Саудын Араб их дайнд яваад орчихлоо!
Ойрхи Дорнодод II фронт нээгдээд сар болох гэж байна. Хөрш Йеменийнхээ эсрэг дайныг Саудын Араб 2015.03.26-наас манлайлан эхлүүлж, ачааны хүндийг бараг ганцаараа үүрч явна.
Ойрхи Дорнодод II фронт нээгдээд сар болох гэж байна. Хөрш Йеменийнхээ эсрэг дайныг Саудын Араб 2015.03.26-наас манлайлан эхлүүлж, ачааны хүндийг бараг ганцаараа үүрч явна. Булангийн бусад орнууд, мөн Египет, Судан, Иордан, Марокко зэрэг 10-аад улсын цэргийн эвсэл агаараас цохилт хийсээр. Гэм нь йеменийн босогчид бус, хэдэн зуугаараа энгийн иргэд амиа алдлаа. Нөгөө засгийн эрх авсан шиит шашинт хуситууд нь амь насаа айхтар хамгаалсан тул иргэний барилга байгууламж, дэд бүтцийг нь л сүйтгээд байх нь тэр. Хүмүүнлэгийн катастроф энэ орныг нөмөрлөө. Хуситууд Ерөнхийлөгч асан А.Салехт үнэнч цэргүүдтэй нийлчихсэн өмнө зүгт давшилтаа үргэлжлүүлсээр.
Ялах ялагдах, тэгэхдээ хэн нь гэдэгт нэр заахад дэндүү эрт байна. Харин энэ дайныг оройлон гүйцэтгэж буй Саудын Араб маань хоёр дахь Ирак болж хувирах вий гэх сэжиг таамаг, айдас гадаадын хэвлэлүүдэд чамгүй явж байх юм. Бүр ноцтой зохиомж хүртэл бичигджээ.
Юу гэвэл хөрш жижиг улсад нь засгийн эрхийг лалын шиитийн зейдит урсгалыг шүтэгч араб мусульманчууд эрэлхэгээр булаан авч ялалт байгуулсанд Саудын Арабын Вант Улсын хүн амын 12-15 хувь нь (шиит шашинт мусульманчууд) баярлан угтаж, Эзэн хаан болон төр засгаа лүд барам болгохын наагуур хөөрцөглөв. Тэдэнд суннит шашинт эрх баригчид нь ад зэтгэр болж харагдсан ба түүний цаана буй АНУ-ыг давхар үзэн ядах аж. Үзэн ядаад зогсох бус шиитийн нууц зэвсэгт отрядаа байгуулан дорнод мужууд, баруун өмнөд нутагтаа дотроос нь халдлага үйлдэж эхлэв. Одоогоор цагдаагийн хэсгүүдийг онилжээ. Алуулж байгаа цагдаа нь суннитууд. Саудын Арабын Катиф, Авамия хотод шиитүүд жагсаал цуглаан хийж арми, цагдаатай мөргөлдсөн мэдээ ирсээр байна. Энэ тэмцэл лав хоёр 7 хоног үргэлжилж байна. Шиитүүдийн бослого хэзээ мөдгүй дэгдэх тухай Сауд Араб даяар цуурхал дэгдэж, Иранд үнэнчээ зарлах Ираныг харж залбирах явдал Саудын шиитүүд дотор хавтгайрчээ. Мөдхөн тэд Йемен рүү цувах цэрэг зэвсгийн цувааг мужахедын аргаар замд нь сөнөөж дэлбэлж эхлэх вий.
