Саяхан цагаан сарын үеэр нүүр номоор “Таван нүдэн” хэмээх нэлээд люкс маягийн, монгол оюун ухаан, уламжлал шингээсэн  иновацид түшиглэсэн  ангийн болон үндэсний хэв шинж агуулсан хэт хутга гарч ирж олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэн сурталчилж байхыг харав.
 
…Таван нүдэн бол нэн эртний бэлгэдэл ажээ. Олон мянган жилийн тэртээ таван нүдэнг Энэтхэгт хэрэглэж байсны ул мөр бүхий эд өлгийн зүйлс нэлээд олдсон байна. Монголчууд хятад соёлд уусахгүйн тулд эртний Энэтхэгийн нөлөөг Хималайн нурууг давуулж, Их Монголын Оронд дэлгэрүүлсэн гэдэг.

Таван нүдэнг өөр өөр соёлд янз бүрээр тайлбарлаж иржээ. Төвдийн соёлд таван нүдэнг дөрвөн тарианы уулзвараар язгуурын таван бурханыг төлөөлсөн бол Мингийн үеэс хятад соёлд зоос гэж нэрлэж будилуулан тэр утгыг нь замхруулсан байна. Учир нь Монголын Их Юань улсын үед таван нүдэнг санксритын ум үсгийн хамт авч төрийн бэлгэдлийн хэмжээнд өргөн дэлгэрүүлжээ. Таван нүдэнгийн Юань төрийн бэлгэдэл нь таван өнгийн язгуурын бурханаар "дөрвөн харь, таван өнгийн улс"-ыг төлөөлсөнд оршино.

Хөх Монгол, Улаан Хятад, Хар Тангад, Шар Уйгар, Цагаан Солонгос зэрэг таван өнгийн улсын Монголоос бусад нь дөрвөн харь болно. Монгол цэргийн хувьд дээд тэнгэр, дөрвөн зүгээ сонор сэрэмжтэй харж явахыг бэлгэдэж, сэлэм бамбай, саадаг зэрэг зэр зэвсэгтээ өлзий дэмбэрлийг бодон таван нүдэнг хадаж ирсэн уламжлалтай байна.Тэр уламжлалын улбаа нь өдүгэ монгол хэт хутгат хэвээрээ хадгалагдан үлджээ.

Таван нүдэн бол хас тэмдгээс илүү монголчуудад хамаатай эд. Энэхүү өвөг дээдсийн бэлгэдлийн нандин соёлыг сэргээхээр ТАВАН НҮДЭН брэндыг бий болгож буйд талархаад баршгүй!

Гэх мэт тайлбар  #ТаванНүдэн #МонголБрэнд #МонголХутга цахим хуудсанд бичсэн үзэгдэнэ. Монгол эрчүүдийн энэ гоёлыг олон хүн сайшаан талархаж байх ажгуу.

Эр хүний гоёлын тухай нэгэн домог .


Эрт цагт нутаг усандаа нэр хүндтэй, эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Эхнэр нь үзэсгэлэнтэй нэгэн байсан тул нутгийн өөр нэг залуу түүнд дурлаж хос хоёрыг салгах арга бодож хошуу ноёнтойгоо хуйвалдан нөхрийг нь хугацаагүй цэргийн албанд явуулжээ.

Эр нөхрөө хэзээ ирэхийг мэдэхгүй бүсгүй давхар биетэй хоцорчээ. Хорон санаат залуу “нөхрөө авчрахыг хүсвэл надтай суу, үгүй бол ембүү өг” хэмээн зовоосоор хамаг хөрөнгийг нь баржээ.

Нөхөр нь 9 жилийн дараа гэртээ харьж иртэл хайртай эхнэр нь өвчний улмаас нас барж, гэр орон нь үгээгүй ядуу болсон байв. Харин гал голомтыг нь ээжтэйгээ жигтэйхэн адилхан охин нь сахин сууж байв. Охинтойгоо уулзан учир явдлыг сонсож, эхнэрийнхээ үлдээсэн зүйлийг үзтэл маш чамин хээ угалзтай хутга, гал ноцоох хэт, гаанс, даалин зэрэг зүйлүүд байжээ.

Эхнэр нь эцсийн малаа зарж тэдгээр зүйлийг хийлгээд “эр хүний чимэг болж миний хайрыг үүрд дурсаг” хэмээн охиндоо хэлж үлдээжээ. Нутгийн ардууд эхнэрийнх нь сэтгэлийг хүндэлж, харин нөхөр нь тэдгээрийг насан туршдаа нандигнан хэрэглэж ирсэн тэр цагаас хойш хэт хутга, гаанс, даалин зэрэг нь эр хүний гоёл болсон гэдэг.

