МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг: Би өөрийнхөө цаг үед өөрийнхөөрөө хийж бүтээж яваа.

МҮОХ-ны дөрвөн давхрын кордиороор цэмцгэр өндөр залуу “За та намайг их хүлээсэн үү” хэмээн шуурхай алхсаар орж ирсэн нь Б.Баттүшиг.

“Олимпын хорооны үйл ажиллагаа, хийж буй ажлуудаа Танаар дамжуулан нийгэмд хүргэе гэж бодлоо” хэмээн урсгасан нь бид хоёрын ярилцлага хэдийн эхэлсний шинж байлаа. “Ямар сэдвээр ярилцах тухай” оршил ч бид хоёрт байсангүй. Цай ууцгаалаа. “Та наад дикитофоноо асаасан юм уу” гэж надаас нэг тодруулав. Яриан дунд нь “Хааяа намайг, манай гэр бүлийг гадна дотны ямар ч хамааралгүй зүйлстэй холбохыг оролдох юм. Магадгүй өөрсдөө асуудалтай хүмүүс хуурамч түүх бүтээж, өөрсдийгөө нуухыг оролддог юм шиг санагддаг” гэхчлэн хүүрнэх…. Ер нь эрх чөлөөтэй нөхөр. Ярилцаж байгаа хүндээ ч амар. Дикитофон аль эрт асаалттай байлгүй яахав дээ...

- Бидний ярилцлага “Олимпын өдөр”-өөр хүрч байгаа нь их завшаантай хэрэг боллоо. Энэ өдрийн талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо.

Тийм ээ, жил бүрийн 6-р сарын 23-ныг дэлхий даяар “Олимпын өдөр” хэмээн тэмдэглэцэсээр иржээ. 1894 оны энэ өдөр Парис хотноо 12 улсын төлөөлөл цугларч, орчин цагийн олимпын наадмыг зохион байгуулах П.Де Кубертенийн санаачилгыг дэмжиж, Олон улсын олимпын хороог байгуулсан гэдэг юм. Тиймдээ ч дэлхий даяар олимпын хөдөлгөөний төрсөн өдөр хэмээн энэ өдрийг онцолж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм. Энэ өдрийн цар хүрээ улам тэлсээр спортоор дамжуулж эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн эерэг хандлагыг төлөвшүүлэхийг уриалдаг платформ болж чаджээ.

Энэ боломжийг ашиглаад Монголын олимпын хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж буй нийт зүтгэлтнүүд, тамирчид, дэмжигчдэдээ “Олимпын өдөр”-ийн мэндийг хүргэж байна. Энэ жилийн хувьд Азийн олимпын зөвлөлийн төлөөлөл манай улсад айлчилж, уламжлалт “Олимпын өдрөө гүйлт”-ээ зохион байгууллаа.

- Олимпын хороог тэргүүлээд чамгүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа бас ярьж байх хэрэгтэй байх?

-Харин тэгж бодож байгаа. Жишээ нь би хоёр олимпын наадамд Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны Тэргүүний хувиар оролцлоо. Токиогийн олимпын наадамд би Монгол улсын багийн ахлагчаар явсан. Ковид цар тахлын үе, хатуу дэглэмтэй байсан хэдий ч Токиогийн олимпоос манай баг тамирчид дөрвөн медаль хүртсэн. Харин шигшээ тоглолтод хамгийн олон тамирчид медалийн төлөө өрсөлдсөн нь өмнөх олимпын наадмуудаас онцлог болсон. Парисын олимпын наадамд 9 спортын төрлөөр 32 тамирчин оролцсон. Ер нь Парисийн олимпод манайх өмнөх олимпын наадамд оролцож байснаас илүү оролцоотой байсан. Тухайлбал, “Монголиа хаус” төслийн тухай дурдаж болж байна. Монгол улсын соёл, ёс заншил, түүх, өв уламжлалаа дэлхийд сурталчлах энэ хүү төслийг миний бие санаачлан хэрэгжүүлсэн. “Монголиа Хаус”-аар нийт 60,000 гаруй хүмүүс зочилж, бид Монгол улсаа, Монголын тамирчдаа дэлхийд сурталчилсан байдаг. Төслийн нээлтийн өдөр буюу 7-р сарын 27-нд Олимпын наадмын албан ёсны нээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн У.Хүрэлсүх “ Монголиа Хаус”-т хүрэлцэн ирсэн юм. Тэр үед манай бөх Баасанхүү мөнгөн медалийн болзол хангах чухал барилдаанаа хийж, бид “Монголиа Хаус”т цугласан олон Монголчуудтай хамт дэлгэцийн өмнө тэрхүү түүхэн мөчийг сэтгэл догдлон хуваалцсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд манай Олимпын хорооны олон түнш байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэсэн. Скайтел, МАК, Моннис зэрэг хувийн хэвшлийн гол компаниуд идэвхтэй дэмжиж, улсын талаас Соёлын яам болон Нийслэлийн ЗДТГ оролцож, сайхан хамтын ажиллагааны жишээ болсон.

