Хөдөлгөөн ба хүчин


Хэдий түүхчлэх үзэл гуйланчлалд хүргэдэг гэж нэг либерал номлосон ч түүх бас давтагддаг учраас, нөгөө талаас өөрийн орны онцлог байдлаас шалтгаалж түүхчлэх гээд үзье. Өнөөдөртөө бидний оюун түүхээрээ тэжээгдэж байгаа ч бид үргэлж сайнаа дурсаж байгаагаас муугаа огт дурсахгүй байна. Тиймээс нэмэх цэнэг нь ихдээд, хасахгүй учраас бидний батарей сууж эхэлж байна.

АН бол 1990 оны ардчилсан хувьсгалыг гардан хийсэн хөдөлгөөнд тулгуурласан өнөөдөртөө үзэл санааны хувьд хамгийн нөлөө бүхий “хүчин” мөн. Нам биш, хүчин шүү. Сайнаар харвал энэ хүчирхэг гэж ойлгогдоно, харин нөгөө өнцгөөс харвал олон намуудын нягтарч буй холбоо юм. АН фракцгүй, МАН лугаа адил нэгдмэл цул нам болтлоо ахиад хэд хэдэн шалгуур давах ёстой.

1996 оны Ардчилсан холбоо эвслийн ялалт ба түүний дараахь бутрал нь хоёр дахь шалгуур байсан. Эхний шалгуур нь 1992 оны сонгуульд байсан ба олон хөдөлгөөнд суурилсан “ардчилсан” чиг баримжаатай намууд салж орсноос ялагдсан. 1996 онд эвсэл байгуулж, “Ардчилсан холбоо”-ны нэрээр үзэл суртлын тугаа хийсэн нь амжилт авчирсан ч 2000 онд намууд болон салсан билээ. Гэхдээ энд нэг томоохон хувирал явагдсаныг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Энэ нь намуудын суурь болсон хөдөлгөөнүүд үндсэндээ “устаж” ганцхан Монголын Ардчилсан Холбоо үлдсэн юм. “Ардчилсан социалист хөдөлгөөн”, “Шинэ дэвшилт холбоо” түүхийн хуудсанд, гэхдээ “Ардчилсан хүчний” түүхийн хуудсанд үлдсэн учраас дараагийн таван намын нэгдлийн яс модыг Ардчилсан холбооны суурин дээр зангидсан. Ийм үйл явц болоогүй бол АН Н.Энхбаярын үед хялбархан задарч мэдэхээр байв. Харин хөдөлгөөнөөсөө хагацсан намууд цагийн явцад АН дотор “фракц” болсон бөгөөд АН-ын нягтрал нь фракцуудыг анхны үр хөврөлөөс нь салгаж, тайлагдашгүй сүлжээ, хэлхээ холбоонд оруулчихсан билээ. АН дүрмээрээ фракцыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй, учир нь фракц бол “нам” байсан юм. Үүний дараа “том фракцуудыг” сулруулж жижиглэхийг хичээх явцад “нийгэмлэг, клуб” хэмээх “шинэ бөгөөд жижиг” фракцууд бий болов.

“Хоёр санжийн тоглолт” хийдгээрээ алдартай МҮДН бараг устах шахаад 2012 оны өмнөхөн дахин “фракц” болж сэргэсэн боловч үнэндээ зөвхөн нэрийг нь л ашигласан явдал болжээ. “Зүүн хойд Азийн нийгэмлэг” шиг нөлөөтэй, “Алтан гадас” шиг хүчирхэг түрүүлж байгуулагдсан фракцуудыг сөргүүлж М.Энхсайханыг намын дарга болгох зорилготой “Реформ” гэдэг клуб байгуулагдаад мөхсөн “нууц” түүх ч бийг товчлоод 2012 оны сонгуулийн өмнө “Нэг ардчилал” клуб, “Шонхор” гэх мэт жижиг фракцууд бий болсныг дурдвал түүх ойртоно. Харин энэ явцад домогт МоАХ мөн л “фракц” болж, намын ҮЗХ дотроо “голлох сөрөг” хүчин гэгдэхдээ хүрч жижгэрч хувирсан байна. Ингээд Ардчилсан хүчин дэх хувьсгалт хөдөлгөөний үе дуусчээ. Партизанууд намаасаа таслагдаж, нэгдүгээр эрэмбээс ухарчээ. Одоо тэднийг хүндэтгэн тоох хүн цөөрч, ердийн кадрууд нь адлах болов.

