“Үнэ цэнэтэй амьдар”
Миний хүү чи сонс. Аавыгаа сонс! Би чиний сайн тал, сайхан чанаруудыг чинь бүгдийг нь мэднэ. Чи бол уужим саруул ухаантай хүү. Чи бол энэрэнгүй зөөлхөн сэтгэлтэй, итгэл даадаг сайн хүү. Аав нь ингэж бодож байна.
Хүү минь “Би чадна гэж бодож бай.
Хэрвээ хүсвэл, чи бүгдийг чадна.”
Би ингэж бодож байна.
Хэрвээ хүсвэл, чи бүгдийг чадна.”
Би ингэж бодож байна.
Сайн байна уу? Миний хүү, миний охин.
Миний хүү чи сонс. Аавыгаа сонс! Би чиний сайн тал, сайхан чанаруудыг чинь бүгдийг нь мэднэ. Чи бол уужим саруул ухаантай хүү. Чи бол энэрэнгүй зөөлхөн сэтгэлтэй, итгэл даадаг сайн хүү. Аав нь ингэж бодож байна.
Хүү минь хүн бүгдэд байхгүй, тийм нэг онцгой сайхан чанар чамд байдаг юм. Тэр бол аливаа юмыг ойлгож харж чаддаг, чиний хүнлэг элгэмсүү зөөлөн сэтгэл чинь юм. Тэр сайхан сэтгэл хүн бүхэнд тэр болгон байдаггүй. Түүнийг Бурхан бээр бүх хүнд өгдөггүй юм. Түүнийг Бурхан чамд өгсөн. Тийм учраас. Чиний тэр сайхан сэтгэл чамайг өргөж дагаж, түшиж тулж явдаг юм. Тэгэхээр. Чиний сайхан сэтгэл гэдэг бол, Бурхан чамд өгсөн сэтгэл. Бурхан чамд итгэж өгсөн бэлэг. Бурханы хишиг МӨН билээ. Би ингэж бодож байна.
Тийм учраас миний хүү чи итгэлтэй бай. Өөрөө өөртөө итгэж бай. Би чадна гэж бодож бай. Өөрийгөө чи битгий дутуу бодож үнэл. Хэрвээ хүсвэл чи бүгдийг чадна. Миний хүү чи чадна. Аав нь ингэж бодож байна.
Хүү минь хүссэн юмандаа хүрэхийн төлөө ганцхан алхам урагшаа алх. Нүдээ нээ. Өөрийгөө ажигла, бүх юм чамаас эхэлнэ. Хэзээ чи айх, хэзээ айхгүй байхыгаа мэдэж алх. Магадгүй хүмүүс чамайг аймхай байна даа гэцгээх байх. Энэ тийм их муу юм биш. Яагаад гэвэл үхсэн хүн л юунаас ч үл айдаг юм. Тийм учраас. Хүү минь чи хэзээ айх, хэдийд айхгүй байхыгаа, хэзээ эхлэх, хэдийд зогсохоо мэддэг бай. Энэ их чухал. Агуу их хүмүүс тийм л байсан. Тэд нар хэзээ айх, хэзээ айхгүйгээ мэддэг байсан гэдэг юм. Тэд нар үнэнч авъяастай хүнийг хүндэлдэг байсан. Тэд олны өмнө өөрийгөө магтаж сайрхдаггүй байсан. Тэд нар худал хэлж дүр эсгэдэг хүнээс айдаг байсан юм. Тэд өөрийн буруу муу дутагдалаа барьж дарж, ялж дийлж чаддаг байсан. Гэхдээ тэд нар нэг алдааг хоёр давтахаас тун их айдаг байсан гэдэг юм. Тэд амьдралын сайн муу, сайхан муухайг үзэж таньсан хүмүүс байсан. Тийм учраас тэд нар аливаа юмсыг тэвчиж тэсээд өнгөрүүлж чаддаг байсан юм. Тэдэнд цаг мөч бүхэн үнэтэй. Тэд өдөр шөнө ялгалгүй уншиж судалж суудаг байсан. Тэд нар айх завгүй ажиллаж судалж, суралцаж чаддаг хүмүүс байсан юм. Тийм учраас. Тэд нар хэзээ айх, хэзээ айхгүйгээ мэддэг байсан юм. Би ингэж бодож байна.
Хүү минь Бурхан багш бас айдаг байсан гэдэг юм. Гэхдээ тэр өөрөөсөө биш, өөр бусад хүмүүсийн үйлдсэн нүгэлт муу үйлийн үрээс айдаг байсан. Тэр арчаагүй залхуу, гуйланч мулгуу хүмүүний ухвар мөчид бодол сэтгэлээс айдаг байсан. Тэрбээр тэднийг харсан боловч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй мэт өнгөрүүлэхийг хичээдэг байсан гэдэг юм. Тийм хүнд туслах ёстой гэж тэр үздэггүй байсан. Гэхдээ Бурхан багш хүмүүний зовлонг ойлгодог байсан. Тэдний төлөө тэр өөрөө хохироход бэлэн байдаг байсан юм.
