Оросын “Время” хэмээх телевизээр тэдний түүхэн архивын дүрсүүдээр хийсэн баримтат кино саяхан гарлаа. Тэр кинонд тухай үеийн мэдээнүүдээс ашиглаж байх бөгөөд ОРТ–ын архивын эрхлэгчийн ярьж байгаагаар тэд бүр далаад оноос өдөр бүрийн мэдээг ч архивлан хадгалдаг ажээ.

1989.12.10 МоАХ анхны цуглаанаа хийж, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, эрх баригч МАХН-ын Төв Хороонд гаргасан өргөн барих бичигтээ олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд Ардчилсан хувьсгалыг эхэлснийг зарлан тунхаглаж байхад би бээр Монголын үндэсний телевизэд сэтгүүлчээр ажиллаж байлаа.

Харин өнөөдөр эргээд харахад тэр үед хийж байсан мэдээ битгий хэл олон түмэн үзэгчтэй байсан нэвтрүүлгүүдийн ч хальс архивт хадгалагдан үлдээгүй бөгөөд тухайн үедээ нэвтрүүлэг хийж байгаагаа түүх бичиж байна гэж ойлгож явсан хүн тун цөөн билээ.

Тухайн үед хамгийн их үзэгчтэй байсан “Цаг үе залуучууд” нэвтрүүлгийг хөтлөн хийдэг байсан сэтгүүлч З.Алтай тэр үеийн телевизийн дарга байсан Ю.Эрдэнэтуяа нар намайг нэг өдөр дуудаад тухайн нэвтрүүлгийн нэг дугаар хийх үүрэг өгсөн юм. Энэ бол  телевизэд ороод гуравхан жил болж байсан  надад маш  том завшаан, бас итгэл байлаа.Тэгээд би урам зоригтойгоор нэвтрүүлэгтээ орж явчихав. Нэвтрүүлэгээ эхлэхдээ 600 хэмээх том студийн тавилга сэлт оруулдаг асар том төмөр хар хаалганы өмнө З.Алтайгаар эхлэл үг хэлүүлж микрофоноо шилжүүлж аваад тэр хар хаалгаар далд орж Налайхын уурхайн лифтэнд сууж доошоо буугаад уурхайн хар хонгилоос нэвтрүүлгээ эхэлж байгаа мэтээр монтажлан хийж билээ.

Тэр үед “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэсэн үг их л хүчтэй, бас горьдлоготой сонстож байсан болоод олон хэсэг сурвалжлагуудаа  хонгилд эхэлж нэвтрүүлгээ төгсгөхдөө Пинк Флойд хамтлагийн дууны аяар нэвтрүүлгийн баг уурхайн цахилгаан шатаар дээшилж харанхуй  хонгилоос   гэрэл рүү гарч ирж  байгаагаар төгсгөж байж билээ.

Нэвтрүүлэгт тухайн үедээ бүгд сүм музей байсан хийдүүдийг хурал номтой болгох тухай… танай гэрийн хоймор аль талдаа байна вэ…та хоймортоо  юугаа залдаг вэ...гэсэн асуултаар холбож байв. Хүмүүс хойморт маань В.И.Ленины ботиуд бий гэх буюу манай хоймор зүүн зүгт байдаг...орон сууцны хоймор гэж байхгүй шүү дээ...Улсын хоймор бол Сүхбаатарын талбай л байх... гэх мэтээр хариулж байв.

Бас тэр нэвтрүүлэгт Дожоодорж агсан Ю.Цэдэнбал даргаас Москвад очиж ярилцлага авснаа эвлүүлж байхад нь гуйж нэг хэсгийг авч анх оруулсан, улс төрийн хэргээр шоронд сууж 53 хоног өлсгөлөн зарласан О.Цэдэндоржийн яриаг оруулсан зэргээс болж буруутаж дарга нар бөөнөөрөө ганц үзээд шууд эфирт гаргахыг хорьж билээ.

Гэтэл хүн бүр хүлээж үздэг “Цаг үе, залуучууд ” нэвтрүүлгийн хувиар сонинд зарлагдсан байсан болохоор бөөн асуудал үүсэж би телевизэд цаашид байх уу, үгүй юу дээрээ туллаа. Тэгсэн яг тэр нэвтрүүлэг зарлагдсан өдөр буюу 1990 оны гуравдугаар сарын долоонд Сүхбаатарын талбайд анхны улс төрийн өлсгөлөн зарлагдаад цаг үеийн мэдээ сурвалжлагууд орж ирээд өнөөх асар их үзэгчтэй байсан “ Цаг үе залуучууд” нэвтрүүлэг тасарсныг хэн ч анхааралгүй өнгөрч би ч ажлаасаа халагдах шийтгэл хүлээх байсан хэрэг замхарч одсон юм.

Өнөөдөр “Ардчилсан хувьсгал” хэрхэн эхэлсэн яг ямар хүмүүс анх эхлүүлсэн тухай залуучууд бараг мэдэхгүй болжээ.

Ердөө хорин зургаан жил өнгөрсөн ч асар хурдтай болж өнгөрсөн хувьсгалын тухай зөв буруу ярих, бичих нь ч олширчээ.

Тухайн үед телевизороор гарч байсан мэдээ сурвалжлагуудын ихэнх нь  арчигдан алга болжээ. Тэр үед хийгдсэн гуравхан баримтат кино байдаг юм.

Ж.Солонго найруулагчийн хийсэн “Найм хагас” одоогийн “Зохиомж” дээд сургуулийн захирал Б.Цогтбаярын найруулж миний зохиол, текст бичсэн “Халуун салхи” мөн 1994 онд болсон өлсгөлөнгийн тухай С.Ононбат Р.Тулга бид хэдийн хийсэн “Дөрвөн жилийн дараа” гэдэг гуравхан  баримтат кино байдаг ч өмнөх хоёр нь плёнка дээр хийгдсэн болохоор үрэгдэлгүй үлдэж бидний хийсэн бас алга болж орхисон юм.