Монгол цэргийн зэвсэглэл хийгээд дэлхий дахины хүйтэн зэвсгийн тухай цухас.


XIII зуунд Монголчууд хүчирхэгжин дэлхийн олон улсын армиас хүчирхэг армитай болсны нэг шалтгаан нь тухайн үеийн Монгол цэргийн зэр зэвсэг бусад улс орны цэргийн зэр зэвсгээс давуу байсанд оршиж байгаа юм.

Б.Я.Владиморцовын ‘Монголчууд өөрсдөө нум сум, хазаар, ногт төдийг л хийнэ. Бусад зэр зэвсэг нь олзны болон гаднаас авчирсан зүйл байхаас гадна олзны дархчуудын урласан эд болой. Зөвхөн баячууд л давтмал хуяг илд жадтай байжээ.’ гэсэн дүгнэлт болон А.Н.Кирпичниковын ‘монголчууд зэвсэг хэрэглэлээр маш дутмаг ’ гэсэн дүгнэлтүүдийг үндэслэн Р.П. Храпавчевский ‘Монголчуудад нум сумаас өөр бусад зэр зэвсэг тэдэнд маш бага байсан ба бүр дэлхийн эзэнт гүрэн болоод байсан үед ч сайн зэвсэг хэрэглэл өндөр үнэлэгддэг байлаа’ гэж дүгнэсэн байдаг.
       
Гэтэл Монголчууд МЭ VII-VIII зууны орчимд өөрсдөө төмөр боловсруулж байсан тухай мэдээ бас байх ажээ. Энэ тухай Эргүнэ Хунгийн домогт тодорхой дурддаг бөгөөд “ ...Чингээд тэд байнга төмөр хайлуулдаг төмрийн хүдэртэй газрыг олоод цөмөөрөө хамт цуглан ойд түлээ, олон сав нүүрс бэлтгээд далан толгой үхэр, адуу алан арьсыг нь туламлан өвчиж, төмөрчиний хөөрөг хийжээ. Нөгөө уулын хэцийн хормойд түлээ нүүрсээ зэрэглээд далан хөөргөөр тэр хийцийг хайлтал хөөрөгдсөнд тэндээс хэмжээлшгүй их төмөр аваад гарц нээгджээ’ хэмээн өгүүлсэн байдаг нь тэр үед Монголчууд төмөр хайлуулах арга технологийг мэддэг байсан нь харагдаж байна.

Мөн түүнчлэн А.Дамдинсүрэн ‘Археологийн судлал’ сэтгүүлд ‘...Тэмүүжин, Ван хан, Жамуха сэцэн нар олон түмэн цэрэг эрийг нэгэн зэрэг байлдаанд оруулж байсан бөгөөд тэдгээр олон цэргийн биед нэг хүний байнга авч явдаг хөө хуяг, эмээлийн дөрөө хазаарын амгай харвуулын олон янзын зэв 30-60 ширхэг, илд, жад, хутга зэв ирлэх хуурай хэт зэргийг бэлтгэхэд хичнээн их төмөр хэрэгтэй’ болохыг тооцоолоод тэр зэвсэглэлийн төмөр материалыг гаднаас авах боломжгүй байсан’ гэсэн дүгнэлтийг өөрийн бүтээлдээ дурьдсан байна. Мөн П.Карпини ‘Эрчүүд нь сум хийх, мал сүргээ харахаас өөр ажил хийнэ гэж байхгүй. Харин тогтмол ан агнаж, нум сумаар харвах сургууль хийх бөгөөд тэгээд ч хүүхэд үүхэдгүй цөм мэргэн харваачид ажгуу. Хүүхдээ хоёр гурван нас хүрмэгц морь унуулан давхиулж сургах ба биед нь таарсан хавчаахай нум бариулан харвуулж сургах тул тэд самбаа зориг ихтэй бөлгөө. Охид хүүхнүүд нь морь унан давхихдаа эрчүүдээсээ дутуугүй самбаатай. Тэд мөн эрчүүд шигээ нум сум агссан байхыг бид харсан билээ хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг нь монголчууд бага балчир наснаасаа сур харвах сургууль хийдэг байсан нь тодорхой байна.
      