Фракцын эрин

Фракцууд жижгэрэх тусам нам нь томорч байсан нь үнэн. Хэт жижиг бүлэглэл (фракц) намаас тасран салах нь ашиггүй, бие даан нам болох үзэл санааны болоод боловсон хүчин, дэмжигчдийн нөөц байхгүй. Ямар ч хөдөлгөөн бол зохион байгуулалт султай ч дэмжигчдийн арми байдаг. Уламжлалт МСДН, МҮДН хүчирхэг хөдөлгөөнтэй байхдаа АН-аас тусдаа сонгуульд ороод төрийн эрх барихад нөлөөтэй оролцох боломжтой гэж үздэг байсан бол фракц болсноор намын удирдлагад бэхжих, түүгээр дамжуулж төрийн эрх барихад нөлөөтэй оролцох сонирхолтой бүлэглэл болчихжээ. МҮДН тараад фракц болж сэргэснийг өмнө бичсэн бол МСДН-ынхэн “Алтан гадас”-т төвлөрчээ.

УИХ-ын дарга З.Энхболдыг тойрсон “Шонхор” фракц ихээхэн идэвхжсэн байна. Гэвч намын ялагдлын дараа “чөлөөт алдегидууд” нь салжээ, гэхдээ ганцхан “Шонхор” ч биш, олон фракцаас чөлөөт алдегидууд салж, хэн хүчирхэг болохыг анаж байгаа учраас өнөөдөр АН бол яг шарталтын байдалд байна.

Ардчилсан хувьсгалыг гардан хийсэн гавъяагаар түрээ барьж, намын эрх мэдлийг нэгэндээ шилжүүлдэг байсан тогтолцоо нуран унаж, фракц бүр хоёрдугаар үеийн улстөрчдийн ар тал болсноос хуучин намууд хүч нөлөөгөө алдав. Учир нь намын эгнээ өргөжихийн хэрээр шинэ улстөрчдийн түрлэг хуучуулын хувьд хааж давшгүй шинэ давалгаа болон хувирсан юм. Ингээд “Алтан гадас” фракцын тэргүүн намын дарга ба Ерөнхий сайд болов. Гагцхүү энэ явцад мөнөөх л хувьсгалыг гардан хийгч МоАХ гомдол тээсэн хэвээр үлджээ. Тэдний 20 жил хүлээсэн ажил албыг “цүнх баригч, бөгс долоогч” гэж тэдэнд хочлуулсан залуус эзэгнэж эхлэв. Учир нь тэд намын үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцохын зэрэгцээ фракцын толгойлогчдод илүү ойр байсан юм. Ийнхүү нам үе хоорондын зөрчил эхлэв.

Хэн тэсч үлдэх вэ?


26 жил бол хүний идэвхтэй амьдралын нэг мөчлөг. Гэхдээ анхаар!!! Намын төлөвшлийн энэ үе хамгийн аюултай. Хувьсгалыг гардан хийгчдээс “нэг л хүн” үлдэнэ. Тэр хүн үлдэхийн тулд бусдыгаа хайр найргүй цэвэрлэх ёстой. МоАХ-аас Ерөнхийлөгч үлджээ. Гэтэл хоёрдугаар үеийнхэн түүнтэй эн зэрэгцэж ирэв. Хүндлэл гэж байхгүй, харин цэвэр улстөрийн тооцоо асуудлыг шийдэх болов. Ер нь АН Ц.Элбэгдорж гэдэг хүнээс хойш хувьсгалчдын байгууллага биш болох нь тодорхой болжээ. Бүхий л асуудлыг ганц толгойгоор шийдэх оролдлого садтай учирсан тул “цэвэрлэгээ” хэрэгтэй болжээ. Харин хэн нь хэнийгээ вэ?

