Энэ 7 хоногт
Манлайлал
Энэ удаагийн дугаараар бид манлайлал гэж юу вэ, манлайлагч гэж хэн бэ гэдэг сэдвийг хөндлөө. Тэр дундаа улстөр ба бизнесийн салбарын манлайллын ялгаа ба популизмын угтвар шалтгааныг хэлэлцэв. Дараах эрхэм зочид оролцлоо.
Энэ удаагийн дугаараар бид манлайлал гэж юу вэ, манлайлагч гэж хэн бэ гэдэг сэдвийг хөндлөө. Тэр дундаа улстөр ба бизнесийн салбарын манлайллын ялгаа ба популизмын угтвар шалтгааныг хэлэлцэв. Дараах эрхэм зочид оролцлоо.
- Ноён Лим. Сингапурын Үндэсний их сургуулийн профессор тэрбээр 100 тэрбум долларын багц бүхий Сингапурын баялгийн сан, Хөрөнгө оруулалтын компани, Сингапурын эдийн засаг, хөгжлийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, Сингапурын төрийн албаны зөвлөлийн дарга, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Боловсролын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, Сингапур улсыг үүсгэн байгуулагч Lee Kuan Yew-н тэргүүн шадар туслахаар ажиллаж байсан өнөөгийн Сингапур улсын амьд домог болсон эрхэм юм.
- Ноён Ханс. Цюрихийн Их сургуулийн профессор, Биологийн тэнхимийн эрхлэгч. Швейцар улсаас Нобелийн шагналт авсан эрдэмтдийн багийн тэргүүн
- Ноён Тони. Stars олон улсын нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга. Швейцарын UBS банкны тэргүүн асан.
- Хатагтай. Энхзаяа. Хөндлөнгийн шинжээч, зөвлөх. Stars Mongolia нийгэмлэгийн ерөнхийлөгч
В.ГАНЗОРИГ: Дэлхийн улс гүрнүүдийн 2016 оны брэндийн үнэлгээ, жагсаалт саяхан гарчээ. Энэхүү жагсаалтыг Сингапур улс тэргүүлж, Швейцар улс гуравдугаарт жагссан байна. Улсынхаа брэндийг ингэж хөгжүүлж, дэлхийд тэргүүлэхийн нууц нь юу вэ?
ЛИМ: “Top Nation Brand” буюу дэлхийн тэргүүлэх улсуудын брэндийг гаргахдаа итгэлцэл гэсэн хэмжүүрийг голлож тооцдог. Энэ бол яг л брэнд бүтээгдэхүүнийг бол худалдан авагчид, харин брэнд компанийг харилцагчид нь үнэлдэгтэй ижил зүйл. Сайн брэндэд хүмүүс шууд итгэдэг. Чанар, баталгаанд нь огт эргэлздэггүй. Улс орны брэнд ч үүнтэй адил. Хүмүүст итгэж болох уу, хэлсэн амлалтаа биелүүлдэг үү, бараа, үйлчилгээ нь чанартай юу гэх мэт.
ТОНИ: Улсынхаа брэндээр манай Швейцар улс дэлхийд тэргүүлж гуравдугаарт жагсаж байгаа ч би хувьдаа иймэрхүү жагсаалт, үнэлгээнд ач холбогдол өгдөггүй. Гэхдээ Швейцар гэдэг брэнд дэлхийд хүчтэй байгаагийн шалтгаан нь манай улсын тогтвортой байдалтай шууд холбоотой. Энэ нь түүхийн сэжимтэй, тухайлбал дэлхийн 1 ба 2-р дайны үед Европ тивийн хамгийн аюулгүй бүс нутаг байж чадсантай тодорхой хэмжээгээр холбогдох байх. Мөн найдвартай байдал гэдэг үзүүлэлтээрээ Сингапур улстай адил дэлхийд тэргүүлдэг гэдэгтэй санал нэг байна. Товчхондоо тогтвортой, аюулгүй, найдвартай гэсэн гурван үзүүлэлт нь Швейцар улсын брэндийг урласан.
ХАНС: Улс орнуудыг ямар нэг үзүүлэлтээр эрэмбэлж жагсаахыг би зохистой зүйл гэж боддоггүй. Хоорондоо жагсаж уралдах өвчин гэж боддог. Би Цюрихийн их сургуулийг төгссөн. Энэ сургуулийг би сайн сургууль гэж мэднэ. Тиймээс буцаж ирээд тэнхим удирдаад багшилж байна. Эрэмбэ тогтоохыг Хятадууд анх гаргасан байх. Миний ажиллаж байгаа сургууль Европ тивдээ чанар, нэр хүндээрээ тэргүүлэхээс гадна дэлхийд тэргүүлдэг гэдгийг би мэднэ. Мэдээж Оксфорд, Кэмбриж гээд алдартай сургуулиуд байгаа л даа. Судлаач, эрдэмтэн хүний хувьд иймэрхүү эрэмбэ, жагсаалт надад огтхон ч сонин биш байдаг. Яагаад гэвэл судлаачийн хувьд шинэ бүтээл гаргах, нээлт хийх, бүтээлч санаа гаргаж ажиллах орчин нөхцөл, лабораторийн чанар, чадварлаг хамт олон чухал. Энэ шаардлагад хүрэхгүй оюутан, судлаач, эрдэмтэд, багш нарыг сургууль эгнээндээ оруулдаггүй. Өөрөөр хэлбэл сургуулиудын судалгааны чанар, эрдэмтэн судлаачдын бүтээлийн чансаа уг сургуулийн брэндийн үнэ цэнийг шууд илэрхийлдэг гэж би хувьдаа боддог.
ТОНИ: Ингэж эрэмбэлэх нь Англо Саксон угшилтай улс, үндэстнүүдийн соёлтой зөрчилддөг. Гэсэн ч бид иймэрхүү жагсаалтад донтсон гэж хэлж болно. Заримдаа хэрэгтэй байдаг нь үнэн. Жишээ нь, дэлхийд тэргүүлэх брэнд бүхий улсаар шалгарснаар манай улс руу цутгах хөрөнгө оруулалтын хэмжээнд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Манай улсыг зорих хүмүүс ихэснэ. Гэхдээ нөгөө талаар иймэрхүү жагсаалт, эрэмбийг хэн, ямар үндэслэлээр хийж байгааг нь маш сайн анзаарч шалгаж байх ёстой. Ухаан нь тодорхой үр дүн гаргах урьдчилсан захиалгаар, эсвэл буруу мэдээлэл тараах зорилгоор, мэдээ мэдээллийг албаар мушгих замаар үнэлгээ гаргаж, улс орнуудын брэндийн жагсаалтыг гаргаж байгаа бол байж болшгүй зүйл.
ЭНХЗАЯА: Ингэж эрэмбэлж, жагсаах нь үнэхээр улс орнуудад бодитой эерэг нөлөө үзүүлж чадах уу? Чадах бол яагаад?
