Италийн алдарт хөлбөмбөгчин Андреа Пирлогийн “Би сэтгэдэг учраас тоглодог” номыг спортын сэтгүүлч, орчуулагч Г.Баярсайхан эх хэлнээ хөрвүүлэн спорт сонирхогчиддоо өргөн барьж байна. Өмнө нь уншигч та бүхэнд өмнөх үгийг хүргэж байсан бол энэ удаа сонирхолтой хэсгээс түүвэрлэн 18-р бүлгийг толилуулъя.

Албан ёсны зохиогчийн эрхтэй Андреа Пирлогийн номыг уншигч та бүхэн номын бүх дэлгүүрээс худалдан авах боломжтой. Спортын хөгжилд хөрөнгө оруулж буй таньд баярлалаа!



АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ

Бидэнд мөн Марио Балотелли хэрэг болно. Тэр өөрөө таалах эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би түүнийг Италийн цэнгэлдэхүүдэд мэр сэр үзэгддэг расизмийн амь бөхтэй хөнөөлт нянг нэгмөр устгах хүчтэй тариа, ерөндөг гэж үнэлдэг юм. Хүн чанар, нинжин сэтгэлийг улан дороо гишгэлсэн, мэдлэг боловсролоор дулимаг, арчаагүй нэгэн л бусдыг арьсны өнгөөр ялгаварлаж гадуурхдаг юм. Харамсалтай нь Италид тийм хүн төрхтэй адгуусны толгой толгой жил ирэх тусам цөөрөх бус өсөх шинжтэй байгаа нь сэтгэл түгшим.

Ашиг сонирхлын зөрчилтэй зарим улс төрчид тэдний тоог дарж нууцлахыг хичээдэг ч гэсэн бодит байдалтай долоо хоног болгон нүүр тулдгийн хувьд цөөнхи биш олонхи гэдгийг нь би батална.  Бусдын баяр жаргалд атаархан жигшигч тэд хэний ч дүрэлзсэн халуун сэтгэл рүү ус цацахдаа гэмшихгүй. Эрүүл нийгмийн өгзгөн дээр гарсан хатиг л гэсэн үг. Санаан зоргоор нь тавьчихвал хаа сайгүй буглаад идээлчихнэ. Би Мариог зүгээр ч нэг хорны эсрэг ерөндөг гэж нэрлээгүй. Түүнд үнэхээр энэ бүхнийг зогсоох хүч чадал байгаа учир ингэж нэрлэсэн юм.

Шигшээ багийн бэлтгэлийн баазад уулзах тоолондоо би Мариод инээмсэглэл бэлэглэдэг юм. Энэ бол миний түүнд талархлаа илэрхийлж буйн илрэл. "Бууж өгч болохгүй шүү, ард чинь би байгаа" гэдгээ илэрхийлж байгаа дохио. Эсрэг багийн багийн фэнүүд түүнийг үргэлж өдөж хоргоодог юм. Хээгүй,хэнэггүй, дураараа зангаасаа болж мань эр хэрэг төвөгт их орооцолддог нь үнэн. Гэхдээ түүнийг цагаан арьстай байсан бол тэгтлээ сүр болгож хийрхэхгүй байсан гэдэгт эргэлздэггүй юм.

“Балотеллиг амь тавьтал үсэрцгээе” гэх ой тойнд багтамгүй зэвүүн уухайг би олон газар сонсож байсан. Ювентусын цэнгэлдэх ч түүнд багтана. Сармагчны авиа гаргаж, гадилын хальс шидлэх бол наад захын асуудал. Гэхдээ иймэрхүү мулгуу үйлдлүүд Мариог сэтгэлээр унагах бус харин ч ирлэж, хурцалдаг юм. Доромжлуулах тусам долоон бурхан шиг гялалзах гэж мэрийдэг нь Мариогийн зан. Бусдыг дорд үзэж, гутаах хүсэлтэй хүний мөсгүй жөтөөчдөд ингэж л хариу баривал зохино. Түүнээс биш уурлаж бухимдаад байвал тэдний бах тавыг хангахаас цаашгүй. Ухаангүй нэгний шидсэн чулуу болгоны араас гүйснээр чи юу ч хожихгүй. Харин ч өөрийгөө дордуулж, тэдний зэрэг лүү уруудаж байгаа хэрэг. Харин тоолгүй хаячихвал тэд хэсэг ганцаараа бархирч, дэвхцэж байгаад ямар арчаагүй, өрөвдөлтэй болохоо өөрсдөө ойлгоно. Тийм хүмүүс ихэнхидээ атаархлын торондоо хэрэгдэж, нааш гэх найзгүй, ганцаардмал өнчин хоцордог юм. Махчин загас хүртэл ганцаардлаас болж амиа алддаг хойно хүн яаж удаан тэсэн билээ.

