Адиша богдын сургаал, Ошо багшийн тайлбар

АГНИСТЫН ГЭГЭЭ
Цуврал-5




Хүн эрх чөлөөгөөр ангаж цангадаг. Үргэлж түүнийг эрэн бэдэрдэг. Эрх чөлөө бол ухамсрын гүн дэх цөм. Хайр бол түүний хүрээ тойрог. Эрх чөлөө, хайр хоёроор ханасан хүн амьдралд харамсах зүйлгүй болдог. Энэ хоёр ханамж таашаал салангид байх боломжгүй. Гэтэл хүмүүс эрх чөлөөгүй хайраас ханамж авах гэж оролддог. Тэр цагт хайр нь улам зовлон, улам хүлээс болж хамаг найдварыг нь нурааж, амьдралыг нь там болгож орхино. Харанхуй дунд тэмтчин бүдчих хөөрхий хүмүүст гарах хаалга олддоггүй.
 
Эрх чөлөөгүй хайр өмчирхөл болдог. Өмчирхөл төрсөн агшинд чи өөртөө болон бусдад гав гинж зүүнэ. Учир нь, өөрөө түүний өмч болохгүйгээр хэн нэгнийг өмчилж чадахгүй. Өөрөө түүний боол болохгүйгээр хэн нэгнийг боолчилж болохгүй. Бусдад юу хийнэ, өөртөө ч түүнийг хийнэ. Эрх чөлөөгүй хайраас хүн хэзээ ч ханамж таашаал авахгүй гэдгийг голдоо ортол ухаар.

Түүнчлэн хайргүй эрх чөлөөг олох гэсэн өөр нэг туйлшрал бий. Ийн туйлшрагч хүмүүс нь лам хуврагууд, хорвоогийн амьдралаас нүүр буруулагч нар юм. Тэд хүлээс болдог хайраас айсандаа хайрын ургах, учрах бүх орчин нөхцлөөс зайлсхийж, зожиг амьдрал руу ордог. Зожигрол бол эрүүл саруул ганцаар ахуй биш, сөрөг төлөв, хоосрол, уйтгарлал юм. Тэд аглагч болж чадахаас даяанч болж чадахгүй. Аглагч байна гэдэг нь махбодын төвшинд ганцаар байхын нэр. Даяанч болно гэдэг нь сүнслэг төвшинд ганцаар байхын нэр.

Чи хорвоогоос айсандаа зугтаж зулбалаа гээд түүнээс ангижрахгүй. Хорвоо чамайг улам бүр ээрч хоргоож, есөн шидийн хүсэл тачаалаар хүрээлэх болно. Хорвоог булах тусам бултайж, дарах тусам дардайдаг. Тэр чиний зүүдэнд тэсэрч, хий үзэгдэлд биежнэ. Сүм хийдэд амьдардаг хүмүүс хий үзэгдэлд автдаг. Гималайн агуй руу явсан хүмүүс эрт орой нэгэн цагт бодит байдлаас тасардаг. Тэд өөрсдийн зохиомол ертөнцөд амьдарч эхэлдэг. Христэд итгэгч нэгэн Христтэй яриад эхэлнэ. Тэр ганцаараа байхаа больж, хоёулаа болж хувирна.

Хий үзэгдэлд автах өч төчнөөн аргыг санваартнууд хөгжүүлж иржээ. Бушуухан түүнд автъя гэвэл бие махбодоо сульдааж, бодит байдлыг хянах чадваргүй болох ёстой. Бие сульдах тусам хий үзэгдэлд автах боломж ихэсдэг. Халуундаа хүн дэмийрдэг шиг. Энэ бол хамгийн дөт арга. Тэгээд чи Христийг, эсвэл Кришнаг, эсвэл Буддаг харна. Хараад зогсохгүй түүнтэй ярьж хөөрч, дотно нөхөрлөх болно. Гэвч энэ бүхэн чинь хоосон төсөөлөл.