ТОНИ: Жишээ нь, шилдэг брэнд бүхий улсаар Сингапур дэлхийд 1-т жагсаж, Швейцар 3-т явж байна. Эдгээр улсууд тогтвортой, ойлгомжтой, аюулгүй, найдвартай байдлаараа бусад улсыг тэргүүлж байна. Ингэснээр хамгийн шилдэг хүний нөөц эдгээр улс руу очиж ажиллаж, амьдрахыг эрмэлзэнэ. Тухайн улсын иргэдээс гадна бусад улсын иргэдийн үнэлгээ иймэрхүү эрэмбэ гаргахад илүү нөлөөлдөг.
ЭНХЗАЯА: Нөгөө талдаа иймэрхүү эрэмбэ, жагсаалт гаргах хэрэгцээ зарим улсуудад байдаг болов уу?
ХАНС: Санал нэг байна. Жишээ нь, Швейцар ба Герман улсууд хоорондоо бүхий л талаараа байнга өрсөлдөж байдаг.
ЛИМ: Та бүхний ялгаатай үзэл бодлыг хүндэлж байна. Эрэмбэ жагсаалтыг болгоомжтой зөв гаргахгүй бол маш эрсдэлтэй гэдэгтэй санал нэг байна. Энэ “Top Nation Brand” жагсаалтын хувьд дэлхийн улсуудыг итгэлцэл, найдвартай байдал, бат бөх байдлаар нь үнэлж эрэмблэхийг хичээдэг. Яагаад улс үндэстэн өөрсдийгөө бусдад итгэлтэй, найдвартай гэж харуулахыг хүсдэг юм бол гэж бид эхлээд өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Яагаад гэвэл ямар ч улс эрчимтэй хөгжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог юм. Хөрөнгө оруулагчид 5, 10, 20 жилийн дараа оруулсан хөрөнгө мөнгөө найдвартай эргүүлж авч чадах эсэхээ тооцож шийдвэр гаргадаг. Тогтворгүй улстөртэй, худалч бизнесменүүдтэй хэн ч хамтарч ажиллахгүй. Аялал жуулчлал ч адил. Жуулчид гоё сайхан газар гэхээс илүү аюулгүй, амгалан газарт, худлаа ярьж, хулгай хийдэггүй хүмүүстэй улсад зочлохыг эрхэмлэдэг. Ийм учраас улс орнуудыг итгэлцэлийн индексээр нь ингэж эрэмбэлж жагсаадаг юм. Эрсдэл юу вэ гэхээр жагсаалтын хойгуур эрэмбэлэгдсэн улсууд эрэмбээ ахиулахын тулд улс орныхоо үндсэн онцлогоо өөрчлөх, зорилтот зах зээл буюу жуулчид, хөрөнгө оруулагчдад тааруулан өв уламжлал, системээ задлах, хэтэрхий арилжааны хэлбэр рүү орох тохиолдол байна. Иймээс хаа хаанаа маш болгоомжтой хандах ёстой. Өөрөөр хэлбэл улс бүр өөрийн үндэсний ижилслээ тодорхойлж, үнэт зүйлсээ бэхжүүлж, түүндээ таарсан брэндинг хийхээс биш захын жуулчин, дурын хөрөнгө оруулагчид тааруулж имижээ бүрдүүлэх нь утгагүй зүйл юм шүү.
ХАНС: Би аливаа зүйлийн эрэмбэ жагсаалтыг болгоомжтой, зөв гаргахгүй бол эрсдэлтэй гэдэгтэй бүрэн санал нэг байна. Академик ертөнцөд бол судалгааны зорилго чиглэл тодорхой байдаг. Мундаг оюутнууд бол сургуулиудын эрэмбэ, жагсаалтыг бараг тоодоггүй. Нэр төрд дуртай, бусдын өмнө “шоудах” дуртай залуус, оюутнууд л нэр алдартай сургуулиудыг араас хөөцөлддөг. Тэдгээр залуус өөрийн намтартаа уг сургуулийг бичихийн тулд л ордог. Иймэрхүү хүмүүст би дургүй. Иймээс жинхэнэ чанар ба хуурамч нэр хүнд гэдэг зүйлийг ялгаж салгаж ойлгож сурах хэрэгтэй.
В.ГАНЗОРИГ: Улс гүрний брэнд гэж бид ярьлаа. Засгийн газар ба компаниудын түвшинд манлайлагчид нь брэндийнхээ нүүр царай болдог. Улстөрчдийн хувьд сонгогчиддоо таалагдахын тулд дурын зүйл амладаг болоод удлаа. Сошиал медиа гээд тусдаа ертөнц үүслээ. Үүнээс үүдээс популизм гэдэг хадны мангаатай болчихлоо. Энэ замбараагүй ертөнцөд бид яаж жинхэнэ манлайлагчийг таньж олох вэ?
ТОНИ: АНУ, Европийн жишээнээс бид ард түмний эсэргүүцэл, уур хилэнг популист улстөрчид гарамгай ашиглаж буйг харж байна. Байгаа системээ эсэргүүцэж байгаа эдгээр нийгмийн бүлгүүд нь улс орныхоо хөгжлөөс хэрчим ч хүртэж чадахгүй байсан. Ажилгүй, орлогогүй, зохистой боловсрол ч хүртэх боломжгүй, нийгмээс “гадуурхагдсан” энэ бүлгүүдийг улстөрчид анзаарч анхаараагүй юм. Жишээ нь, Франц, Итали, Испани, Грек улсуудад залуусын 20-50 хувь нь ажил олж чадахгүй байна. Энэ бол нийгмийн тэгш бус байдлыг өөгшүүлж байгаа хамгийн том асуудал юм. Алдартай их дээд сургуулийг онцсайн төгссөн дипломтой атлаа ажил олж чадахгүй л байна. Нийгмийн энэ бүх асуудал хуримтлагдаж, хамрах хүрээ нь ихэссээр байгаад сонгогчид өөрийн эрхгүй улстөрийн экстрим намууд, популист улстөрчдөд саналаа өгч эхлээд байна. Ийм учраас хэт зүүний, ялангуяа сүүлийн жилүүдэд хэт барууны үзэлтэй намууд дэлхий даяар хүчээ авлаа. Энэ нь ардчиллын суурь концепц, ялангуяа шууд ардчиллын зарчимд бодитой эрсдэл учруулаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл нийгмийн эмзэг бүлгүүд, эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй нийгмээс “гадуурхагдсан” бүлэг улам ихэсч, дэлхий даяар баян хоосны ялгаа томорч, тэгш бус байдал газар авахаар байна. Зарим хүн боломжийг ашиглаж чадахгүй байгаа бол заримд нь ашиглах боломж ч олдохгүй байна. Жишээ нь, Испани улсад их сургууль төгсөгчдийн тал нь шууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа. Энэ бол үнэхээр том асуудал.
