Муу гэсэн болгон өөрийн эерэг талтай байдаг. 65 сая жилийн өмнө 15 км голдочтой том солир өнөөгийн Мексикийн буланд унажээ. Унах ч юу байхав мөргөсөн хэрэг. Бараг л дэлхийг дундуур нь хуваачихсан юм байх. Асар их хүхэр агаар мандалд гарч амьтай болгоныг хордуулж. Эндээс үүссэн тоос нар халхалж дэлхийг мянган жил хучсанаас болж мөстлөг боллоо. Дэлхийн хуурай газрын амьтадын 90 хувь нь үүрд устаж алга болжээ. Тухайн үед манай гаригт ноёлж байсан нь ургамалаас ойм, амьтнаас үлэг гүрвэл. Тэд хуугаараа байхгүй болсон. Агаарын найрлагын 22 хувь нь хүчилтөрөгч байсан учир амьтан ургамал нь аварга байж. Сүйрлийн дараа хүчилтөрөгч 16 хувь хүртлээ буурснаар дэлхийд үлэмж биет организм амьдрах бололцоогүй болжээ. Уг солир тийм ч том байгаагүй, хэрвээ ердөө хэдхэн секундын наана цаанатай байсан бол далайд унаж асар их хохирол учруулахгүй байж. Юкатаны хойгт гүехэн усанд унаснаас болж л үзүүлж болохоосоо хэдэн мянга дахин том сүйрэлд аваачсан. Энэ зөрсөн хэдэн секунд аз уу, эз үү?

Өнөөгийн өндөрлөгөөс харахуйд тэр сүйрэл бидэнд аз авчирчээ. Тухайн үед дөнгөж үүсээд байсан анхны хөхтөн амьтан гэгч нь нүхэнд амьдардаг, хулганы дайтай биетэй өрөвдөм зүйл байснаа сүйрлийн дараах ертөнцөд өргөжин тэлэх бололцоотой болсон гэнэ. Тэдгээр хөхтний удам болох бидний биес сансарт нисч, саран дээр алхах төдийгүй амьдралын уг сурвалж болсон генийг дураараа “найруулж” байна. Хэрэв тэр солир яг газраа олж мөргөөгүй бол эволюци цааш яаж үргэлжлэх байв, өнөөх нүхэнд амьдардаг хулганад хойшид хөгжин дэвжих боломж үүсэх байсан уу? Хуйгаара сүйдсэн тэр амьтан ургамал нь аяндаа нефть болж бидний машиныг хөдөлгөж байна. Гэх мэт л юм даа. Ингэхээр сүйрэл бол нэг талаасаа гамшиг боловч нөгөө талаасаа шинэ боломжийн эх ажгуу. Ханзаар хямрал гэхийг “гамшиг”, “боломж” гэсэн хоёр үсгийн нийлэмжээр илэрхийлдэг гэх.

Францын хувьсгалаар буй болсон ардчилсан зарчим нийгмийг урьдахаас нь дордуулж сүйрэлд хүргэж байхад нь аварсан хүн бол Наполеон мөн. Гэвч тэрээр энэхүү төрийн ардчилсан тогтолцоогоо нийт Европт хэрэгжүүлэн хэв норм болгох гэж хэт улайрсаас болж Ватэрлоод нэг мөсөн нугаслуулсан. Хувьсгалаар цаазлагдсан XVI Луи хааны дүү эргэж хаан боллоо. Эргээд ингэх байсан юм бол үхснээ хийж хувьсгал хийв? Гэвч өнөөгийн өндөрлөгөөс харахуйд нөхцөл нь бүрдээгүй байхад хэт дөвчигнөсөн Наполеоны санаархлыг цагт нь дарж авсан нь сайн болжээ. Нийт Европыг дарангуйлж асан Ариун Ромын эзэнт гүрэн, Оросын эзэнт гүрэн, Османы эзэнт гүрэн, Хабсбүргийн эзэнт гүрэн зэрэг ялзарсан дэглэмүүд хүмүүнлэг ардчилсан нийгмий тухай Францын тунхаглалыг хүлээн зөвшөөрөх байтугай ойлгох байсан гэж үү? Үүнээс хойш зуун жил үргэлжилсэн төрийн эргэлт, иргэний дайн, дараалсан хувьсгалууд, ээлжлэн тогтсон хаант ба бүгд найрамдах засаглалууд, ядуурал гуйранчлал, колончлол зэрэг нь европын ард түмнийг маханд нь ойлгуулж байж “зүгээр л хүн шиг амьдаръя” гэсэн ясны хүсэл тэмүүлэлд хөтлөн аваачсан билээ.

