Тохиролцооны “хоруу” чанар
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд энэ сарын 21-нд “АН дэвшүүлэхгүй, МАН харин яах вэ?” гэсэн жиргээг МАН-ын дарга М.Энхболдод хаяглан жиргэжээ.
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд энэ сарын 21-нд “АН дэвшүүлэхгүй, МАН харин яах вэ?” гэсэн жиргээг МАН-ын дарга М.Энхболдод хаяглан жиргэжээ. “Офшор бүсэд МАН ялалт байгуулж эхэллээ” гэсэн гарчиг бүхий ядмагхан эвлүүлгийн хамт шүү. Эвлүүлсэн зураг дээр нь МАН-аасС.Баяр, С.Батболд, Д.Цогтбаатар, Ц.Сандуй, Б.Дэлгэрсайхан, Я.Очирсүх нар сагсанд суугаад “нисч” яваа харагдана. АН-ын талын сагсанд С.Баярцогт, Кёкүшюзан Д.Батбаяр хоёр л үзэгдэв. Тэгэхээр АН-ын энэ хоёр нөхөр лав нэр дэвших эрхээ хасуулсан бололтой. Уг нь Үндсэн хуулиар олгосон эрх нь хэвээрээ ч намын дарга нь хориг тавьчихсан юм даг уу даа. Уг нь асуудлыг олуулаа шийдэх нь Ардчилсан гэлтгүй бүх намд нэн чухал байсансан. УИХ-ын дарга маань Ерөнхийлөгчийн Дархан-Уул аймагт хэлсэн үгээс айхтар цочирдож үүрэг даалгавар биелүүлэв үү. Аль эсвэл угаас энэ хоёр нөхөрт ёозгүй ханддагийнх уу, ялгах арга алга. Харин АН-аас нэр дэвшигчийг эхлээд тус намын ҮЗХ-оор шийдэх ёстой гэсэн байр суурьтай гишүүн л олон тааралдлаа.
Гэтэл АН-ынхан болохоор эхлээд нэр дэвшигчдээ зарлачихаад араас нь хуралдчихъя гээд байгаа нь таалагдахгүй байгаа бололтой юм. Ялангуяа намын дунд шатны байгууллагын дарга нар “Гэнэт нэр дэвшүүлэхгүй болчихож” гэлцэн гүйлдэх болов. “Олуулаа” уриа нь хаачив. Одоо “Даргыг дагаад!” гэдэг уриагаар урагшлах хэрэг үү. Нэр дэвшигчдээ яг яаж тодруулаад байгааг зөвхөн намын даргад “таалагдах, эс таалагдах” гэдэг үзүүлэлтээс өөрөөр мэдэх аргагүй харагдана. Түүний энэ дарангуйлсан арга барилд “Офшор”-ын хэрэг гэгч онцгой ач тус, шалтаг шалтгаан болж ивж өгсөн бололтой. Харин тэрбээр офшор бүсэд данстай байх, эсвэл компанийн хувь эзэмшиж байгаад хувиа зарсан хоёр этгээдэд холбогдох гэм зэмийг ялгаж байна уу, үгүй юу гэдэгт нь эргэлзэхэд хүрэв. Яагаад тэр бүсэд бүртгэлтэй компаниас хувь эзэмших болов, энэ нь Монголд эдийн засгийн ямар ач холбогдолтой, хэр их доллар оруулж ирсэн эсэх нь огт сонин биш аж.
Ерөөсөө л сонгуулийн өмнө офшор гэдэг акцийг өрнүүлж олон нийтийг цочирдуулъя, энэ талаарх мэдлэг бага байх тусмаа “сэжиглэнэ”. “Сэжиглэх” нь нэр дэвшүүлэхгүй байх шалтаг болно гэсэн ойрын бодлоор асуудалд хандаад байна уу даа гэсэн дүр зураг харагдаж байна. Ингэснээр З.Энхболд даргын жиргэсэн “Офшор бүсэд ялалт байгуулсан МАН-ынхан”-ыг өмөөрөх гэсэнгүй. Эхлээд зөв ойлголтоор асуудалд хандаасай. Цаашилбал үүгээр далимдуулж, энэ талаар бага мэдэх тусмаа их сайн гэсэн байдлаар нэр дэвшигчдээ өөрийн үзэмжээр тодруулах алдаандаа ашиглах нь АН-ын гишүүдийг гомдоож байгааг сануулах гэсэн юм.
