Иргэдийн нэрийг зээлдэж эрх мэдлээ тогтоох нь
Энэ сарын 7-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлаар “Зөвлөлдөх санал асуулга” явуулах болсноо зарлаж, мөн өдрийн оройноос санал асуулгыг эхлүүлсэн билээ.
Энэ сарын 7-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлаар “Зөвлөлдөх санал асуулга” явуулах болсноо зарлаж, мөн өдрийн оройноос санал асуулгыг эхлүүлсэн билээ. Статистикийн газраас санамсаргүй түүврээр гаргаж өгсөн гэх 1570 иргэн нь аль намын гишүүн, эсвэл аль дүүрэг хорооны хэн гээч иргэн байгааг бид таашгүй. Харьяа агентлаг нь хариуцаж хийснийг бодоход эрхбиш Засгийн газарт нэрс нь байгаа биз. Харин олонхи иргэдийн хувьд энэ мэдээ чихийг нь шүргэсэн хийгээд хэр итгэж үнэмшсэнийг мэдэхгүй. Тэр өдрөөс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лав энэ сэдвээр олигтойхон өлгөөд хэлсэн зүйл алга. Сураглахнээ МАН нам хэвлэл мэдээллийн бүх байгууллагатай хаалтын гэрээ хийж, ирэх сонгууль хүртэл үг дуугарахгүй байхыг сануулсан гэнэ.
Харин хаа очиж АИХ хөдөлгөөний зүгээс Зөвлөлдөх санал асуулгад оролцохоор сонгогдсон нэр нь үл мэдэгдэх 1570 хүнд хандаж санал асуулгад оролцохгүй байхыг уриалсан байна. Шалтгаан нь тодорхой. Сонгогдсон иргэд санал өгөх гэж байгаа асуудлаараа хэр зэрэг үнэн зөв мэдээлэлтэй байгаа тухайд хөдөлгөөнийхөн байтугай би лав эргэлзэж байна. Бусад иргэдийн тухайд бол бүр мэдээ ч үгүй гэдэгтэй мөрий тавьсан ч алдахгүй. Ингэсгээд дээр хэлсэн 1570 хүний саналаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, ямар өөрчлөлт оруулахыг таг харанхуй шийднэ гэж байгаа бололтой.
МАН-ын зүгээс энэ хийж буй үйлдлээ “Зөвлөлдөх ардчиллын нэг хэлбэр” гэж ухуулаад байх шиг байна. Зөвлөлдөх ардчилал гэж нэг юм байдаг, хэт олонхидоо бардаад нэг нам дангаараа шийдчихэж болохгүй гэдгийг МАН бодоогүй биш бодсон нь сайн хэрэг. Гэхдээ хэлбэр нь төстэй харагдавч хийц нь биш байна аа л гэх гээд байна.
Санаандгүй түүврийн аргаар иргэдээс сонгоод, сонгосон иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлэх замаар иргэдийг төлөөлүүлэн шийдвэр гаргах нь зөвлөлдөх ардчиллын нэг хэлбэр мөн нь мөн. Гэхдээ иргэдтэйгээ зөвлөлдөж, иргэдийн саналыг зээлдэж шийдвэрээ гаргахын тулд сонгогдсон иргэд нь эхлээд хэлэлцэж байгаа асуудлаараа хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Тоглоом ч гэсэн шударга байхын тулд хоёр тал хоёулаа тоглоомын дүрмээ мэдэж, нэг дүрмээр тоглох ёстой биз дээ.
Өнөөдрийн тохиолдолд жишээ нь Үндсэн хуулийн агуулга, үзэл санаа, түүнийг органик хуулиудаар /Үндсэн хуульд заасан засаглал буюу эрх мэдлийн хуваарилалтыг дэлгэрүүлэн тайлбарласан бусад хууль. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон шүүх эрх мэдлийн тухай гэм мэт/ зохицуулсан байдал, эрх зүйн онолын ямар зөрчлөөс, ямар шаардлагаас үүдэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон, нийгмийн захиалга юу байсан гэх мэт асуудлаар хангалттай мэдээллийг олж авсан байх ёстой гэсэн үг.
Үүний тулд Герман гэх мэт бусад оронд санамсаргүй байдлаар түүвэрлэж сонгосон иргэдээ гурван сарын турш сургалтанд хамруулж, шаардлагатай бүх мэдээллийг өгсний дараа хэлэлцүүлгийг явуулдаг. Үүний тулд парламент, Засгийн газар нь өөрсдийн зүгээс мэдээллээ өгөөд зогсохгүй мэргэжлийн бусад байгууллагууд, хараат бус судлаач, шинжээчид, сөрөг байр суурь илэрхийлсэн иргэний нийгмийн байгууллагуудын мэдээллийг сонссоны дараа жинхэнэ зөв буюу бүрэн хэмжээний мэдлэг бий болдог. Ийм хангалттай мэдээлэл байхгүй бол иргэд юун дээр тулгуурлаж саналаа өгөх билээ. Товчхондоо, тухайн асуудлаар хангалттай мэдээлэл авсан иргэд бусад иргэдээ төлөөлөн санал өгч, шийдвэр гаргахын нэр болохоос биш эрх барьж байгаа намын буюу УИХ, Засгийн газрын хүсч байгаа үр дүнг шууд гаргаж өгөхийг зөвлөлдөх ардчилал гэдэггүй. Үүнийг манипуляци буюу тархи угаалт гэдэг.
Тиймээс энэ удаагийн санал асуулга гээч нь үр дүн нь анхнаасаа тодорхой болсон зүйлийг иргэдийн нэр зээлдэж хүлээн зөвшөөрүүлэх гэсэн МАН-ын ээлжит ов мэх шиг харагдаж байна. Ялангуяа АИХ-ыг дахин байгуулах, парламентыг хоёр танхимтай болгох асуудал дээр МАН-ын байр суурь эхнээсээ эсрэг байсан. МАН гэлтгүй бүх намууд, намаа өмчилж авсан намын дарга нар эсэргүүцэж байсан. Баахан боловсролгүй малчид, тариаланчид, багш нэртэй, эмч нэртэй, инженер нэртэй хотын гуйлгачид, харанхуй массыг оруулж ирээд парламентын тогтолцоог нь нураах нь хэмээн дур нь гутаж, жигшиж байсан. Гэтэл тэр л хүмүүс энэ парламентад итгэл хүлээлгэж сонгосон шүү дээ. Өөр хэн ч биш. Тэд ямар газраас ургаж, тэнгэрээс унасан биш. Аль хэдийн ард түмэн бол “мулгуу” гэж хэлчихээд ард түмний нэр барьж болохгүй л дээ. АИХ хөдөлгөөнийнхөн хаа очиж үүн дээр голыг нь олж дуугарлаа. Иргэдээ үл тоож, басамжлах мөртлөө иргэдийн нэрийг зээлдэн шийдвэр гаргаж болохгүй, саналаа бүү өг!
Насаараа багшилсан, нэлээд буурьтай хүний хэлсэн нэг үг санаанаас гардаггүй. “Мэдээлэлгүй иргэдээс асууж, шийдвэр гаргах нь шинэ цагийн фашизм мөн. Энэ хүмүүсийн саналыг зээлдэн эрх мэдэл, дур зоргоо тогтоохын нэр юмаа” гэж.
НАЙДАН
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
11
үндсэн хууль
Зочин
Зочин
Зочин
БАТ
Иргэн