Коммунизмийн хий үзэгдэл тэнэж явна
Монгол орноор коммунизмийн хий үзэгдэл тэнэж байна. Коммунист үзэл хэдхэн суурь тулгуур ойлголт дээр эрх чөлөөт нийгэм, ардчилал, чөлөөт зах зээлээс ялгагдаж байдаг.
Хүний эрхийн хамгийн чухал атрибут нь өмчлөх эрх. Зөвхөн өмчлөх эрхтэй байж л хүн эрх чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шударга ёсыг хэрэгжүүлэх боломжтой болдог. Өмчлөх эрхгүйгээр хүний эрх гэж үгүй. Өмчгүй боол ч юм уу, үгээгүй люмпэнд ямар ч эрх байх билээ, яаж ч эрх чөлөөтэй байж, үзэл бодлоо илэрхийлэх билээ дээ.
Тэгвэл өмчлөх эрх гэдэг нь юуны түрүүн аливаа эд зүйлсийг ашиглаж захиран зарцуулах эрхийг хэлдэг. Ашиглах эрх үгүй бол үнэтэй машин ч төмрийн сэг, гар утас ч ямар ч үнэгүй гялгар төмөр гэсэн үг. Тэр байтугай дотроо тэрбум доллартай банк ч гэсэн үйл ажиллагаа явуулах эрх, ашиглах эрхгүй бол сохор зоосны үнэгүй хогийн цаасны агуулахаас ялгаа үгүй. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуульд байгаа “газрын хэвлийд байгаа бүх баялаг ард түмний өмч” гэдэг заалт бол яруу найргийн мөрүүд л болохоос хууль, эдийн засгийн онолын ямар ч суурьгүй үгс юм.
“Оюу Толгойн” зэс, “Таван Толгойн” нүүрс ч гэсэн ашиглах эрх буюу ашиглалтын лицензээрээ л, судалгаа-төлөвлөлт-хөрөнгө оруулалт-уурхай-бүтээн байгуулалтын үйл ажилаагаагаараа дамжиж өмчилж болох баялаг болно. Эдгээр ордуудын эрдэсийнх нь өмчлөх эрхийг үйл ажилагаа явуулж ашиглах эрхээс нь салгаж ойлгоно гэвэл хүнийг хүүрэн бие ба сэтгэл оюунаар нь салгаж хоёр өөр хүн болгож хоёр паспорт өгөх гэснээс ямар ч ялгаа үгүй. Тийм ч учраас энэ 2 ордоос бусад зуу зуун уурхай Монголд ажиллаж “Үндсэн Хуульд” ард түмний гэсэн баялагийг маань хувийн компаниуд ухан гаргаж, борлуулж, ашигаа олж, татвараа төлөөд явж байна. Дэлхий даяр ч ийм л байгаа.
Тэгэхээр бидний дуртай ч бай, дургүй ч бай олон олон хүмүүс хэдэн зуун уурхай ажиллуулж байгаа, ажиллуулах гэж байгааг Төрийн хүчээр, ард түмний нэрээр хураан авч, өмчлөх эрхийг нь хасна гэвэл энэ бол цэвэр коммунист үзэл санаа. Яг энд л коммунизм, эрх чөлөөт нийгэм хоёр салдаг.
Нэгэнт хувийн өмчийг нийгэмчлэн хураан авах гэж байвал бас хуулийн үндэслэл хэрэгтэй. Бидний хэлэх дуртай Эрх зүйт Төр гэдэг үг бол Коммунист Төрөөс ялгаатай нь: хуулийн дор төр үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн дор Төр. Үүнийг нь л эрх зүйт төр гэж байгаа хэрэг. Эрх зүйт төр зөвхөн эрх чөлөөт хүмүүсийн нийгэмд л байна. Харин коммунист нийгэмд бол төр ба төрд байгаа том дарга нарт хууль үйлчлэхгүй. Дарга л юу гэж хүснэ, тунхаглана, зарлана тэрүүгээр л улс орны эдийн засаг, нийгэм, улс төр явна. Дарга ба төр хуулиас дээр тасарчихсан хүссэнээрээ амьдарна. Гэмт хэргүүд хийсэн яах ч үгүй.