ЛИМ: Популизм дэлгэрч байгаа нэг шалтгааныг би сошиал медиа гэж боддог. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Сошиал медиа хүн бүрийн ялгаатай, бас аюултай, нийгэмд хортой үзэл бодлыг асар олон хүнд нэгэн зэрэг хүргэх боломжийг бий болгосон. Популизмын тодорхойлолтоор бол улс орны популист манлайлагчид нь ирээдүйн эрсдэл, боломжийг огт тооцохгүйгээр яг өнөөдөр ард түмэн нь юу хүсч байгааг шууд биелүүлдэг хүмүүс юм. Шийдвэр гаргагчид, улсын лидерүүд ард түмэн нь яг одоо юу хүсч байгааг биелүүлж болно л доо. Нөгөө талдаа ард түмэн, сонгогчид ч аз жаргалтай, баяртай байх болно. Гэхдээ жинхэнэ асуулт бол энэ гаргаж байгаа шийдвэрүүд нь 5, 10 жилийн дараа чамд, таны гэр бүлд, улс оронд ямар сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг бид харах, тооцох чадвартай байх ёстой. Бид хүүхдүүддээ, ач нартаа ирээдүйд ямар нийгэм хүлээлгэж өгөхөө мэддэг асар өндөр хариуцлагатай байх ёстой. Хүмүүсийн хүсэл бүхнийг, эсвэл уурласан бүхнийг нь ямар ч бодолгүй биелүүлээд, аргадаад тэдний дундуурыг нь юугаар ч хамаагүй дүүргээд араасаа дагуулаад явахад амархан. Гол нь энэ гаргаж буй шийдвэр нь бидний дараа үеийнхний боломжуудыг хааж, үр хүүхдүүдийн минь ирээдүйг самрах ёсгүй. Одоо гаргаж буй шийдвэр нь таван жилийн дараа ард түмнийг өвдөг дээр нь сөхрүүлнэ гэдгийг мэдсээр байж уг шийдвэрийг гаргаж байгаа. Энэ бол цэвэр удирдагч, манлайлагч хүний хариуцлагын тухай асуудал юм.
В.ГАНЗОРИГ: Энэ тэгээд хэний буруу юм бэ? Хангалттай санал авахын тулд “попдож” байгаа улстөрчдийн буруу юу, эсвэл ирээдүйгээ харж сонголт хийж чадахгүй байгаа “боловсролгүй” сонгогчдын буруу юу?
ЛИМ: Хэрвээ чи хэн нэгнийг буруутгах гээд л зүтгээд эхлэх юм бол ямар ч асуудлыг шийдэх чадахгүй. Хүмүүс өөртөө буруу хүлээхгүйн тулд шийдлээс зугатааж идэвхгүй болдог. Ойлголцлын том зөрүүнээс л энэ асуудал үүсээд байна. Бид яг юу хүсээд байгаагаа мэдэхгүй байна. Тийм ч учраас төлөвлөөгүй, гэнэтийн зүйлс манай нийгэмд байнга тохиолдож байна. Одоо гаргаж буй шийдэл, шийдвэрүүд ирээдүйг маань золиод байгаа юм биш биз гэж бид хаа хаанаа бодож тунгаах ёстой. Хэрвээ бидний ирээдүйг үгүй хийх шийдвэр байгаа бол бид үүнийг сошиал медиагаар тараах ёстой юм уу? Ард түмнээ, найз нөхдөө ийм буруу мэдээллээр цэнэглэх албатай юм уу? Хүүхдийнхээ ирээдүйг баллах контентийг би өөрийнхөө ажил, албан тушаалыг өсгөхийн тулд хийх ёстой юм уу? Эдгээр асуултуудад бодитой хариулах нь жинхэнэ удирдагч хүний хувьд том сорилт шүү.
ТОНИ: Улстөрчид бодит амьдралаас хэт тасарснаас популизм дэлгэрч байгаа гэж би дүгнэдэг. Жишээ нь, АНУ-д Midwest гэгддэг цагаан арьстан дундаж давхаргаа “ухаантай” улстөрчид нь ойлгож чадаагүй. Англид ч мөн адил. Камерунд ч нийгмийнхээ дотор юу болоод байгааг ойлгож ухаж огт чадаагүй.
В.ГАНЗОРИГ: Тэгэхээр та бүхэн популизмтэй холбоотой асуудлыг ард нийтийн боловролын ялгаа гэхээс илүүтэйгээр улстөрчид амьдралаас тасарч мэдрэмжгүй болсон, мөн сошиал медиагаас болж дарга нар ба ард түмэн нь нэг дор юм шиг атлаа хоёр тэс ялгаатай ертөнцөд амьдран тусдаа вакуум орчинд мэдээ мэдээлэл авч байгаатай холбож байна уу даа?
ТОНИ: Яг тийм!
ХАНС: Тухайн улсад байгаа гадаадын иргэдийн тоо ба урсгалтай энэ асуудал бас холбогдох болов уу. Нэг улсад олон үндэстэн зэрэгцэн ажиллаж, амьдарч байна. Швейцар улсад нийт хүн амын 25% нь гадаадын иргэд байдаг. Ажилгүйдэл, эдийн засгийн хямрал ч юм уу, ямар нэг болохгүй зүйл гарахаар тухайн улсад байгаад гадаадын ажилчид, цагаачид голцуу түрүүлж буруутан болдог. Миний ажилладаг Цюрихийн их сургуулийн нийт профессорын бараг тал нь гадаадын иргэд байдаг. Ажилдаа хамгийн шилдэг үр дүн гаргахын тулд дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтнүүдийг цуглуулж баг болон ажиллаж чадвал амжилт гаргах нь тодорхой. Гэтэл зарим улсууд гаднаас ажиллах хүч авахыг эсэргүүцэж, квот тогтоож, аюулгүй байдалд нь хүртэл халдаж эхэлсэн. Ghetto буюу нийгмийн эмзэг, цөөнхийн бүлгийн цухалдсан, аархсан, талцуулсан мэдээллийг бид болгоомжтой дүгнэх ёстой. Туркуудын урсгал европт асар их болсон. Европын хотуудын зарим турк хорооллоор турк биш хүн явахад асар аюултай болоод удаж байна. Энэ бүх зүйл популизмын үндэс суурьтай шууд холбогдоно.
ЭНХЗАЯА: Популизм гэдэг хадны мангаа газар сайгүй тарж байгааг айдас болон богино хугацааны нэр төр, өрөвдөх сэтгэл зүйтэй холбож дүгнэмээр байна. Энэ өнцгөөр асуудлыг харвал популизм нь зөвхөн улстөрд биш хаа сайгүй байгааг бид харна. Хүмүүсийн айдсаар тоглож өөртөө ашигтай шийдвэр гаргуулж буй улстөрчдийг харвал нийгмээсээ өөрөө айдаг, дотроо битүү комплекстэй байгаа нь анзаарагддаг.
ТОНИ: Европийн жишээг харвал тухайн улсын иргэн ба иргэн биш хүмүүсийн тэнцвэртэй байдалтай холбон ярьж болохоор байна. Швейцарын хувьд гадаадын иргэд 20-25% байдаг ба энэ хувь өсөх юм бол популизмтай холбоотой эрсдэл өснө. Энэ квотыг ихэсгэх, бүр алга болгохтой холбоотой асуудал манай улсад бий. Яг одоо 15% руу хүргэх гэдэг популизм бас явж л байна. Ялгаатай соёл, уламжлал бүхий үндэстнүүдийн зохистой харьцааг бүрдүүлэх нь популизмтай тэмцэх нэг арга. Гэхдээ яаж ч бодсон манай улсын хувьд нийт хүн амын 50% нь гадныхан байна гэж засаглаж болохгүй байх.
