Наадам Асем хоёр нүүр улайлгалгүй аятайхан өндөрсөн. Үүнд хүчин зүтгэсэн олон мянган иргэндээ баярлахын хамт, нар хур тэгш сайхан өдрүүдээр тэтгэсэн тэнгэр хангайдаа залбиръя. Гэвч наадмын бөхийн хэрүүлийг одоо хүртэл  орхихгүй амаараа хөөс сагуулчдыг яалтай билээ. Яасан тавьж тонилдоггүй зарга вэ. Хууль, дүрэм, журам боловсруулж батлахад Төр Засаг маш их ач холбогдол өгдөг болсон. Энэ бол дэвшил. Маргаж мэтгэлцэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр зарж баталсан хууль дүрмээ яг таг мөрдөж сурахгүй бол хуулиа нулимдаг архаг хууч сэдрээд байх юм. Дагаж мөрдөхгүй бол хууль батлах утгагүй. Бөхийн дүрмээ яс мөрдсөн аваас энэ жилийн наадам өөлөх юмгүй жаргах байв. Алив юм боловсронгуй болох тусмаа өө сэв нь хурцаар тодордог. Нилдээ найгүй орчноос ямар ч бусармаг ялгардаггүй. Тийм нөхцөлд урам хугараад шүүмжлэхээс халгадаг. Эх орон минь хөгжлийн өнгөө олсонд би бээр урамшиж үг нэмэрлэхээр зориглов.

Яльгүй юман дээр хууль дүрмээ зөрчихөд л улс гүрнээрээ эвгүй байдалд ордог эрин зуунд бид амьдарч байна. Бүрэнтөгс Пүрэвдагва хоёрын барилдаан үүний тод жишээ болов. Бөхийн барилдаанд маргаан бишгүй гардаг. Маргааныг тайлдаг бөхийн дүрэм, хөлийн цэц, камерын удаашруулсан бичлэг байна. Дур дураараа орилох дэмжигчдийн “нотолгоог” нэг бүрчлэн авч хэлэлцэнэ гэвэл бүтэхгүй. Хөгийн юм болно. Монгол бөх хоёр засуултай учраас тэдний дүгнэлт өөрийнхөө бөхийн талд байх нь мэдээж. Тиймээс хоёр засуулын үг маргааныг сэдрээнэ. Сумо шиг нэг засуултай бол өөр. Маргасан хоёр бөх хөлийн цэцийн шийдвэрийг ёсчлон дагах заалт уг нь “бөхийн дүрэм”-нд бичээстэй байгаа. Цэцийн шийдийг хүлээж авахгүй гэвэл тухайн бөхийг хасна гээд бас заачихаж. Өөр юу хэрэгтэй юм бэ. Энд мөрдөх ёстой дүрмээ хатуу сахидаггүй “монгол гажиг” л гагцхүү будлиан хутгаад байна. Наадмын торгон ногоон дэвжээн дээр хоёр өдөр бөхийн барилдаан харсангүй, бөхийн маргаан л харлаа гэхэд хилсдэхгүй. Бүтэн өдөр уран мэх хүч чадал бус барьц сонгох хэрүүл ширтсэн бид ч яахав гэе, бөхийн хорхойтон юмсан хойно, харин гадны жуулчид дахин манайд ирж монгол бөх хэмээх хос хосоороо тэврэлдсэн гүзээтэй эрсийг олон цагаар гөлрөх бол уу.     

Байгаа хоёр камерынхаа бичлэгээр хөлийн цэц Бүрэнтөгс Пүрэвдагва хоёрын барилдааныг дахин дахин нягтлаад, “хайнцсан тул дахин барилдуулъя” гэж шийдсэн. Гэтэл Бүрэнтөгс дахиж барилдахгүй гэж томроод тэр олон наадамч, гадны зочид, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Төр Засгийн эрхмүүдээ шөнө дунд хүртэл чилээв. Яасан том толгойтой бөх вэ. Ж.Мөнхбат Ю.Цэдэнбалыг шөнөжин тэгж ядраасан бол яах байсан бол. Хамгийн гол нь бөхийн дүрмээ үл тоосон Бүрэнтөгсийг зөвтгөгч яасан олон байв аа. Гол учир нь Бүрэнтөгсдөө бус миний шүүмжлээд буй хууль дүрмээ басамжилдаг хүн яасан олон юм бэ. Цаашид амьдралын бүх хүрээнд хуулиа сахихгүй аваас сонгууль явуулж, хууль тогтоох Их хурал сонгох хэрэг байна уу. Бөхийн дүрмэндээ хэрхэн хандаж буй үзүүлэлт бол монголчууд хууль дүрмээ хүндэлдэггүйн нэгэн жишээ. Батлагдсан л бол хууль муу ч бай иргэн бүр ягштал биелүүлэх үүрэгтэй.  