Цэвэрлэгээг үр дүнтэй хийх арга нь нөлөө бүхий фракцын толгойг “цавчих” юм. Цэвэрлэгээ төрийн эрх мэдлээр дамжин явагдав. Учир нь 2012 онд эрх баригч болсноос хойш фракцуудын хүчин чадал толгойноосоо хамаарах болсон, гэвч энэ сул тал байжээ. Н.Алтанхуяг цавчуулав, дараа нь З.Энхболд цавчуулав, Х.Баттулгыг буланд шахав. Тэд хоёрдугаар үеийнхэн, “Зүүн хойд Ази” бол “Голомт”-ынхон голомтоо самрах явцад унтарчихлаа, харин жижиг фракцууд учраа олж амжилгүй дарагдав, харин тэд түрүүлж сэхээ аваад хүн хүчний сэлгээ хийж хямралаас хонжоо хайхтайгаа болжээ. Үүнтэй зэрэгцэн фракцыг адлах болов. Фракцгүй бол нам цул нэгдмэл хүчин болно. Өөрөөр хэлбэл АН нам болно.
Өнөөгийн АН бол МоАХ, АСХ, ШДХ гэх мэт эрээн мяраан арьсаа гуужуулсан аварга могой болсон бөгөөд гагцхүү энэ могой луу биш учраас нэг л толгойтой байх ёстой бөлгөө. Энэ харгис ширүүн тэмцэлд ханцуй шамлан ороод, хүний гараар могой баригчид олширсон, гэвч тэд бас эцэстээ нэг том толгойдоо идүүлэх хувь тавилантай. Ийм үед намын дээд удирдлагад ойр байсан бүхэн хамгийн хатуу ширүүн шүүлтэд орж унана, эсбөгөөс тэсч үлдээд толгойд нь гарна. Өөр зам байхгүй. Тиймээс энэ удаад АН-ын толгойд таван хүн нэр дэвшиж байна. Хэрэв энэ сорилтыг давбал АН нэг бүхэл нам болно, хэрэв үгүй бол задарна.

Давтамж

Яг ийм цэвэрлэгээ Монголд 1937 онд болж байсан, Ардын хувьсгалаас хойш яг 26 жилийн дараа. 1939 он гэхэд Ардын хувьсгалын анхны долоогоос маршал Х.Чойбалсан л тэсч үлдсэн, бусдыгаа хайр найргүй хядсан учраас шүү дээ, тэгээд 1940 онд Үндсэн хуулиа өөрчилж, хязгааргүй эрх мэдлээ хуулиар баталгаажуулсан билээ. Энэ зуур хөдөөгийнхөн, зүүнтэн, баруунтан, бошгыг халахынхан гэх мэт үй олон “нугалаан” дотор Гэндэн, Бадрах, Шижээ, Дамбадорж гэх мэт үй олон “одод” төрсөн ч тэд бүгд харвачихсан.

Өнөөдөр Ардчилсан хувьсгалыг гардан хийгчдээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л бараг ганцаараа үлдэж байна, бусад нь ямар нэг байдлаар цэвэрлэгээнд өртсөн ба цэвэрлэгдэж байгаа. Гарцаагүй зүй тогтол учраас ардчилсан ба тоталитар дэглэмээс үл шалтгаалж нэг нь үлдэхийн тулд харгис увайгүй цэвэрлэгээ хийгдэж байгааг бүгдээрээ л харж байна. Яахаараа МАН-аас эхлэсэн баривчилгаа АН-аар үргэлжилж, одоо ч дуусдаггүйг гайхаад ч яах билээ.

