Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Оросын зүүн хязгаарт хийсэн албан томилолт, тэнд яригдсан төмөр замын тээврийн хөнгөлөлтийн тарифын асуудал олны анхаарлын төвд байсаар байна. Тэнд байсан сэтгүүлчийн хувьд бодит байдал яаж өрнөсөн талаарх мэдээллийн төгсгөлийг хүргэе.


Монголоос яаж нүүрсээ тээвэрлэх тухайд бол мэдээж эхлээд Тавантолгой-Сайншандын төмөр замаа ашиглалтад оруулах ёстой. Одоогоор 200 км далангийн ажил нь хийгдсэн гэж болно. Хүмүүсийн дунд далангийн ажил хийгдсэн, хийгдээгүй, чанар нь одоо алдагдсан, алдагдаагүй, тэр даланг барих гэж их мөнгө идсэн, идээгүй тухай яриа байдаг. Өнөөдрийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д. Ганбатын хэлсэн үг хамгийн бодитой нь байх. Д.Ганбат сайд өөрийн нүдээр далангийн ажлыг үзээд “200 км төмөр замын далангийн ажил говьд хийгдсэн нь үнэн байна аа” гэдгийг нийгэмд баталж хэлсэн. Итгэдэггүй хүмүүс очоод үзэхэд л хангалттай юм шиг байна. Тэгэхээр Тавантолгой-Сайншандын чиглэлийн замаа маш яаралтай барьж, гол төмөр замтай холбох, цаашлаад Сайншанд-Хөөт-Чойбалсан гэсэн 1100 км төмөр замаа барьчихвал зүүн коридороор нүүрсээ тээвэрлэж Оросын хил хүргэчихнэ. Тэндээсээ ОХУ-ын хөнгөлөлттэй тарифаар Алс дорнодын Восточный боомтод хүрэх хоёр дахь зах зээлийн үүд хаалга нээгдэх юм. Төмөр замаа бид ямар хөрөнгөөрөө барих юм бэ гэж асуух хүмүүс байгаа. Тавантолгой-Сайншандын төмөр замын ажлаа эхлүүлэхийн тулд манайхан гүйж байгаад дор нь 600 сая ам.доллар босгочихож байсан. Энэ боломж өнөөдөр бүр ч нээлттэй гэнэ. Яагаад гэвэл дэлхийн том гүрнүүд болох ОХУ, Япон, БНСУ зэрэг улсуудтай манай тал бодитой ажил хэрэгч уулзалтыг дээд түвшинд хийж, урьдчилсан байдлаар тохирсон нь дэлхийд сайн мессеж болж очлоо. Энэхүү төмөр замыг бодит ажил хэрэг, бодит эдийн засаг болгохын төлөө сүүлийн хэдэн жил махаа зулгаасан Зам, тээврийн сайд асан А.Гансүх “Монголын төр засаг нэг дуугаар хийе гэж зоригловол 1100 км төмөр замыг гурван жилийн дотор барих боломжтой. Урьдчилсан өртөг нь 2,5 тэрбум ам.доллар” гэж байна. Тэгэхээр одоо бол шинэ төмөр замын тухайд  улс төрийн бодлого барьдаг хүмүүсийн хийх ажил л үлдсэн юм шиг байна. 

Алс дорнод, Восточный боомт руу  төмөр замаар холбогдохыг бид өнөөдөр зөвхөн нүүрсээр харж байна. Та бид Хаборовскийн хязгаарын газар зүйн байрлалыг тогтож харсан уу. Америкт хамгийн ойрхон байгааг. Хятадууд яагаад Америкийн зах зээлд дийлснийг унш. Яг энэ хязгаар, эдгээр боомтуудыг хангалттай ашигласных шүү дээ. Нэг сонин мэдээлэл хүргэе. Далайн тээврийн танкер гэж хөлөг онгоц бий болжээ. Тээвэрлэх даац нь 500 тонноос дээш гэж байгаа. Дотроо хөргөх, хатаах, хадаглах бүх технологитой, өндөр үзүүлэлт бүхий орчин үеийн тээврийн хэрэгсэл. Далайн тээвэрлэлтэд Орос, Хятад, Япон, Солонгосчууд үүнийг ашиглаж байна. Бид жилдээ урд хөрш рүү 10 сая тонн нүүрс экспортолж байгаа бол энэхүү танкераар бид нэг жилийнхээ тээвэрлэлтийг нэг сарын дотор хийчих нь гэсэн үг. Зөвхөн нүүрс тээвэрлэлт дээрээ татаж ярьвал энэ шүү дээ. Гэтэл Оросын хамгийн том терминал болох энэ боомт ганц нүүрснийх биш гэдгийг бүгд мэдэх байлгүй. Энэ аварга боомтоор янз бүрийн чингэлэгүүд, мод, ашигт малтмал, химийн ачаа, газрын тос... гээд бүх тээвэр хийгддэг. Номхон далайн бүсийн бүх оронд хүрдэг. Монголчууд 10 сая арьс нэхийгээ гурав дахь ч орны зах зээлд гаргах ойрыхны арван жилийн ирээдүйгээ эндээс харж яагаад болохгүй гэж. Ганц Хятадын зах зээлээс 90 хувь хамааралтай байхыг хэн ч хүсэхгүй байгаа биздээ. Энэ боомтоос хоёр минут тутамд дөрвөн том усан онгоц хөдөлж байна. Энэ дунд бид жаахан ч гэсэн “юм” ачаад Америк руу нь үгүй юмаа гэхэд аль нэг улс руу хөдөлж байя л даа. Энэ өнцгөөс нь бид харах, ач холбогдол өгөх ёстой юм.