Бөхчүүд өөрсдийнхөө баталсан дүрмээ нулимчихаад маргаанаа наадмын бөхийн салбар комиссоор шийдүүлэх гэнэ. Яаж тэнэгтэж буй нь тэр вэ. Бөхийн комисс шийдэх ёстой юм бол бөхийн дүрэм яах гэж ажил удаж мөнгө үрж баталсан юм. Бөхийн салбар комисс жижигдээд хотын даргаас асуув. Асарт сууж байсан хотын даргын мэлмий зураглаачийн дурангаас хурц байлаа гэхэд бичлэг үлдээхгүй учраас хотын даргын харсныг дахин давтан харуулж болохгүй. Олны шуугиан дунд “Бөхийн дүрэм хамаагүй, ерөөсөө Баянаа аваргаас асууя” гэх үг чих дэлссэн гээч. Дүрмээрээ шийдье гэх хүн олзуурхам олон байсан ч “Нямдорж чи сонгуульд ялсан юм бол асарт шигдээд суухын оронд хөлийн цэцэд үүрэг өгөөч” гэж орилолдох хүн цөөнгүй ажээ. Хуулиа дээдлэн мөрдөх талаар бид даанч түүхий еэ. Нутгийн бөхөө дэмжих сонирхол улс бүхэнд бий. Гэхдээ дүрмээ зөрчиж дэмждэггүй.

Сэтгэлийн хөөрлөөр орилох бөхийн хорхойтны гашуун үгс хаа ч сонсогддог. Тэдний үгээр үг хийх нь ховор. Харин том сонинуудын нийтлэлийг олон нийт мэдээллийн манан дундаас онцолж итгэхийг хичээдэг. Тиймээс том сонины хариуцлага өндөр байх учиртай. Гэтэл “Өдрийн сонин” бөхийн дүрмээ баримталж суръя гэж сэнхрүүлэхийн оронд “Увс Архангайн талцал” гарчигтай өгүүлэл нийтэлж, цэнгэлдэхэд гар утасныхаа гэрлээр давалгаа үүсгэн Бүрэнтөгсийг бөхийн дүрмээ сахиж, хөлийн цэцийн шийдвэрээр дахин барилд гэж шаардсаныг зөвхөн архангайхан байснаар ойлгуулахыг хичээжээ. Тэнд дан архангайхан эсэргүүцээгүй шударга үзэгчид давалгаалсан. Тус сонин тэр ч атугай хөлийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэж “шороотой арслан” гэж цололжээ. Иймэрхүү бичвэр бөхийн дүрмийг үгүйсгэн, хөлийн цэцийг нулимагч-жалга довын баатруудыг оодруулж, иргэдээ хуулиа дээдлэн чанд сахидаг болгох Төрийг бодлогыг хүчгүйдүүлдэг чимээгүй алуур юм. Хуулиа мөрдөх нэгэн зорилгод бүгд нэгдэхэд хэвлэл мэдээлэл онц үүрэгтэй. Хайнцсан барилдаан далимдуулж, “Увс Архангайн талцал” гэж хоёр аймгийн хооронд чулуу шидэх сэтгүүлчийн ёс зүйд харш. Гэхдээ сэтгүүлчийн төлөвлөснөөр тэд хоорондоо өширхөнө гэдэг юу л бол. Тэд худ ураг, цус холилдсон садан хамаатнууд. Пүрэвдагвын ээжийн аав гэхэд Шатар гэж Өгий нутгийн ахан дүү бидний хайртай сайхан өөлэд бөх байсан.             