Гэхдээ ардчилсан дэглэмийн энэ давтамжид хүчтэй нөлөөлөх чанар бас байна, тэр нь төрийн алба хугацаатайд бий. Хэн ч дээр гараад үхэн үхтлээ тахиулж, эцэстээ дээд эзнийхээ тааллаар гадаадын эмнэлгийн орон дээр, эс бөгөөс сувиллын газар тарчилж үхэх “тавилан” хүртэх заяагүй. Чухам ийм учраас өнөөдөр АН-ын дотоод тэмцэл тасрахгүй байна, хэрэв Ерөнхийлөгчид гуравдахь бүрэн эрхийн хугацаа байсан бол АН-д ийм үйл явц болохгүй байсан. Өөрөөр хэлбэл манай тогтолцоо өөрөө нэг толгойтой байх нөхцлийг олгохгүй юм байна.

Таван толгойтой зэрэгцсэн таван толгой

МАН-ынхан Таван толгойн ордыг зарах гэж байгаатай зэрэгцэн АН-д таван толгой ургав. Энэ бол намын даргын сунгаа. Энэ бол цоо шинэ зүйл биш, цагтаа дөнгөж нэгдсэн АН-ынхан М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын хооронд бас нэг ийм сунгаа хийгээд намаа золтой л тараачихаагүй юм, гэхдээ аль аль нь тухайн үедээ нэн хүчирхэг байсан МоАХ-ны угшилгүй учраас үзэл санаа нь, намын масс нь задлаагүй.

Эр Гончигдорж нь Эм Энхсайханаа буруу шааснаас өөрөө л Ерөнхийлөгчийн сонгуульд годройтчихлоо гэж тэр үед ярьж байв. Чухам энэ үеэс МАН-ын гар дүрж зохион байгуулалт хийснээс үүдэлтэй фракцын систем АН-д маш хурдан төлөвшсөн. Сунгаанд ялагдсан М.Энхсайханы хорслоор АН сунгаанд ялсан Р.Гончигдоржид үзэл санаа, зохион байгуулалт санхүүгийн хүчтэй дэмжлэг үзүүлж чадаагүй, МоАХ-ын Д.Дорлигжав тэр үед АН-ын дарга байсан тулдаа намаа бүтэн авч гарсан ч өөрөө Эрдэнэтийн барьцаагаар бүрэн ажиллаж чадаагүй. Тэгээд Д.Дорлигжавыг М.Энхсайханаар сольсон. М.Энхсайханыг гутаахын тулд “С.Зоригийг алсан хүнийг олбол 500 сая төгрөг өгнө” гэж зарлаад Д.Энхбатыг Францаас авчирч М.Энхсайханд ял тулгах гэж оролдсон. Дараа нь М.Энхсайхан АН-аас дэвшихэд энэ үзэгдэл урвуугаар давтагдсан. Нэг ийм арга их олон давтагдаж байгаа юм.