- Саяхан ОУОХ чуулганаараа шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. Таны хувьд хуучин Ерөнхийлөгчийнхөө ажлыг хэрхэн дүгнэж, шинээр сонгогдсон ерөнхийлөгчөөс ямар хүлээлттэй байгаа вэ?

- Томас Бах ерөнхийлөгчийн нэг ярилцлагыг би уншиж байлаа. 2013 онд түүнийг ОУОХ-ны Ерөнхийлөгч болоход “Дараагийн олимпыг манай улс авья” гэдэг улс орон бараг байдаггүй байсан талаар тэр ярилцлагадаа дурдсан байдаг. Ийм нөхцөлд Томас Бах удирдлагад ирж, шинэчлэл хийж чадсан нь харагддаг. Одоо олимпын хөдөлгөөн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй, хамгийн их хамтрагчтай, хамгийн их орлоготой үе дээрээ байна гэж хэлж болно.

2025 оны гуравдугаар сард ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд долоон нэр дэвшигч өрсөлдлөө. Хоёр, гурван хүчтэй нэр дэвшигч байсны нэг нь Кирсти Ковентри. Тэрээр Зимбабве улсын усанд сэлэлтийн олимпын аварга, улс төрч хүн. Ковентри нь ОУОХ-ны 131 жилийн түүхэнд анхны эмэгтэй төдийгүй мөн анхны Африк гаралтай Ерөнхийлөгч боллоо. Түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал нь олимпын салбар маань ирээдүйд дотооддоо тэгш, олон талт байдлыг дэмжих чиг хандлагатайг илтгэж байна гэж харж байгаа.

2026 онд Африк тивд анх удаа Залуучуудын олимп болох гэж байна. Тэгэхээр ирэх 2030, 2034 онуудад ч мөн үүнтэй адил жижиг улсуудад Залуучуудын олимп болох боломж бидэнд харагдаж байгаа юм.

- Олимпын наадам зохион байгуулах тал дээр Монгол улс ямар бодлоготой байгаа вэ?

- Бидний зүгээс 2030 онд, эсвэл 2034 оны Залуучуудын олимпыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Одоогоор манай улстай нийлээд нийт 10 улс саналаа өгчихсөн байна. Зарим улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүнүүд ОУОХ-той уулзалт хийгээд явж байгаа нь Латин Америкийн орнуудаас эхлээд лоббигоо хийж эхлээд байна гэсэн үг. Тайланд, Энэтхэг улсууд ч хүчтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн их байгаа.

Мөн 2028 онд АНУ-ын Лос Анжелест болох Олимпын наадамд Монгол Улс өндөр оролцоотой байхаар ажиллаж байна. Үүнд АНУ-ын Үндэсний Олимпын хороотой хамтран Монголын тамирчдын бэлтгэл, менежмент, хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагаа, харилцаа холбоог сайжруулах шинэ шатанд гаргах зорилт тавьсан. Энэ нь өнгөрсөн 5-р сард Катарын Үндэсний Олимпын хороотой байгуулсан ерөнхий Меморандумын адилаар, тамирчдын хөгжлийг харилцан дэмжих зорилготой юм. Катарын Меморандум нь Монголын Үндэсний Олмпын хорооны хувьд Зүүн Азийн бүсээс гадна өөр бүс нутгийн улсын ҮОХ-той анх удаа байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээ болсон онцлогтой. Тиймээс“LA2028” нь бидний хувьд зөвхөн Олимпын наадам төдийгүй Монгол–Америкийн харилцааг бэхжүүлэх, шинэ шатанд гаргах стратегийн бас нэг том боломж гэж харж байна.