Хиндү хүн хэзээ ч Христийг харахгүй. Христ шүтлэгтэн хэзээ ч Кришнаг харахгүй. Зөвхөн өөрийн итгэдэг, дотроо төсөөлдөг дүрээ л харна. Энэ бол проекц. Мэдээж хар зах дээр проекцлох хэцүү. Олон хүн чамайг эсэргүүцэж, солиорсонд тооцон мэдрэлийн эмнэлэгт хүргэж өгнө. Харин Гималайн агуйд хэн ч чамд саад болохгүй. Юу дуртайгаа гадна талд барлаж суух боломжтой. Зожигролоос болж хүн өөрийн бүтээсэн хий үзэгдэлд итгэж эхэлдэг. Энэ үнэхээр солиорол, төөрөгдөл.

Гэтэл нөгөө талд жирийн хүмүүс эрх чөлөөгүйгээр хайрыг олох гэж үйлээ үзэн шаналцгаана. Тэдний амьдрал бөөн юмсад уягдсан, бөөн хүмүүст хүлэгдсэн тамын шорон байдаг. Бие, сэтгэл, сүнсээрээ гав дөнгөнд орж, займчих чөлөөгүй зовдог. Хүн төрөлхтний дийлэнх хэсэг ийм амьдралтай. Үлдсэн цөөнх нь үүнээс ой гутаж, эрх чөлөөг эрэн тэнүүчлээд мэдрэл муутай, хий өвчтөн болцгоодог. Хоёр салаа замын хаашаа ч явсан золгүй тавилан угтнам. Одоо бид хаачих вэ?

Адиша чамд асар чухал илгээлт гардуулж байна. Энэ бол бүх будда нарын илгээлт, бүх гэгээрэгсдийн захиас. Тэд ингэж хэлдэг: Хайр, эрх чөлөө хоёр тусдаа зүйл биш ээ. Аль нэгийг нь сонгох боломж байхгүй. Эсвэл чи хоёулантай нь байна, эсвэл аль ч үгүй хоосон байна. Хайр бол тойрог, эрх чөлөө бол төв нь. Маш нарийн тэнцвэр дунд л хайр, эрх чөлөө хоёр хамт цэцэглэх боломжтой. Чи үүнийг хийж чадна. Яагаад гэвэл чадсан хүн нэг биш бий. Хэрэв бүх түүхийн туршид ганц ч гэсэн хүн чадсан бол бүх хүнд чадах боломж байна гэсэн үг. Бясалгал бол тэнцвэр. Эрх чөлөө, хайр хэмээх хос жигүүр дэлгэсэн шувуухай. Би чамд хос жигүүр өгөх гэж л энд ирсэн юм шүү.



Эрх чөлөөтэй хайрла. Өмчирхөлгүй хайрла. Хүйтэн цэвдэг бүү бол. Хайрын дулаан амьсгал шингэсэн эрх чөлөөг эдэл. Чиний хайр, эрх чөлөө хоёр гар гараасаа атгалцаж, янаг дотноор тэврэлдэж, хамтдаа бүжин цэнгэг. Тэдний амраглал дундаас төгс хүн мэндэлнэ. Хорвоод амьдардаг атлаа хорвоогоос гэтэлсэн нэгэн мэндэлнэ. Тийм хүний хувьд бүх туйлууд хоорондоо уусч, зөрчил бүхэн зохицол болдог. Жаргал таашаал гэж энэ л билээ.

Эрх чөлөөгүй хайр аагим халуун ган гачиг. Хайргүй эрх чөлөө хахир хүйтэн зуд. Хайрыг гандаахгүйн тулд эрх чөлөө хурын шим болно. Эрх чөлөөг хөлдөөхгүйн тулд хайр ээл дулаан болно. Энэ хоёрыг сондгойруулж болохгүйг миний шавь цаг ямагт санаж яв. Эрх чөлөө, хайр хоёрыг хамтад нь өөртөө уусган шингээ. Хайр чиний хүрээ тойрог, үйл хэрэг болох ёстой. Эрх чөлөө чиний дотоод төв, бодгаль чанар байх ёстой.

Эхний судар:

Ажиглах, шинжлэх хоёр аргаар
Эрх чөлөөг өөртөө нээ...



