Иргэншлийн замд Монголын соёлын альманах
Бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг нүүдэлчид нэг дор бөөгнөрч, айлсаж болохыг тэдний хүсэл зориг шийдэхгүй. Тэдний эвтэй найрсаг байдал, хамтран амьдрах хүсэл шийдэхгүй. Харин малынх нь тоо толгой шийднэ. Энэ уулын үзэсгэлэнт ам 5 зуун хонь тэжээх бэлчээртэй бол тэнд бүх хонь нь нийлээд түүнээс хэтрэхгүй тийм тооны малтай айлууд л айлсаж болно.
Бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг нүүдэлчид нэг дор бөөгнөрч, айлсаж болохыг тэдний хүсэл зориг шийдэхгүй. Тэдний эвтэй найрсаг байдал, хамтран амьдрах хүсэл шийдэхгүй. Харин малынх нь тоо толгой шийднэ. Энэ уулын үзэсгэлэнт ам 5 зуун хонь тэжээх бэлчээртэй бол тэнд бүх хонь нь нийлээд түүнээс хэтрэхгүй тийм тооны малтай айлууд л айлсаж болно.
Монголчууд угаасаа овгийн байгууллын үлдэц гэмээр ахмад настан, өтгөсийн амьдралын туршлага, нөөлөг дор ах дүүсээрээ бүлэглэн амьдрах дуртай. Дуртай ч юу байх вэ? Хоёр гурван гэр, их л олондоо таваас илүүгүй айл нэг хот болон айлсах боломжтой тул аав, хүү, хүргэнийх нийлээд дээрээс нь өөр хөрш нэмэх боломжгүй болчихож байгаа юм.
Ингээд ирэхээр хэд гурваараа нийлсэн хот айлын эрх ашиг нь нэг ёсондоо ураг садны дундын ашиг сонирхол болоод явчихна. Хамрын цаана байгаа өөр нэг хот айлын хувьд бэлчээрээ булаалдахгүй бол ямар нэг харилцаа холбоо үүсэхгүй. Тэгэхээр нийт малчин ардуудын эрх ашгийн нийтлэг нэг зүйл гарч ирээд түүнийгээ дагаад нийлээд зохион байгуулагдаад явчих юм бага.
Түүгээр ч барахгүй хаана буух, хаашаа нүүх, гэрээ яаж барих, малаа хэрхэн хариулах нь өөрсдийн дур. Улс төр, иргэний эрх, эрх чөлөөний тухай ойлголтгүй хүмүүст ийм дураараа амьдрал бол эрх чөлөөний дээд. Янз бүрийн хүсэл, сонирхолтой олон айл нийлээд ирвэл хүн бүрийн энэ эрх чөлөө хязгаарлагдах тул иргэншин суурьших нь бараг л тэдний эрх ашигт эсрэг гэмээр зүйл.
Мэдээж хэрэг дан хамаатан саднууд айлсаад байхгүй, найз нөхөд, нэг голынхон зусландаа, намаржаа, хаваржаандаа айлсах нь элбэг. Харин өвөлжөө бол цагийн хатууд нөөцөлж үлдсэн, хэмжээ хязгаартай бэлчээр учраас дур дураараа нийлэх боломж хомс. Төрөл саднаасаа өөр хүний бараа цөөхөн хардаг хүмүүс өрөөл нэгэнтэй уулзах, айлсах, саахалт буух нь бөөн баяр. Чухам үүнээс монголчуудын гойд дуртай найр, наадам хэмээх “олон нийтийн арга” хэмжээ үүдэн гарсан. Зуны хэдэн сар айлсаад ирэхээр хоёр гэрийн авгай муудалцаж болно. Тэгвэл намаржаандаа салаад бууна. Хавар эргээд саахалт буухад бие биеийнхээ алдаа дутагдлыг мартаад уулзахын мөрөөс болсон байна.
Дундын эрх ашиг, сонирхлын нийтлэг гээд байхааргүй нүүдэлчид өөрсдийгөө хамгийн эв найртай хүмүүс гэдэг. Үнэхээр насаараа нэг голд амьдраад ам мурийж үзээгүй, хэзээ ч нэгнийгээ гомдоож байгаагүй хүмүүс олон байдаг. Энэ нь дээрх мөрүүдэд өгүүлсэн хамтрах боломж хомс байдагтай гол төлөв холбогдоно.