Нэгдэлжих хөдөлгөөн бол монголын уламжлалт нүүдэлчин ард түмэнд тохиолдсон хамгийн том гамшиг юм. Энэ ард түмэн үе үеийн турш зөвхөн мал аж ахуйгаар амьдарч ирсэн. Хөрөнгө гэвэл хэзээд зөвхөн мал л байлаа. Үл хөдлөх хөрөнгө, газар эзэмшил зэрэг нь нүүдэлчдэд ёстой үл ойлгогдох зүйл. Хагас зэрлэг нүүдлийн мал нь байгалийн эрхшээлд өсч үржээд л, ган зуданд цөөрөөд л явна. Гэхдээ ор тас үгүйрнэ гэж байхгүй. Иймээс талын нүүдэлчид нийтийг хамарсан өлсгөлөн гуйланчлалд хэзээ ч нэрвэгдэж байгаагүй. Ганц зовлон нь мал хэт олширохоор бэлчээрийн хомсдол үүснэ. Үүнийг шийдэх арга нь дайн байлдаанаар бэлчээрээ өргөтгөх, эсвэл нэг хэсэг нь хол нүүдэллэн миграци хийж дүрвэх. Гэтэл гэнэт эв хамтын тулгар үзэлт төр нь бүх малыг нь хурааж аваад нийгэмчилчихлээ. Амьдралд нь үл хүрэлцэх цөөн мал аминд нь үлдээсэн боловч тэрнийгээ захиран зарцуулах эрхийг нь ч төр булааж авав. Ерөөс аль ч нийгэм хувийн өмчгүй бол хүний гэхээсээ боолын нийгэм. 

Өмчгүй болсон нүүдэлчид малаасаа зугтаж үй олноороо хот суурин бараадан малын бус орлоготой өөр ажил амьдрал хөөх болов. Дөнгөж нэгдэлжих хөдөлгөөн ялсны маргааш, 1960 онд Улаанбаатар анх удаа 100 мянган оршин суугчтай болжээ. Монголчууд байтугай ерөөс энэ нутагт хэдэн мянган жил амьдарсаар ирсэн бүхий л нүүдэлчин түмний байгуулсан анхны хот. Урьд нь босгосон Хөххот ч, Хархорум ч урбан гэдэг утгаар хот биш. Хот бол иргэншил. Иргэншил бол хөгжил дэвшил. Хөгжил дэвшил бол нүүдэлчдийн хувьд цоо шинэ хувьсгал, шинэ боломж, шинэ соёл. Сүйрэл = гамшиг + боломж! 

1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад бас нэг том боломж нээсэн юм. Хэдийгээр Ардчилсан нам энэ хувьсгалын туг нь, үзэл суртал нь, манлайлагч нь байсан ч хэрэвзээ коммунист тогтолцоо дэлхий даяар системийн хувьд нуран унаагүй бол энэ нь бололцоогүй зүйл байлаа. Нөгөөтэйгүүр эрх баригч бүлэглэл болох МАХН өөрөө дотроо задран мөхөж, мөн л бололцоог ашиглан цоо шинэ улс төрийн хүчин болж босч ирсэн. Нэг л үгээр нийт монголчууд тухайн үедээ энэ бололцоог ашиглаж чадсан. 