“Дөрвөн жилийн дараа” кинонд өлсгөлөнд сууж байсан Р.Гончигдоржоос эхлээд талбайд сууж буй хэд хэдэн хүмүүс мөн шилэн байранд, Баабар, С.Зориг, Да.Ганболд тэргүүтэй олон хүн оролцож яриа өгч байлаа. Баабараас яриа авч байхад гэнэт гэрэл тасарч лаа асаан цааш үргэлжлүүлсэн нь хожим эвлүүлэг хийж байхад зориудын тавилт мэт харагдаж байлаа.

Бас тэр кинонд тухайн үед засгийн газрын шадар сайд байсан Д.Дорлигжав оролцсон бөгөөд гэхдээ тэрээр тэр өлсгөлөнг дэмжих бус харин шадар сайдынхаа ажлын талаар л хүүрнэсэн билээ.

Кино ч дуусч гаргах болоход Монгол телевиз гаргахгүй гэлээ. Тэгээд  С.Цогтсайхан, Д.Халиун бид хэдэн сэтгүүлчид  ерөнхийлөгч П.Очирбат дээр орж гуйж байж нэг удаа л тааруухан цагаар гаргуулаад  тэр баримтат кино таг замхарсан юм даа.
 

 1994 оны 5 сарын 30 ерөнхийлөгч П.Очирбаттай хамт киног үзэж байгаа зураг.

Одоо харин эргээд бодоход Д. Дорлигжав их анхаарал татахуйц зүйлс хийж байгаагаа тэгэхэд ярьсан санагдах ажээ. Тэрээр шадар сайдын ажлын хүрээнд гурван ажил эхлүүлсэнээ ярьж байлаа. Эхнийх нь хожим Н.Энхбаярын ажил болоод явчихсан Жанрайсэгийг сэргээн бүтээх  ажил, удаах хоёр  нь Монгол бичгээ сэргээх хөтөлбөр, Морин хуурын чуулга байгуулах төслийн тухай яриа байлаа. Тэр цагт тухайн ажлуудын  Засгийн газрын комиссын дарга нь Дорлигжав байсан түүхтэй юм даа.

Тэрээр уг кинонд ярихдаа… Бид тусгаар тогтнолоо олчхоод байна. Анх энэ бурханг бүтээхдээ ч Богд хаан тусгаар тогтнолын билэг тэмдэг гэж босгосон байдаг, миний шадар сайдын хүрээнд хийж буй ажлуудын нэг энэ бөгөөд монгол бичгээ сэргээх, морин хуурын чуулга байгуулах энэ гурван ажил бол үндэсний ухамсрыг сэрээх ЗХУ-аас л тулгасан үзэл суртлыг өөрчлөхөд маш чухал ажил юм даа... хэмээн ярьж байж билээ.

Анх морин хуурын чуулга байгуулах ажлыг төрийн морин хуурч Цэрэндорж, алдарт хуурч Д.Жамьяан нар санаачлан Засгийн газар шийдэх саналтай байсан ч дараагийн засгийн газрын үед Батчулуун агсан толгойлж, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүчин чармайлтаар хөгжсөөр өнөөдрийг хүрснийг   дурдах бараг илүүц биз.

Харин  тухайн үедээ түүх бичилцэж байна ч гэж бодож байсангүйн дээр тэр үед телевиз хальс цөөн өмнөх нэвтрүүлгийнхээ хальсыг дарж дараагийн нэвтрүүлэг хийдэг байсан болоод өнөөх “Цаг үе залуучууд” нэвтрүүлгээс ч үлдэж хоцорсон нь бараг үгүй бөгөөд “Дөрвөн жилийн дараа” баримтат кино ч мөн л дээрхийн адилаар алга болсон юм. Хэрвээ тэр кино одоо байсан бол хэн юу ярьж байсан нь тун ч сонин төдийгүй түүхэн эх сурвалж болж үлдэх байжээ.

Харин одоо хууль зүйн сайд хийж байгаа Д.Дорлигжавын яриаг өөрөө урлагийн талын хүний хувиар сайн санаж хоцорчээ.

Бид дэргэдээ байгаа хүмүүсээ анзаарч харах нь нэн ховор. Дорлигжав  л гэхэд 1989 онд анх Ардчилсан холбоог үүсгэн байгуулалцаж дараа нь 1990 оны өлсгөлөнд оролцож тэгээд дараа нь АИХурал болон бага хурлын гишүүн болж улмаар засгийн газрын шадар сайд, 1996 оны Ардчилсан засгийн газрын Батлан хамгаалахын хамгийн анхны энгийн сайд, 1998 оноос Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дарга, дараа нь  ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Ардчилсан намын дарга, ерөнхий прокурор, одоо хууль зүйн сайд хийж байгаа гэсэн цаглабар гарахыг бодоход сонин ажээ.

Бид бүгд уг нь нэгэн үеийн түүх бүтээж бас бичилцэж яваа  улс авч хариу үйлдэл хэрүүл шуугиан л сонирхохоос өөр зүйлсэд анхаардаггүйн тухайд харамсан  бодохын сацуу өнгөрч одсон цаг үеийн тухай бяцхан ч зурвас үеийг илтэд товчлон өгүүлэхэд ийм буюу.

Сайхан бүхэн эргэж ирдэггүй дээ гунигтай ч санаан зоргоор мартаж болдоггүй нь үнэнтэй  бөлгөө.
 
“Түмний нэг” хөрөг цувралын хэсгээс