Залуучуудын олимп зохион байгуулна гэдэг бол тухайн улс орны хувьд маш том боломж. 100 гаруй ОУОХ-ны гишүүд өөрсдөө ирж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцдаг. Ийм хэмжээний олимп зохион байгуулж буй улс орон тухайн үед дэлхийн спортын анхаарлын төвд очиж, аялал жуулчлал, маркетингийн хамгийн том сурталчилгааг авч чаддаг. Мөн 15–18 насны өсвөр үеийнхэнд зориулсан энэ олимп нь ирээдүйн залуу үед спорт, биеийн тамирын ач холбогдлыг ойлгуулж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Үүний зэрэгцээ боловсрол, соёлын солилцоо болон эдийн засгийн бодит үр өгөөж авчирна гэдэгт би итгэлтэй байдаг.

Залуучуудын олимпын наадам болон Олон улсынолимпын хорооны чуулганыг Монголд зохион байгуулах тухай санаачлагыг миний бие анх 2021 онд, Токиогийн олимпын үеэр гаргаж, тухайн үед Улсын Их Хурлын дарга байсан Г.Занданшатар даргад албан ёсоор санал хүргүүлсэн. Мөн тэр олимпын үеэр Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахт энэ хүсэлтийг албан ёсоор уламжилсан. Тухайн үед Занданшатар дарга уг саналыг нааштай хүлээн авч, дэмжлэг үзүүлсэн юм. Үүнээс гадна бид 2026 оны Сенегалд болох Залуучуудын олимпын Монголын багийн ахлагчаар Занданшатар даргыг нэр дэвшүүлж, энэ дагуу саяхан МҮОХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар түүнийг албан ёсоор баталсан. Занданшатар даргын спортын салбарыг дэмжих тууштай хандлагад биитгэдэг, цаашид ч хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

- Хүүхэд, залуусын хөгжилд чиглэсэн ямар хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?

- Хүүхэд залуусын цогц хөгжлийг дэмжих үүдснээс би 2022 онд өөрийн санаачилгаар Олон Улсын Олимпын Хорооны “Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр” (OVEP)-ийн гарын авлагыг монгол хэлнээ орчуулж, эх орондоо хэрэгжүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь спорт болон биеийн тамирын хөдөлгөөнийг сурган хүмүүжүүлэх хэрэгсэл болгон ашиглаж, хүүхэд, өсвөр үеийнхний танин мэдэхгүй, бие бялдар, ёс зүй, нийгмийн харилцаа, төлөвшил зэрэг олон талт чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн боловсролын шинэлэг арга зүй юм. “Ялалт, хүндлэл, найрамдал” зэрэг олимпын үнэт зүйлсийг өдөр тутмын хичээл, тоглоом, дасгалуудаар дамжуулан ойлгуулдаг. Өнөөдөр уг хөтөлбөр дэлхийн олон улсоронд амжилттай хэрэгжиж боловсролын тогтолцоонд бодитоор нэвтэрсэн. Жишээлбэл, Шинэ Зеландад уг хөтөлбөрийг бүх нийтийн боловсролын системд уялдуулж, биеийн тамир, иргэний боловсролын хичээлүүдтэй хослуулан зааж байна. Цаашид манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад үе шаттайгаар нэвтэрч, сургагч багш нарыг бэлтгэх, олимпын үнэт зүйлсийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлуудыг эхлүүлээд амжилттай явж байна.

- Таныг АНУ-ын Чикагогийн их сургууль болон Харвардын их сургуульд боловсрол эзэмшсэн тухай хүмүүс сайн мэднэ. Дэлхийн топ сургуулиудад суралцсан нь МҮОХ-г удирдахад болон ОУОХ-ны үйл ажиллагаанд эх орноо төлөөлөхөд хувь нэмрээ оруулахад нөлөөлсөн гэж хардаг уу?