Саудын шиитүүдийн босч тэмцэх аян шалтаг нь Йемен рүү интервэнц хийсэнд нь ч биш бололтой. Цаанаа олон жилийн буглаас болсон лалын суннит, лалын шиит урсгалын зөрчлийн тэсрэлт байх магадлалтай. Суннит суннитдээ Саудын Араб нь хамгийн экстремист номлол, олон оронд тухайлбал манай хойд хөрш Орост бол бүр хориглочихсон ваххабизмыг албан ёсны төрийн шашин болгож хэвшүүлсэнд зөрчлийн уг сурвалж нь байх аж. Хэрэв ваххабизмаар явъя гэвэл шиитүүд бол жинхэнэ үнэнч мусульман биш, тэд суннитуудтай зэрэгцэх хувьгүй, лалын шашны үзэл санааг хуваалцах хувьгүй болж таардаг. Нарийвчилсан тоо байхгүй ч Саудын Арабт хоёр тусдаа нутагт шиитүүд аж төрөх ба ихэнхи нь дорнод нутагт, нөгөө нь Йементэй залгаа хилийн районд, нийлүүлбэл хүн амын бараг 25 хувь болчих тооцоо бий. Дэлхийн Банкны лавлахад 28.9 сая хүн амтай гэжээ. Тэгвэл 25 хувь гэдэг нь 7 сая гаран болж таарна. Чамгүй их хүн ам.
Суннит-шиит хоёр зөрчилджээ гэтэл цаана нь бас өөр тэмцэл уугиж эхлэв. Юу гэвэл тэр том нутаг (2.1 сая хавтгай дөрвөлжин км), элсэн цөл, цөлийн баян бүрдүүдэд алслагдсан, мөртөө аж төрөх отог омгийнхон хөдөлгөөнд оржээ. Сауд хааны удмынхан гол гагнаас болон тахин шүтүүлж ирсэн бол тэр нь гагнаас нь суларч, задарч эхэллээ. Даян дэлхийд нефтийн үнэ уналаа. Овог аймгийн шейхүүд (жижиг хаад) улсаас “дотац” авдаг нь багаслаа. Учир нь тийм дотацийг Хааны гэр бүлээс хуваарилдаг, овог аймгийн шейхүүдэд газрын тосыг баррель нь 24 доллар байхаар бодож “дотац” хэмээн олгодог байжээ. Цаад шейх нь 24 доллараар авсан нефтиэ дэлхийн зах зээлийн үнээр, зарим үед 100 доллар хүргэж зарж баяжих ба тийм дамын наймаа нь лалын шашнаасаа илүү нийгмийн бат бөхийн шалгуур болдог байв. Одоогоор нефтийн үнэ баррель нь 58 доллараас хэтрэхгүй байна.
Нэгэнт Саудын Арабын төр-засаг өөрөө шийдээд өөрийн дураар дайнд оройлон оролцож байгаа бол улсын захиалгын нэмэлт зардал гэж гаргаж таарна. Тийм нэмэлт зардлыг нөгөө овог аймгуудад олгодог дотацаасаа хасч гаргаж таарна. Орон нутгийн шейхүүд эзэн хаан Салман Аль Сауддаа хандан эсэргүүцлээ хүргэж, үл захирагдана гэдгээ мэдэгдэж эхэллээ. Аль Саудын династ ийм заналхийллийг амсаж байсангүй. Энэ цаг үед л үзэх тавилантай юмсанж. Хэрэв тэд дотацаа орон нутгийн шейхүүдэд өгөхгүй, цаадуул нь авна гэж гүрийсээр зөрчил туйлдаа хүрвэл Эр-Риядаас цэрэг илгээж, цэргийн авантюр өдөөх ба овог аймгууд зэвсэгт тэмцэлд босч, байлдсаар адаг сүүлд нь нэгдмэл энэ хаант улсыг федералчлах зам руу оруулна. Энэ нь явж явж ХХ зууны эхээр Арабын хойгт тусдаа тусдаа оршиж байсан шиг жижиг эмирт улсууд руу хүргэнэ, Хижазын түүхэн хил эргэж сэргэнэ. Мусульманчуудын ариун дагшин Мекка, Медина хоёр тусдаа үлдэнэ, Йементэй залгаа Аль-Асир муж, зүүншлээд Аль-Хисса муж (хамаг нефт нь хөрсөн дор байгаа, шиитүүд олноороо орших), Эр-Рияд төвтэй Нежд муж салцгаана гэхчлэн Саудын Арабын задралыг нэг сайтад урьдчилан дүрсэлсэн байх аж.