Цагийн эргэлтэд Ардчилсан нам дотроо ялзран хүн харах эцэсгүй юм болжээ. Авилга, хулгай, бүлэглэл, дээрэм тонуул бараг л таних тэмдэг нь болж. Нөгөө шинэчлэгдсэн нам нь ч ялгаагүй л дээ. Ингэснээр нийт төрийн систем нүд хальтрам юм болж дууслаа. Ийм үед хэн аврах вэ? Хоёр л гарц байна, нэг бол хоёрын хооронд додомдон үхсэн ч биш сэхсэн ч биш цааш үргэлжлүүлэх, эсвэл цааш доошлох боломжгүй болтлоо ёроолд унаад, дахин сэргэн босч ирэх боломжийг хайх.

Өнөөдөр Ардчилсан нам дахин сэргэх аугаа бололцооны өмнө ирлээ. Хулгайч луйварчин буюу аль ч нийгэмд хүнд гэмт хэрэгтэн гэж тооцогдох бүлэг сонгуулийн аргаар булхайлан намын бүх эрх мэдлийг авчээ. Энэ бол жинхэнэ ёроол. Гэхдээ боломж! Эрх мэдэл авсан луйварчдын бүлэглэл яг үнэндээ намын нийт гишүүд дэмжигчдийн тун ч өчүүхэн хувийг эзлэнэ. Энэ бол бүр ч том боломж! 

Ардчилсан тогтолцоог эхлүүлсэн гурван улс төрийн хүчин байсан нь Монголын ардчилсан нам (МоАН), Монголын социал демократ нам (МСДН), Монголын үндэсний дэвшлийн нам (МҮДН). 1993 онд МоАН ба МҮДН хуулийн дагуу нэгдэн Монголын үндэсний ардчилсан нам (МҮАН) хэмээх шинэ айл болжээ. Нэг үгэндээ гэрэлсэн гэсэн үг.  2000 онд МҮАН ба МСДН нэгдэн бүр том айл болсон нь Ардчилсан нам (АН). Нэгэнт хуулийн дагуу гэрэлсэн болохоор мөн л хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулж болно. Энэ бол чөлөөт ардчилсан аль ч оронд болдог ердийн л процесс. Тэр дундаа ялзрал илжирлийн дээд цэгтээ тулсан АН-ын хувьд аугаа боломж. Ингэснээр бүхнийг дахин эхлүүлэх бололцоо буй болж байна. Ингэснээр одоо нийгмийн доог тохуу болсон АН алга болж Ардчилсан нам цоо шинээр дахин мэндлэх боломж үүсч байна. Дээрх хоёр гэрлэлтийн хооронд хэд хэдэн удаа тасарч салсан бүлэглэл байгуулсан гэгдэх ижил нэртэй намууд цөөнгүй гарч унтарч байсан ч тэдгээр нь хууль бус. Ердөө л тоглоом, түр тоглолт байсан юм. Ёроолдоо тулж мах биеэрээ мэдэрсний дараа дахин сэргэлт болдог. Болдог ч юу байхав, болох боломж нээгддэг. Боломжоо ашиглалгүй чад хийдэг тохиолдол зөндөө л дөө. 

Монгол бол парламентийн засаглалтай орон. Энэ нь төрийн тэргүүн (Ерөнхийлөгч, хаан, эзэн хаан, зарим оронд улсын дарга) хязгаарлагдмал эрхтэй гэсэн үг. Гэвч манайд чухам ямар эрх нь хязгаартай, хязгаар нь аль хүртэл хүчинтэй зэрэг нь тодорхой биш учир хэн Ерөнхийлөгч болсноос хамаарч гар хүрэх далайц нь янз янз. Нэг үгэндээ хуулийн гэхээсээ тухайн хүний санаархал тэмүүлэл гэсэн хувь хүний хүчин зүйл илүү нөлөөтэй. Үүнийг урьдын дөрвөн Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанаас харьцуулан харж болно.

