Төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцоо ямар нөлөөтэй вэ?
Өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон олон улсын бага хурлын сониноос хуваалцахгүй байхын аргагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан уг хурлын нэр “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” нэртэй.
Өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон олон улсын бага хурлын сониноос хуваалцахгүй байхын аргагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан уг хурлын нэр “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” нэртэй. Сүр дуулиантай томоохон хурлуудын дэргэд даруухан хурал. Гэхдээ ач холбогдол, тэнд цугларсан хүмүүсийн нэгэн зорилгод чиглэсэн сэтгэл, аливаад хандаж байгаа хандлага нь эрхгүй анхаарал татаж байсан. Бид чөлөөт зах зээлт, ардчилсан нийгэмд орсноор ийм, ийм ахиц дэвшлийг олсон гэж ярих дуртай ч үүнийг дагаад бидний хянаж чадахгүй байгаа зарим зүйлүүд бий. Үүний нэг нь хэт төвлөрлийг зогсоох байтугай сааруулахад бэрхшээлтэй болсон явдал юм. Хүн бүр тэгш эрхтэй байж, хаана амьдрахаа сонгох эрхтэй гэдэг. Гэвч хөдөө орон нутагт ажлын байр хомс, амьдрал ахуй боломж нөхцөл муутайгаас хот хүрээ газрыг зорин ирэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа. Жилд 3-4 сум эзгүйрэх хэмжээний иргэд суурин газарт ирж амьдрах болжээ. Тэднийг боль гэх аргагүй. Зөвхөн оршин сууж байгаа газар нь тавтай тохитой байж, сургуулиа төгсөөд очсон залуус ажлын байртай, амар түвшин амьдардаг байхад эхний шатанд болох юм. Тийм ч үүднээс төвлөрлийг сааруулахад ямар бодлого барьж, иргэд өөрсдөө ямар оролцоотой байхаар сүүлийн жилүүдэд чамгүй яригдаж, нэлээд ажил хийсэн. Энэ бүгдэд гар бие оролцсон олон хүн санал туршлагаа хуваалцсан учраас энэ олон улсын бага хурлын ач холбогдол чухал байлаа. Мөн монголчууд гаднаас очиж суралцдаг байсан бол бидний туршлагаас хуваалцахаар гадны төлөөлөгчид ирдэг болжээ. Индонез, Киргиз, Узбек, Непал, Лаос, Камбож, Мьянмарын төлөөлөгчид иргэдийн оролцоо ямар чухал талаар монголчуудаас үг дуулж, туршлага хуваалцахаар ирсэн нь содон бай.. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайханы “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө цөмд төрийн шийдвэр гаргахад иргэний оролцоог нэмэгдүүлж байх тухай зорилт тусган ажилласаар ирсэн. Тухайлбал, Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүний ажиллаж байсан энэхүү өрөөг Иргэнээ сонсдог, хуулийн хэлэлцүүлэг өрнүүлдэг “Иргэний танхим” болгон өөрчилж, иргэний оролцооны бодлогыг манлайлан ажиллаж байна. Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аас үлгэр авч, аймаг нийслэл, сум дүүрэг, зарим хувийн хэвшлийн байгууллагууд Иргэний танхим байгуулан ажиллаж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи 25 жилийн хугацаанд бидэнд олсон амжилт олон хэдий ч төсвийн төвлөрлийг сааруулж орон нутагт эдийн засгийн эрх мэдэл олгох, төсвийн зарцуулалтыг ил тод мэдээлж түүнд иргэд олон нийт хяналт тавих эрхийг олгох, улмаар төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах асуудал хойшлуулшгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцгойлон анхаарч холбогдох хуулийг санаачлан УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Төвлөрлийг сааруулах бодлого нь Үндсэн хуульд заасан нийгмийг бэхжүүлэх нэгэн суурь болно гэж үзэж байна. УИХ-ын “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” 2016 оны 19 дүгээр тогтоолд “Төвлөрлийг сааруулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог хангах нь тогтвортой хөгжлийн засаглалын үндсэн зарчим болохыг тодорхойлсон. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тэргүүлэх чиглэлийг үндэслэсэн хариуцлагатай, ил тод, сайн засаглалыг дэмжин хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор батлаад байна. 2013 онд Монгол Улсын Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад төсвийн төвлөрлийг сааруулахад нэгэн чухал үзэл баримтлалын шинжтэй өөрчлөлт оруулсан нь орон нутагт эрх мэдлийг бодитой олгох, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалт оруулсан явдал юм. Ийнхүү төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхдээ иргэдийн оролцоотой шийдвэр гаргах боломжийг нээж, орон нутаг бүр хөгжлийн сантай байх, түүний эх үүсвэрийг тодорхой тусгаснаас гадна уг сангийн төсвийг зарцуулахад эхлээд заавал иргэдээсээ санал авахаар зохицуулсан юм. Монгол Улсад нийт 105 хуулинд иргэний оролцооны талаар тодорхой хэмжээгээр зохицуулалт орсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу төрийн удирдлагыг хэрэгжүүлэх дээд байгууллага төдийгүй нутгийн удирдлагын байгууллагын түвшинд шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах, саналыг нь сонсох, мэдээллийг иргэдэд хүргэх, төр, иргэний харилцааны эргэх холбоог бэхжүүлэх чиглэлээр санаачилгууд сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 онд батлагдсан Шилэн дансны тухай хууль, 2015 онд батлагдсан Хууль тогтоомжийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд тодорхой зохицуулалтыг оруулаад байна” хэмээн нээж хэлсэн үгнээс гадны зочид нэлээд тодорхой ойлголттой болсон байсан биз ээ. Харин дараа, дараагийн газар дээр нь гардан ажилласан хүмүүсийн илтгэл тэдэнд бүр ч илүү сонин байсан байх.
Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгаа удаа дараа шилдэг аймаг болгож байсан өдгөө засаг даргаар албан ёсоор батламжлахыг хүлээж байгаа Ж.Батсуурийн илтгэл анхаарал чамгүй татсан. Тэрбээр орон нутагт санхүүгийн эрх мэдлийг шилжүүлсэн нь ямар давуу талыг авчирсан хийгээд цаашид ямар хүндрэлүүд гарч болох талаар гардаж ажилласан хүний хувьд тодорхой мэдээллүүд өгч байв. Ж.Батсуурь дарга “2002 он хүртэл орон нутаг, Төсвийн тухай хууль тусдаа явж ирсэн. Харин 2013 оны Төсвийн тухай хуулиар төвлөрлийг бууруулахад тодорхой нөлөөлөх болсон” гэдгийг юуны өмнө онцолж байв.
Сүхбаатар аймгийг сүүлийн жилүүдэд гайхалтай хөгжсөн гэж ярьцгаадаг. Дэд бүтэц муу, зүүн аймгуудаас бусад хоёр аймагтай нь хамаагүй харьцуулахад доогуур гэж үнэлэгддэг байсан Сүхбаатар аймгийг таван тойрог замаар хөгжүүлэх төлөвлөгөө гаргаснаа тэд хэрэгжүүлж чаджээ. 967 иргэн, байгууллагын 830 шахам обьект буюу 115,5 га газрыг чөлөөлж шинээр төлөвлөжээ. 10 000 метр дулааны шугамыг 2000 метр үргэлжлэхээр болгож, тав дахин багасгасан гэнэ. Дэд бүтцийг нь шийдэж чадсанаар иргэдэд 8 хувийн зээлд хамрагдан орон сууцтай болох боломжуудыг гаргаж өгсөн байгаа юм. Төвдөө байсан 5 км замыг 50 км болгож уртасгаж чаджээ. Энэ бүхнийг хийж чадсаны нэг том дэмжлэг нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сантай болсных гэж Ж.