Эцэстээ шөнө ч дэндүү оройтлоо. Төрт улсын ёст их наадам, гадна дотны олон үзэгч болоод Төр Засгийн удирдагч нараа Бүрэнтөгс хүндэтгэсэн үү өөрөө цөхөрсөн үү дахин барилдахыг зөвшөөрч ямар ч маргаангүй унасан билээ. Энэ тухай дээрх сонинд бичсэн нь: “Өрсөлдөгч бөхийг нь цэнгэлдэх дүүрэн олон дэмжиж, өөрийг нь “хас” хэмээн орилолдож, наадамчдын эсэргүүцэл усны урсгал шиг давалгаалан ирэхэд хорин хэдтэй залуу тэсч чадаагүй. Яалт ч үгүй эхэр татан уйлсан” гэж уярчээ. Бүрэнтөгс арслан дахин барилдаж уначихаад дэвжээн дээр түрүүлгээ харж хэдэн мөч харамсан хэвтээ биз дээ. Түүнийг “хас” гэдэг шаардлага аль өмнө нь дахин барилдахгүй гэж цаг шахам гөжих үед цуурайтаж байсан. Тэр оргил үед Бүрэнтөгс уйлах нь бүү хэл дахин барилдахгүй гэж ханхалзаж зогссон. Ийм илэрхий юман дээр том сонин худал мэдээ цацсан нь зорилготой биз.

Ер нь цаашдаа дүрэмгүй, шүүгчгүй, дэвжээ нь хязгааргүй монгол бөхийн барилдаанд шинэчлэл зайлшгүй болжээ. Спортын алив тэмцээн шүглээр эхлээд шүглээр зогсдог. Өвөрмөц үндэсний дохио зангаа ч хэрэглэдэг. Манай хоёр бөх тэврэлдэж зогссоноо жаахан цуцахаараа засуулын зөвшөөрөлгүй дур мэдэн барьц тавилцаад ташаа тулж баахан хаахалзах юм. Тэр хоёрыг хэн тэгж үзэгчдийг чилээгээд амар гэсэн юм бэ. Ингэж амарч байхдаа хэн нэг нь нөгөөгөө араас нь дайрч, өргөөд шидчихвэл яах вэ. “Эхэл” гэсэн дохио өгөөгүйтэй адил “зогс” гэсэн дохио өгөөгүй. Хоёр бөх сайн дураараа золгодог, эсвэл нэг нь дайрдаг, нөгөө нь ухарч зугтаад, хулчийвал наадамчдын өвөр дээр шалавхан гараад суучихна. Хил хязгааргүй дэвжээ, цаг хугацаагүй барилдаан Монгол наадмыг гутаах болов. Барилдаан будилбал шүүдэг засуул цэцүүд шуурхай шийдэх чадваргүйдээ арчаагүй мунгинахыг гадныхан тэсэж ядан хүлээж, шоолох янзтай. “Би дийлсэн, чи ойчсон” гэж будилсан хоёр бөхөө албаар хэрэлдүүлж, наадамчдаа зориуд чилээж, цаг бараад ч байгаа юм шиг. Дэвжээн дээр бөөн хэлхэлдээн. Хэрүүл энүүхэнд, зодоон гарахгүй бол дээдийн заяа. Хөгшин бөхчүүд дэвжээн дээгүүр хэлхийлдэн майжигнаж, барилдаан таглаад зогсчих юм. Ямар үүрэгтэй нь бүрхэг. Барилдаан ид өрнөж буй чөлөөт, жюдо, сумо бөхийн дэвжээн дээгүүр нэр цуутай нь тэгж сэлгүүцвэл юу болох вэ, төсөөлөөд үз. Сумо бөхийн дэвжээн дээр шүүгчдийн шийдийг эсэргүүцээд Бүрэнтөгс шиг уйлаад хэвчихвэл япончууд яах бол. Шүүгчдийн шийдвэрийг сумочид бурхны зарлиг шиг л хүлээж авдгийг бид үзээд л байгаа. Сумогийн шүүхчид эргэлзээтэй шийд гаргадаг л гэсэн. Япон бөхчүүд, япон үзэгчид манайх шиг хэдэн сараар хэрэлддэггүй.

