Сонгуулийн сургаар 1.5 сая төгрөг дахин амиллаа
Хямралын үед Монголын эдийн засгийг улам л хямраах Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа эхэллээ.
Төрийн албан хаагчдыг улстөрийн сонгуульд оролцохыг хориглосон ийм хууль төрийн байгууламжуудад ч бас хэрэгтэй бололтой. Уг нь сонгуулийн ардчилал хөгжсөн орнуудад улстөрийн намуудын дунд сонгуулийн өрсөлдөөн болдог. Тэнд аливаа сонгууль парламентын танхимын гадна, Засгийн газрынх нь гадуур болдог. Ийм жишээ олныг нэрлэж болно. Харин УИХ-ын танхимд оруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж хийдэг сонгуулийн ганц жишээ байна. Тэр нь Монголынх. Бүр тодруулбал, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль яг ийм уур амьсгалаар эхэллээ. Үүнийг хамгийн сүүлд болсон саяхны үйл явдал бүхий хоёрхон баримтаар нотолж болох.
Нэг. УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр эхэллээ. Уламжлал ёсоор УИХ-ын дарга үг хэлэв. Парламент өөрөө Монгол Улсын төрийн эрхийг барих, хууль тогтоох дээд байгууллага учраас спикерийн үг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаас ч хүчтэй. УИХ-д олонхи болсон МАХН-ын санал болгосноор энэ албанд сонгогдсон Д.Дэмбэрэл дарга хэлсэн үгэндээ, Оюутолгойн гэрээг хэлэлцэхтэй хамт стратегийн болон томоохон орд газрыг эзэмшиж, түүнээс олох орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн үндсийг бүрдүүлж хаврын чуулганаар батлахаа мэдэгдлээ. Өнгөрсөн зуны турш ард түмнээ горьдоогоод, долдугаар сарын 1-нээс хойш сураг нь тасарсан 1.5 сая төгрөгийн амлалт Д.Дэмбэрэл даргын үгээр дахин амиллаа. Эх орны хишиг нэртэй явсан энэ их мөнгөний сураг дахин гарч эхэлснийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбохоос аргагүй. УИХ-ын даргын парламентын хүндэт индэр дээрээс хэлсэн үг “Эх орны хишигтэй, Эвийн хүчтэй Ерөнхийлөгч” гэсэн МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн нэгэн гол уриаг төрийн бодлогын төвшинд тодотгож байна. Учир нь бодит байдал дээр хүн бүрт 1.5 сая төгрөг битгий хэл, хүүхдийн мөнгөө ч өгч чадахгүй танаж байгаа шүү дээ. Засаг хамтран барьж байгаа намуудын дарга нар болох Ерөнхий сайд С.Баяр, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нарын 1.5 сая төгрөгийг бэлнээр өгөхгүй, бэлэн бусаар байлаа ч, ойрын хугацаанд өгч чадахгүй гэсэн удаа дараагийн мэдэгдэл ярилцлагуудыг хүмүүс мартаагүй байна. Хямарлын үед улсынхаа халаасны хэмжээг мэдэж байгаа учраас ард түмэн тэвчээртэй хүлээж байгаа. Нэг голын усанд хоёр орж болдоггүй гэсэн афоризм бий. Гэтэл МАХН-ынхан нэг амлалтадаа хоёр удаа хууртана гэж ард түмнээ дэндүү басамжилж буйтай утга ойролцоо сонстож байна, УИХ-ын даргын үг.
Хоёр. Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Төслийг Д.Арвин нарын гишүүн санаачилсан бөгөөд тэрээр долдугаар сарын 1-ний үймээнд оролцосн хүүхэд, эмэгтэйчүүдийг хуулиар өршөөх төсөл боловсруулсан байна. Засгийн газрын гишүүд уг төслийг УИХ-ын бусад гишүүдийн ирүүлсэн төсөлтэй нэгтгэж хэлэлцэхээр хойшлуулав. Д.Арван гишүүний цаана Г.Баярсайхан гишүүний санаачилж, үнэр ортлоо дарагдсан нэгэн төсөл бий. Бодвол уг төсөлтэй нэгтгэн дахин хэлэлцэх бололтой. Хэдийн хойшлуулсан ч гэсэн Засгийн газар анх удаа Өршөөлийн хуулийн төслийг албан ёсоор хэлэлцэж, барьж авлаа. Үүнийг зарим ажиглагчид мөн л Ерөнхийлөгчийн сонгуультай холбож байгаа юм. Засаг барьж байгаа намууд сонгуулиар шоронд хориод сонгуулиар суллах гэж байгаа юм гэсэн урт хугацааны хардлага Ерөнхийлөгчийн сонгуулиар тэсрэх бололтой. Гэхдээ энэ нь 1.5 сая төгрөгөө өгнө гэж дахин хуурснаас арай дээр. Хэсэг хүн эрх чөлөөтэй болно гэдэг сайхан хэрэг. Харин хууль гаргахдаа зөвхөн долдугаар сарын 1-ний хэрэг явдал гэж улстөржилгүй, хүүхэд эмэгтэйчүүд гэж явцууралгүй анх удаа гэмт хэрэг үйлдэн алдаж оносон бүх хүнээ өршөөвөл бүр сайнсан. Хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй нь үнэн л юм бол тухайлсан үйл явдал, нас хүйсээр ялгаварлахгүй ёсгүй. Улстөрийн шалтгаанаар хориод улстөрийн зориулатаар өршөөж болохгүй шүү дээ. Улстөрийн хоригдол гэж зарим улсад байдгийг сонсоноос бус, улстөрийн зорилготой өршөөл, уучлал гэж дэлхийд байдгийг дуулаагүй юм байна.