Одоо удахгүй Монгол улс тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Үүнд гурван бие хүн өрсөлдөж буй. Ихэнх сонгогчид гурван нэр дэвшигчид сэтгэл дундуур байгаа боловч заяа төөрөг нь таарсан энэ гурвынхаа аль нэгийг сонгож л таарна. Бараг л албадлагын тулгасан сонгууль маягтай. Гэвч хууль нь л тийм юм даа.

Гурван нэр дэвшигчээс надад бол Ганбаатар нь илүү дээр бодогдоно. Улс орны хожмын хожоо, ирээдүйг нь бодвол шүү дээ. Олноо “хиншүү”, “босоо”, “поп”, “фэньшүй” зэрэг тодотголоор дуудагддаг Ганбаатар нь энэ улсыг хамгийн “сайн” самарч, хамгийн хурдан ёроолд аваачих хүн санагдана. Ингэснээр биднийг илүү түргэн хугацаанд шинэ боломжийн үүдэнд аваачина. Одоо улсын төсвийн гуравны нэгийг Оюутолгой бүрдүүлж байгаа. Энэ бүтээн байгуулалтыг Ганбаатар шиг хурдан нураах тийм зоригтой аавын хүү өөр олдохгүй. Тэрээр муйхар мулгуу шаардлагаар төслийг зогсоох, хөөж гаргах, эсвэл цаад хөрөнгө оруулагч нь өөрийн эрхгүй зугтах байдалд хүргэнэ. Ингэснээр иргэдийн цалин хөлс тэтгэвэр тэтгэмж хүнд аюулд учрана. Хүмүүс ч хэнийг сонгосноо мах биен дээрээ мэдрэнэ. Хүн гээч амьтан өөрийн мах биен дээр мэдрэхээс нааш ойлгосон ч ухамсарлаж өгдөггүй бодгал. Тэр дундаа монголчууд бид. Ганбаатар шиг бидэнд ухамсрын хүчирхэг шанаа өгөх хүн энэ улсад үнэхээр ховор. Түүнтэй адил боддог хүн олон боловч ийм ажлыг туршлагатай, харизмтай улс төрч л хийж дөнгөнө. Би тоглоогүй, ёжлоогүй, марзганаагүй, яг энэ утгаар нь сайтар эргэцүүлэх юм бол Ганбаатар бол бидэнд өгсөн Бурханы бэлэг. Ийм харизмтай, хүчирхэг хүмүүс л биднийг уначаад байгаа гүн хавцлаас гарах боломжийг нээж өгч чадна. 

Яагаад аугаа сэтгэгч Нитшэ “Унах гэж байгаа нэгнийг түлх!” гэж хэлсэн юм бэ? Сонсоод өнгөц сэтгэхэд энэ нь эхэндээ зэрлэг балмад, хорон санагдана. Гэвч сайн бодоорой. Жишээлэхэд цүнхээл рүү хариугүй унах гэж байгаа нэгнийг татаж аврах гэснээр хоёул живж осолддог тохиолдол олон. Тэрэнд орвол түлхчихээд аврах өөр арга бушуухан олсон нь дээр. Энэ жишээ нэлээд бүдүүн бараг, болхи боловч ойлгоход арай дөхөм. Ницшэ мэдээж үгээ тун өргөн утгаар хэлсэн байж таараа. Ницшэгийн “Заратустра ингэж өгүүлэв” зохиол хүчирхэг хүний тухай өгүүлдэг. Нуль философи. Харин үүнийг нь Гитлер буруугаар ойлгож, бараг л өөрийг нь хэлж байна шахам юм гэж төсөөлөн энэ аугаа сэтгэгчийг үзэл суртлынхаа туг болгосон юм. Ницшэг зөвөөр нь ойлгомоор. 

