Дори Идэр дүүдээ
Чи оролцсоноор ганц хоногийн дотор бүх юм сайнаар эргэж цэнгэлийн манлайд хүрнэ гэсэн үг биш. Гэхдээ ерөнхий хандлагыг өөрчлөх, сайн ирээдүй рүү чиглүүлэх бололцоо чамд байна. Энэ сонгуульд чамайг саналаа өгөх тухай л ярьж буй болохоос хэний төлөө, аль нам эвслийг дэмжих нь чиний хэрэг. Энэ удаагийн сонгуулийн дүнд тэртэй тэргүй Монгол ардын нам үнэмлэхүй олноор төрийн эрхийг дангаар барих болно. Өнгөрсөн туршлагаас харахад монголчууд аль нэг тал руу хэт даваадуулан сонголтоо хийдэг. Бүр дандаа тэгнэ. Алив юмыг нэг тал руу нь хэтрүүлэхээр ашигтай гэхээсээ хортой тусдаг. Иймээс саналаа нэг талд нь овоолох биш тарааж өгвөл зүгээр санагдаж байгаа нь миний л бодол шүү. Эрх нь ч чинийх, сонголт нь ч чинийх, хандлага ч чинийх. Гэхдээ чиний оролцоо л хамгийн чухал нь.
ДОРИ ИДЭР ДҮҮДЭЭ
Сайн байна уу!
Миний дүү эдүгээ хэдийнээ насанд хүрч өөрийнхөө өмнө өөрөө хариуцлага хүлээх болжээ. Чиний өмнө хойшдын амьдралын чинь түмэн салаа зам байна. Алийг нь сонгох нь зөвхөн чамаас хамаарна.
Намайг залуу байхад тун ч хавчиг сонголт өмнө минь байсан юм. Мэдээж олон зүйл өөрөөс хамаардаг авч ихэнх сонголтыг минь миний өмнөөс нам засаг хийдэг байсан. Хоол унд, орон байр зэрэг наад захын материаллаг хэрэгцээ хэдийгээр хомс боловч болгоод байхаар байсаан. Харин эрх чөлөө, үзэл бодол, зорилго тэмүүлэл бүгд нам засгийн заасан чиглүүлсэн зүгт албадлагаар ханддаг байлаа. Сургуульд оронгуутаа л пионер болж Монгол ардын хувьсгалт намын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн гэж тангарга өргөнө. Намын үйл хэрэг гэж юу байдаг, тэрэнд нь би яагаад үргэлж үнэнч байх ёстойг ойлгодоггүй боловч энэ тангаргыг зөрчих ухрах үл итгэх явдлыг цаг бүр дээрээс хянан аль зэрэг үнэнч байж чадаж байгааг насан турш мөрдөн шалгаж байв.
Төрийн тогтолцоо, намын удирдлагад үл итгэх явдал гаргах, эргэлзэх, шүүмжлэх нь шууд л нийгмээс гадуурхагдаж, амь амьдралаараа хохирох, шорон гянданд очих цээрлэлтэй байсан. Зөрчсөн учраас хоригдож байсан. Ердөө л үзэл сурталд нь таарахгүй гадаадын өгүүлэл орчуулж тараасан хэргээр шүү дээ.
Би тухайн нийгэмдээ шүүмжлэлтэй ханддаг байсан, тиймээс 1990 оны ардчилсан хувьсгалд оройлон оролцсон. Надад эрх чөлөө хэрэгтэй байсан учраас л тэр. Иймээс л миний амьдралыг надаас асуулгүй өмнөөс минь албадан шийддэг хэсэг бүлэг хүмүүсийн засаглалыг эсэргүүцэн боссон минь тэр. Чухамдаа өөрийн амьдрал зам мөрөө өөрөө хариуцан, хариуцлагыг нь өөрөө хүлээхийн тулд. Хүний эрхээр жаргахын оронд өөрийн эрхээр зовохын тулд. Сайн сайхан явах нь надаас хамаарах миний шийдэл, муу муухай явах нь мөн л надаас хамаарах миний хохь. Би өөртөө ийм замыг л сонгосон.