Сонгуулийн тойрог, мандатыг хуваахдаа яаж “будгийн харандаагаар тоглосон”, цаашилбал Ерөнхий сайд асан, АН-ын экс дарга Н.Алтанхуягийн УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж чадахгүй байсан нэр бүхий хуулийн төслүүд яагаад гэнэт гэрлийн хурдаар батлагдах болов, энэ бүхэнд тохиролцоо байгаагүй гэж үү. Тэр ч байтугай уг асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны аль хэсгийг З.Энхболд өөрөө даргалж, аль хэсгийг нь ямар шалтагаар Р.Гончигдоржоор даргалуулах болсон нь хүртэл тэр чигээрээ тохиролцоо харагдаж байв.
Энэ талаар ам жимийн тэвчиж суусан АН-ын залуус эдүгээ тэвчихээ больж эхэллээ. Учир нь тэд намын даргаа “хорон” үгтэй л гэж бодож явснаас үйл хэргээс нь “хоруу” чанар илрээд байгааг ухаж харах, бодохыг хүсдэггүй байв. Өөрсдийнх нь ашиг сонирхол хөндөгддөггүй байсан учраас ч тэгсэн байж болох. Харин өнөөдөр намдаа үнэнч зүтгэж, ҮЗХ-аас нэр дэвших эрхээ авна гэж бодож байсан олон залуус “хордсон”-оо мэдэж, энэ нь зөвхөн тухайн нэр дэвших гэж байсан зорилго нь хохирох бус “Намын даргад таалагддаг” гэхээс өөр үзүүлэлт хомс, хавьгүй сул нэр дэвшигчдийг зарлах гэж байгааг нь сонсоод тэсэрч байгаа бололтой юм. Тэгэхээр Л.Наранбаатар шиг олон залуусын оймс УИХ-ын дарга, АН-ын дарга руу чиглэж мэдэхээр байна. Тэд олон нийтэд “цэвэр” залуус гэж харагддагаа мэдрээд нэр дэвшиж байгаа нь лавтай. Харамсалтай нь тэр цэвэр залуусын бүгдийнх нь оймсыг шидсэн ч тохиролцооны “хоруу” чанарыг давах нь юу л бол. Тэгээд ч Ц.Элбэгдорж, З.Энхболд нар хэн нэгний нэр дэвших эсэх эрхэд халдах юм бол Үндсэн хуультай байж яах юм бэ. С.Баярцогт муу ч, сайн ч таван удаа сонгогдсон парламентач, офшор данснаас болж нэр дэвшихгүй байх хэмжээний хангалттай ухамсартай улстөрч. Уг нь № 1,2-ууд “Нэр дэвшүүлэхгүй” гэж хашгираагүй, ханилж явсан нэгнээрээ улс төр “хийгээгүй” байсан ч өөрөө нэр дэвшихгүй байж мэдэх юм. Гэвч өнөө хоёр нь С.Баярцогтоосоо мөхөс, дээр нь хүн муутай, тэвчээр багатай юмсанж. Арай “Нам чинь чамаараа “шоудчихъя”, чи минь чимээгүй байж байгаад ялагдсан дүр эсгээрэй” гэж золигтоогүй л байлтай. Тохиролцоо ч хорон шүү дээ.
С.Баярцогтгүй парламент гоё харагдана. Гэхдээ нэр дэвшигчдээ ҮЗХ-гоор хэлэлцүүлэхгүй бол “Ээ дээ, халуухан юм болно доо”, З.Энхболд дарга аа! Та их эрх мэдлийн эзэн байлаа. Тойрон хүрээлэгчдэдээ хордоно гэдэг ямар аймшигтай гээч. Төрийн гурван өндөр албан тушаалыг АН-аас нэр дэвшиж сонгогдсон эрхмүүд эзэмдэж, “хоруу” аргаар намын даргын суудлыг авч, хоргодож хургасандаа “Намын дарга нь Ерөнхий сайд байх” дүрэм зөрчигдсөн энэ бүхний хор тайлагдах цаг ирлээ. Харин ерөндөг нь Ерөнхийлөгчийн гарт байвал яана даа!