Энэ удаад харин таван толгой тулаанд орлоо, бүгдэд нь сум атгуулаад гарааны дарцгийг дохимогцоо З.Энхболд цэвэрлэгээнд хамагдлаа. Н.Алтанхуягийг АТГ дууддаг нь намын даргын асуудалтай холбоотой байсан шиг. Сунгаа болж байгаа бол одоо АТГ Н.Алтанхуягаар оролдох хэрэггүй. Оронд нь “шүүгчийг барьцаалсан” нь дээр. Учир нь З.Энхболд одоохондоо намын дарга, тэр өөрөө сунгаанд оролцоогүй, гэхдээ тамгаа хөх хадган дээр тавиад хэн нэгэнд нь өгтлөө намаа толгойлсон хэвээр л байна. Цагтаа Д.Дорлигжавыг намын дарга байхад нь “Эрдэнэт”-ийн асуудлаар барьцаалж байгаад хүссэн хүнээ тавьж, МАН дараагийн ялалтаа баталгаажуулсан шиг түүх давтагдаж байна. МоАХ-ын анхдагчид цөөрчээ, харин яг гэзэг даран нэхэж байсан, хувьсгалын үйл хэрэгт манлайлагч биш гүйцэтгэгч байсан Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Лу.Болд нарыг өмнөх үе нь цэвэрлэжээ. Тэр үеийнхнээ өөрсдөө шавар шавхайтай хутгаж байна, энэ тэмцэл эцэс төгсгөлгүй үргэлжилбэл нам сүйрнэ. Нөгөө талаас хэн намын дарга болно, түүний фракц намдаа хүч нөлөөгөө тэлнэ. Н.Алтанхуяг “Алтан гадас”, Д.Эрдэнэбат МҮДН, Лу.Гантөмөр “Нэг ардчилал”, С.Эрдэнэ “Шонхор”. Харин Ж.Батзандан фракцгүй...

Тэгвэл ямар хүн дарга байвал зохих вэ?

1.    Фракцгүй нь бүх фракцыг төлөөлнө.

Нэр дэвшигчдийн хоорондын өрсөлдөөн нь алсуураа фракц хоорондын тэмцэл болж өргөжөөд зогсохгүй, ялагдсан нь өсөрхдөг хууч нь хөдлөөд Ерөнхийлөгчийн сонгуулиа ч тавьж туугаад, намаа хагалахдаа тулах вий гэх болгоомжлол ч бий. Фракцаа тарсан гэж зарлаад түүнд нь итгэдэг АН-ын гишүүн гэж байхгүй л дээ. Хэрэв тийм бол фракц хоорондын тэнцвэрийг хадгалах бололцоотой (чадах биш юм) фракцгүй хүнийг өөрөөр хэлбэл дундын хүнийг сонгохоос өөр аргагүй. Магадгүй фракцгүй хүн “тоглоомын дарга” болно байх, гэхдээ нэгнээ багалзуурдахын тулд яахаас буцахгүй хүчирхэг фракцуудын нэгийн төлөөллийг сонгосноос хэн нь ч нөлөөлөх боломжтой дундын хүн байсан нь дээр. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа учраа олно биз... Өнөөдөр намын гол зорилт бол даргаа сонгох биш, харин Ерөнхийлөгчийн сонгуульд яаж ийгээд ялах юм. Ялангуяа одоо байгаа Ерөнхийлөгчийн нэр хүнд ингэтлээ унасан үед.

2.    Намын хувьсгалч араншин ба сонголт

АН-аас сая тавьсан шалгуур ёсоор сунгаанд түрүүлэхэд гурван хүчин зүйл л нөлөөлнө. Энэ бол мөнгө, мөнгө бас дахин мөнгө. Гэвч намын даргын энэ сунгааны явцад АН-ынхан мөнгө сонгох уу? Нэр төр сонгох уу? гэдгээ шийднэ.
Өөрөөр хэлбэл шинэ хөрөнгөтний нам болох уу? Үзэл санааны нам хэвээр байх уу? гэдгээ шийднэ. МоАХ-члол, романтизмын үе дууссан гэх биз? Гэвч ямарваа нам өөрийн мөн чанараа алдтал их уддаг, бүхэл бүтэн цогц систем учраас. Тэр тусмаа хувьсгалын үнэт зүйлд тулгуурласан нам үзэл санааны огцом өөрчлөлтөд нэрвэгдээд байдаггүйн дээр басхүү мөн чанараараа өнөөх л шинэчлэл, шинэчлэлээ л шаардах нь зүй. Анх хувьсгалчдын нам байсан МАН ердөө таван жилийн өмнө л “хувьсгал”-аасаа татгалзсан. Тэгээд үзэл санааны хувьд нэгмөсөн “хуучинсаг, хөгширсөн, бэртэгчдийн цуглуулга” болох замдаа орсон. Тэнд мянга мянган залуу хүн байвч бэртэгчинд залуу, хөгшний ялгаа байдаг гэж үү? Хөгшин биеийн дотор үүсч буй “залуу эсүүд” эзнээ залуужуулдаг бил үү?