Би эрх чөлөөгөө олж авсаан. Өнөөдөр би хуулийн хүрээнд хүссэнээ хийж, хариуцлагаа өөрөө хүлээнэ. Манай нийт ард түмний өмнө ч ийм өргөн боломжит сонголтыг 1990 оны ардчилсан хувьсгал нээж өгсөн юм. Ардчилсан тогтолцоо бол хүн бүрийн өмнө боломж нээж өгдөг тогтоц, хүн болгон нийгмийн болон хуулийн өмнө эрх тэгш байх нөхцлийг бүрдүүлдэг тогтолцоо.
Монгол орон чөлөөт ардчилсан тогтолцоотой болоод 30 жил өнгөрлөө. Гэвч энэ бололцоо буруугаар ашиглагдсаар. Эрх баригч бүлэглэлүүд гаднаас нь харахад дотроо зөрчилтэй юм шиг мөртөө ачир дээрээ өөрсдийн хувийн эрх ашигийн төлөө нэгдэн нийгмийн тогтолцоогоо эвдсээр ирлээ. Энэ нь явж явж мөнөөх олон сонголтын өмнө байсан ард түмэн сонголтгүй сонголттой дахин тулгарч байна.
Үүнээс гарч нийгмээ нээлттэй, улс орноо ардчилсан, хувь хүмүүсээ эрх чөлөөтэй, ард олноо олон сонголттой болгоход чиний оролцоо маш чухал. Энэ бол чиний өөрийн чинь өөрийгөө аврах ганц зам. Хэдэн зуун мянган Идэр Доричууд энэхүү улам ялзран доройтож буй нийгмээ аврахад огт гар бие сэтгэл санаагаа хандивлахаас зайлсхийсээр эцэст нь бид ямар ч сонголтгүй, авилгажсан, хэт улс төржсөн, идэж уусан, орчлон ертөнцөөс улам ганцаардсан, чөлөөт нийгмүүдээс холдсон, ядуурсан, хөгжлөөс ухарсан хөөрхийлөлтэй нийгэмийн тогтолцоо руу гулсаж байна.
Монгол орны ирээдүй чиний гарт байна. Засаж залруулах, зөнд нь орхих аль алин нь чамаас шалтгаална. Чи хорвоогийн жамаар нэг л мэдэхэд жагсаалтаас хасагдах боловч ард чинь үр хүүхэд ач гуч чинь нь чамайг залгамжлан үлдэх болно. Энэ бол хорвоогийн жам. Гэтэл чи тэдэндээ ямар улс орон, нийгэм соёл үлдээе гэж бодож байна? Хүний үе солигдох хугацааг 25-30 жил гэж үздэг. Одоо чи хэдийнээ хоёрдугаар үе рүү орж байна. Улс төр муухай гэж чи ярих дуртай. Тиймээс сонгуульд орохоос зайлсхийж, жигшдэгээ бусдад харуулах дуртай. Гэтэл өөрөө оролцоогүй байж муу хэлэх эрх чамд бий юу?Тэгээд тийм л муухай юм бол энэ муухайг чамаас өөр хэн засах болж байна?
Чи оролцсоноор ганц хоногийн дотор бүх юм сайнаар эргэж цэнгэлийн манлайд хүрнэ гэсэн үг биш. Гэхдээ ерөнхий хандлагыг өөрчлөх, сайн ирээдүй рүү чиглүүлэх бололцоо чамд байна. Энэ сонгуульд чамайг саналаа өгөх тухай л ярьж буй болохоос хэний төлөө, аль нам эвслийг дэмжих нь чиний хэрэг. Энэ удаагийн сонгуулийн дүнд тэртэй тэргүй Монгол ардын нам үнэмлэхүй олноор төрийн эрхийг дангаар барих болно. Өнгөрсөн туршлагаас харахад монголчууд аль нэг тал руу хэт даваадуулан сонголтоо хийдэг. Бүр дандаа тэгнэ. Алив юмыг нэг тал руу нь хэтрүүлэхээр ашигтай гэхээсээ хортой тусдаг. Иймээс саналаа нэг талд нь овоолох биш тарааж өгвөл зүгээр санагдаж байгаа нь миний л бодол шүү.
Эрх нь ч чинийх, сонголт нь ч чинийх, хандлага ч чинийх. Гэхдээ чиний оролцоо л хамгийн чухал нь. Амжилт хүсье.
Баабар ах нь
2020.6.12