Та идэхийн төлөө амьдардаг уу
Идэхийн төлөө амьдардаг уу, эсвэл амьдрахын төлөө иддэг үү гэж асуувал уншигч та юу гэж хариулах вэ? Хүн төрөлхтний нэг хэсэг нь эртний Грекийн гүн ухаантан Сократ 2400 жилийн өмнө хэлсэнчлэн “Хүн амьдрахын төлөө идэх ёстой” гэж үздэг аж. Харин нөгөө хэсэг нь идэхийн төлөө амьдардаг гэж үздэг агаад тэдний олонх нь үгээрээ яг тэгж хэлээгүй ч үйлдлээрээ илэрхийлдэг гэнэ.
Идэхийн төлөө амьдардаг уу, эсвэл амьдрахын төлөө иддэг үү гэж асуувал уншигч та юу гэж хариулах вэ? Хүн төрөлхтний нэг хэсэг нь эртний Грекийн гүн ухаантан Сократ 2400 жилийн өмнө хэлсэнчлэн “Хүн амьдрахын төлөө идэх ёстой” гэж үздэг аж. Харин нөгөө хэсэг нь идэхийн төлөө амьдардаг гэж үздэг агаад тэдний олонх нь үгээрээ яг тэгж хэлээгүй ч үйлдлээрээ илэрхийлдэг гэнэ.
Хэрэв та өөрийгөө аль талд нь харьяалагдаж буйгаа ойлгохыг хүсвэл юуны өмнө биеийн жингийнхээ үзүүлэлтийг (BMI or body mass index) тооцоод үзээрэй. Биеийн жингээ (кг) өндрийнхөө хоёрын зэрэгт (м2) хуваахад 25-аас бага байвал та хэвийн, дээш бол илүүдэл жинтэй, 30-аас дээш бол тарган буюу идэхийн төлөө амьдарч байгаа хэсэгт нь багтаж буй хэрэг. Гэхдээ энэ хэсэгт та ганцаараа биш ээ, маш олуулаа.
Хоёр жилийн өмнө Монголд 15-64 насны иргэдийн дунд хийсэн судалгаагаар таван хүний нэг нь илүүдэл жинтэй, арван хүний нэг нь таргалалттай гэж тогтоожээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар Монголд тав хүртэлх насны арван хүүхдийн нэг нь таргалалттай гарч, Азидаа Индонезийн дараа толгой цохих болов.
Харамсалтай нь илүүдэл жин ба таргалалт нь хүний үхлийн гол шалтгаан болох зүрх, уушги, цус харвалт, холестрол, чихрийн шижин өвчний дараа ордог зургаа дахь том эрсдэлээс гадна бусдыгаа (эрсдэлээ) өдөөгч нь гэж үздэг. Асуудлын гол нь та идэх ба амьдрах тухай хариултын аль талд нь орж байгаад биш, харин яавал аз жаргалтай, урт наслах вэ гэдгээ ойлгосон эсэх, бас ойлгож мэдсэнээ хэрэгжүүлж байна уу гэдэгт л байгаа юм.
Өнгөрсөн дөчин жилд арван мянга орчим хүнд мэс засал хийсэн ба тэдний олонход нь уушги, зүрх зэрэг цээжний хөндийн эрхтнүүдийг шилжүүлэн суулгасан, дэлхийд алдартай доктор Стиг Стинтэй Шведэд орших Игэлосагийн амьдрах ухааны төвд (Life science community, Village Igelosa, South of Sweden) зочлонгоо уулзах боломж тохиов.
Таван хүүхэдтэй, 68 настай, зөөлөн инээвхийлж ярьдаг, даруухан төрхтэй энэ норвеги эрдэмтний бүтээсэн хүний эрхтнийг тээвэрлэх уусмал гэхэд л түүний анагаахын шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж олон мянган хүний амийг аварсан нээлтүүдийн нэг нь аж. Стиг эмч илүү жин бол их илчлэг аваад, бага хөдөлдгөөс үүсэлтэй гэдэг ч гол нь замбараагүй, тогтсон дэглэмгүй идэх, эсвэл урт хугацаагаар өлсгөлөн байхтай (eating disorder) холбоотой гэж үздэгээ ярив. Дэглэмгүй идэх нь сэтгэл санааны байдал тогтворгүйгээс үүдэлтэй. Жишээ нь, барууны орнуудад хүмүүсийн эмчид үзүүлэх эхний гурван шалтгаанд тогтмол ядарч нойр хүрэхгүй байх, сэтгэл санааны дарамтад орох (стресс) ба илүүдэл жингийн асуудал багтаж байгааг тэрбээр дурдав. Илүүдэл жин, таргалалт зөвхөн хоолтой холбоотой биш аж. Хувь хүн хэвийн жинтэй байвал урт наслах, аз жаргалтай амьдрах боломж ихэсдэг болохыг тэрбээр тэмдэглэсэн юм.