Чезаре Пранделли тоглолт болгоны өмнө бидэнд расизмтай холбоотой асуудалд яаж хандах тодорхой чиглэл өгдөг юм. 

“Үзэгчдийн дундаас Мариог доромжлоод эхэлвэл бухимдсаны хэрэггүй. Зүгээр л түүнийг очоод тэвэрчих”

Өшил заналыг нөхөрлөл, хайраар тас цохих сөрөг стратеги. Байж болох л юм. Хэзээ нэг цагт шигшээ багийн тоглолтын үеэр Мариог манайхан бүгд бүчиж тэвэрвэл битгий гайхаарай. Багийн андаа өмгөөлөхийн тулд бид боломжтой бүхнийг хийнэ.

Харин Ке́вин-Принс Боате́нг шиг шууд талбайгаас гараад явчихаж бол чадахгүй. Про Патриагийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр Принс өөр лүү нь чиглэсэн расистдоромжийг тэвчээгүй юм. Тэгээд бөмбөгөө цөлж орхиод талбайг орхиход нь Миланы бусад залуус дагалдсан1. Би түүнийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ энэ бол арьсны өнгөөр ялган гадуурхагчдын эсрэг тэмцэх тийм зөв шийдэл биш. Харин ч болбоос цагаан туг өргөн бууж өгч байгаагаас ялгаагүй. Зөвхөн онолын хувьд.

Расизм дэндүү эмзэг сэдэв. Тэр болгон чихээ дараад, нүдээ аниад өнгөрөх хэцүү. Дорд үзэгдэж, басамжлуулж, элэг зүрх эмтрэм гашуун үгс сонссон хүн л арьсны өнгөөрөө гадуурхагдах ямар байдгийг мэднэ. Тиймээс тухайн тоглогч ямар шийдвэр гаргах нь өөрийнх нь эрх. Хэрэв нэг багийн хамтрагч маань хүлцэж тэсвэрлэшгүй байдлаар доромжлуулж тоглолтыг цааш үргэлжлүүлэхээс татгалзвал би ч гэсэн түүнтэй цуг талбайг чөлөөлнө. Гэхдээ зөвхөн багийн бүх гишүүд санал нийлж зөвшөөсөн нөхцөлд.

Тухайн нөхцөл байдлаас шалтгаалж гаргадаг шийдвэр гэж бий. Энэ бол тэдний нэг. Өөрөө үзэж, мэдэрсэн хүн л энэ бүхэн ямар адармаатай болохыг гадарлана. Харин Марио бол өдөөн хатгалганд тэгтлээ бажгадахгүй. Хуруу гараа зангаж сүйд болох нь ховор. Өөдөөс нь тоомжиргүй мушийчихаад л яваад өгнө.Тэгээд хэдэн хормын дараа нүдэн дээр нь  тансагтасархай гоол оруулчихаад хуруугаараа "Одоо дуугар" хэмээн дохиж хариуг нь барих бөлгөө. Тэгмэгц хүний мууд дуртай хэрээнүүд гуаглахаа больчихно.

Нохойн жогорхойн үнэ цэнэгүйүгээрээ Мариог дарж чадахгүй гэдгээ ойлгосон болоод тэр.  Ийм л учраас би Мариог расизмын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болж чадна гэж итгэдэг юм. Итали болон дэлхий даяар.