Олон МоАХ-чууд 1990 оны “дутуугаа гүйцээх” адын хүсэлд авчихаад байна. Өөрөөр хэлбэл ардчиллын гажуудлыг засахыг хүсч байна. Нэр төрөө аврахыг хүсч байна. Өнөөдөр хувьсгалыг гардан хийсэн олон хөдөлгөөн түүх болсон ч амьд “эд эс”, гишүүд нь байсаар байна. Яг 20 жилийн өмнөхөөрөө сэтгэж байгаа нь тэр шүү дээ. Хувьсгал бол өөрөө шинэчлэлийн үнэмлэхүй дээд хэлбэр. Харин энэ дутвал АН-д аюултай. Учир нь АН бол МАН биш. Намын араншинг харвал нийтлэгээрээ “хувьсгалч” сонголт хийчих магадлал бий. Тодорхой хэлбэл “дахин хувьсгалд” уриалагчийг. АН-д бэртэгчдээс илүү романтикууд цугласан, тэднийг М.Энхсайхан “Нам романтизмаас салах ёстой гэж зарлаж хөөгөөд ч бараагүй, харин өөрөө хөөгдчихсөн”. Яагаад гэвэл М.Энхсайхан МА(Х)Н-ын “залуу эс” байсан учраас таараагүй. АН-ын хувьсгалчид хүний хувьд хөгширсөн ч “залуу бие махбодийн доторх эсүүд”. Тэд залуу хувьсгалчийг сонгох эрмэлзэлтэй. Энэ нь шинэчлэгдсэн “МАН” гэдэг суртал нэвтрүүлгийг тас цохино. Хөгшин авгай өөрийгөө залуусын точигоор яаж ч нялгадаад залууждаггүйг нотлоход их хэрэгтэй. Үзэл санаа бол хүнээр биш үйлдлээр дамждагийг бид харин мэднэ.

Ингэснээрээ нам нь залуу хэвээр байна. “Мөнхийн залуу” бол МАН-д пиар, АН-д бодат байдал юм. Харин АН-ын хувьсгалчид хөдлөхөө больсон цагаас хөшиж, хөгширч эхэлнэ...

3. Гутамшгийн намгаас сугалах нь 

Нэр төрийн тухайд ахиад лавшруулбал ХХБ гэж нэг Холбооны нөөцийн системэрхүү банктай болчихлоо, тэр банкны охин компани нь монголын эдийн засгийн гол тулгуур “Эрдэнэт” болчихлоо, “Эрдэнэт” харин дэргэдээ “Ардчилсан нам” хэмээх улстөрийн том хэлтэстэй болчихлоо гэсэн ойлголт олон нийтэд бий болсон байна.

АН-ын толгойд ийм задарч бутарснаас ч долоон дор “шившгийн өргөст титэм” залагдсанд сэжиглэж байна. Энэ аз хийморь хаясан, үлгэрлэвээс 62-ийн бүлэг лугаа шившгээс ямар ч аргаар хамаагүй салах нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход амжилт олох нэг үзүүлэлт гарцаагүй мөн юм. Үүнийг эцэст нь хүртэл хийх хүсэл зориг АН-ынханд хангалттай бий гэж бодож байна. 

