АСЕМ, сонгууль, олимп УТАА-г аваад явахгүй шүү дээ!
Нийслэлчүүд гамшгаа мартжээ. Утаанд хэчнээн тэрбумыг зарцуулж, хэдэн хүнийг хорьж шийтгэснээ ч мартаад “Утаагүй Улаанбаатар”-ын иргэд болчихсон мэт...Утаагүй түлш, утаагүй зуух гэх марзан үлгэрүүдээ мартаж тунгалаг нүдээр харж цэвэр агаараар амьсгалах энэ өдрүүд харамсалтай нь дэндүү богинохон.
Нийслэлчүүд гамшгаа мартжээ. Утаанд хэчнээн тэрбумыг зарцуулж, хэдэн хүнийг хорьж шийтгэснээ ч мартаад “Утаагүй Улаанбаатар”-ын иргэд болчихсон мэт...Утаагүй түлш, утаагүй зуух гэх марзан үлгэрүүдээ мартаж тунгалаг нүдээр харж цэвэр агаараар амьсгалах энэ өдрүүд харамсалтай нь дэндүү богинохон.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2013 оны арванхоёрдугаар сарын 1-нд “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр “Гурван жилийн дотор утааг бууруулж чадахгүй бол надтай ярь”, “ Утаа гаргадаггүй болох технологийг яаралтай нэвтрүүлэх ёстой. Хоёр жилийн өмнө утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр 17 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо 17 тэрбум төгрөг ч байдаггүй, утаагүй түлш ч алга. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл ирэх онд хэдэн төгрөг байна вэ гэтэл 20 гаруй тэрбум төгрөг гэсэн. Ийм л дүр зураг байна. Болохгүйгээс аваад болохыг нь хүртэл зүтгэнэ” гэж билээ.
Энэ үед түүний хүлээж буй хариуцлага, тэр зориг нэг л итгэл төрүүлээд явчихаж билээ. Утаагүй зуухны тендерийн маргаан, нүүрс савлаж зарах мэтийн үлгэрийн үйл явдлуудаас ч илүүтэй санагдсан хэрэг. Нэг жишээ дурьдахад Монгол Улсын зөвлөх инженер Ө.Пүрэвбаатар утаагүй түлш хийсэн нь ихэд анхаарал татсан. Эрчим хүчний зууханд хүрэн нүүрсийг шатааж, гаргаж авсан коксоор үйлдвэрлэсэн утаагүй, экологийн цэвэр түлш туршиж, үйлдвэрлэж нийслэлийн зарим дүүрэг, вагон депо туршиж үзсэн байдаг. Түүний технологийг мэргэжлийн хүн биш болохоор сайн тайлбарлаж мэдэхгүй юм. Ямар ч байсан нүүрсний бүтцэд байдаг утаа ялгаруулдаг хэсгийг шатааж утаа ялгаруулдаггүй түлш хийгээд байна гэж удаа дараагийн ярианаас нь ойлгосон. Энэ талаар тусгайлан сурвалжилж хүргэх болно. Ямартай ч тэрбээр хувиасаа хөрөнгө гаргаж тэрбум шахам төгрөгийн зардлаар утаагүй түлш үйлдвэрлэсэн ч төр, засгаас дэмжлэг авч чадаагүй.
Дашрамд сануулахад, УИХ-ын 2016 оны 1-р сарын 15-ны өдрийн нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн 2015 оныг үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах жил болгон ажилласны үр дүнд Төвийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем алдагдалгүй ажиллаж, хуримтлагдсан өр, авлагыг бууруулсан талаар онцлон дурдаж билээ. Үүнд Ө.Пүрэвбаатарын мэргэжлийн хүний хувьд Эрчим хүчний дэд сайд байхдаа мэдлэг чадвараа дайчлан хийсэн ажил багтсан. Тодруулбал, 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр эрчим хүчний салбар 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.Үнэ, тарифын зохицуулалтуудын үр дүнд 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр төвийн бүсийн 5 дулааны цахилгаан станц 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ хөрөнгөөрөө нүүрсний уурхайн өр төлбөрийг барагдуулсан гэдэг.
Тэгвэл Төрийн тэргүүн утааны талаар юу хэлж байв?