Мариогийн ур чадвар, авьяас билэг дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэнэ. Эргэлзээгүй. Бид хоёр шигшээ багт дажгүй хөл нийлдэг учир Ювентуст ирвэл алгаа дэлгээд л тосно. Мариодоо хэдэн гоол бэлдэж өгөхөд дургүйцэх юу байхав. Түүнтэй хамт талбайд гарах урамтай, хөхүүн байдаг юм. Нэг удаа Sky-д өгсөн ярилцлагадаа "Ювентусын фэнүүд надад хүйтэн ханддаг. Би үүнийг өөрчилмөөр байна" гэхийг нь дуулаад өөрийн эрхгүй баярлаж билээ. Манайд ирэхээр шийдлээ гэж бодсон хэрэг. Гэтэл намайг хоосон горьдоосон юм байж. Мариогийн толгойд зөвхөн улаан-хар өнгө эрээлжилж байдгийг бүгд мэднэ.  "Залуусаа би хэзээ нэг цагт Милантай гэрээ байгуулна" гэж шигшээ багийн цугларалтын үеэр залхтал давтдаг болохоор тааж цөхөх юмгүй. Аз болж тэр мөрөөдөл нь биелсэн. Эс бөгөөс дахиад хэдэн жил тэгж улиглахыг нь бид нүүрээ үрчийлгэн сонсох байв.



Гэхдээ Мариог ямар ч клуб дэргэдээ олон жилийн гэрээгээр аргамжлаа гэсэн Туринд авчирч болно. Түүний агент Мино Райолаг биечлэн танихын хувьд би ийм итгэлтэй бичиж байгаа юм. Арга заль нь барагдахгүй энэ эр Сибирийн эскимосчуудад хөргөгч зарсан ч чадна. Адайр гөжүүд Златаныг хүртэл хүссэн чигтээ мушгиж чаддаг юм чинь Мариог үгэндээ оруулах юухан байхав. Мино өөрийнхөө нэрээр ашиг олсон ч чадна. Нэг ийм явдал болсон юм.

“Мино, нэг юм тодруулаад өгөөч. Чиний нэрний зөв дуудлага юу вэ? Райола эсвэл Райола?”

“Аль нь ч болно. Гэхдээ буруу дуудвал торгууль төлнө шүү”

Энэ залууд алга ташаарай. Хаана ч явсан газардахгүй овжин эр. Павель Недведийг Юветэй холбосон гавьяаг нь зарим хүн мэдэхгүй байх. Мариод цагаан-хар өнгө зохино гэдэгтэй тэр санал нийлдэг юм. Тэгэхээр бага ч гэсэн найдвар байна.

Марио багаасаа тодорч хөлбөмбөгийн ертөнцөд хүлээлт үүсгэсэн учир байнгын дарамттай нөхцөл байдалд тоглодог. Хаана ч очсон түүнээс илүү ихийг шаарддаг. Харин Ювед бол шигшээ багийнх нь найзууд түүний ачаанаас дуртайяа хуваалцаж хөнгөлж өгнө. Буффон, Кьеллини, Маркизиогоос гадна би түүнд туслахад хэзээд бэлхэн. Бууж өгөх, ухрахыг үг яриандаа дурьдах байтугай үгсийн сангаасаа хассан хамт олны дунд тэр хурдан өсөж дэвжих нь гарцаагүй. Ювентусын хувцас солих өрөөнд хэн ч гомдол эрж, ёолж, гасалдаггүй. Шургуу хөдөлмөр, хичээл зүтгэл, хүчирхэг сэтгэлзүй бүх асуудлын шийдэл гэдгийг энд сануулж сэнхрүүлэх шаардлагагүй. Энэ бол бидний хувьд тогтсон стандарт. Ювентус үеийн үед тийм шугам баримталж ирсэн болоод тэр. Шинээр ирсэн залуус тэр дороо бидний хэмнэлд орж, ямар ч бартаанд үл хашигдаж, зогсоогдошгүй асар том хүчирхэг машины эрэг шураг болон гагнагддаг юм.

