Тэрээр Мянга дугаар хүн юм. Яг зөвөөр нь дуудах юм бол Нэгмянга дугаар хүн. Нэгмянга, нэгзуу гэж хэлж болдог. Гэтэл арвыг “нэг арав” гэдэггүй, зүгээр л “арав” гэнэ. Ингэхээр “Нэг” гэдэг цөөн тохиолдох учиртай тоо хэмээн тэрээр их л билэгшээдэг юм. Иймээс Нэгзуу дугаар хүний хамтаар Нэгдүгээр хүнтэй гурвуулахнаа уулзан ярьж хөөрөх юмсан гэсэн бодол түүнд олон жилийн өмнө анх төржээ. Энэхүү бодол мөрөөдөл нь цаг улирах тутам улам хөгжсөөр, чухам юу ярилцах тухай цогц төлөвлөгөө болсон. Тэр байтугай хэзээ ч харж байгаагүй Нэгдүгээр хүн юу хэлэх, ямар асуулт асуух, өөрийнх нь асуултад хэрхэн хариулах зэргийг ч сэтгэлдээ төсөөлөн цээжилчихсэн. Гурвуулаа уулзаж байгаа сценари олон ч удаа зүүдэнд нь орж ирж байлаа.

Түүний Нэгдүгээр хүнтэй уулзаад ярилцах сэдэв явцын дунд их өөрчлөгдсөн. Тэрээр сэдвээ янз янзаар өөрчилсөөр эцэст нь яг таг дөрвөн асуудал хөндөхөөр шийджээ. Үүнийгээ цаасан дээр бичиж бүр тогтчихсон. Гэхдээ бас нөөц бий. Хэрэв яриа сунжрах, Нэгдүгээр хүн илүү завтай байх юм бол нөөцөнд хадгалсан цаана нь зургаан сэдэв байгаа, бүгд нийлээд арав болох учиртай юм. Нэгдүгээр хүн мэдээж зав муутай байж таараа, иймээс өөрийнхөө ярих зүйлийг цаасан дээр буулгаад эргүүлээд түүнээ маш их товчилсон. Найруулга зүйн талаас ч их анхаарлаа. Бүх сул үгнүүдийг нь хаслаа. Сэдэв болгоныг ингэж цэгцэлснээр нэг асуудлыг гурван минутад багтаахаар шийдэв. Энд ч бас жоор бий. Тухайлбал Нэгдүгээр хүн тодруулж асуувал сэдвийг арван минут хүртэл сунгах хувилбарыг ч боловсруулсан. Мөн Нэгдүгээр хүн яг аль талаас нь асууж болох талаар ч бодолцсон юм. Нэгдүгээр хүний асууж болох арван янз хувилбарыг жагсаагаад тэдгээрт нь хэрхэн хариулахаа ч төлөвлөсөн.

Түүний бодлоор Нэгдүгээр хүнтэй ярилцах дөрвөн сэдэв бол өргөн олонд хамаатай маш чухал асуудал юм. Олон түмэнд тулгараад байгаа эдгээр асуудлыг зөвхөн Нэгдүгээр хүн л шийднэ. Нэгдүгээр хүнгүйгээр эдгээр дөрвөн асуудал байтугай нэмэлт зургаан асуудлыг ч хэн ч шийдэж чадахгүй. Олон түмний төлөө л эдгээр асуудлыг Нэгдүгээр хүнд хэлж дуулгах гэж байгаа болохоос өөрийнх нь хувийн асуудлаар ганц үсэг ч байхгүй.

Энэ завсар Нэгмянга дугаар хүн маань ярианд хамтран оролцох нигуртай Нэгзуу дугаар хүнийг олон жил хайсан юм. Үнэхээр үүнд олон жилээ зарцуулсан, даанч олдоогүй. Ингээд энэ бодлоосоо няцсан юм. Уг нь гурвын гурван “нэг” хамтарч ярьвал билэгдэл талаасаа тун дажгүй байх байсан юмсан.

Мань хүн, Нэгдүгээр хүний талаар ч хэдэн жил ажиг сураг тавьсан. Түүнийг амьдаар нь хэзээ ч хараагүй боловч зураг нь энд тэндгүй өлгөөтэй байдаг болохоор уулзах дээрээ тулбал шууд л танина. Харин тэрхүү завгүй хүнтэй уулзах бололцоо бараг байхгүй. Түүнтэй уулзахад есөн зуун ерэн есөн даваа бий гэдгийг сайн мэднэ. Тиймээс есөн зуун ерэн есөн бэрхшээлийг товчилж шууд уулзах арга хайжээ. Амьдардаг газрыг нь мэдсэн, харуул хамгаалалтынх нь дэглэм журмыг ч сайтар судалсан. Шөнөжин асаалттай байдаг ажлын өрөөнийх нь цонхыг ч тогтоож авсан. Хэдэн цагт хаагуур яаж дотогш орохоо ч төлөвлөжээ.

Нэг өдөр Нэгмянга дугаар хүн юутай ч Нэгдүгээр хүний ажлын өрөөнд нэвтэрч дөнгөжээ. Асар том тасалгааны хананд Нэгдүгээр хүний том хөрөг байна. Энэ бол гудамж болгонд өлгөөтэй, наалттай байдаг тэр л хөрөг. Том тасалгаанд өөр юу ч байсангүй. Нэгмянга дугаар хүн машид гайхан том өрөөн дундуур удтал холхин, элдэв нууц хаалга, товх товруу байгаа эсэхийг шалган хайлаа. Тэрээр угийн сэргэлэн ухаалаг хүн учир эцэст нь ерөөсөө Нэгдүгээр хүн гэж огт байдаггүйг ухаарав. Мань хүн зөв логик дүгнэлт хийх өндөр чадвартайгаас гадна маш өөдрөг нэгэн учир гомдож цөхрөхийн оронд харин ч эндээс баярлах шалтгаан оллоо. Юу гэвэл тэрээр одоо Мянга дахь хүн биш харин бүхэл бүтэн НЭГ орон доошилж Есөн зуун ерэн ес дугаар хүн хүн болжээ.

Тус нийгэм нийтдээ мянган хүн амтай юм.