Мэдээж Монгол цэргийн хамгийн их хэргэлдэг зэвсэг нь нум сум байсан бөгөөд түүний даараа орох зэвсэг бол илд билээ.
         
Илд гэдэг нэр нь юмыг илт, үлт цохих гэдгээс үүджээ. Бас “Юлд” ч гэх нь бий. Одоо гол төлөв “Сэлэм” гэж нэрлэх болсон. Сэлэм гэдэг нь хамниган манжийн “селе” буюу төмөр, “ме” буюу юм гэсэн үгнээс үүдсэн “Төмөр юм”, “Төмөр зэвсэг” гэсэн үг.
        
Манж илд буюу сэлэм нь монгол илднээс хэмжээгээр арай бага байж. ХVII зуунаас хойш сэлэм нэр томъёо ихэд тархаж, яваандаа Манж, Монгол гэж ялгалгүй бүх төрлийн илдийг сэлэм гэх болжээ. ХIII-ХIV зууны үед монгол цэргийн хэрэглэж байсан олон төрөл, хийцийн илдний дотроос археологийн шинжилгээ, судалгаагаар олдсон баттай баримт бүхий жинхэнэ монгол хийцийн илд нь:

 Нэгд: 60 см-ээс урт /бариулын уртыг тооцохгүйгээр/, шулуун, хоёр талдаа иртэй “Дам /дэм/ илд”

Хоёрт: хурц үзүүртэй, нэг талдаа иртэй “Хотгор илд” (Одоо уламжлалт нэрийг нь мэдэхгүйгээсээ болоод ихэнхидээ “Матигар илд” гэж ярьж, бичих болсон)

Гуравт: нэг талдаа иртэй, өргөн мөртэй, гурван талтай, шулуун “Шөр илд” зэрэг илд байна. Монголчууд илд, хутганыхаа ирийг тусгай технологиор боповсруулж давхар ир суулгадаг, тухайлбал, ган, болд, гянт, анзаан, албин зэрэг хатууруулагч бодисыг ирийг нь дагуулан давхарлаж ширээн хатаах юмуу заримдаа ердийн төмөрт хатуу болд зуулган давхар иртэй болгодог байжээ…гэх мэтээр илдны тухай олон зүйлийг түүхэн эх сурвалжаас олж болно.

Хүн төрлөхтөн бүр хоёр сая жилийн өмнөөс анх хутга хийж эхэлсэн түүхтэй бөгөөд цаг цагт хутганы хийц, чанар, урлаг, тусгай зориулалын ангийн, дайн байлдааны гэх мэтээр сайжирсаар өнөөг хүрсэн бөгөөд сүүлийн 45 жилд хутга урлал дээд цэгтээ хүрсэн гэж үздэг ажээ. АНУ, Швейцарь, Япон, Орос гэх мэт олон орон ган сайтай хийц чанар сайтай хутгаараа алдартай агаад АНУ ын Баак хэмээх ангийн хутга л гэхэд сүүлийн 45 жилд 14 сая ширхэг зарагдсан гэх мэт олон тоо бичиж болно.

“ТАВАН НҮДЭН” брэнд хутгаа хаана захиалж  хийлгэсэн бэ?

Оросын Челябинск хотод байх 1815 оны 12 сард нээгдсэн Злотоуст зэвсгийн үйлдвэрт монгол хийц хэлбэрээр захиалж хийлгүүлсэн байх ажээ.

Энэхүү үйлдвэр нь  Нэгдүгээр Александр  хааны захирамжаар анх байгуулагдаж европоос зуу орчим мэргэжилтнийг урьж анх ажлаа эхлүүлсэн бөгөөд үйлдвэр дотроо найман хэсэг тасагтай гоёл чимэглэл уран хийц бүхий хүйтэн зэвсгийн үйлдвэр ажээ.

Энэ үйлдвэрт бүтээсэн хутга, мэс, чинжаал зэрэг нь бүр 1829 оноос олон улсын үзэсгэлэнгээс олон удаа шагнал хүртэж байсныг дурдвал Лондонгоос 1851 онд хүрэл медаль, мөн Лондонгоос 1862 онд мөнгөн медаль, Парисаас 1867 онд хоёр мөнгөн медаль, Венаас 1873 онд мөнгөн медаль, Филадельфиас 1876 онд хоёр мөнгөн медаль, Парисаас 1878 онд алтан медаль, Чикагогоос 1893 онд том хүрэл, Стокгольмоос 1897 онд - алтан медаль хүртэж байжээ. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн дэлхийн нэгдүгээр дайны жилүүдээс эхлэн зэвсэглэл нийлүүлж байсан төдийгүй хоёрдугаар дайны үед ч бараг 1 сая цэргийн хутга, сэлэм зэргийг үйлдвэрлэсэж хангасан бөгөөд  тэдний хутгыг "хар хутга" хэмээн нэрлэж 1945 онд Ялалтын парадад  оролцогчидын зүүсэн бүх сэлэм Златаустын сэлэм байсан ажээ. Энэ үйлдвэр 1940 -1942 оны хооронд  НР-40, НА-40 загварын 261000 хутга үйлдвэрлэж армийн зэвсэглэлд нийлүүлсэн бол 1943 онд 388 000 хутга армид нийлүүлсэн байна.