В.ГАНЗОРИГ: Европын хувьд “гадаадынхан” гэдэг нь тухайн улсын паспортгүй хүнийг л хэлж байгаагаас бус угсаа гарал, үндэстний хувьд хамаагүй байдаг. Монгол улсын хувьд арай өөр ойлголт болох байх аа!
ЭНХЗАЯА: Монгол улсын хувьд энэ асуудал түүхээсээ улбаалаад жаахан онцлогтой гэж би боддог. Том гүрэн байж үзсэн, мөн сүүлийн хэдэн зуун жил өөрсдөө гадны нөлөөнд багагүй байсны хувьд эмзэг сэдэв. Монголчууд монгол цус гэж ярьдгаас гадна гадныхантай холилдож, тэдэнд уусах вий гэдэг айдас байдаг. Иймээс гадныхантай хэт нээлттэй харьцах, дотно холбогдож харилцахаасаа зарим тохиолдолд нийгэм маань өөрөө хойшоо суух тал ажиглагддаг.
ТОНИ: Гэхдээ Монголын жишээ Сингапур болон Швейцар улсуудтай маш төстэй юм биш үү? Швейцарын хувьд бид гадны хүмүүс, ажиллах хүчин дээр тулгуурлаж хөгжиж ирсэн. Яагаад гэвэл бидний гадны гэж нэрлэдэг тэдгээр хүмүүс хамаагүй бүтээлч, бизнес сэтгэлгээтэй, шинийг санаачлагчид байдаг. Дээр дурдсан европт асуудал үүсгээд байгаа туркууд жишээ нь Герман улсдаа хамгийн бүтээлч, шинийг санаачлагч хүмүүсээр шалгарсан тухай нийтлэлийг би саяхан уншсан. Тэд үндсэндээ Герман улсын гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг нь нуруун дээрээ үүрч яваа. Швейцар улсын хувьд биднээс дээшхи 3, 4 үеийнхэн маань нь бүгдээрээ л цагаачид байсан. Тэд европ болон дэлхийн өнцөг булан бүрээс Швейцарт цугларсан.
ХАНС: Дэлхийн 2-р дайны дараа Швейцар руу нилээд хүмүүс цутгасан. Англид мөн адил. Хамгийн алдартай Кембрижийн их сургуулийн захирал хүртэл Германаас дайны үед дүрвэж очсон герман хүн байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн шилдэг хүмүүсийг цуглуулах нь улс гүрнүүдийн удирдагчдын нэг чухал чадвар.
ТОНИ: Эйнштэйн хүртэл Германаас Швейцарт ирж сурч, ажиллан иргэн болсон.
ЛИМ: Мэдээж ямар ч улсын төр өөрийн улсын иргэдийн эрхийг хамгаалах, таатай, аюулгүй ажиллаж аж төрөх боломж нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тэр зорилгын хүрээнд ард иргэдийнхээ чадвар, боломжийг судлан нээж, хөгжүүлж, улс орны хөгжил цэцэглэлтэд оролцох боломжуудыг бүрдүүлж өгдөг. Ямар ч улсын удирдагч, бизнесийн манлайлагч ингэж ажиллах зуураа гадаадын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран, тэднийг ашиглаж чадвал тавьсан зорилгоо богино хугацаанд улам чанартай биелүүлэх боломжийг олж хардаг. Жинхэнэ манлайлагч хүн өөр улсуудын ялгаатай чадвартай өндөр мэргэжилтнүүдийг хүлээн зөвшөөрч, өөрийн улсынхаа тусын тулд нэгтгэн зангидаж ажиллуулж чаддаг. Сингапур улсын хүн амын 30 хувь нь Сингапурын улсын иргэд биш. Сингапурын иргэн биш хүний Сингапур улсад оруулж буй хувь нэмрийг бид маш их хүндэлдэг.
ХАНС: Гадны өндөр мэргэжлийн ажилчид, цагаач ажилчидтай холбоотой анхаарах нэг зүйл бол өөрийн улсын ажиллах хүчний дархлааны асуудал байдаг. Амьдралын түвшин дээшлэх тусах хүмүүс хүнд, хар бор ажил хийхээс зайлсхийдэг. Тэр бүх ажлыг нь гадны иргэд, цагаачид хийдэг. Хэрэв Швейцар улс гадны бүх хүмүүсээ гаргавал тэдний хийж байгаа ажлуудыг манай иргэд өөрсдөө шууд хийж чадна гэдэгт би эргэлздэг. Иймээс энэ бодлого дээр удирдагчид бас маш болгоомжтой, мэдрэмжтэй, тэнцвэртэй хандах ёстой.
ТОНИ: Швейцар улс гадаад ертөнцөд нээлттэй байх ёстойн нэг жишээ бол манай улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн асуудал юм (инээв). Дан “цэвэр” цусны тамирчдаар багаа бүрдүүлсэн бол бид ямар ч амжилт дэлхийд гаргаж чадахгүй. Одоо угшлаар нь хөөвөл манай шигшээ багийн 1-2 тамирчин л уугуул. Бусад нь Африк, хуучин Югослав зэрэг европын улсуудаас угшилтай тамирчид байдаг. Ингэж солонгорсон баг маань дараагийн дэлхийн аваргад Герман, Францын багийг хожно гэдэгт итгэлтэй байгаа.
ХАНС: Италиас цагаачилж ирсэн хүн одоо Швейцарын хамгийн алдартай их сургуулийн захирал болчихсон л байж байна.
В.ГАНЗОРИГ: Зарим хүмүүс сэтгэл байхад үнэтэй, алдартай их сургуульд суух, тэрний боловсролоор яадаг юм гэдэг. Харин зарим нь боловсрол бол зайлшгүй чухал гэж маргадаг. Сайн манлайлагч байхын тулд сэтгэл ба боловсрол хоёрын тэнцвэрийг яаж олох ёстой вэ?
ЛИМ: Менежментийн ухааны манлайлагч Питер Дракер хэлсэн байдаг. Манлайлагч хүн өөрт итгэж үнэмшин, хүндэлдэг дагагчидтай байх ёстой. Манлайлагч болчихоод өөрийн дагагчдаа цуглуулна гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр философийн асуулт бол ер нь яагаад бид хэн нэгнийг дагах ёстой юм бэ, яагаад хэн нэгэн бусдыг дагуулах ёстой юм бэ гэж тавигдана. Тэгвэл миний дагаж байгаа удирдагч миний амьдралыг сайн сайхан болгоно, мөн надад шинэ зүйл зааж сургах болно гэсэн хоёр үндсэн шалтгаан, итгэлээр хүмүүс хэн нэгнийг дагадаг. Тиймээс жинхэнэ манлайлагч хүн зүгээр сайхан юм ярьдаг хүн биш хийснээ хэрэгжүүлэх чадвартай, мэдлэгтэй, чин сэтгэлтэй нэгэн байх ёстой. Тэгэхээр манлайлагч хүнд аль аль чадвар нь заавал байх ёстой. Гэхдээ хэзээ аль чадвараа илүү ашиглах вэ гэдэг нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална. Мөн тухайн улсын соёлоос хамаарна.