Батсуурь дарга онцолж байна лээ. Төсөвт суудаггүй зураг төсөл гаргах, суурь төлөвлөгөө гаргах зардлуудыг энэ сангийн өртгөөсөө гаргажээ. Тэгснээр дараагийн том төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж нээгдсэн нь энэ юм. Хэрэв орон нутаг өөрсдөө шийдэх хэмжээний санхүүгийн эрх мэдэлтэй болоогүй байсан бол дараагийн том төлөвлөлтөө хийх хөрөнгийг дээрээс хэзээ ч төсөвлөж өгөхгүй байсан болохоор тэр. Аймгуудыг уралдуулахад 17-19 дүгээр байраас дээш гарч чаддаггүй байсан сүхбаатарчууд жагсаалтыг сүүлийн жилүүдэд тэргүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн. Гол нь төлөвлөж төсөвлөж бүтээж чадсанд байгаа юм. Хиймэл дагуулын зургаас харахад тахиралдаж мушгирсан төөрдөг байшингийн план зураг шиг байсан Сүхбаатар аймаг өдгөө өрсөн шагай шиг жигдрэн харагдах болсон нь өнөөх л төлөвлөж байгуулж чадсантай нь холбоотой. Газрыг чөлөөлж дахин ямар сайнаар төлөвлөж чаддагийг Боловсрол хорооллын жишээ батална. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санхүүгийн хөрөнгийг зарцуулахад иргэдээс санал авах ёстой. Харин Сүхбаатар аймгийн хувьд хийх ажлаа дөрвөн жилээр төлөвлөөд, жил жилээр нь хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж тэндээсээ иргэдээсээ санал авч чухлаар нь эрэмбэлээд явсан юм байна гэж анзаарагдсан. Тэгэхгүй тохиолдолд иргэдийн саналыг авна гэхээр зарим тохиолдолд ахмадууд саналаа хайрцаглаж орж ирээд, өөрсдөдөө асуудлаа шийдүүлчихлээ гэх зэрэг ярианууд дуулддаг болохоор зарим алхмуудыг урьдчилан хийсэн бололтой. Нөгөө талаас аймаг даяараа жилд нэг том зүйл барьж авахаар зорилт тавьж, жигдхэн бүх сумдад хэрэгжүүлж, хооронд нь уралдуулж дүгнэж байснаа ярьж байсан. Үнэхээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн хөгжил дэвшилд энэ бүхэн хэрэгтэй байсан болов уу гэсэн асуулт бидэнд гарч байна. Харин хариултыг нь Ж.Батсуурь дарга “Тийм” хэмээн хэлэв. Сүхбаатар аймгийн хүн ам 53 мянгаас 60 мянга болж нэмэгджээ. Хотод шилжин ирж амьдарч байсан хүмүүс нутаг орон нь амьдрахад таатай, хөгжиж дэвжээд ирэхээр нутгаадаа буцах нь олон байдаг байна. 2014 онд гарч орсон хүмүүсийн зөрүүг тооцохоор орон нутагт 1000 орчим хүн нэмэгдсэн судалгаа гарч байгаа бөгөөд дараа жилүүдэд нь энэ тоо 2000 болж нэмэгдэж байгаа аж. Үнэхээр л амьдрах газар нь таатай, ажлын байртай бол хэн ч өссөн төрсөн нутагтаа амьдрахыг хүсдэг. Тэгэхээр төвлөрлийг сааруулах боломж энд байгаа нь харагдана.
Ж.Батсуурь дарга энэ бүхнийг хуралдаанд оролцогчидтой хуваалцахаас гадна учирч болох эрсдлүүд юу байгааг хэлж байлаа. Орон нутгийн нэгдсэн санг бүрдүүлэхэд хуулинд зааж өгсөн эх үүсвэрүүд нь ойр, ойрхон өөрчлөгдөж байгаа нь хүмүүст эргэлзээ төрүүлэх талтайг тэрбээр анхааруулж байв. Эх үүсвэрийн тэнцвэрийн байдал хэврэг болж байна, импортоос 15 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 5 хувь гэхчлэн зааж өгсөн нь эх үүсвэр нь хангагдахгүй, хангалттай хөрөнгө орж ирэхгүй байх талтай байна хэмээж байсан. Эдийн засгийн нөхцөл байдал муудсантай холбоотой урьдын адил өгөхөө больж, анхан шатнаас хөрөнгөө татаж авч байгаа нь өнгөрсөн жилүүдэд авчирсан давуу талуудаа үгүй хийж, орон нутгийн хөгжил саарч, төвлөрлийг сааруулж байсан хүчин зүйлс саарах талтай анхаарахгүй өнгөрөх аргагүй.
Үргэлжлэл бий.