Тийм учраас миний хүү, миний охин. Хүмүүс чамайг аймхай байна даа гэцгээг хамаагүй. Энэ тийм их муу юм биш. Хэзээ айх, хэдийд айхгүй байхыгаа мэддэг бай. Хэзээ ярьж эхлэх, хэдийд дуугай байхыгаа бас мэддэг бай. Үнэ цэнэтэй бай. Үнэ цэнийг тэнцвэр гэдэг бол үлэмжийн их тэнцвэр байдаг юм.
Би ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Хүү минь аав нь чамайг мэднээ. Чи бол ов мэх, муу санаа үгүй, итгэл даадаг. Атаа чөтөөгүй, дотуур тамиргүй сэтгэл цагаан сайн хүү. Чи бол худал хоосон дэмий юм хүсэж гүйдэггүй. Хуурамч ая тал засаж хүнийг өөрийгөө гутаадаггүй. Аавын хүү, зөв хүн. Чи бол бардам их зан, Би-ийн үзлийг бодож ойлгож чаддаг. Бусдын дэм, сэтгэлийн хүчинд итгэдэг. Эх хүн адил энэрэн нигүүлсэх сэтгэлийн их тэнхээтэй. Сайн хүү, мундаг хүү. Аав нь ингэж бодож байна.
Тэгэхээр одоо аав нь чамд нэг сургааль хэлж өгье.
Богд Зонхова ийн айлджээ. “Гэмт үйлийг боосон ариун Шагшаабадад суралцах хэрэгтэй” хэмээн айлджээ. Ариун Шагшаабад бол, гэмт үйлийн хирийг угаах ус. Нисваанисын халуун энэлгээг таслах сарны гэрэл. Аливаа төрөлхтөн бүхний дунд тэрбээр Сүмбэр уул адил жавхлантай. Албадаж хүчээр биш амьтан бүхэн сөгдөн мөргөдөг. Анхаарч тэр мэт мэргэд үнэн авсан санваараа, алаг нүдний цөцгий мэт дээдэст хамгаалан зохиодог” хэмээн увидаслан хайрласан байдаг.
Энэ бол агуу их сургааль юм. Түүний гүн их сэтгэлгээ, хурц хараа, яруу сайхан илэрхийллийг хэрхэн би яахин тайлж чадах билээ. Хэдий тийм боловч өөрийн бодлыг аав нь чамд хэлж өгье.
Товчлоод хэлбэл: Юу илүү их үнэтэйг биш. Юу жинхэнэ үнэтэйг олж харж чаддаг бай гэсэн үг. Үнэ цэнийн тэнцвэр гэдэг бол. Үлэмжийн их тэнцвэр гэдэг юм. Тийм учраас, номыг шүт, багшийг шүт, ухааныг шүт. Бурханыг шүт, буяныг шүт гэсэн үг. Би ингэж бодож байна. Тэрбээр сүмбэр уул адил жавхлантай. Уурыг тэвч, мунхагийг тэвч, нойрыг тэвч, залхууг тэвч. Хайрыг тэвч, нүглийг тэвч. Нүглийг нүглээр угаадаггүй юм. Нүглийг аминд тулвал бүү үйлд гэсэн үг.
Омог дээрэнгүй битгий яв. Атгаг санаа бүү өвөрлө. Сайн үйлд зүтгэ. Шаналал үгүй амьдарч, зовох юмгүй яв гэсэн үг. Аав нь ингэж бодож байна.
Тэгэхээр ийм байна.
Хүү минь. Чи юм алдаж болно. Юм алдах бол юу ч биш, юуг ч алдаж болно. Харин чи өөрийнхөө, өөрт чинь байдаг үнэ цэнэ, итгэл найдвараа бүү алд, битгий гээ. Тэр бол чиний баялаг. Тэр бол чиний хувь заяа. Тэр чамайг мартахгүй. Тэр чамаас урвахгүй. Тэр чамайг хуурахгүй, хаяхгүй. Тийм учраас. Чи үнэ цэнэтэй бай. Итгэл сэтгэлтэй бай. Юу илүү их үнэтэйг биш. Юу жинхэнэ үнэтэйг олж хар. Үнэ цэнийн тэнцвэр бол, үлэмжийн их тэнцвэр гэдэг юм. Үнэ цэнэтэй амьдар.
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?