В.ГАНЗОРИГ: Популист улстөрчид хэдэн мянга, хэдэн сая дагагчидтай байдаг. Дагагчдын тоог нь үндэслээд тэгвэл тэд нарыг мундаг сайн манлайлагчид мөн гэж би тантай маргаж болох уу?
ЛИМ: Өнөөдрийн хувьд тэд магадгүй өөрсдийгөө манлайлагчид гэж бодож байгаа байх. Гэвч таван жилийн дараа гаргасан шийдвэрүүд нь ард түмний, улс орны амьдралд хор болоод ирэх үед тэд өөрсдийгөө хэн байснаа ойлгоно. Шилдэг манлайлагчдыг өнөөдрөөр биш ирээдүйн ажлын үр дүнгээр нь, урт хугацааны зорилгоор нь бид хэмжих ёстой.
ТОНИ: Бидний яриа аюултай зүйл рүү хэлбийж байна шүү. Хэрэв дагагчдын тоог нь л үндэслэх юм бол Мао Зэдун, Гитлер, Сталин нар бүгд л гайхамшигтай манлайлагчид байсан. Гэтэл тэр хэдэн сая дагагчид нь тухайн үедээ л сүсэглэн дагаж байсан болохоос биш 50 жилийн дараа тэднийг бараг хүн бүр үзэн ядаж байна шүү дээ. Гэхдээ Ганзориг таны асуулт маш сонирхолтой бас чухал өнцгийг хөндөж байна. Бизнесийн орчинд ярих бол өнөөдөр их сургуулийн зэрэггүй олон хүн компани удирдаж амжилттай бизнес хийгээд явж байна. Манлайлагч байхын тулд сэтгэл ба мэдлэг боловсрол аль аль нь байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Боловсролтой гэхээс илүү оюуны чадавхитай байх ёстой гэж томъёолбол арай эвтэйхэн юм шиг байна. Минийхээр бол шилдэг манлайлагч хүн болохын тулд алсын хараа, тодорхой зорилготой байх хамгаас чухал. Өөрөөр хэлбэл удирдагч хүн өөрөө хаашаа явахаа мэддэг байх хэрэгтэй. Дараагийн чухал чадвар бол яагаад тийшээ явах ёстой гэдгээ хүмүүст ойлгуулж чаддаг харилцааны өндөр чадвартай байх ёстой. Харилцааны чадвар дээр л ихэнх манлайлагчид бүдэрдэг. Угаасаа амар ажил биш. Нэг ижил зорилгыг олон манлайлагчид янз бүрээр ярьж ойлгуулаад ч олон түмнийг татаж чаддаггүй.
Жинхэнэ манлайлагч байх гурав дахь гол чадвар бол хүмүүс, хамт олон, багийн ажиллагаа юм. Хүмүүсийн төлөө хүмүүстэйгээ цуг бодитой, зөв, сайн үйл хийх үндсэн чадвартай, тэмүүлэлтэй байх ёстой. Эцэст нь хэлэхэд манлайлагч хүн бусдын хийсэн ажил, амжилтыг хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой юм шүү. Хэрэв хамтрагч нарынхаа хийсэн ажлыг хүлээн зөвшөөрч чадахгүй манлайлагч байдаг бол тэр хүн өвчтэй, сэтгэцийн хувьд эрүүл бус хүн гэж шууд дүгнэгдэнэ.
ХАНС: Та бүхний ярьж буйтай санал нэг байна. Боловсролтой холбоотой нэмж хэлэх ганц зүйл бол манлайлагч хүн ядаж бүрэн дунд боловсролтой байх ёстой гэж би боддог. Манлайлагч хүн эрт, орой хэзээ нэгэн цагт дэлхий ертөнцийг ойлгох хэрэгтэй болно. Ерөнхий, суурь мэдлэггүй манлайлагчийн байр суурь нэг их удахгүй ганхаж эхэлдэг. Иймээс өөрийн байр сууриа бат бөх байлгахын тулд манлайлагч хүнд суурь боловсрол зайлшгүй хэрэгтэй.
В.ГАНЗОРИГ: Манлайлал гэдэг бол нэг хувь хүний тухай биш, бүхэл бүтэн системийн тухай асуудал гэж би хувьдаа ойлгодог. Сингапур, Швейцар улсын амжилт ч энэхүү системтэй холбоотой болов уу. Хөгжиж буй Монгол улсын хувьд бид энэхүү манлайллын системийг хэрхэн бий болгох вэ?
ЛИМ: Зарим хүн ажлаасаа гарахаар тухайн байгууллага нь муудаж, хамт олон нь тарж, систем нь нурснаар өөрийгөө мундаг лидер байсан гэж дүгнэдэг. Тэгээд харж байна уу, надгүй бол энэ байгууллага байхгүй байгаа биз дээ гэж онгирдог. Би ийм үзэгдэл, хандлагатай санал нийлдэггүй. Жинхэнэ манлайлагч хүн гэж өөрөө эзгүй байсан ч байгууллагаа удирдаж байгаа юм шиг үлдээж чаддаг хүнийг хэлдэг юм. Сайн удирдагч хүмүүсээ, ирээдүйгээ бодож харж төлөвлөдөг. Цаг хором бүрээр өөрчлөгдөн хөгжиж буй өнөө үед тогтвортой зүйлс гэж ховор. Цаг үеэ мэдрэн шаардлагатай өөрчлөлтийг хийдэг, хэрэгтэй гэвэл өөрийгөө ч өөрчилж, хөгжүүлж чаддаг манлайлагч байх ёстой. Ажил гэдэг бол систем. Энэ системийг удирдаж чаддаг, өөрөөсөө үл хамааран систем амжилттай ажиллах орчлыг бүрдүүлэх зоригтой хүн л жинхэнэ манлайлагч.
ХАНС: Муу бас аюултай манлайлагч гэдэг бол цаг үргэлж өөрөө эрх мэдлийг атгахыг завддаг хүн юм. Харин сайн манлайлагч бол шилдэг хүмүүсийг цуглуулан баг болгон цуг ажиллаж чадахаас гадна өөрөөсөө ч мундаг, чадвартай хүмүүсийг хүлээн зөвшөөрч хамтарч хүндэлж чаддаг хүнийг хэлнэ. Эдгээр хүмүүс л өөрчлөлтийг зоригтой хийж, ирээдүйг бүтээж чадна.
ТОНИ: Манлайллын системийг бизнесийн байгууллага дээр тогтож ярья. Том компаниудын гүйцэтгэх захирлууд богино хугацааны гэрээтэй, тухайн байгууллагад өндөр ашиг авч ирэх зорилготой ажилладаг. Улирал бүр ТУЗ-ийн хурлаа хийж үзүүлэлтүүдээ дүгнүүлэн, хувь нийлүүлэгчдийн асар өндөр дарамт дор ажилладаг. Ингэхдээ богино хугацааны зорилтоо биелүүлэх түр зуурын баг бүрдүүлдэг. Тухайн байгууллагын хувьд энэ систем урт хугацаандаа ашигтай юу гэвэл том асуултын тэмдэг. Үүнийг мэдээж шууд улстөрийн манлайлалтай жишиж болохгүй л дээ.