4. Барьцаанаас сугарах нь

Сонгуулийн үеэр дарга нь барьцаалагдаагүй, нэр төртэйхэн байвал зүгээр, тэр нь олон нийтэд шинэчлэлийн туг болж харагдах шинэ залуу хүн байвал бүр ч сайн юм. Хамгийн гол нь МАН-ын түрэлтийг сөрөх дайчин хүн байхгүй бол өнөөгийн нөхцөлд улбагар нялцгай, шийдвэр муутай хүн энэ намыг удирдаж МАН-тай байлдаанд орох нь зүгээр л буугаад өгчихсөнтэй адил харагдана. Ялангуяа өнөөгийн нөхцөлд ар талдаа хүчирхэг тавдугаар цуваа байгааг мэдсээр байж, түүнд баригдаж тоглоно гэдэг дэндүү хөнгөн хуумгай хэрэг. Энэ түүхийг өмнөх намын дарга нарын жишээн дээр хангалттай нотлосон тул орхих нь зөв байх.

АН өнөөдөр “Яг ХХ зууны МАХН-ын Улс төрийн товчоонд хэдэн нөхөд орж ирээд насаа бардаг байснаас ялгарах юмгүй болох тийшээ хэлбийв. Юу өөр болсон юм бэ?” гэж нийтлэлч Б.Цэнддоо халагласныг бодох л хэрэгтэй.

5. Нэр цэвэр хүн

Өмнөх сунгааны сургамж нь “Өрсөлдөгчөө муулах замаар амжилт олно гэдэг наад зах нь тэнэг мунхаг хэрэг мөн” болохыг хангалттай нотолсон. Сунгааны уг зарчим нь хэн ч дарга болсон байлаа гээд тэр хүнийхээ нэр хүндийг өсгөхөд чиглэдэг өнөөх Америкийн гол зарчмаа алдаад нэр хүндээ намдаа алдаж дууссан, ялагдлын өсөрхөлд автсан армитай тулаанд орвол сунгаа хийхийн хэрэг юун? Тэр шавар шавхайгаа ч угаах завгүй сонгуульд ороход тэр нь намыг нь ч, нэр дэвшигчийг нь “муухай” харагдуулж, олон түмнийг үргээж орхидгийг  туршлагаараа нотолсон. Ингэвэл харин АН-ын ялагдлыг хүсэн хүлээж буй МАНАН-гийн захиалгыг нэгмөсөн биелүүлнэ гэсэн үг. Ер нь бол ялагдаж байгаа тал нь бөгсөн дээрээ “харладаг” сайхан уламжлал ямарваа сонгуульд жишиг болж байгаа шүү! Яаж тэгтлээ нэр хүнд нь унасан хүнээр туг хийж сонгуульд орж болох вэ? Тэр нэр хүндийг босгож ч амжихгүйн дээр ялагдлын дараа нэгмөсөн нүүр буруулахаас аргагүй байдалд хүрэх болуужин гэх болгоомжлол хэн хэнд нь байгаа гэдэгт найдна. 

Олон шалтгаанаас эдгээр голыг нь дурдаад завсарлая. Сайн муугаар хэлэгдэх нь хамаагүй эрхбиш энэ намд яг нэг жил нарийн бичгийн даргаар ажилласны хувьд “уруул дордойвч элэг дордойхгүй” гэгчээр нам доторх аливаа асуудлыг “анхааралтай ажиглаж” явдаг ухаантай юм. Миний санах нь Ж.Батзандангаар намын дарга тавиад, Д.Эрдэнэбатаар генсек хийлгээд (ялалтын генсек шүү дээ), С.Эрдэнээр хотын штабыг удирдуулаад, Лу.Гантөмөрт залуучуудаа зохион байгуулах ажлыг даатгаад Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид дэвшүүлбэл АН-д задрал бутралаа даван гарч, 25 сумаа нэгэндээ биш МАН-д зарцуулбал Ерөнхийлөгчийн сонгуульд ялаад, 2020 оны сонгуульд уухайлаад орчих боломж харагдаад л байна шүү. Ийм нэг баг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө улс орныг тойроод л байгаа юм даа...