Хүн аз жаргалтай, урт наслахын тулд дараах зарчим баримтлах хэрэгтэйг доктор Стиг зөвлөж байна. Юуны түрүүнд амьдралын зорилгоо (purpose) тогтоосон байх, биеийн хөдөлгөөн сайн хийх (exercise), бусадтай сайн харилцаатай (relations) байх, хангалттай сайн унтах (sleep), муу зуршлаас, ялангуяа тамхи татахаас татгалзах (omission), сайн чанартай, зөв хоол идэх (nutrition), хандлагаа (attitude) эерэг болгох зэрэг долоон үйлийг тогтмол хийх хэрэгтэй гэнэ. Тэднийг нэгтгэвэл PERSONA гэсэн үг болох бөгөөд per (дамжуулах гэсэн латин үг), sona (дуу авиа гэсэн латин үг) буюу хэл яриагаараа дамжуулах, харилцах гэсэн санааг илэрхийлж байна. Зөвхөн хэл яриагаараа л ойлголцож, бие биенээ хайрладаг харилцаанаас амьдралын аз жаргалыг мэдэрч, хүртдэг гэдгийг хорвоогоос одохдоо олонх хүн хэлдэг нь энэ эмчийн сэтгэл зүрхэнд бүрэн хоногшжээ. Ер нь бусдыг ойлгож, хайрладаг хүн л харанхуйг гэрэлтүүлж чаддаг буюу уулзсан хүн бүрээсээ ах дүү нараа олж хардаг гэнэ.
Мэть Полтой уулзаж байхад энэ америк залуу 27 настайдаа 150 кг жинтэй байсан гэхэд үнэмшихийн аргагүй санагдав.Тэр нисэх онгоцонд ороод суудлын даруулгаа татах гэж уртасгагч гуйдаг, өөрөө тогооч атлаа хоолоо тогтмол идэлгүй өнжөөд, шөнө нь гэртээ ирээд хийжүүлсэн ундаа, түргэн хоол, шарсан төмсөөр ходоодоо дүүргэдэг, чөлөөт цагаараа буйдан дээр тэрийж, зурагт харахаас өөр хүсэлгүй, чадал ч үгүй хүн байжээ.
Арван жилийн өмнөх түүхээ ярьж суугаа Мэть дэгжин хувцастай, аз жаргалтай, сайхан инээсэн, их хүнлэг, тусч төрхтэй залуу байлаа. Тэрбээр өдгөө 85 кг жинтэй, Игэлоса төвд тогоочоор ажилладаг, саяхан гэрлэсэн аж. Доктор Стигийн PERSONA аргын ач тусын амьд гэрч болсон тэрбээр төвийн эмчлүүлэгч бүрт сайхан, зөв хоол бэлдэхээс гадна сэтгэл санааны хосгүй дэмжлэг үзүүлэгч нэгэн болжээ.
Мэть 2007 онд ээжтэйгээ анх АНУ-ын Миссури мужаас Игэлосад ирж, зөв, чанартай хоол хүнс хэрэглэн, тогтмол алхаж эхэлсэн боловч олигтой турахгүй хэвээр байв. Гэхдээ өдөр тутмын цусны шинжилгээ нь түүний биед эерэг өөрчлөлт гарч эхэлснийг бараг л сарын дараачаас харуулж байлаа. Тэр их хэмжээний ногоо, өдөрт нэг удаа 100 грамм хар будаа, 100 гр уургаар баян загас, эсвэл өөхгүй мах голдуу идэж, хоёр удаа арай бага хэмжээтэй хооллож байв.
Хэрэв дараагийн хоол хүртэл өлсвөл уураг, өөх тос болон удаан шингэцтэй нүүрс усыг зохистойгоор тэнцүүлсэн “байгалийн тэнцвэртэй шөл” ууж байжээ. Энэ шөлийг доктор Стиг анх уушгины хүнд өвчтэй хүмүүст зориулан бүтээсэн гэнэ. Тэр эхлээд өдөрт 10.000 алхаж байснаа удалгүй мянга мянгаар алхмаа ахиулжээ. Анх ирэхдээ хоёр давхар руу шатаар гарахдаа хоёр ч удаа зогсон, амьсгаагаа дарж байсан бол бага багаар дэвшил гарсаар, нойр нь сайжирч, эргэн тойрны хүмүүс түүний амжилтад баяр хүргэдэг болов. Хамгийн гол нь тэр өөртөө таалагдаж, ажлаа сайн хийх, хүнд туслахын сайхныг мэдрэх болсноо бахархан ярьсан юм.
Эртний грекчүүд амьдралыг биологийн, сэтгэл санааны болон оршихуйн гэсэн гурван насаар хэмждэг байжээ. Уух, идэхээ тааруулан, уурлах, хямрахаа хязгаарлаж чаддаг хүмүүсийн санаа сэтгэл өөдрөг байж, тэгж чадаагүй хүмүүсийн биологийн наснаас урт амьдардаг аж. Гэтэл тэвчээртэй, өгөөмөр, эелдэг, хүнд итгэдэг, бусдыг өршөөж, өөрийгөө хянаж чаддаг хүмүүсийн нас сэтгэл санааныхаас ч урт байдаг тухай С.Стиг өөрийн алдарт “Игэлоса буюу велнесийн өлгий нутаг руу аялсан нь” номондоо бичжээ.
Оршихуйн насыг эдэлж, утга учиртай, аз жаргалтай, урт насалж яваа бараг бүх хүн Сократын хэлсэн шиг амьдрахын төлөө идэж, Стиг докторын PERSONA аргыг хэрэглэдэг гэвэл буруудахгүй санагдав. Та одоо дээрх хуваагдсан хэсгийн аль талд байхыг хүсэж байна вэ?
Aiush
Aiush
Aiush
zochin
Өлзий
Өлзий
Өлзий
Зочин
Зочин
Зочин
Зочин