Үгүйдээ л аж ахуйн нийтлэг эрх ашиггүй учраас муудалцах шалтгаангүй, нэг дор суурьшин удах аргагүй тул бие биеэсээ уйдах бололцоогүй байжээ. “Ромео, Жүлетта хоёр суусан бол ядаж хэрэлдэх байсан” гэдэг шиг нүүдэлчид суурьшаад, дундын эрх ашигтай болоод ирэхийн хэрээр хэчнээн зөрүүд, эв муутай нөхдүүд болох нь харагдаад ирдэг. “Ноёдын үхэл чуулганд, Нохойн үхэл зовлогод” гэсэн нэгэн афоризмыг монголчууд бодож зохиосон байна. Нийлээд чуулган хийж асуудлыг ам хэлээрээ зохицуулах гэхээр амжилт олдоггүй. Яриа хэлэлцээрүүд нь олон тохиолдолд сэлэм зөрүүлснээр дуусдаг байсан болохоор ийм үг гараа болов уу хэмээн бодогдоно. Энэ нь угаасаа төрөлхийн эв муутай гэсэн үг биш байх. Он удаан жилээр суурьшин амьдарсан иргэншилт гүрний иргэдийг бодвол зөрчилтэй зүйлсээ хамтаараа нийцтэй шийдвэрлэх туршлага суугаагүй гэсэн үг байх.
Нэгдэлжих хөдөлгөөн ялснаар нэг талаасаа хувийн өмч, өмчийг дагасан хувь хүний бизнес сэтгэхүйг дарангуйлсан боловч он удаан жилийн нүүдэлч амьдралд нь цэг тавьж эхэлсэн юм.
Сайн эрээс хулигаан
Аль ч нийгэмд албан ёсоор зөвшөөрөгдөөгүй мөрөөдлийн “ёс суртахуун” ба түүнийг хэрэгжүүлэгч баатруудын үлгэр байдаг. Тэдгээр нь хууль бус явдал, төрийн дарамт, гадны эзэрхийллийн эсрэг тэмцэгч баатрууд байх жишээний. Ийм баатруудыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх боломжгүй. Албан бус мөрөөдлийн баатрууд нь шударга бус төр, гадны эзэрхийллийн үед ихэвчлэн холбогддог. Хожмын түүхнээ тэднийг үндэсний баатар болгон дүрслэх нь ч бий. Манжийн эзэрхийллийн үеийн Гадаад Монголд ”шилийн сайн эрс” хэмээх албан бус үндэсний баатруудтай байсан юм. Хулгай хийх нь сайн үйлс биш. Хамгийн гол нь тэд хууль цаазтай тэрсэн амьдарч байгаа учраас нийгэмд таалагдаж байв. Хууль цаазын эсрэг санаа бол уг чанартаа Монголыг гаднаас эзэрхийлэгч Манж Чин гүрний бодлого, тэдний тулгасан хууль цаазын эсрэг тэмцэл юм. Сайн эрсийн үйлдэл, хэргээ хүлээдэггүй гүргэр чанар, есөн эрүү даадаг тэсвэр тэвчээр нь гадны нөлөөллийн эсрэг тэмцлийн бэлгэдэл болон харагдана. Хожмын хувьсгалт түүхнээ хувийн өмчийг үгүйсгэсэн коммунист дэглэм нь монголчуудын эртний мөрөөдөл байсан мэтээр нотлох зорилгоор сайн эрсийг нь баячуудын өмч хөрөнгийг булаан ядууст түгээдэг, нийгмийн тэгш бус байдлыг арилгахын төлөө тэмцэгч “хөдөөний марксист” байсан мэтээр гуйвуулж бичсэн билээ.
Иргэншин суурьшиж, коммунизм байгуулах монголчууд хөдөөний сайн эрсийн байр суурийг хотын сайн эрс залгамжлан авлаа. Тэднийг хотын хулигаан гэх. Урьдын сайн эрс аль болох аймаг алгасч, хошуу гулсуулж адуу хөөдөг бол шинэ цагийн хулигаанууд өөр өөрийн хорооллыг эзэгнэн эзэмшлийн бүс тогтоох ба нутгийн хил зөрчсөн этгээдийг их төлөв тононо. Гэхдээ энэ нь ердийн дээрэм, тонуул, халаасны хулгайгаас өөр дүрэмтэй, хязгаартай, ихээхэн жентелмэн маягийн хүчирхийлэл байжээ. Хулигаанууд хотын төв рүүгээ орохын хэрээр соёлтой, хэр хэмжээтэй болох ба захын хорооллынхон илүү харгис хэрцгий, дүрэмгүй шинжийг олно. Дөчин мянгатад зүгээр дээрэмдүүлээд эрх биш автобусны мөнгөтэй үлдээд онцгой тохиолдолд үнсүүлээд салдаг бол “Таван зуу” хэмээх зах хороололд юмаа алдаад, далимд нь бялба нүдүүлээд амьтай голтой үлдэх нь олонтоо.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Baabarniitlelch
Baabarniitlelch