БООЛУУД СЭРЦГЭЭ!

... Хуурамч жаргалын төлөө
Зовлон бүү эрэлхийл.
 
Өөрийгөө хэчнээн их лай ланчгаар дарамтална вэ? Юуны төлөө? Илүү том байшин, илүү их мөнгө, илүү цуу алдар, илүү эрх мэдлийн төлөө. Энэ бүхэн чинь хоосон зүүд шүү дээ. Үхэл чамаас бүгдийг нь булааж авна. Үхэлд булаагдаж байгаа бүхэн хуурамч. Үхэлд үл булаагдах тэр зүйл л үнэн. Хэрэв чи бүх амьдралаа зуурдын юмсад зориулах аваас холын зэрэглээг голын усанд андуурч хөөсөөр цангаж үхдэг гөрөөснөөс өөрцгүй. Үүнийг ямар амьдрал гэх вэ? Чиний мод нахиалсангүй, жимсэлж цэцэглэсэнгүй. Тэгээд “би амьдарч үзлээ” гэж хэлэх үү?

Сая сая хүмүүс үрээрээ төрөөд, үрээрээ үхдэг. Өлгийнөөс авс хүртлээ ургаж нахиалсан юм юу ч үгүй. Үйл зовлонгоо зузаалснаас өөр гавъяагүй. Энэ бол эмгэнэл. Асар их эмгэнэл. Тамын тухай бошго лүндэн чухамдаа ийм утгагүй амьдралын гасланг дүрсжүүлж өгүүлдэг юм. Адиша хэлж байна:

Хуурамч жаргалын төлөө
Зовлон бүү эрэлхийл.

Тэгээд яах вэ? Үнэнийг сэхээр. Үхэл мөхлийн хязгаараас давсан, цаг хугацааны чанадад орших зүйлийг сэрж мэдэр. Үнэмлэхүйг эгээрэх аваас амьдралын чинь агшин хором бүр амгалан гэгээн, анхилуун тансаг болно. Түүнийг бурхан, нирваан юу ч гэж нэрлэсэн чиний дур. Гүн рүү нь умбах тусмаа хуурамч юмсаас салж, жинхэнэ амтыг мэдэрнэ. Цоо шинэ баяр жаргал гаднаас биш, өр зүрхнээс чинь ундрах болно. Хуурамч юмс л гаднаас орж ирдэг. Гаднаас ирсэн бүхэн үхэл мөхлөөс үл хэлтэрнэ. Үхэл гадна талын юмсыг хөндөхөөс дотоод мөн чанарыг хөндөхгүй. Чиний дотоод мөн чанар бол урьд ч байсан, хожим ч байх үүрд мөнхийн амь. Гагцхүү чи таньж мэддэггүй болоод үүрдийн золыг умартан, зуурдын жаргалыг хөөцөлддөг. Үнэн хэзээ нэгтээ өөрийг нь таньж, амраг хайраа өгөхийг хүлээн чиний дотор суугаа. Үхэшгүй түүний зүг тэмүүлсэн цагт л энхжингийн хаалга өмнөөс тосно.

Яах гэж хуурамч жаргал, худал ертөнцийн хойноос амь тавин гүйнэ вэ? Энэ ч бүсгүй, тэр ч залуу гээд л… үнэнийг мартаж байвал юу ч хөөсөн хамаагүй. Өнгөнд мансуурч, мөнгөнд донтож, шалиг балигт живж, эрх мэдэлд улайрна. Улс төрчид бол хамгийн аймшигтай хордсон хүмүүс. Тэдэнд яаралтай эмчилгээ хэрэгтэй. Мораржи Десай шиг хүнд эмчилгээ юу юунаас чухал. Тэр бүр цагаан солиотон болжээ. Улс төрийн цагаан солио архины цагаан солионоос хавьгүй илүү аюултай. Арчиж болдогсон бол энэ дэлхийгээс архи дарсыг биш, улс төрийг л арчмаар байна.

НЭПКО хэвлэлийн газар