- Мэдээж нөлөөлсөн. Харвардын их сургуулиас зохион байгуулдаг хурал чуулгануудад одоо ч идэвхтэй оролцдог. Тэнд очих бүрдээ шинэ сэргэг зүйл их сонсдог, мэддэг, сурдаг. Хоёр жилийн өмнө очиход Харвардын их сургуулийн нэг профессор “Та ковидын вакциныг хэр хурдан хугацаанд гарсан гэж бодож байна” гэж асуусан. Тэгэхэд нь ковид гараад хэдэн сарын дотор л вакцин хийгдсэн гэсэн биз дээ гэлээ. Тэгсэн “Тийм биш шүү, ийм аюултай вирус илэрлээ гэдэг анхны дохио ирэхэд л зэрэгцээд судалгаа нь яаралтай горимоор явж, 48 цагийн дотор вакцины эхний хувилбар Харвардад хийгдсэн” гэж ярьж байсан. Тэгэхээр Харвардын лаборатори, судалгаа шинжилгээний салбар ямар айхавтар, хурдтай байна вэ. Дэлхийн энэ хөгжлийн хурдаас өөрийн ажиллаж буй салбартаа хэрхэн ашиглаж, шингээж болох вэ гэдгийг тэндээс үргэлж эрэлхийлж явдаг.

- Би таны Чикагогийн их сургуульд суралцсаныг сонирхмоор санагддаг юм. Улс төр, эдийн засаг, социологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч сургуульд суралцсан цаг үеэ товч эргэн дурсвал?

- Чикагогийн их сургуульд суралцсан нь миний бахархал. Маш их хичээж, зүтгэж, уураг тархиа шавхаж сурдаг сургууль. Миний амьдралын гэгээлэг, тэмүүлэлтэй завгүй он жилүүд бол оюутан цаг минь байлаа. Намайг төгсөж ирэхэд Монгол банкны бодлогын зөвлөлд авсан нь “Энэ нөхөр Чикагогийн их сургуулийн эдийн засгийн хөтөлбөрөөс бүтэн сургалт авч чадсан” гэсэн үнэлэмжээр орууллаа гэж бодож, өөрөөрөө тэр үед бахархаж байсан. Манай Чикагогийн их сургуулиас төрөн гарсан 100 гаруй Нобелийн шагналтнууд бий. Зөвхөн улс төр, эдийн засаг ч гэлтгүй философи, хууль эрхзүй, физикийн чиглэлд ч дэлхийд тэргүүлдэг. Манай сургуульд “Chicago Boys” гэж 1970,80-аад оны үед Чили улсын эдийн засгийн шинэчлэлийг удирдсан эдийн засагчдын бүлгэм байдагюм. Энэ бүлгэмийн гишүүд бүгд Чикагогийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцсан байдаг нь сургуулиараа бахархдаг зүйлсийн минь нэг. Ирээдүйд “Chicago Boys” шиг улс эх орондоо эдийн засгийн эргэлт хийх, эрдэм мэдлэгтэй боловсон хүчин энэ сургуульд суралцаж төгсөхөд нь хувь нэмрээ оруулах сан гэж дотроо хүсэж явдаг.

- Сүүлийн үед хиймэл оюун, робот гээд дэвшилтэт технологиуд бидний амьдралд хүч түрэн орж ирэх боллоо. Энэ талаар таны бодол юу байдаг вэ?

- Сүүлийн үед Имарт компанийн ТУЗ-ийн даргын хувьд үйл ажиллагаандаа AI технологи ашиглахаар эрчимтэй судалж байна. Тухайн үйлчилгээний газрын аль цэг дээр ямар доголдол гарсныг хиймэл оюун ухаан олж тогтоогоод, хурдан шуурхай арга хэмжээ авдаг болчихвол тэнд хэн нэг хүн биеэрээ явж шалгаад байх шаардлагагүй болно. Гал гарах магадлалыг AI камер урьдчилж мэдрээд хэлчхэж байна. Ус алдах, хулгай дээрэм гарах гээд ер нь бүх л эрсдэлээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэргийлж болох боломжтой эрин үед бид амьдарч байна шүү дээ. Миний зүгээс Монголд AI хиймэл оюун ухааныг практикт бодитой хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах бодол байгаа.

-Таны хувийн бизнес рүү яриа маань орж байх шиг байна. Жаахан тогтож мэдээлэл авъя?