2011 оны нэгдүгээр сар. ҮАБЗ-ийн хуралдаанд хэлсэн үгнээс нь эш татъя. Тэрбээр “Өнөөдөр өглөө, Улаанбаатарын гэр хорооллын утаа, нөхцөл байдалтай танилцаад явж байхдаа бохирдлын хэмжээг тусгай багжаар хэмжиж үзлээ. Айлын гэрт агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс найм дахин их, гадаа гараад хэмжихэд 20 дахин их байна. Хотын агаарын бохирдлын одоогийн төвшин 1952 оны Лондонгийн гамшгийн хэмжээнд үндсэндээ хүрчихээд байгааг мэргэжлийн судлаачид хэлж байсан. Агаарын бохирдол тэвчих боломжгүй хэмжээнд хүрч, монгол хүний амь нас эрүүл мэнд аюултай байдалд орчихоод байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан хэдхэн тооноос харж болно. Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэдийн дунд уушги, амьсгалын замын өвчнүүд, нярайн болон ургийн өвчлөлүүд, тархи зүрх судасны өвчлөлт 1-6 дахин нэмэгдсэн байна. Хотын хүүхдүүд, хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин, багтраа өвчнөөр 5-8 дахин илүү өвчилж байна. Сүүлийн 12 жилд, нярайн төрөлхийн гажиг зургаа дахин өссөн байна. Утаан дахь хар тугалганы агууламж хотын хүүхдийн цусанд, ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 60 хувиар илүү байна.
Өнгөрсөн 2010 оны долоо, наймдугаар сард ойн түймрийн улмаас Москва хотод утаа, агаарын бохирдол ердийн үеийнхээсээ 4-10 дахин их болоход, хүн өдөрт гурван хайрцаг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалж байна гэж судлаачид дүгнэж байсан. Тэр үед Москвагийн агаар дахь тоосонцрын агууламж 1000 мкг байсан бол өнөөдөр Улаанбаатрынх 1575 болчихсон байгаа. Монгол Улсын нийслэлд амьдарч байгаа оршин суугчид хотын агаарын бохирдлын нөлөөгөөр учирсан хохирлын эрүүл мэндийн эмчилгээнд 775 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь манай улсын ДНБ-ий 12.8 хувьтай тэнцэж байна. Тиймээс утааны аюулыг зун ч битгий март гэсэн зарчмыг баримталж ажиллана гэсэн юм.
Энэ бүхнийг утааны аюулыг мартчихаад байгаа энэ өдрүүдэд эргэн сануулахыг хүслээ. УИХ-ын сонгууль гол сэдэв болчихоод байгаа ч улстөрчид утааг аваад явахгүй. Асар их анхаарал тавьж буй ч АСЕМ-ын зочид утааг авч буцахгүй. Даншиг найр наадам үргэлжлэх ч сургууль, цэцэрлэгийн засвар, нээлт гэж байсаар өвөлтэй золгож, дахиад л утаагаа ярьж, жилд 20-30 тэрбум төгрөг зарцуулдаг, хандивлагчдаас гуйдаг энэ байдал үргэлжилсээр орон сууцжуулж дуусахыг хүлээх боломжгүй. Тэр цагт эрүүл монгол хүн үлдэх ч үгүй биз. Ийм хэн, юу хийж бүтээж байгааг газар дээрээс нь сурвалжлан хүргэе, холбогдох газрууд нь тосч аваад дэмжээд өгөөрэй. Гал голомтоо солихгүйгээр, илүү зардал гаргахгүйгээр өөрийнхөө зууханд утаагүй түлшээ түлээд халуун цай хоолоо даргилуулан, дулаан өвөлжих боломж байгааг Улаанбаатарт үлдэх монголчууддаа сануулъя.
Наад захын ойлголтоор утаагүй болох хамгийн сайн шийдэл бол гэр хорооллын бүх иргэнээ орон сууцанд амьдруулах явдал гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ их хугацаа, их хөрөнгө шаардсан энэ мөрөөдөлд хүртэл хамгийн хэмнэлттэйгээр, утаагүй агаараар амьсгалъя гэвэл Ө.Пүрэвбаатарын үйлдвэрлэсэн түлш хамгийн боломжийн арга юм шиг санагдсан. Зуух солих шаардлагагүйгээр тэрхүү утаагүй түлшийг хэрэглээд өвөлдөө даарахгүй, ямар ч аюулгүй, түлшний хэмнэлттэй байхаас өөр юу хэрэгтэй юм бэ. Хийн зуух бол дулаацуулахгүй, гэхдээ аюултай, хий ашиглах төхөөрөмжийг нь авахад бас л мөнгө хэрэгтэй. Нам даралтын зуух мөн л нүүрс түлнэ. Тэгэхээр гэр хорооллын иргэдийг оронсууцжуулах зорилгодоо хүртэл энэ үйлдвэрийг дэмжээд явж болох бус уу. Тэр үйлдвэрийн хүчин чадал, дэмжвэл яаж дэмжиж болох, нийслэлчүүдийг хангах найдвартай эх үүсвэр мөн эсэх талаар газар дээрээс нь эргэн сурвалжилж та бүхэндээ хүргэе. Ингэснээр ирэх өвөл асуудлыг тэр үйлдвэрт даатгачихаад эргэж тойрч байтал утааны асуудлыг шийдчих юм биш байгаа гэж найднам. Түүнээс биш Н.Алтанхуяг огцорлоо гээд, АСЕМ боллоо, олимпоос олон алтан медаль авлаа гээд Улаанбаатар утаагүй болж, нийслэлчүүд утааны нөлөөт өвчнөөр өвдөхгүй гэх баталгаа алга.