Өнөөдөр ч гэсэн “Оюу Толгой”-оос 34%-с дээш, “Таван Толгойд” 50%-с дээш хувийг төр эзэмших хуулийн үндэслэл байхгүй байна. Гэхдээ дарга хүсч байна. Хуулийг дараа нь зохиочихно. Дарга хүссэний дараа. Тэр нь хүний эрх, өмчлөх эрхийн суурь үндсийг хөндсөн ч байсан хамаагүй. Эрх чөлөөт нийгмийн суурийг ганхуулсан ч хамаагүй. Дарга гэнэт хүссэн учраас.
Эрх чөлөөт нийгэмд Эрх зүйт Төр нь иргэдэд үйлчлэх, хүний эрхийг, хувийн өмчийг нь хамгаалах үндсэн үүрэгтэй. Монголын төрд тэр хамаагүй. Гол нь намаа дараагийн сонгуульд ялуулах үндсэн үүрэгтэй. Үүний тулд ядуу, харанхуй байгаа олон хүнд таалагдах өмч нийгэмчлэлт, коммунист бүх нийтийн тэгш хувиарлалтыг хийхэд ч бэлэн. Эрх чөлөөт нийгэмд хувь хүн, хувь хүний эрх, өмчлөх эрх, эрх чөлөөтэй байх эрх хамгийн гол суурь байдаг бол Монголд хувь хүн, хүний эрх, өмчлөх эрх нь зөвхөн Төрд түр байгаа намын сонгуулийн хэрэгсэл. Монголын төрд аль нам сонгуульд ялах, хэн хэн том дарга болох нь сонин болохоос ард иргэдийн амьдрал, ажиллах эрх сонин биш. Коммунист нийгэмд л Төр бүх үйлдлээ намын эрх ашиг, намын улстөрийн шийдвэрээр гэж тайлбарладаг.
Тэгш эрх гэдэг уул нь хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх, сонгох сонгогдох тэгш эрх, ажил амьдралын гарааны тэгш эрх зэрэг багтдаг. Ийм тэгш эрхийг эрх чөлөөт нийгэмд иргэддээ хангах нь төрийн үүрэг. Харин комунист нийгэмд үүнийг гуйвуулж нийгмийн баялгийг тэгш эрхтэйгээр хүртэх болгосон. Өөрөөр хэлбэл бүх нийтээрээ олсоноо тэгшитгэн хувиарлах. Жишээ нь гэвэл 1930-д оны хамтрал коммун, бидний тулж өнгөрүүлсэн соцнийгэм, мөн сүүлийн үед яригдаад байгаа ашигт малтмалаас олсон ашгаас хүн бүрт хувь хүртээх. Татвараар дамжин, хийснээр нь биш, зүгээр хүн бүрт хувь өгөх. Энэ коммунист арга ажил муутай арчаагүй олон түмнийг бий болгох, тухайн үндэстэн угсаатаныг мөхөөн устгах хамгийн хурдан, зөөлөн арга байдаг. Энэ замаар олон олон үндэстэн хорвоогоос тонилон одсондоо. Одоо Монголд дахин хэрэгжиж эхлэх юм байна л даа. Уул нь их төлөв эзлэн дарлаж байгаа харь үндэстэн нь колоничлогдож байгаа үндэстэн дээрээ хэрэглэдэг арга юмсан.
Монгол оронд коммунизмийн хий үзэгдэл дахин амилж, биежин төржиж байна. Либерал, хувьсгалт, ардчилсан гэсэн ямар ч нэртэй нам байж болох ч үйл ажиллагаа нь улаан коммунист үзэл санааны онолын үндэстэй, дарга нар нь фундаменталист коммунистууд байвал тэдний барьж байгаа төр Коммунист Төр байх болно. Сонор сэргэмжтэй байгтун хүн ардаа. 1911 оноос хойш бидний зуун жилийн тэмцлээрээ зовж олсон эрх чөлөөт нийгмийн үндсийг улаан өнгийн хөрөөгөөр дахин мэрж эхэллээ.
Монголчуудыг Тэнгэр ивээг.