Гадагш явуулах дайн Саудын Арабын хувьд ганц Йемен биш байгаад бас нэг учир шалтгаан байна. Задрал уналтын шалтгааныг хэлж байна. Эр-Риядын тулгалт Катарыг залхаасан. Суннитуудад ашигтайгаар шиитүүдийг шоглох кампанит ажлыг Эмират, Ирак, Бахрейнээр хийлгэхийг зорьсоор өөрөө түүндээ ядарч сульджээ. Ингэж чадахгүй ээ, болохгүй ээ гэдгийг Сири нотлоод харуулаад өглөө. Сирийн иргэний дайнд жихадист исламистуудыг дэмжээд, Сири-Иракт ISIS-ийг далдуур санхүүжүүлээд суннитуудын ялалтыг хангаж чадсангүй. Египетийг ч сайн санхүүжүүллээ. Ийнхүү хамаг мөнгөө цацаж байхад дэргэд нь Иран бүс нутагт бэхжээд зогсохгүй Вашингтоныг хэлэлцээний ширээнд суулгаад байр сууриа тулгасаар эдийн засгийн хоригоо цуцлуулсан, одоо Саудын Арабтай өрсөлдөхөөр босоод ирлээ. Хэрэв Тегеран Йеменийн дайнд татагдан оролцох л юм бол Саудын Арабын Вант Улс балрахад бэлэн байна. Ираны шилмэл цэрэг, хүчирхэг зэвсэг нөгөө цөөн тоот нүүдэлчин хуситуудыг ивээлдээ авчихвал юу болох бол оо?
Тэгэхлээр Салман хаан Йеменийн эсрэг дайн дэгдээснээрээ өөртөө түвэг удчихсан юм биш үү? Тэрээр хаан болоод гуравхан сар сууж байна, нас нь 80 шүргэж буй. Насны наран хэвийсэн хойноо өөрөө өөрийгөө хуйхлах гал өрдөөд ямар хэрэг байна? Хаан болоод төрийн аппарат, Дотоод яам, БХЯ, тусгай албадад халаа сэлгээ баахан хийчихсэн, цэргээ хөдөлгөөд хил рүү татчихсан, хэрэв Йемен дэх дайндаа үтэр түргэн ялахгүй л бол хойдох үр дүн нь тун эвгүй эргэж мэднэ. Хоёр л зам Саудын Арабт байна. Нэг бол хуурай газраар цэрэг оруулаад Ираныг орж ирэхээс нь өрсөөд цаад шиит шашинт хуситуудаа дарж авах, нэг бол түрэмгийллээ зогсоогоод йеменчүүдийн өвөр хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх.
Харин үүндээ хүрэхгүйгээр хоёрын хооронд гурвын дунд байлгаж байж “Аль-Каеда”-г босгоод ирэх вий гэх таамаглал нэн бодитой юм. Салман хааны тушаалаар Саудын нисэх хүчин агаараас бөмбөгдөж байх хойгуур “Аль-Каеда” зарим газраар хуситуудын эсрэг давшилт хийгээд эхэллээ. Йеменийн олон газар тэд байр сууриа бэхжүүллээ. Өмнөд Йеменийн Мукалла хэмээх боомт хотыг чөлөөлөөд тэндхийн шоронгоос террористуудыг суллаадахлаа. Тэдний ихэнхи нь аюултай үл бүтэх этгээд хэмээн америкийн хар жагсаалтад бичигдсэн байв. “Аль-Каеда”-гийн чөлөөлсөн Мукалла хотыг Арабын хойгийн “Лалын улс”-ын нийслэл гээд зарлаадахлаа...