Харин машины хойд урд тэнхлэг, мотор бол Италийн шигшээ багийн тоглогчид. Бусдыгаа удирдан манлайлж, чиглүүлж байх үүрэгтэй клубын ноён нуруу.  Ювентус Италид юуг төлөөлж, ямар байр суурь эзэлдгийг тэд хэнээс ч илүү мэднэ. Бас 110 жилийн түүхтэй нэр төр, уламжлал, хариуцлагыгнуруун дээрээ тэгнэж яваа гэдгээ чмэдэх учир гайхалтай нэгдмэл, тогтвортой бат бөх, уян хатан, нягт холбоогүүсгэсэн байдаг.

Миланд нэг хэсэг тийм байсан юм. Харин Интерт бол эргэлзээтэй. Пранделли Ювентусын энэ дотоод системийг мэдэх учир биднийг ихэнхидээ бөөнд нь дууддаг юм. Түүний өмнөх шигшээ багийн менежерүүд ч бас тэгдэг байсан. Гайхах юмгүй.

Ювентусын хувцас солих өрөөнд дэв зиндаагүй, эвсэг ардчилсан уур амьсгал ноёлдог. Буффон хүсвэл босоод “Би багийн ахлагч. Энэ өмсгөлтэй Сери Б-д хүртэл тоглож байлаа. Одооноос миний үгээр ажиллана” гэвэл эсэргүүцэх хүн нэг ч гарахгүй. Гэхдээ сайн удирдагч бусдынхаа араас ташуурдах биш харин урд нь гарч үлгэр жишээ үзүүлдэг гэдгийг тэр гадарлах учир хэзээ ч тийм үг амнаасаа унагахгүй.  Буффон дэндүү ухаалаг, дэндүү соёлтой, дэндүү авьяастай ер нь дэндүү бүхэн бүрдсэн эгэлгүй нэгэн.

Хачин сонсогдож магадгүй. Гэхдээ 2006 онд Ювентуст ноогдуулсан шийтгэл клубыг илүү хүчирхэгжиж, чанаржих эхлэл болсон гэж би тунгаадаг юм. Усан онгоц мөсөн уул мөргөн живж эхлэхэд хархнууд хамгийн түрүүнд тал тал тийш зайлж оддог. Харин Ювентус тэр жил давалгаанд үл ялиг цохигдон доргиж, мөсний хэлтэрхий мөргөн саатсаныг нь живж байна хэмээн андуурсан олон харх тус тусын замаа хөөсөн. Тэгээд эцэст нь клубтэй хамт живсэн ч чадах үнэнч, хувирашгүй, чигч сэтгэлтэй хүмүүс хөлгийн тавцан дээр тунан шалгарч үлдсэн юм. Тав зургаан жил үргэлжилсэн энэ сорилт Ювегийн тулгуур баганыг бэхжүүлж, яс чанарыг  тултал нь эрчилж чангалсан. Италийн хөлбөмбөгт эзэлж байсан хуучин байр сууриа сэргээх клубт мэдэж амар байгаагүй. Гэхдээ тухайн үеийн хилэн, бухимдал, харамсал, цөхрөл он жилийн намуун урсгалд эерэг зүйл болж хувирсан юм.

Ичиж, хараа буруулдаг цаг ард хоцорсон. Ерөнхийлөгч Аньеллигийн хэлдгээр бид Ювентино гэдгээрээ  үргэлж бахархан,  омог бардам, толгой гэдгэр алхах учиртай.

Хөө тортог агаар мандлаас цэвэрлэгдэж, тэнгэр цэлмэсний дараахи тэсрэлт өмнөхтэй адил гоц, гайхалтай шинэ ертөнцийг үүсгэсэн. Энэ бол хар-цагаан өнгө сүлэлдсэн “Их тэсрэлт!”.  Ювентусыг хичнээн олон удаа нураасан ч гэсэн үндэс бөх, суурь сайтай учир илүү өндөр, илүү хүчтэй болоод эргэж ирдэг юм.

