Өөдөсхөн жижигхэн тотийн үлгэр
Эрт урьдын цагт нэгэн удаа будда өөдөсхөн жижигхэн тотийн төрөлд төржээ. Тэр тоть жижигхэн ойд амьдардаг байв.
Хүү минь хүсэл сэтгэлээ хянаж бай.
Хүчлээд хэрэггүй. Хүсээд хэрэггүй.
Эрэл хүслийн шуналаас ангижир.
Мөнх амгалан үнэмлэхүй үнэнд нэвтрэхийг хичээ.
Бясалгал гэж энэ билээ
Би ингэж бодож байна
Чи юу гэж бодож байна
Хүчлээд хэрэггүй. Хүсээд хэрэггүй.
Эрэл хүслийн шуналаас ангижир.
Мөнх амгалан үнэмлэхүй үнэнд нэвтрэхийг хичээ.
Бясалгал гэж энэ билээ
Би ингэж бодож байна
Чи юу гэж бодож байна
Сайн байна уу? Миний хүү.
Аав нь чамд үлгэр хэлж өгье.
Будда бурхан багшийн өмнөх төрлийн үлгэр маш олон байдаг. Тэдгээрийн нэг нь энэ үлгэр юм.
Эрт урьдын цагт нэгэн удаа будда өөдөсхөн жижигхэн тотийн төрөлд төржээ. Тэр тоть жижигхэн ойд амьдардаг байв. Тэрээр өдөрт хоёр цаг бясалгал хийдэг байв. Уул моддыг тойрон нисэн дуулж бүжиглэнэ. Тэр тоть бүгдэд “Сайн уу?” гэж мэндчилнэ. Ойн бүх араатан амьтад түүнд маш их хайртай. Ямар ч асуудал үгүй. Тэр өөдөсхөн жижигхэн тоть энэ ертөнцөд зовлон бэрхшээл үгүй аз жаргалтай баяр баясгалантай сайхан амьдардаг байлаа. Тэр нэг өдөр тэнгэр бүрхэж орчлон ертөнц харанхуй болов. Цахилгаан цахилан хуурай модонд цахилгаан бууж эргэн тойронд мод өвс шатаж эхлэв. Тэгээд маш их хүчтэй салхи салхилаж удалгүй ой бүхэлдээ тэр чигээрээ их галд автав. Ойн бүх амьтад сандралдан давхилдаж гал түймрээс нуугдаж гарах газар хайна. Хаашаа ч харсан гал түймэр. Тэд хаашаа ч явах газаргүй болцгоов. Тэдний байдал маш их хүнд бэрх болов. Газар сайгүй их утаа, их түймэр дүрэлзэж байлаа. Буддагийн урьд төрөл тэр өөдөсхөн жижигхэн тоть сандран энд тэнд гал утаанд нисэж “Хурдан гүй” Тэнд түймэр байна. Тэнд гал байхгүй байна. Тийшээгээ давхи. “Хурдал” гэж хашгирсаар...
Эргэн тойронд бүхэлд нь гал утаа нөмөрсөн юм. Салхины хүч чангарч дэндүү бяцхан тотины дуу хоолой дуулдахгүй боллоо. Гэсэн хэдий ч тэр “Ийшээгээ гол руу зугт. “Хурдал” гэж ойн амьтдад зам заан хашгиран ниссээр... Ихэнх араатан амьтад гал түймрээс гарч чадахгүй болов. Яг энэ үед жижигхэн тотинд нэгэн мэргэн санаа төрлөө. Ингээд тэр тоть гол руу нисэж усанд өөрийгөө шалба ногоод эргэж ойруу нисэн ирэээд хэдхэн цөөн дусал ус түймэр рүү далавчнаасаа дуслуулав. Хэдийгээр түүний энэ үйлдэл ямар ч ач тусыг үзүүлж чадахгүй байсан ч гэсэн тэрээр дахин дахин энэ үйлдлээ давтсаар л байлаа. Тэрээр “Би чадахаасаа чадахгүй болтлоо ажилланаа” гэж өөрөө өөртөө хэлж байв.
