1990 оны үндсэрхэг сэрлээр монгол бичгээ хэрэглэх яриа үүсэхэд цөөнгүй эрхэм эсэргүүцэж бухимдсан. Эсэргүүцэгчдийг аргадаж монгол бичгээ орхилгүй хос бичигтэн болъё гэж зөөлрүүлээд ч тусыг эс олсон. Монгол үсгээ хэрэглэхийг эсэргүүцэгчдийн дунд эрдэмтэн, зохиолч, улс төрчид байгаа нь их содон тодорч байв.

Хоёр жилийн өмнө төрийн ордон өөдөө салаавч гарган гуугчиж зогссон нэгэн улс төрч “Монголчуудад үндэсний гэх үсэг байх ёсгүй. Монгол бичиг гээд байгаа босоо үсэг чинь араб үсэг” гэж байлаа. Түүнтэй ярилцагч сэтгүүлч бүсгүй “Монгол бичгийг хэвтүүлчихвэл араб үсэг болдог гэсэн биз дээ” гэж улс төрчийн ам хамрыг долоочих шахав. Чөлөөт нийгэм гэгчид хачин хачин юу эс болдог билээ.
Кирилл үсгийг орхивол нэг найрагчийн хит болсон дууны нугалаа айзмыг хуучин монгол бичиг гаргаж чадахгүй. Тиймээс дууны шүлгийн амт шимтийг хүмүүс мэдэрч чадахаа болино гэж гомдоллов. Түүний шавь шүлэгч залуу “Үндэсний бичиг хэрэглэвэл үндэстэн хоорондын хагарал жалга довоороо даамжирна гэсэн биз дээ” гэж саймшрахад багш нь “Тэгэлгүй яахав. Кириллийг орхиж, орос ахаас холдуулах улс төр араар нь яваад байгаа юм” гэж өвгөн найрагч эх орончоор анхааруулсан нь өдөр тутмын сонинд хэвлэгдэж байв даа. 

Миний бодлоор хос бичигтэн бус бүр гурван бичигтэн болчихоод байгаа юм шиг. Нийтийн сүлжээгээр монголчууд латин үсгээр харилцдаг болоод удаж байна. Үүнийг хэн ч зогсоож чадахгүй хэмжээнд тархжээ. Гар утас, интернетээр харилцъя гэвэл латин үсгээр уншиж сурахаас өөр аргагүйд хүрэв. Яваандаа кирилл, үндэсний бичиг хоёрын нэг нь үлдэх бус кирилл, латин хоёр өрсөлдөж нэг нь давамгайлах ирээдүй тулгарлаа. Казахстанаас эхлээд зүүн, зүүн өмнөд ази нилэнхүйдээ англи хэлтэн болж байна гэх юм. Дэлхий нэг хэлээр ярьдаг болохоос 3 сая монгол хичнээн гөжүүдлээд тэмээ туйлаад тэнгэрт гардаггүйн үлгэр болно биз.

Латин үсгээр монголчууд ямар ч дүрэмгүй дур дураараа бичээд дор дороо гүжирдэн уншдаг болжээ. Янз бүрээр мушигсан этгээд аялгуу дуудлагаар хүн бүр дур дураараа бичээд (ялангуяа сахилгагүй багачууд) түүнийгээ таамаглаж уншдаг журамгүй байдал цааш үргэлжлээд явбал аялгуу сайхан монгол хэл маань эвдэрч таарна. Сошиал сүлжээнд бол эвдрэл ноцтой хэмжээнд хүрчихсэн. Ийм замбараагүй нөхцөлд кириллийг латин үсэг удахгүй шахахаар чимээгүй ойртсоор байна. Хүүхэд залуусын нийтлэг хэрэглэдэг болсон латин үсгийг захиргаадан тас хорих гэвэл өнөөгийн нийгэмд бүдүүлэг нугалаа болно. Тэгэхээр эрдэмтэд эртхэн кирилл үсгийнхээ дүрэм дээр латин үсгийн дүрмийг тохоон тааруулж, монгол хэлээ эвдрэхээс хамгаалахын тулд дав даруй гар утас, интернетээр харилцагч нарыг “түр дүрэм”-тэй болговол яасан юм бэ. Дараа нь мэргэд оюун ухаанаа уралдуулан оновчтой шийдвэр гаргатал “түр дүрэм”-ээ хэрэглэхгүй бол монгол үгийн дуудлага эвдэрч гүйцлээ. Англи хэл, латин үсгээс бултъя гэхэд лав л хөрш Казахстан хань болохгүй болжээ.
                                                                                              
2016-10-08