Швейцарын хувьд улстөрийн систем маш тогтвортой. Яагаад гэвэл иргэд, аймаг, улсын түвшинд эрх мэдлийн хуваарилалтын маш зохистой бөгөөд хүртээмжтэй хийж чадсан. Энэ систем улстөрийн эрх мэдлийг аль болох ард иргэд рүү чиглүүлэхийг хичээсэн байдаг. Харин сул тал нь жаахан удаан. Гэхдээ тийм ч учраас гэнэтийн, популист үйлдэл гарах хэр барагтай гарах боломжгүй байдаг юм. Иргэд нь өөрсдийн төсвөө баталдаг учраас алдагдалтай төсөв хэзээ ч батлагддагүй. Асуудлаа мэддэг хүмүүст шийдвэр гаргах эрх мэдлийг нь өгөхийн чухал нь энэ юм.
ЭНХЗАЯА: Манлайлал гэдэг бол систем гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ систем анх бүрдэхдээ хэн нэг хүчтэй манлайлагчийн нөлөөгөөр бүрэлдэж таарна. Иймээс энэхүү системийг анх үүсгэж бүрдүүлж байгаа хувь хүмүүсийн хандлага, эго, чадвараас маш их зүйл шалтгаална. Зөв хандлагатай, бусдын төлөө ажиллах зоригтой, бусдыг хүлээн зөвшөөрч дээшээ гаргах чадвартай хувь хүмүүс бол манлайллын системийн гол үнэт зүйлс.
В.ГАНЗОРИГ: Лим гуайн номыг уншиж байхад манлайлагч хүний нэг гол чадвар бол бусдыг уучлах гэсэн байсан. Тэнэгдүү ч юм шиг нэг зүйл таниас асууя. Миний ажилтан нэг алдаагаа олон дахин давтан хийнгээ тэр болгон ирж уучлал гуйгаад байвал би хэдэн удаа нөхрийг уучлах ёстой вэ? Уучлахад хязгаар гэж байх ёстой юу?
ЛИМ: Энэ алдааг нь уучлахад хэтэрхий тэнэг юм байна аа гэж бодтолоо уучлах ёстой байх тэр хүнээ. Манлайлагч хүн гэдэг бол бүх ажлыг ганцаараа хийдэг хүн биш. Харин хамт ажиллаж байгаа хүмүүстээ ажлыг нь хийхэд нь хамгийн сайнаар тусалж чаддаг хүн байх ёстой. Эргэн тойронд чинь ажиллаж байгаа хүмүүс өөрсөддөө байгаа ур чадварынхаа боломжит хамгийн дээд хэмжээг шавхан ажиллах нөхцөл ба хүслийг нь бүрдүүлэх нь манлайлагч хүний үүрэг. Ингэж гэмээнэ чи том зорилгоо биелүүлж чадна. Хүн л юм хойно ажил хийж байхдаа алдаа гаргана. Алдаа гаргах тоолонд нь чи хариуцлага тооцоод байвал хүмүүс ажил хийхээсээ айж эхэлдэг. Удахгүй би энэ ажлыг хийж чадахгүй юм байна, та яаж хийхийг заагаад өг гээд ажил хийхээ больдог. Нэг мэдэхэд манлайлагч хүн та өөрөө хүн ажлаа ганцаараа хийгээд нервтээд эхэлсэн байдаг. Та эргэн тойронд байгаа оюуны болон биеийн бүхий л нөөцүүдийг ашиглаж чадаагүй гэсэн үг. Дээрээс нь таны чадвар, мэдлэг хязгаартай. Иймээс манлайлагч хүн бусдын алдааг уучлах чадвартай байх ёстой. Гол нь тэр хүн гаргасан алдаанаасаа суралцах чадвартай байх учиртай. Нэг алдаагаа олон дахин давтдаг хүнд бол яав ч итгэж, хариуцлага үүрүүлж болохгүй. Чаддаг ажлыг нь олж өгөх, эсвэл системээсээ холдуулах хэрэгтэй. Чаддаг хүнд нь чаддаг ажлыг нь олж хуваарилж өгөх бол манлайлагч хүний том чадвар шүү. Чаддаггүй ажил авсан хүн, хэт амархан ажил авсан хүмүүс удирдлагадаа дургүй байдаг. Мэдээж ажилтнаа сургах, хөгжүүлэх ёстой ч сургаад сургаад ажлын энгийн зааварчилгаа ч ойлгохгүй хүн байгаад байвал халж явуулахаас өөр аргагүй болдог.
ХАНС: Миний ажиллаж буй боловсрол, анагаахын салбарт уучилж болдог алдаа, болдоггүй алдаа гэж байдаг. Хэрэв боловсролын салбарт бусдын бүтээлээс хулгай хийх, хууран мэхлэх зүйл хийсэн бол ямар ч яриа байхгүй, ямар уучлал үзүүлэх нөхцөл байх ёсгүй. Харин бусад санаандгүй хийсэн алдааг би бол хувьдаа нэг юм уу хоёр удаа уучилж чадна.
ТОНИ: Манлайллын сэдвээр бид сонирхолтой мэтгэлцэж байна. Би та бүхнийг дараах асуултаар хатгамаар байна. Швейцарын улстөрийн системийн талаар би түрүүн дэлгэрэнгүй ярьсан. Эрх мэдлийн “хэт” тэнцвэртэй байдлаас болоод манай улсад шалгарсан манлай улстөрч байдаггүй гэж боддог. Швейцарт ерөнхий сайд гэж байдаггүй, Герман, Франц шиг төрийн тэргүүн ч гэж байхгүй. Парламент, засаг дотроо ч бидэнд лидер байхгүй. Байгаа хэд нь бүгд адилхан тэнцүү эрх мэдэлтэй. Та нар үүнийг юу гэж бодож байна?
ЭНХЗАЯА: Албан ёсоор төвлөрсөн эрх мэдэл үнэхээр байхгүй гэж үү?
ТОНИ: Огт байхгүй. Хэн нэг нь санал гаргаад хүчлэх гэвэл нөгөө хэд нь үгүй гэвэл тэгээд л үгүй. Тийм учраас Швейцарт албан ёсоор улстөрд манлайлагч гэдэг хүн байхгүйгээс гадна бараг тийм ойлголт байхгүй болох гээд байна.
В.ГАНЗОРИГ: Тэгээд Швейцар шиг албан лидергүй, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагчгүй байна гэдэг нь тэгээд сайн зүйл юм уу, муу зүйл юм уу?
ТОНИ: Миний хувьд маш сайн систем. Учир нь бид хэзээ ч Гитлер, Мао шиг удирдагчидтай болохгүй. Би та нарыг хатгаж энэ асуултыг асуусан шүү. Зөвөөр ойлгоорой!