Тэр дахин дахин энэ үйлдлээ давтан хийсээр л байлаа. Түүний бие түймрийн утаанд бохирдож тэр чигээрээ тас хар өнгөтэй болсон. Тэр жижигхэн тоть. Тоть гэхээргүй хар хэрээтэй илүү адилхан өнгөтэй болсон гэдэг юм. Тэр тоть маш их ядарсан. Тэгээд тэр өөртөө ингэж хэлж байлаа. “Би тун жижигхэн шувуу гэсэн хэдий ч би үүнийг хийж чадах ёстой билээ. Би бодож байгаагаасаа илүү ихийг чадна” хэмээн хэлсээр байлаа.
* * *
Энэ үед тэнгэрийн элчис тэнгэрт суугаад амтат цэцгийн балан дарсаа шимтэн сууцгааж байлаа. Тэд тэнд инээж баясан хөгжилдөцгөөн байцгаалаа. Тэгээд тэд нар ертөнц руу доошоо харцгаав. Утаа суунаглаж, ойд түймэр гарчээ. Нэгэн жижигхэн хар цэг гол болон гал дүрэлзэн асаж байгаа ой мод хоёрын хооронд нисээд байгааг тэд нар харцгаав. Тэрээр голын усанд өөрийгөө шалба норгож ирээд дүрэлзэн байгаа ойн гал руу доош нь цөөн хэдэн дусал ус дуслуулан байгааг тэд харцгаалаа. Тэр тэнгэрийн эрхэсүүд ийн өгүүлрүүн: “Тэр мулгууг харж байна уу? Түүнийг уураг тархи нь эвдэрчээ. Энэ их ойн түймрийг далавчнаасаа дуслах хэдхэн цөөн дусал усаар унтраах ямар боломж байнаа? Дэндүү мулгуу юм. Тэр шувуу байх гэцгээнэ. Тэгээд тэд инээлдээд түүнийг очиж үзэхээр болцгоов.
Тэдгээр тэнгэрийн эрхэсийн нэгнийх нь сэтгэл тун их хөдлөжээ. Тэрээр өөрийгөө асар том хүчит шувуу болгож хувиргалаа. Тэгээд тэр том шувуу жижигхэн тоть байгаа тэр газар руу нисэж ирлээ.
Нөгөө жижигхэн тоть шувуу жигүүрээ дэвэн ниссээр л байв. Тэрээр шатаж байгаа ой мод руу доош нь дусал ус дусааж урагш хойш ниссээр л байв. Тоть тэр том шувууг харлаа. Тэр том шувууны жигүүр нь өнгө өнгийн гэрлээр солонгорно. Түүний нүд нь гал аянга мэт гялалзана. Түүний бие сэтгэл зүрх нь бүхэлдээ энэрэл хайрын хүчээр бялхаж сүрлэг их жигүүрээ дэвэн ниснэ.
Тэр жижигхэн тоть урьд өмнө нь хэзээ ч ийм сүрлэг том шувуу харж байгаагүй гэдэг юм. Түүнийг харсан тэр тоть маш их таатай байдалд умбав. Гэсэн ч тэр тоть өөрийн үүргээ мартаагүй юм. Тэр хэдийгээр маш их ядарч байсан ч гэсэн гол руу очиж өөрийгөө шалба норгосоор, шатаж байгаа ойд очиж дусал ус дуслуулсаар л байлаа.
Тэр том шувуу тотинд хандаж: “Хөөе бяцхан тотио! Битгий мангартаад бай. Явж хэсэг амар. Шатаж байгаа ой руу дахин битгий яв. Больж үз. Тэгэхгүй бол чи тэнд үхэх болно шүү дээ. Гэв. Тоть түүнийг сонсохыг ч хүсэхгүй байв.
Тоть түүнд:
“Таныг сонсох зав надад даанч алга. Би үүргээ биелүүлэх болно. Миний дорой бие хийж чадах бүхнээ хийх болно гэв.
Ингэж хэлээд тэр бяцхан тоть гол руу ой руу урагш хойш ниссээр л байв. Тэр түймрийг унтрааж занганд орсон хөөрхий амьтдыг аврахаар чармайн зүтгэсээр л байлаа. Тэр өөдөсхөн жижигхэн тоть том шувуунд хандаж:
“Надад одоо зөвлөгөө хэрэггүй. Хэрэгтэй юм гэвэл тусламж хэрэгтэй байнаа” гээд “Хоосон зөвлөгөө надад хэрэггүй” гэлээ. Тэгээд тэр тоть өөрийн ажлаа хийсээр байв. Тэр том шувуу бол дээд тэнгэрийн амьтан. Өөдөсхөн жижигхэн тэр тоть шувуу энэ ертөнцийн ядарсан зовсон амьтдыг аврахын төлөө хэрхэн өөрийгөө золиослож чадаж байгааг, тэмцэж байгааг нь хараад тэр тэнгэрийн том шувуу уяран хайлав.