Пүрэвдагвыг аархаж Тэрэлжид хүн үхтэл зодсон гэж зунжин гөрдөв. Пүрэвдагва тэр үед Тэрэлжид очоогүй, хүн зодоогүй, зав чөлөөгүй бэлтгэл, барилдаантай явсан гэдгээ мэдэгдсэн. Тэгтэл “Өдрийн сонин”-ы 2016-09-24-ний дугаарт Д.Батаа мартагдаж асан хэрүүлийг дахин асаав. Бүрэнтөгс Пүрэвдагва хоёрын барилдаан маргах аргагүй болсон ч их ястан нь давж байгаа нь Гиннесийн номд орохоор болов. Түрүүлж үзүүрлэсэн аварга, арслан хоёроос допинг илэрснийг МАН-ын томчууд “Тэр хүмүүсийн нэрийг гаргаж болохгүй, хав дар” гэж үүрэг өгсөн гэж мэдэгджээ. МАН-ын энэ шившгийг олон нийт тэр дундаа увсынхан үзэн ядах нь зүй. МАН уучлал гуйх байлгүй. Гүтгэсэн аваас хариуцлага тооцох ном увсынханд ч адилхан үйлчлэх ёстой. МАН-ынхан Ю.Цэдэнбалын ойг чамгүй эсэргүүцлийг нуга дарж байж дуулиантай тэмдэглэсний хариу энэ. Хайнцсан хоёр бөхийг дахин барилдуулсан тохиолдол Гиннесийн номд орох юм гэнэ. Дэндүү даварч байгаа юм шүү. “Би давсан” гээд танхил хүүхэд шиг орилоод хэвтчихдэг зангаараа олимпын дэмжээн дээр “манай бөх ялсан” гээд нүцгэлснээрээ юу амсав. Спортод шүүгч-цэцийн шийдвэрийг бурхны зарлиг гэж дагадаг нь соёл юм.         

Наадмын зохион байгуулалт нэг л биш ээ. Нээлтээр эхэлсэн уртын дуу хоёр өдөр нэг ч мөч тасрахгүй. Сүүлдээ уяа бөх, уртын дуу хоёр бүр залхаачихав. Уртын сайхан дуу маань эцэстээ цахиртсан чихний чийр болох нь харамсалтай. Хэдхэн дуу, хэдхэн дуучны хуучин пянзыг жил бүр давтаад буй нь тэвчээр барна. Ядаж шинэчилж болдоггүй юм байх даа. Гайхам мэхэнд уулга алдаж буй үзэгч дуу сонсох уу. Бөхийн тайлбарлагч нарыг бас яалтай. Нэг бөхийг зарлах гэхээрээ Хүннү гүрэн байгуулагдсаны, их эзэнт Монгол улс тунхагласны, үндэсний эрх чөлөөний, ардын хувьсгалын төчнөөн жилийн ойн баяр наадамд барилдаж буй далай даян дархан аварга, тэр аймаг, тэр сумын уугуул, тийм хязгаарагдмал хариуцлагатай компаний бөх тийм мэх хийлээ гэх гэсэн нь нөгөө барилдаан аль эрт дуусаад, дараачийн даваа эхэлж байж магадгүй. Тайлбарлагч үзэгч хэн хэндээ яршигтай. Өчнөөн жил тайлбарлаж буй хүмүүс өөрсдөө анзаардаггүй нь хачин. Энэ жилийн наадамд ямар ямар түүхэн ой таарч буй, хэдэн бөхөө ямар цолтой, аль нутгийнх гэдгийг цөөхөн монгол уг нь андахгүй. Гагцхүү хийх гэж буй мэх, алдаа оноог нь цөөхөн үгээр агшин зуур зарлаж үзэгчдэд тусалмаар юм. Засахад гарын дор иймэрхүү зохимжгүй өчүүхэн өө сэвийг арилгахад хөгжил хүчээ авч яваа өнөөн цагт юухан байхав. Наадам улам сайхан болох төрхөө олжээ. Уруудаж бус, өөдөлж яваа улсад үг нэмэх урамтай. Жуулчдаар зоос олох гол бахархал маань наадам шүү. Наадмаа гоё болгож алдарш залуусаа.
                                                                                                                  
2016