ЛИМ: Улстөрийн тавцанд албан манлайлагчгүй Швейцарын хувьд дурын сайд, парламентын гишүүд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь бүрэн хангагдсан нь хамгийн чухал зүйл. Тонигийн хэлснээр аль нэг сайд нь санал гаргаад, 6 сайд нь эсэргүүцвэл яагаад эсэргүүцээд байгааг нь тухайн хүн мэдэх боломжтой. Магадгүй буруу санал гаргаснаа хүлээн зөвшөөрөх ч юм уу. Хүн болгон үзэл бодлоо илэрхийлэх албагүй, бас хүн болгонд ухаантай санаа байдаггүй гэдгийг бид бас давхар байнга тунгааж байх ёстой.
ХАНС: Швейцарын түүхэнд хүнд, хэцүү цагт үгээ хэлж, ард түмнийг ятган сэнхрүүлж манлайлж байсан, тухайн үедээ олон дагагчидтай байсан улстөрчид бий. Гэхдээ тэд хэзээ ч диктатор байгаагүй буюу өөрсдийн үзэл бодлоо хүмүүст шууд тулгаж байгаагүй.
В.ГАНЗОРИГ: Та бүхэн Монголд ирээд багагүй хүмүүстэй уулзаж мэдээлэл авч аялсан. Хөгжиж буй Монгол улсын хувьд манлайлал болон бусад нөхцөл байдлыг та бүхэн яаж дүгнэж байна вэ? Сингапур ба Швейцар улсуудаас юуг нь хэрхэн суралц гэж зөвлөх вэ? Монголын ирээдүйг яаж харж байна? Соёлтой зан гаргахгүй шулуухан хэлэхийг хүсч байна!
ХАНС: Би Монголд ирээд долоо л хонолоо. Бидний соёлоор бол бусдад ингэ тэг гэж хэлэх нь зохимжгүй байдаг.
В.ГАНЗОРИГ: Улстөрч хүн шиг хариуллаа даа та! (инээв)
ТОНИ: Яг эрдэмтэн, профессор шиг хариулаад байгаа юм биш үү? (инээв)
ХАНС: Хэрвээ би Монгол улсын удирдагч, манлайлагч байсан бол байгаль орчноо хамгаалах том санаачлага, үндэсний хөдөлгөөн өрнүүлэх байсан. Монгол улс үнэхээр тансаг байгальтай гайхалтай улс юм. Гэхдээ хог хаягдал, агаарын бохирдол гээд монголчууд өөрсдөө Монгол эх орноо хайрлахгүй байгаа нь анзаарагдсан. Хогоо хаяхгүй байх гээд жижиг зүйлээс манлайлал эхэлнэ дээ.
ТОНИ: Ардчилал гэж ярьвал Монгол улс маш залуу түүхтэй. Гэхдээ Монголыг төв ази болон зүүн европын зарим нэг улстай жишвэл багагүй амжилттай яваа гэж дүгнэнэ. Монгол улс залуусын орон гэдэг нь өдөр тутам мэдрэгдэж байна. Гэвч залуустай нь уулзаад ярилцаж байхад яг юу хийхээ, яаж хийхээ мэдэхгүй эргэлзсэн байдал нилээд анзаарагдсан. Боловсролтой, мэдлэгтэй, чадвартай монгол залуус зөндөө байгаа боловч нийтийн зорилго, нийлж хийх ажлаа сайн ойлголцож, нийлүүлж чадахгүй яваа юм уу гэж бодогдсон. Хандлагаа өөрчлөх нь монголчуудын хувьд том сорил байж магадгүй. Залуу хүмүүс бодлоо чөлөөтэй илэрхийлж, хоорондоо эвлэлдэн нэгдээд хийх ёстой, дуртай, зөв зүйлсээ зоригтой хиймээр байна. Гэхдээ гадны хүний нүдээр ингэж хэлэх амархан ч хийх хэцүү байх л даа. Монгол улсын хувьд чөлөөт зах зээлийн системд шилжээд тийм ч удаагүй байна. Зүүн европын олон орнуудаас ийм үзэгдлийг зөндөө харж байлаа. Тийм ч учраас шулуухан хэлэхэд 1975 оноос өмнө төрсөн хүмүүс дараагийн үедээ зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Энэ нь улстөрд ч, бизнест ч хамаатай. Энэ үеийнхэн бол үнэхээр өнөөгийн нийгэмд алдагдсан үеийнхэнд тооцогдоно. Ингэж үе шилжиж байж л хөгжинө. Энэ бүх өөрчлөлтийг хийх эрх мэдэл, хүч чадал Монголын залуучуудад байгаа. Хийх эсэх нь та нарын л асуудал.
В.ГАНЗОРИГ: Монгол залуус бид тэгвэл хөгшчүүдээсээ хэрхэн салсан залуусынх туршлагыг нь Швейцар улсаас импортлох хэрэгтэй юм байна даа! (инээв)
ЛИМ: Би Монголд ирээд хэдхэн хоносон ч чухал хүмүүстэй уулзаж нилээд цэгцтэй мэдээлэл авч чадсан. Монгол залуусын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй байдлыг хараад бахархаж, хүндэлж байна. Маш нээлттэй чөлөөтэй орон юм.
Монгол улсын ирээдүй гурван зүйлээс хамаарах юм байна гэж харлаа. Нэгт, газарзүйн онцлог. Энэ том нутагт уул уурхайн их баялаг, хөдөө аж ахуй, мал аж ахуйн шавхагдашгүй арвин нөөц оршиж байна. Энэ бол үнэхээр том боломж. Гэхдээ гол асуудал нь эдгээр бодит баялгийг хэрхэн зөв бас ухаалаг ашиглаж эх орноо хөгжүүлэх вэ гэдэгт оршино. Хоёрт, хүн амзүйн онцлог. Цөөн хүн амтай орны хувьд хүн амаа богино хугацаанд хэрхэн хөгжүүлэх вэ, асуудал буюу дутагдаж буй чадварыг нь хэрхэн сайжруулж, дэлхийд өрсөлдөх чадвартай болгох вэ гэдэг зүйл чухал. Гуравт, технологийн асуудал. Технологи дэлхий ертөнцийг өөрчилж байна. Энэхүү хурдыг Монголчуудын боловсрол болон улс орны хөгжил дэвшилд чиглүүлж чадвал Монгол улсад асар гэгээлэг ирээдүй харагдаж байна.