Тэгээд тэр тэнгэр лүү харлаа. Тэнгэрийн элчис амттан идэж цэцгийн балан дарс шимэн сууцгаах аж. Тэд өвчин зовлон, уй гашуугаар дүүрэн энэ ертөнц рүү доошоо харах сэхээгүй суух ажээ. Тэд бол буян хишигтнүүд юм. Тэд тэнгэрт очиж маш таатай сайхан амьдралаар амьдардаг юм. Тэгээд тэр том шувуу оюун ухаант энэрэн нигүүсэх сэтгэлт, эрэлхэг зоригтой тэр жижигхэн тоть шувууг өрөвдөн хайрлаж бишрэн шүтэв. Төр өөрөө өөрөөсөө ичсэн. Тэгээд түүний сэтгэл хөдөлж тэр уйлж эхэлсэн. Түүний нулимс тэнгэрт бороо адил асгарав. Ойн их түймэр унтарлаа. Тэр бороонд жижигхэн тоть бас угаагдаж сэтгэл татам хуучны адил үзэсгэлэнт нэгэн тоть болжээ. Араатан амьтад бас аюулаас мултараад гоёо гоёо гоёо гэж дуулцгаасан гэдэг юм. Бүгд дуулалдан бүжиж жижигхэн тотинд баяр хүргэж баярлалдан хөөрөлдөв. Тэгээд тэд урьдных шигээ баяр жаргалтай сайхан амьдарцгаав. Үлгэр ийн төгслөө.
Тэгэхээр ийм юм.
Миний хүү чи аавыгаа сонс!
Тиймээ! Орчлон ертөнц бээр цаглашгүй дээд нэг л хүчтэй байдаг юм. Тэр хүч бол хайрын хүч. Би ингэж бодож байна. Хайр бол хүчээр тулгадаггүй. Тэр үлгэрлэн сургадаг. Тэр шударга боловч нүдэнд дулаахан. Тийм учраас хайр бол бүхнээс илүү их хүчтэй. Хайр бол зөвхөн ганцхан хайртай хоёрт заяагдсан зүйл биш. Тэр бүгдэд тэгш тэнцүү байдаг зүйл. Тийм учраас тэр газар сайгүй оршдог. Тэр энэ дэлхийн эцсийн хүн орших хүртэл орших болно. Тийм учраас хайр бол мөнхийн оршил мөн.
Би ингэж бодож байна.
Гэхдээ бид бүгд хайрын мөн чанарыг ойлгодоггүй бас ойшоодоггүй юм. Амьдралын утга учир үгүй байдал. шаналгаа, өвчин зовлон, хорон муу санаа, хүсэл тачаал энэ бүгд хоорондоо нэг л суваг хүчин зүйлээр холбогддог. Тэр бүгдийг тэсэж гарах зөөллөж чадах цорын ганц хүч бий. Тэр бол хайрын хүч. Ёс зүйт оюунлаг, сүнслэг чанарт орших хүч. Тийм учраас бүх юмс хайр энэрэл дотор оршдог.
Хувь заяа амьдрал бүх юмс тэр замаар явдаг. Тийм учраас хайр бол бурханд хүргэх зам мөн. Тийм учраас хүү минь чи хүнийг хайрла. Амьтныг хайрла. Амьдралыг хайрла. Хүмүүнийг хэний боловч аз жаргалтай байлгахыг хичээ. Тэгвэл чи зовлонгийн үндсийг таслана. Хүмүүсийг аз жаргалтай болгохыг хичээ. Тэгвэл чи бузар үйлийн үндсийг тасдана.
Аав нь ингэж бодож байна
Чи юу гэж бодож байна.
“Хүүдээ бичсэн захидал” номноос
Энэ үлгэрийг надад ярьж өгсөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Дэндэвийн Жамъяан таньд баярлалаа.