчлэн заларсан бурхадын оршихуйд хүрэх болно.
Язгуурын хөвүүн. Язгуурын охидоо. Заларсан бурхадын оронд гурван муу сэдэл арилсан байдаг. Тэр гурав аль вэ? хэмээвээс. Энэ мэт байдаг. Сэтгэлийн гэм /нисваанис/ ариуссан байдаг. Билэг чанар, оюун ухаан номын хүчинд ариуссан байдаг. Зовлон арилсан тул билиг үзэгдэл нэн ариуссан байдаг. Энэ үлгэрлэвээс. Энэ мэт билээ. Нэн их бохирдсон усыг шүүж тунгааж цэвэрлэх аваас. Ус үгүй болохгүй. Усны мөн чанар алдагдахгүй. Харин усны туйлын мөн чанар тодрон гарч ирдэг. Энэ мэт. Аливаа юмсын бодит мөн чанар нь устаж үгүй болдоггүй юм. Тийм учраас. Орчлонгийн зовлон зүдгүүрт хүлэгдсэн сэтгэлийн гэм хорлолыг тэвчих хэрэгтэй. Тэгвэл элдэв олон муу гэмээсээ салж хагацах болно. Тэр мэт. Бурханы авралыг хүртэх болно. Тэрбээр нэн ариусаж төгс жаргалангийн лагшинг олох болно хэмээн Бурхан багш зарлиглав.
ЗУРГАА:
Бурхан багш зарлиглав.
Язгуурын хөвгүүд. Язгуурын охидоо. Амьтан бүхэн муу үйлээс салж хагацах ёстой. Энэ мэт. Сэтгэл бодлоо нэн их ариусган үйлд. Энэ мэт. Номын лагшингийн арван шатлалыг гүйцээн үйлд.
Язгуурын хөвгүүд, охидоо. Сэтгэл бодлын гэмээр үйлдсэн нүглийг гүйцэд арилгаваас. Төгс жаргалангийн лагшин үзэгдэх болно. Муу үйл бүү үйлд. Хувилгаан лагшин үзэгдэх болно. Номын номлолын эрдэмд нэн ихээр суралц. Номын лагшинг олох болно. Түүнчлэн заларсан бурхад бээр энэ мэтээр үйлдсэн. Тийм учраас. Тэд өвдөх, өлсөх, элдэв зовлон үгүй оршдог. Тэд нар нойр залхуу, мунхгийн болон бусад зовлонд үл автдаг. тийм учраас Тэд ариун байдаг. Тэд их самадид үргэлж мөнхөд оршдог юм. Хэн нэгэн нялхас, тэд нар заларсан бурхныг харах гэвээс, түүнийг заларсан бурхныг олж харж чадахгүй. Хэн нэгэн араатан адил авиргүй нэгэн, аймшигт муу үйлийн эзэд нартай заларсан бурхад уулзахгүй. Заларсан бурхад тэднийг харсан ч хараагүй адил, сонссон ч сонсоогүй мэт өнгөрөөхийг хичээдэг. Гэсэн хэдий ч заларсан бурхдын ном номлол бүгдэд хүрч тусалдаг. Ном номлол үүнийг сонсож мэдсэн хэнд боловч түүний ерөөл, сайны үр дагавар нь барагдашгүй их байдаг. Түүнчлэн заларсан бурхдын номлолыг сонссон үл сонссон, таалсан үл таалсан эсэхийг тэд үл эрхшээх болой.
Язгуурын хөвгүүнээ. Язгуурын бурхад. Тэд бүгдэд адилхан нэг нигүүсэх сэтгэлээр ханддаг.
Язгуурын хөвгүүнээ. Хэн боловч Хутагт Алтангэрэлт энэ судар номыг сонс унш түгээ. Судалж бүтээ. Ялж төгс нөгчсөн бурхдад өргөл хүндэтгэлийг хичээн үйлд. Түүнчлэн залрагсдын авралд.багтах болно. Тэнцэшгүй үнэн бодь сэтгэлээс эргэж үл буцахыг болгоох болно. Үнэнхүү төгс буяныг хураах болно. Дээдийн ном үйлдэх тэр үест буяны ёзоор үл төрөх аваас. Түүнийг төрүүлж үйлд. Дээдийн номд сүжиглэн залбирч үйлд. Тийн үйлдэх аваас буян хишиг тань арвидах болно.
Дээдийн номыг үл ойшоон үзэж, буруутган хэлж үл болно. Муутган хэлж үл болно. Лам, хуварга, хутагт төрөлхтний тухай элдэв муу үгс хэлж ярьж үл болно.
Тэгж үйлд. Буян хишиг тань арвидах болно. Дээдийн дээд Хутагт Алтангэрэлт. Энэ судар ном номлолыг ихэд болгоон үйлд. Ертөнцийн олон амьтны тусын тулд үйлд. Буян хишигт хөл болоод хүргэнэ. Амар амгаланг гар болоод хураана хэмээн Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багш зарлиглав.
ДОЛОО:
Тэгээд Акаша-гарба бодьсадва болон хурмаст тэнгэр, эсрэн тэнгэр, дөрвөн махаранз тэнгэр[1] нар суудлаасаа бослоо. Тэд алга хавсран машид бишрэн Ялж төгс нөгчсөн Будда бурхны өлмийд сууж сөгдөн мөргөөд ийн айлдав.
Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Хутагт Алтангэрэлт энэ судрыг айлдсан тэр газарт, эл судрыг номлосон, сонссон, түгээсэн амьтан бүгдэд дөрвөн янз эрдэм орших болно. Тэр дөрөв нь энэ мэт. Тэнд эсэргүүцэх дайсан үгүй болно. Өвчин үгүй энх амгалан сайхан амьдрах болно. Хүн ард нь эвтэй найрсаг таарамжтай сайн суух болно. Башир муугаар амьдрахыг тэвчиж, гэнэтийн үхэл зовлон үгүй болно. Энэ мэт. Тэд амьдрах болно.
Язгуурын хөвүүнээ. Язгуурын охидоо.
Оюун ухаанаа нэн ариун байлга. Орчлон ертөнцийн олон явдлаас өөрөө чи өөрийгөө чөлөөл. Зөвхөн бурханы гэрлийг харах хүртэл чөлөөл. Төгс жаргалангийн лагшинд хүрэх болно. Нэн ихээр ариусав хэмээн бодож бясалгал ихээр хий. Самади ариусах аваас хувилгааны лагшинг олох болно.
Энэ мэт. Юмсын үнэн утгыг ухаарч танихыг хичээж бай.Бурханы билэг чанарт хоёр үгүй. Хутагт нарын буян номын үйлэнд хоёр үгүй санаж хичээн мөргөж бай. Нүгэл хилэнц үтэр хөөгдөн, гай зовлонгоос салж хагацаж чадах болно.
Хэдий ихээр үнэн ариун сэтгэл барин залбирна. Төдий их гай барцад, зовлон гачаалаас салах болно. Хэдий их нүгэл хилэнцээс салж барна. Төдий их нэн ариун дээдийг олох болно. Гай барцад, түйтгэр зовлонгоос салсан түүнийг үнэмлэхүй их хүчтэн хэмээн үздэг. Хутагтын болгоолт хэмээн нэршсэн байдаг гай зовлон, саад бэрх бүгд огоорч арилах болтугай хэмээн Акаша-Гарба бодьсадва болон дөрвөн махранз тэнгэрүүд айлтгалаа.
НАЙМ:
Язгуурын хөвгүүнээ. Хэн нэгэн, хэн боловч ном номлолын билгүүн оюунд хэдий ихээр итгэж судалж суралцана. Тэр төдий их авшиг[2] хотол чуулганыг гүйцээж барих болно. Гай зовлон саад бэрхшээл бүгд огоорч арилах болно. Түйтгэр зовлонгоос ийн салсан түүнийг үнэмлэхүй их хүчит гэдэг. Хутагтын болгоолт хэмээн үздэг.
Үнэмлэхүй үнэний номд түүнийг бурхныг харсан хэмээдэг. Гэхдээ хутагт бодгаль адил хэмээн түүнийг үзэж болохгүй билээ. Тэр учир үл мэдэх эгэл нэгэн төрөлхтөн адил хэвээр байдаг юм. Тэр сэтгэлийн гэмээсээ хагацаж салж чадсан. Харин түүний билэг оюун ухаан нь номын лагшинд нэн ихээр хүрч амжаагүй байдаг. Тийм учраас. Тэр ном номлолын арга ухаан, түүнчлэн ямагт үүрдийн үнэнийг үл мэдэх билээ.
Ялж төгс нөгчсөн бурхад аваас ялгал үгүй их авшгийг[3] олсон. Тэд хэмжээлшгүй тоолшгүй олон галавт номын их авшгийг олохоор, биеамь нас, сэтгэлийг үл хайрлан хатуужлыг эдэлсэн. Тийм учраас. Тэд нар тэнцэшгүй их хүчит өгүүлэхийн өрнөөс хэтэрсэн байдаг.[4] Тэд аймшиг, зовлон бүгдээс хагацаж салж чадсан. Тэд ийнхүү их хутагт бодьгал лагшинг олсон юм. Ялж төгс нөгчсөн, түүнчлэн заларсан Бурхан багшаа. Бид нар мөн адил. Хутагт Алтангэрэлт судар номыг цаашид энэ адил үргэлжид дэлгэрүүлж үйлдэх болно. Амьтан бүхэнд тусыг хүргэн үйлдэх болно
хэмээн Агаша-гарба бодьсадва болоод хурмаст тэнгэр, эсрэн тэнгэр, дөрвөн махаранз нар Түүнчлэн бас айлтгалаа.
Бурхан багш зарлиглав. "Сайн болой". "Сайн болой". хэмээн зарлиглав.
Язгуурын хөвгүүд. Язгуурын охидоо.
Судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх энэ судар номыг ертөнцөд өнө удаан тогтоож, ертөнцийн хүмүүст тус буян бодож үйлд. Хичээгтүн! Арвижуулах хийгээд дэлгэрүүлэн үйлдэхэд хичээгтүн! хэмээн Бурхан багш зарлиглав. ...
Жич: Энэ бүлэгт эгэл биед төрсөн хүн гэгээрэлд хүрсний үрд, хэрхэн эгэлийн үзэгдлээс хагацан, эрдэм төгөлдөр лагшиг[5] үзүүлдэг тухай өгүүлжээ.
[1] Тэнгэрийн дөрвөн их хаад
[2] Их эрх, их хүч чадал
[3] Ном номлолыг төгс гүйцэд дуусгасан
[4] Тэрбээр их авшгийг олсон. Ялж төгс нөгчсөн Бурхан адил байдаг.
[5] Дээд гурав. Ном, багш хуварга гурав бол дээд оршихуй