Ганбаатар Ерөнхийлөгч болсноор гадна дотнодоо бөөн инээдэм шуугиан болно. Бид амьтны шившиг болно. Уго Чааваасыг Ерөнхийлөгч байхад вэнэсүэльчүүд түүнээс их ичдэг байсан. Харин тэр улсынхаа бүх нөөцийг нэгмөсөн ард түмэндээ тараачихсан учир дотооддоо нэр хүндтэй байлаа. Монгол улсын Ерөнхийлөгчид улсаа тараагаад цацчих эрх мэдэл байхгүй. Тэгэхээр тийм аюул биднээс хол. Харин шившиглэхийн хувьд бол яахав дээ... даваад гарч болно. Дэлхийгээр нэг шившгийн удирдагчид байж л байна. Бид одоо ч амьтны элэг авч л байгаа шүү дээ. Хамгийн наад зах нь уржнан зуны цаггүй, ноднин зуны цагтай, энэ жил зуны цаггүй. Цагийн электрон тохируулага (гар утас, компютэр зэрэгт) цаанаасаа хийгддэг. Биднийг шоолж л байгаа шүү дээ. 

Ганбаатар Ерөнхийлөгч болсноор бас нэг цоо шинэ боломж үүснэ. Юу гэхээр тэрээр аль ч улс төрийн хүчинд хайран биш нэгэн. Бүх намууд санал нэгтэйгээр нийлж байгаад санаархлыг нь дарна, амархан түлхэн унагана. Ингэснээр болдоггүй Ерөнхийлөгчөөсөө амархан салж болох механизм буй болно. Ерөөс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэрхэн яаж хязгаарлах, эсбөгөөс ямар эрх мэдэл олгохыг яг таг тодруулсан хуультай болно. Үүнээс үүдэж ерөөс төрийн инстүүцүүд эрх мэдлийг хэрхэн зөв хуваарлахыг нэгмөр шийднэ. Өнөөгийн бидний хамгийн том зовлон бол эрх мэдлийн хуваарлалт тодорхой бусаас үүдэлтэй. Энэ зовлонгоос Ганбаатар л салгаж дөнгөнө.

Дайны өмнөхөн АНУ, Английн удирдагчид Саудын Арабын хаантай уулзжээ. Түүнийг олоход хэцүү байв. Тэмээн жинтэй хаан элсэн цөлийн аль нэгтэй л нүүдэллэн яваа. Олон тэмээний нэгэнд нь улсынх нь бүх хөрөнгө ачаастай. Сауди асар их нефттэй болох нь дөнгөж 1938 онд мэдэгдсэн хэрэг. Тэгээд л англи, америкчууд хаантай нь зориуд очиж уулзсан юм. Өрнөдийн төлөөлөгчид газрын тос сонирхож байгаагаа хэлж концессийн гэрээ хийх санал тавив. Хаан дуртай зөвшөөрч, хариуд нь худаг ухаж ус гаргаж өгөхийг хүсэв. Чөрчилл Ройлс Ройл машин бэлэглэсэн бол Рүзьэльт нас өндөр хаанд тэргэнцэр бэлэглэжээ. Тэр ч өөрөө тэргэнцэртэй нэгэн. 

Өнөөдөр Сауди дэлхийн хамгийн баян орны нэг. Дэлхийн хүчирхэг 20 орны нэг мөртөө ердөө арваадхан сая хүнтэй. Сая Трамп айлчлахдаа тэдэнтэй 110 тэрбум долларын зэвсгийн худалдаа хийх гэрээнд гарын үсэг зурсан нь хүний түүхэн дахь нэг удаагийн амиар хийсэн хамгийн том наймаа гэгдэж байна. Хөгжье гэвэл шулуул, шулуулахгүй гэвэл хөгж! Ийм нэг парадокс байдгийн үнэн болохыг Сауди амьдрал дээр нотолсон юм. 

Бид ч үүнийг нотлоод унасан нүхнээсээ гарахад Ганбаатар л бидэнд туслана. Тэрээр шулуулж мөлжүүлж байна гэж байнга орилоод байгаа, үнэн худлыг нь би нотлохгүй, гэхдээ шулуулахгүй гэвэл хөгжих ёстой юм байна гэдгийг манай ард түмэн ясандаа тултал ойлгог. Бүр түргэн тусмаа дээр. Зовлонгийн түргэн нь, жаргалын удаан нь гэдэг биз дээ?

2017.5.22