- Миний хувьд одоо “Алтай холдинг” болон“И-Март”-ийн ТУЗ-н даргаар ажиллаж байна. . Би технологид их сонирхолтой. Тэгэхээр AI, финтек, медиа дээрээ илүү хөгжүүлэлт хийгээд явж байна. Манай эхнэр бид хоёрын байгуулсан “Үнэт Продакшн” гэж компани байдаг. Кино контент болон шинэ технологиудад хөрөнгө оруулдаг. Одоогоор бол ер нь ихэнх цагаа Олимпын хорооны үйл ажиллагаандаа илүү их төвлөрч ажиллахад зориулаад явж байна.

- Монголын томоохон компаниуд уул уурхай, эрдэс баялгийн салбарт их төвлөрч байна. Та энэ салбарын талаар огт дугарсангүй?

- Би нэг их уул уурхай гээд байдаггүй л дээ. Байгаль дэлхий, уул уурхайн салбарт болгоомжтой хандахыг хичээдэг. Ер нь хүн өөрийн зорьсон, төлөвлөсөн ажил руугаа л гол анхаарлаа хандуулахгүй бол хэтэрхий олон зүйл рүү орвол үр дүн муутай байдаг гэж боддог.

- И-Март үйлчилгээний соёлыг Олон улсын стандартын жишиг байдлаар хэрэгжүүлж байна гэж би хардаг. Тухайн нийгэмд нь стандарт төгс хэрэгжиж байгаа улс орныг л хөгжсөн гэж хэлдэг болов уу?

- И-Мартыг анх байгуулахдаа бүх зүйлийг олон улсын стандартын дагуу хийх зорилго тавин түүндээ хүрсэн гэж боддог. Солонгосын тал бол яг л стандартыг шаарддаг. И-Март-ын нэг онцлог нь монголын нийгэмд шударга өрсөлдөөнийг бий болгосон. И-март нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон ажлуудыг хийж гүйцэтгэдэг. “Монгол хүн та 100 наслаг” төслийн хүрээнд спортыг маш сайн дэмжин ажиллаж байгаа шүү.

-Таны ОУОХ-ны ажил болон бизнесийн том төслүүд байна. Бүгд л Б.Баттүшиг гэж залуугийн эрхэлж буй ажил, явж байгаа зам мөр. Үүнд Ерөнхий сайд байсан аавыг тань үргэлж холбох, элдвээр хэлэх нь танд түвэгтэй байдаг уу?

Намайг анх сургуульд орох цагаас л аав минь чиглүүлж, зааж сургаж ирсэн. Түүний өгсөн зөвлөгөө бүр надад амьдралын зөв гараа болж өгсөн учраас би өнөөдөр өөрийгөө амжилттай яваа гэж итгэдэг.

Анхлан хичээл номондоо анхаарч, мэдлэг боловсролдоотөвлөрөхийг л хамгийн түрүүнд хэлдэг байсан. Цаашлаад спортоор хичээллэж, сагсан бөмбөг тоглож, нийгэмд идэвхтэй, бүтээлч амьдар гэдэг байсан. Бүгд л зөв байсан.

Одоо бол миний үзэл бодол, сонирхлыг хүндэтгэж, дэмждэг болсон. Би өөрөө ч өөр өөр салбаруудад сонирхолтой болсон. Жишээ нь хиймэл оюун ухаан (AI) гэх мэт шинэ, ирээдүйтэй чиглэлд хүч үзэж эхэлсэн. Тэгэхэд аав маань “Шинэ үе өөр зүйл сонирхох нь зүйнхэрэг” гэж хүлээн зөвшөөрч, өмнөх шигээ олон зүйлд заавар зөвлөгөө өгөх нь  цөөрсөн.

Америкт багаасаа сурсан болохоор заримдаа хэт биедаасан ч юм шиг мэдрэмж төрөх үе бий. Гэхдээ амьдрал, бизнесийн гараагаа эхлэх том боломжийг аав минь бий болгож өгсөн нь үнэн. Харин одоо бол өөрийн сонирхдог салбар, хувийн амбицдаа тулгуурлан бизнесээ амжилттай авч явж байна даа.

 

Цаг зав гарган олон чиглэлээр илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд ч бас олимпын өдрийн мэнд хүргэе.