Түй май!
 
Даргын хэлсэн үгнээс

Салаавч элбэгшив. Одоо ард түмэн өдөртөө ядаж нэгийг хараад байх боллоо. Юм хорогдож байгаа биш нэмэгдэж байгаа юм чинь үүнд муу ч юм алга л даа. Миний хувьд гэвэл амьдралдаа харсан хамгийн анхны албан ёсны салаавч бол “Операция Ы” кинон дээр Ю.Никулины гаргадаг салаавч. Во! гэчээ л гүйгээд явчихсан сайн эр бий сэн. Албан бусаар бол зөндөө л харсан л даа. Манай байрны Батгэрэлийнхийг би миний анхны салаавч гэж боддог. Би өөрөө ч чамгүй тооны салавчийг бусдад  гайхуулж явсан санагдах.

     Дарга нар салаавч гаргаснаа янз бүрээр тайлбарлаж байна.

    -Согтуу байсан

    -Тоглож байсан

   -Хоолой гарахгүй байсан гэх мэт. Харин одоо салаавч нэгэнт манай хүмүүс хоорондын харилцаанд хүч түрэн орж ирсэн тул хоолой нь гараад гар нь хөдлөхгүй байгаа дарга бол “салаавч! салаавч!” гэж хашгирах нь байна.

Мэдээж дарга гаргаж байгаа болохоор салаавчны нэр хүнд ч өсөөд ирлээ. Хэт нь дурсамжаа хэвлүүлэх дарга асан бүр өөрийн номдоо “миний салаавчнууд”, эсвэл “салаавч ба миний карьер” гэх мэтийн нэг бүлэг нэмэх нь дамжиггүй.

Хамгийн том салаавчийг хамгийн том гартай нь бус харин хамгийн том ажилтай нь гаргадаг. Дарга нар одоо морь, хөөрөг, залуу эхнэр 3-аасаа гадна хэн нь том сайхан нүнжигтэй салаавч гаргаж чадах вэ гэдгээр уралдах болсон дуулдна.

Хоёр гараараа зэрэг салаавч гаргаж байгаа эрхэмүүд гутал дотроо ч мөн хоёрыг гаргадаг гэх. Ингээд нэг хүн 4-ийг гаргаад байвал манай улсад нийтдээ 10 сая 800 мянган салаавч нэгэн зэрэг гаргах чадавхи бүхий болж үүнийгээ гиннесийн номонд бүртгүүлэх шанс байна. Зарим хэтрүүлдэг улсууд, ”тэгж ярихын бол манай хүн амын ойролцоогоор 50% нь таван салаавч гаргах чадвартай. Үүнийг ч гэсэн тоонд оруулъя” гэцгээж байна. Тэр нь ч юу юм бэ зүгээр.

Гэхдээ зарим нь зөвхөн нэгийг гаргаж байгаа харагддаг. Гэхдээ хоёр дахь нь бол кармаанд нь байгаа гэнэ. Хэрэв таныг явж байхад нэг ширхэг салаавч гэнэт гараад ирвэл шууд кармааг нь тэмтэр. Тэнд байх гарынх нь хэлбэр тун ойлгомжтой байх болно. Тэхээр хөлнүүд нь мөн л гуталдаа нэг нэгийг..

Ингээд ирэхээр зүгээр явж байгаа нэг даргыг харахад яахын аргагүй 4 сайхан салаавч сэтгэлд буух нь байна.

Нэр дэвшигчид өөрийн мөрийн хөтөлбөрийнхөө доор салаавчныхаа зургийг хавсаргавал яах бол гэж мэнэжэртэйгээ ид зөвлөлдөж байна. Палкаатан дээрээ ямар пооз авах нь бол ойлгомжтой. Улмаар тэд дэвшиж байгаа тойрогтоо хэн нь хамгийн том салаавчны хөшөө барихаараа уралдаад эхэлнэ.

Салаавч үнэхээр бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж чадлаа. Хаалга тогшлоо, онгойлголоо, зүгээр нэг том салаавч хэвтэж байх жишээний.

Дэлгүүрт орлоо, талх асуулаа, худалдагч нь “талх дууссаан” гэхийн оронд зүгээр л салавчаа гаргана. Худалдагч тетрис тоглоод гар нь завгүй бол яахыг дээр нэгэнт хэлсэн.

Лам нар ч гэсэн яваандаа салаавчаараа адис тавьдаг болно.

Банкны хөөрхөн ааштай тэллер охид ч гэсэн сормуусаа дэрвэгнүүлэн инээмсэглэнгээ салавч өгөөд суух нь байна.

Төрийн дуулал эгшиглэхэд монгол хүн бүр салаавчаа гарган сонсох хууль санаачилж байгаа дуулдсан.

Зарим нэг гишүүн, сайд нарын хувьд энэ нь эрхий хурууных нь ашиглалт нэмэгдсэн таатай хэрэг болсон байна. Тэд энэ хуруугаа зөвхөн бэхэнд дүрж гарын үсэг тавихаас өөрөөр хэрэглэдэггүй байжээ.

Салаавчийг буруутгах явдал байна. Түүнийг хаа ч хэзээ ч гаргаж болдгоороо гарын дор амар олдох хүйтэн зэвсэгт тооцоё гэх журам ч өргөн баригдаж буй аж. Гэхдээ энүүхнээс болж тэд салаавчнаасаа болихгүй байлгүй дээ гэсэн найдвар бас байна. Хууль тогтоогчид нь хууль сахиулагчдыгаа хуулиа сахиулж ядан явахуйд гэнэт гарч ирэн том том салаавчаар цохиж унагаад байдаг юм чинь энэ журамыг ч бас салаавчаараа хусч хаях нь салаавчаа гаргах шиг л амархан зүйл.

-Салаавчны алдар бадраг!

-Ерөөлөөр болог ээ!

Хундаганы үгнээс...