Залуучуудын хувь ойлгох ёстой гол зүйл бол Монгол улс хүчтэй байж гэмээнэ Монгол хүн амжилттай байна. Түүнтэй адил Монгол хүн амжилттай байж гэмээнэ Монгол улс дэлхийд хүчтэй байна. Тэгэхээр Монгол хүн бүр улс орныхоо хөгжил дэвшилд санаа зовж, их бага гэлтгүй улсдаа бодитой хувь нэмэр оруулдаг болох тэр хандлагыг нийтээр нь төрүүлж, хүчтэй боловсролтой, технологийн өндөр мэдлэгтэй болгох ажлыг хийх нь манлайлагч, удирдагчдийн үүрэг нь байх болов уу. Манай улсын анхны ерөнхий сайдын хийсэн ажил ердөө энэ л байсан. Хүмүүстэйгээ, ард иргэдтэйгээ тулж ажиллах, тэдний хандлагыг өөрчлөх, боловсролыг нь дээшлүүлэх, урам өгөх, шинэ сорилт өгөх замаар л өнөөгийн Сингапурыг цогцлоосон. Товчхондоо, дараагийн үеийнхэндээ өнөөгийн Сингапурыг бий болгож үлдээхийн тулд үүсгэн байгуулсан эхний үеийн хүмүүс өөрсдийгөө бүрэн золиосолсон. Тэд өөрсдөө биш хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийн төлөө бүхнийг хийсэн. Тэд унаад л үхчихгүй бол эмнэлэг домлого гэхгүйгээр ажиллаж дараа үеийнхэндээ эрүүл мэндийн хамгийн шилдэг системийг бий болгон үлдээсэн юм. Хүмүүс зөвхөн өөрсдийн үеэ л бодож ажиллаж, амьдрах юм бол ямар ч улс хөгждөггүй. Учир нь ийм сэтгэлгээтэй хүмүүс байгаа бүх нөөц, баялгаа зөвхөн өөрсөддөө зориулж, хайр найргүй цацаж дуусган ирээдүйгээ бүтээх нөөцгүй үлддэг. Монгол улсын хувьд ч ялгаагүй манлайлал гээд ярих юм бол ирээдүй үеийнхээ төлөө өөрийгөө золисолж чаддаг, түүнийхээ төлөө бодитой үйл хийх сэтгэлтэй, ирээдүйн гэрэлт Монголыг бүтээх мэдлэгтэй удирдагчид их чухал байгаа нь харагдлаа.
ТОНИ: Бизнесийн байгууллагыг өөрчлөхийн тулд гүйцэтгэх удирдлагыг нь сольдог. Түүнтэй адил улстөрд ч гэсэн өөрчлөлт хийхийн тулд хуучин хүмүүсийг солих хэрэгтэй болдог.
ЭНХЗАЯА: Монгол улс нээлттэй, чөлөөт улсын хувьд гадаадын хөгжилтэй улсуудаас сурах зүйлс асар их байна. Ялангуяа Сингапур болон Швейцар улсуудаас. Жишээлбэл, хувь хүний хөгжил, институти ба байгууллагын засаглал гэх мэт. Монгол улс хэдийгээр азийн цээжинд оршдог боловч соёлын хувьд азийн түгээмэл соёлтой улс гэж шууд хэлэхэд хэцүү, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой улс. Иймээс бид зогсолтгүй бусдаас суралцан, өөрсдийгөө хөгжүүлэх ёстой. Өөрийнхөө дутууг болон бусдын илүүг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Ардчиллын насаараа залууд тооцогдох улсын хувьд өөрийн үндэсний ижилсэлээ хайж олох, бид яг хэн бэ гэдгээ сайтар тодорхойлох, яг юу хүсч байгаагаа өөрсдөө мэдэх нь асар чухал байна. Мөн нийтээрээ хандлагаа өөрчлөх шаардлага ч бидэнд үе үе хүчтэй тулгарч байгаа. Монгол улс хөгжлийн маш сонирхолтой үе дээрээ явж байгааг би мэдэрч байгаа. Иймээс бид хөгжихийн тулд тасралтгүй бусдаас суралцах ёстой.
В.ГАНЗОРИГ: Сүүлийн асуултыг тавья. Та бүхэн дараа үеийн манлайлагчдыг бэлтгэх зорилготой “Старс” олон улсын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд төдийгүй Монгол дахь салбарыг нь байгуулахаар ирсэн. Энэ байгууллагын талаар товч мэдээлийг манай үзэгчдэд өгнө үү!
ХАНС: “Старс” нийгэмлэгийн шугамаар бид дэлхийн олон оронд хурал зөвлөгөөн, уулзалт семинар зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнд оролцож байгаа Монголчуудтай уулзаж тааралдах болгондоо би тэдний алсын хараа, зорилго, мөрөөдөл, чадвар, хандлагыг нь үнэлдэг байсан. Тэр ч утгаараа бид Монголд заавал зочлох ёстой юм байна гэсэн бодлогын хүрээнд айлчлан ирж, салбар байгууллагаа байгуулж байна.
ТОНИ: Бараг 10 жилийн өмнө Ханс бид хоёр энэхүү байгууллагын суурийг тавьсан. Дэлхийн дээр асар их асуудал байдаг. Улстөрийн, байгаль орчны, эдийн засгийн, бизнесийн гэх мэт. Бидний үеийнхэн эдгээр асуудалтай тодорхой хэмжээгээр холбоотой, буруутан нь ч гэж хэлж болно. Тиймээс дараа үеийнхэндээ эдгээр асуудлын шийдлийг олоход нь туслах, хамтран ажиллах, ирээдүйн залуу манлайлагчдыг хөгжүүлэх үүрэг хүлээж энэхүү байгууллагыг үүсгэсэн гэж хэлж болно. Манай байгууллагад гишүүн болох нөхцөл нь дөчөөс доош настай байх ёстойгоос гадна байгуулагын топ удирдлага гэхээсээ илүү газрын захирлын түвшинд ажилладаг залуус байлгахыг хүсдэг. Улс улсын эдгээр залуусыг хооронд нь нэгтгэн, хөгжүүлж, хувийн карьерийг нь дээшлүүлэх, нийгэмдээ оролцоотой, идэвхтэй тэргүүний манлайлагчид болоход нь тусалдаг. Бид жил бүр Швейцар, Сингапур, Хятад улсад тогтмол симпозиум зохион байгуулдгаас гадна гишүүн орнуудтай танилцах аялал хийдэг. Жишээ нь, энэ жил Индонези ба Монгол улстай манай гишүүд танилцаж байна. Монголоос одоогийн байдлаар нийт 10 хүн манай нийгэмлэгт гишүүнээр элсэж орсон байна.
ЛИМ: Би “Старс” нийгэмлэгийн олон улсын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Дараа үеийнхээ манлайлагчидтай уулзах, тэдний санаа бодлыг сонсох нь надад асар чухал байдаг тул би цаг, заваа энэ байгууллагад зарцуулдаг. Би өөрөө ч маш их цэнэглэгддэг. Дэлхийн өнцөг булан бүрт, өдөр бүр асар олон төрлийн хурал зөвлөгөөн болж байдаг. CEO (Гүйцэтгэх захирал), CFO (Санхүү эрхэлсэн захирал), CIO (Технологи эрхэлсэн захирал) конферэнс, технологийн хурал гэх мэт. Эдгээр хурлын оролцогчид өөрийн байр сууриа хэдийнэ олсон хүмүүс байдаг. Харин “Старс”-ийн хуралд оролцдог хүмүүс байгууллагын удирдах дээд албан тушаалд хараахан очоогүй, ид бэлтгэгдэж байгаа залуу бөгөөд дараа үеийнхэн байдаг юм. Эдгээр галзуу бары аманд гараа хийхээс ч буцахгүй оргилуун хүсэлтэй залууст өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцах, харилцан ярилцах нь маш сонирхолтой бөгөөд хэрэгтэй үйл гэж би хувьдаа боддог.
В.ГАНЗОРИГ: Бидний урилгыг хүлээн авч үнэтэй цагаа зарцуулсан та бүхэнд маш их баярлалаа!
ВИДЕО-г энд дарж үзнэ үү.
Заяа
B