Нүүрсний тухайд бол манай Тавантолгойн коксжсон нүүрсийг урд хөршийн баяжуулах үйлдвэрүүд муу нүүрстэйгээ хольж шошгыг нь солиод цааш нь өндөр үнээр зарж байгаа нь худлаа биш юм. Энэ тухай 2010 оноос хойш бид байнга ярьлаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн форумын хэлэлцээрээр энэ бүх эрүүл бус наймаа нааштайгаар шийдэгдэх шатандаа орлоо. Гэрээний хугацаа одоогоор 25 жил гэж яригдаж байгаа юм. Энэ хугацаанд бид ихийг амжуулна. Гар бариад бугуй барив гэдэг шиг нүүрсний наймаагаа хурдан цэгцлэх, зэрэгцүүлээд бусад түүхий эд, бараа таваараа гурав дахь зах зээлд гаргах ажлаа хийж явах юм. Энэхүү нүүрсний тээврийн эхлэлээ дагаад эдийн засгийн шууд бус хөрөнгө оруулалт татагдана. Шууд биш ч тодорхой хугацааны дараа ашгаа өгч эхэлнэ. Маргаашаа харж л бид хөгжинө. Өнөөдөр зарим нэг хүн энүүхэн энэ 200 км-т нүүрсээ борлуулах ажлаа эхний удаад сайжруулъя, хаа байсан 4000 км-ийн цаана гэж байна. Тэгвэл Гашуунсухайтын боомт дээр жишээ авъя. Гашуунсухайтын боомт нь орон нутгийн статустай. Тийм болохоор орон нутгийн атаманууд үнэ тогтоодог. Цаана нь өнөөх яригдаад байгаа манай нүүрсийг авдаг ченж зургаан компани судсыг нь атгаад сууж байгаа нь нууц биш. Монголчууд тэдний хэлсэн үнэд унаж, 100 км-ийн урт цуваа хил дээрээ үүсгэн оочерлож зогсоо. Хэрэвзээ Гашуунсухайт нь Олон улсын боомт болчихвол өнөөдрийн дүр зураг огт өөр болно. Ядаж л дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны дүрэм журам энд үйлчилнэ.

Гэхдээ энэ бүгдийг бид түр зуурын бэрхшээл гэж харъя. Түр зуурын бэрхшээлээс айгаад яахав. Тавантолгойгоос Гашуунсухайт руу төмөр зам тавьлаа гэхэд урд хөршүүд маань дагуулаад нүүрсний үнээ буулгана. Нар өөд харуулахгүйгээ мэднэ. Ийм байдлаас гарахын тулд л хоёр дахь худалдан авагчийг хайгаад байна гэдгийг хүн бүр ойлгомоор байх юм. Энэ далимд хэлэхэд нүүрс бол Хятад улсын стратеги юм шүү. Яагаад гэвэл энэ том гүрний эрчим хүчний эх үүсвэрүүдийнх нь 66 хувь нүүрс байгаа. Хятадыг нүүрсний тамтаггүй их нөөцтэй, манайхаас хамаарахгүй байж чадна гэж зарим нэг хүн ярьдаг. Үүндээ хүрвэл хятадын нийт нүүрсний тойм нөөц 115 тэрбум, манай таамаг нөөц 170 тэрбум юм. Энэ том тоонуудыг уншвал манайх ер нь их өөдрөг ирээдүйтэй улс орон. Тийм болохоор бүгдээрээ ирээдүйтэй итгэлтэй, тайван амгалан, эв найртай байцгаая аа. Монгол улсын Ерөнхийлөгчийн ач холбогдол өгч, ах дүүс шиг хамтарч ажиллая, хамтдаа хөгжье гээд байгаа Алс Дорнодын энэхүү бүс нутагт ОХУ-ын зүгээс  зориулж 19 шинэ хуулийг баталж гаргасан байна. Азийн супер орны нэг БНСУ-ын зүгээс “Хөгжлийн 9 гүүр” хэмээх хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхээ амаллаа. Япон улсын зүгээс Транс-Сибирийн төмөр замыг бид хангалттай ашиглана. Владивостокийн чөлөөт далайн боомт бол манай улсын хөгжлийн нэг боломж мөн. Энэ бүс нутгийн эдийн засгийн хэрэглээ онцгой нэмэгдэнэ. Тийм болохоор бидний улс орнууд хамтдаа алс дорнодод хөрөнгө оруулалт хийж, хамтдаа оршин тогтнож, хамтдаа хөгжье гэж байна. Энэ бүс нутаг бол дэлхийн байгалийн нөөцийн 25 хувь үүцлэгдэн байгаа газар. Менделеевийн үелэх системд орсон бүх элемент ганцхан энэ бүсэд бүгдээрээ байна. Дэлхийн эдийн засгийн чадамжийн эцсийн цэг энд гэж дэлхийн дийлэнх улс орнууд үзэж байна. Тэгэхээр Монгол улс яаж ийж байгаад энэ бүс нутагт эрх ашгаа оруулах нь түүхэн ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны томилолтыг товчлоход ийм байна. Дорнын эдийн засгийн форумын модератораар ажилласан хятад гаралтай, америкийн тэрбумтны форумын төгсгөлд хэлсэн нэг үг содон сонсогдож байлаа. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж “Ноён Баттулгаа, та энэ аваргуудтай нэгдэнэ биздээ. Монгол бол Япон, Солонгос хоёрын дэргэд их баялагтай улс шүү дээ” гэсэн юм. Хариуд нь Ерөнхийлөгч “Тиймээ, манайд баялаг нь байна. Тээвэрлэлтийг нь Орос хийчихье. Худалдан авагч нь Япон, Солонгос юм” гэж хариулсан. Монгол улсын эрх ашгийг ингэж товч тодорхой илэрхийлэхээс өөр яах билээ.