Одоо багууд биднээс урьдын адил эмээж, шийрэгнэж эхэлсэн. Зочилсон баг болгоныхоо цэнгэлдэхээс бид үүнийг тод мэдэрдэг юм. Хүмүүс ч хэлдэг. Тэдэн дунд Антонио Конте багтана. Юветэй холбоотой нийтлэл, ярилцлагыг тэр сониноос ихэд нямбайлан хайчилж цуглуулаад хувцас солих өрөөний хаалган дээр наачихдаг юм. Менежер энэ ажилдаа ихэд ач холбогдол өгөхөөс гадна биднийг орж гарахдаа “Сонингийн хайчилбар унш” гэж байнга сануулна. Хамгийн чухал, биднийг унших ёстой гэж тооцсон хэсгээ тэр улаан өнгөөр тодруулдаг. Зарим баг ажилчин ерөнхийлөгчөөрөө сайрхдаг бол бидэнд сонины мухлагийн менежер бий. Долоо хоногт бид нар дор хаяж нэг удаа хувцас солих өрөөндөө сонины тойм хийдэг уламжлалтай. Тэгээд ирэх тойргийн өрсөлдөгч маань бидний талаар юу гэж ярьсныг шинжицгээнэ. Энэ бол тоглогчдынхоо сэтгэлзүйг бэлдэж, эрчилдэг Контегийн шалгарсан арга.

Сери А-гийн баг болгон биднийг ямар ч үнээр хамаагүй сөхрүүлэхийг хичээдэг. Бүр авралгүй болсон хүснэгтийн хомоол хамж яваа баг ч гэсэн Юве гэхээр улай үзсэн  араатан шиг болчихдог юм. Тэдэнд гурван оноо сонин биш. Бидний хөлд тээг болж бүдэрч унагана гэдэг өөрөө асар том сэтгэл ханамж, таашаал болдог байх. Үүн дээр л Конте тоглоно.

“Залуусаа, энэ нөхрийн юу гэж хэлснийг уншив уу?”гээд Конте биднийг тойруулж харна. “Манай сул талыг мэднэ гэнээ?”

“Мөн донгосов оо” гэж биднийг дуу алдахад тэр “Донгоссон байж болно. Гэхдээ бид эр хүн юм бол түүнд хариуг нь өгөх ёстой. Дахиад том дуугарч чадахгүй болтол нь хандыг нь хага дарцгаая. Хардаа, биднийг зажлахгүй залгина гэж байна”

“Солиорч байгаа юм”

“Яг зөв. Гэхдээ бид уурандаа хэт автаж болохгүй. Хожоод л бурууг нь нотолчих. Тэгвэл нуруугаар нь цэвэр дарлаа гэсэн үг. Мартсанаас энэ дугуйлсан сүүлийн мөрийг уншив уу?”

“Тийм ээ, наад тэнэг чинь Ювентусыг хамгийн жигшмээр, урт гартай, үзэн ядагдсан баг гэж нэрлэсэн байна билээ”

“За яахав тэгж л байг. Хүмүүс хожиж чадахгүй гэж айсан багаа л ингэж өдөж турхирдаг юм. Тэгэхээр магтаал гээд ойлгочих. Багуудын зүрхэнд шар ус хуруулж, өвдгийг нь чичрүүлдэг Ювентус эргэж ирсэн. Тэд биднээс эмээж байна. Тэгэх ч хэрэгтэй гэдгийг талбай дээр харуулцгаая!”

“Бас таныг солиотой гэж хэлсэн байна”

“Тийм үү? Усан тэнэгийн амнаас ганц үнэн үг гардаг л юм байна. Одоо нэг евро хураалгаарай.”

“Яалаа гэж?”

“Сонингийн мөнгө”




                                                                               
1Цэвэр өөрийн хөдөлмөрөөр амжилтанд хүрсэн хэмээн бахархдаг учир Миланы ерөнхийлөгч Силвио Берлускони "presidente operaio" гэж алдаршсан.