Финланд маягаар боловсруулсан хар хутга хоёрдугаар дайны үеийн зэвсэг төдийгүй гоёлын хүндэтгэл ёслолын зэвсэг болж байсны тод жишээ нь маршал И.В.Сталин, маршал Г.К.Жуков хүртэл Златоустын хутга сэлмээр гоёдог байсан нь гэрчилнэ. Дэлхийн хоёрдугаар дайны үед зөвхөн энэ үйлдвэрт 1сая 590 мянган тонн ган хайлуулж зэвсэг үйлдвэрлэн фронтруу явуулсан гэсэн тоо байх юм.

Златаустын хүйтэн зэвсгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд сайн чанартай Дамаскийн болох цагаан гангаар бүтээгдэхээс гадна маш сайхан үзэмжтэй угалз хээтэй хийдэг тул гоёл чимэглэл, бэлэг дурсгалын үнэт зүйл, өв болдгоороо дэлхий дахинд алдартай. Хаант Оросын үеэс л төрийн дээд зэрэг, зиндааны бэлэг сэлтийг Орос гүрний үе үеийн Хаад, төрийн тэргүүн нарын тусгай захиалгаар Златоустын урчууд бүтээж иржээ. Дээр дурдсан олон улсын үзэсгэлэнд олон удаа амжилттай оролцсоны дээр тэдний бүтээлүүд Эрмитаж, Лувр, Английн хатан хааны цэргийн музей зэрэгт тавигдсан байдаг нь дэлхийд алдартай урчууд гэдгийг нотлох ажгуу. Түүгээр ч зогсохгүй 2001 онд Орос улсын зэвэрдэггүй ган үйлдвэрлэлийн таван үйлдвэрээс хоёр зуу гаруй шахам жилийн түүхтэй энэ үйлдвэр нэгд шалгарчээ. Энэ зэвсгийн үйлдвэрийн танилцуулгад манай захиалгаар үйлдвэрлэдж байгаа “ТАВАН НҮДЭН” брэндийн хутгуудыг үйлдвэрлэхийн тулд 50 гаруй мэргэжлийн өндөр түвшингийн мастерууд, зураачид, токарчид, ган сийлбэрчид, гар урчууд ажиллаж байна хэмээн онцлон дурдсан байх аж.

Их Монголын байлдан дагууллын нууц нь монголын армийн зэр зэвсгийн өндөр технологи, цэрэг нэг бүрийн хариуцлагтай байдал, байлдааны тактик арга ажиллагаанд байсан гэдэг. Тэд зэр зэвсгээ өөрсдөө хийнэ гэхээс илүүтэй өөрсдөд нийцтэй, тохиромжтойг сорчлон хэрэглэдэг байж. Түүнийгээ технологи хөгжсөн газар оронд захиалж хийлгэх эсхүл тэр дархчуудыг нутагтаа авчран хийлгүүлдэг байсан зэргийг түүхэн эх сурвалжуудад өгүүлдэг.

Өнөөдөр ч манай улсын нэг компани Таван нүдэн хэмээх брэнд бий болгон өмнөх түүхэн үндэсээ дагаж Оросын хамгийн сайн үйлдвэрт эрчүүдийнхээ гоёл болсон хутгыг захиалан хийлгэж буй нь анх нийтлэл эхлэхэд өгүүлсэн монгол эхнэрийн хатан ухаанаар бүтсэн эр хүний чимгийг санагалзсан ажил мэт санагдсаны дээр  үндэстэй бүхэн ургадаг жамаар үндэсний уламжлалыг минималь хэлбэрт оруулж, үндсээ барьж, монгол ухаанаа шингээсэн бүтээл гарч эхэлсний учраа  танин мэдүүлэх чанартай товчхон өгүүлэхэд ийм буюу.